Д.Оюунхорол: Гэр бүл дэх хүчирхийлэл нь бусад гэмт хэрэг шиг нэг удаагийн санаандгүй үйлдэл байдаггүй

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.


-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороогоор өчигдөр хийж дэмжлээ. Энэ чуулганд олон эмэгтэй гишүүн байж гэр бүлийн хүчирхийллийн талаар нэлээд ярьсны хүч байх?

-2012 онд УИХ-ын сонгуулийг холимог системээр зохион байгуулснаар парламент 11 эмэгтэй гишүүнтэй болсон. УИХ дахь эмэгтэй гишүүд бид өнгөрч буй хугацаанд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай гээд олон хуулийн төсөл дээр нэгдэж, сайн ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.

Энэ удаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл УИХ дээр нэг шат ахисан нь маш том үр дүн. Гэр бүл дэх хүчирхийлэл нь бусад гэмт хэрэг шиг нэг удаагийн санаандгүй үйлдэл байдаггүй, дахин давтагдах, даамжрах шинж чанартай үйлдэл байдаг. Хамгийн ойр дотныхоо хүмүүсийг бие махбод,сэтгэл зүйн байнгын дарамтад байлгана гэдэг бол далд үйлдэгдэж буй аймшигт үзэгдэл. Олон улсад үүнийг орчин цагийн боолчлол гэж үздэг. Манайд гурван гэр бүл тутмын нэгд гэр бүлийн хүчирхийлэл ямар нэг хэлбэрээр байдаг гэсэн судалгааны дүн гарсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн боловч бодитой үр дүнд хүрэхгүй байна. Харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжиж байна. Үүний гол шалтгаан нь хуулийн зохицуулалт оновчтой биш, ялангуяа холбогдох байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотой.

Иймээс хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор хуулийн шинэчлэлийг хийсэн. Эмэгтэй гишүүд бид аль болох хурдан батлуулахын төлөө ажиллаж байна.

-Сүүлийн үед хуулийн шинэчилсэн найруулгуудыг харж байхад нийгэмтэйгээ зохицохгүй болсноос дахин шинэчилж байна гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэх болсон гол шалтгаан нь юу байв?

-Одоогийн үйлчилж байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хохирогч хамгаалагдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, суурь шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг арилгахад чиглэсэн төрийн бодлого, стратеги алга. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад судалж байхад улсын хэмжээнд хүн амины хэргээр 103 эмэгтэй ял эдэлж байгаагийн 88 хувь нь байнгын хүчирхийлэл, дарамтын улмаас гэмт хэрэг үйлдсэн байдаг. Гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө дарамт, хүчирхийлэлд өртөж буй талаараа 30 хувь нь хуулийн байгууллагад мэдэгдэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байсан гэсэн мэдээ бий. Харамсалтай нь цогц бодлого буюу урьдчилан сэргийлэх, шуурхай хариу үйлдэл үзүүлж, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнүүдийг авдаггүй байснаас хүчирхийлэлд өртсөн иргэд өнөөдөр гэмт хэрэгтэн болчихсон байна.

-Тэгвэл хуульд цогц бодлогыг бий болгохын тулд ямар заалтуудыг нэмэлтээр оруулж байгаа вэ?

-Хуулийн төслийн гол агуулга бол хохирогчийг хуулийн зохицуулалтын төвд тавьсан. Одоогийн хуулиар үүнийг орхигдуулж, зөвхөн байгууллагуудын эрх хэмжээнд анхаарлаа хандуулсан байдаг. Шинэ хуулиар хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалахад чиглэсэн цогц зохицуулалтыг тусгаж байгаа юм. Тухайлбал, хохирогч хэрхэн хамгаалагдах, үйлчилгээг хаанаас, яаж авах зэрэг асуудал тодорхой болж байна. Мөн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэсэн шүүхийн шийдвэрийг хэн, ямар журмаар хэрэгжүүлэхийг зааж өгч байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг иргэний маргааны журмаар шийдвэрлэж байсныг өөрчилж, зарим ноцтой үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор болж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийг зарим хүн зөвхөн эхнэр, нөхрийн тухайд авч үзээд байдаг. Гэтэл дунд нь хүүхдийн асуудал маш чухал хэрнээ орхигдоод үлдчихдэг шүү дээ?

-Энэ хуулийн төсөлд хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тусгай бүлгийг оруулсан. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг эрт шатанд илрүүлж, таслан зогсоохоос гадна хүүхдийн онцлог, хэрэгцээнд нийцсэн хамгаалалт, үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

-Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, хүүхэд хамгаалал, өрх толгойлсон эцэг эхэд төрөөс халамж дэмжлэг үзүүлэх гээд таны санаачилсан хуулиудыг хараад байхад яг л зорилтод бүлэгт чиглэсэн эмзэг асуудлуудыг хөндөөд байна уу гэж хардаг?

-Хамгийн эмзэг, ядуу, амьдралын боломж муутай хэсэгт л өвчлөл, хүчирхийлэл, дарамт, салалт их байна. Ялангуяа эдийн засаг хүндэрсэн энэ үед тэдэнд төрийн хайр, энэрэл хэрэгтэй байна. Энэ хэрэгцээ шаардлагыг мэдэрч,төрийн бодлогыг нэн шаардлагатай хэсэгт хүргэх нь эмэгтэй гишүүдийн үүрэг гэж боддог.

Миний хувьд хүүхэд эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн гэр бүлийн гишүүдийн хариуцлага, хүүхдийн эрх ашиг, өмчлөх эрхийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн харилцааг зохицуулахаар “Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан. Мөн Өрх толгойлсон ганц бие эцэг, эхийн нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Өнөөдөр гурван гэр бүл тутмын нэг нь ядуу, найман гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагч болж, 10 гэр бүл тутмын гурвыг эмэгтэйчүүд өрх толгойлж амьдарч байна. Ялангуяа эдийн засаг хүндэрсэн өнөө үед гурваас дээш хүүхэдтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа ганц бие аав, ээжид төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Гэр бүл салалт жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн байдлаар 0-18 хүртэл насны хүүхэдтэй ганц бие эх 40 мянга, эцэг 8 мянга орчим байна. Ийм бүхэл бүтэн давхарга үүсчихсэн байна. УИХ дахь эмэгтэй гишүүд бид өнгөрч буй хугацаанд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай гээд олон хуулийн төсөл дээр нэгдэж, сайн ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.

-Таны санаачилсан Өрх толгойлсон ганц бие эцэг, эхийн нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл нэлээд анхаарал татсан. Багагүй шүүмжлэлтэй ч тулгарсан?

-Өрх толгойлсон эмэгтэй 1990-ээд онд 13 мянга орчим байсан. Тэгвэл өнөөдөр өрх толгойлсон эцэг, эхийн тоо нийт гэр бүлийн 14.7 хувьд хүрчээ. Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед жирийн иргэн ажлаа хийгээд цалингаараа өрх гэр амьдралаа авч явахад хүнд байна.

Гэтэл бага насны хүүхэдтэй ганц бие, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр бага, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд нь хүрэлцэхгүй байна. Энэ нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол эрүүл мэндийн үилчилгээнд бүрэн хамруулж хөгжүүлэхэд нь хүндрэл учирч байна.

Түүнчлэн өрх толгойлсон эцэг, эх, тэдний хүүхдүүд өнчрөл, хагацал, гэр бүл салалт зэргээс учирсан сэтгэл санааны гүн хямралаа даван туулах, шинэ амьдралд дасан зохицоход нь туслах сэтгэл зүйн зөвлөгөө, бусад шаардлагатай үйлчилгээ хомс, хүртээмжгүй байна. Сэтгэл санааны хямралаас богино хугацаанд гарч чадаагүйн улмаас амьдрал нь уруудаж доройтох, аж ахуйгаа хэвийн авч явах чадамжгүйгээс болоод хүүхдийн эрх ашиг хохирох зэрэг сөрөг үр дагаврууд бий болсоор байгаа шүү дээ.Энэ хуулийн төслөөр хавтгайрсан гэж үзээд байгаа халамжийг зорилтот бүлэг рүү чиглүүлж байгаа. Зарим нь гэр бүлийн салалт нэмэгдэнэ гэх байдлаар улс төрийн зорилготой сөрөг сурталчилгаа явуулсан. Гэхдээ энэ нь бодлого боловсруулагчид маань бодит амьдралаас хэр холдсоныг л харуулж байна.

-Үнэхээр улс төрийн зорилгоор ашиглаад байгаа шиг нь хавтгайрсан мөнгөн тусламжийн талаар тусгасан юм уу?

-Хүүхэд асрах чөлөөтэй, гурав хүртэл насны хүүхэдтэй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч ажилгүй байгаа өрх толгойлсон эцэг, эхэд хелөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгөн тэтгэмжийг сар бүр олгож, чөлөөтэй болон ажилгүй байсан тухайн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцахаар оруулсан. Мөн хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд орон сууцны халаалт, цахилгаан, ус, түлшний үнийн хөнгөлөлтэд зориулан амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх мөнгөн тусламжийг оршин суугаа газрын байршил сууцны төрөл харгалзахгүйгээр улирал бүр олгож байхаар тусгасан.

-Энэ талаарх олон улсын туршлага ямар байдаг юм бол?

-Олон улсын туршлагаас харахад өрх толгойлсон ганц бие эцэг,эхийг бүртгэлжүүлэн, орон нутгийн нийгэм хамгаалал, хөгжлийн газраас холбогдох байгууллагуудаас халамжийн үйлчилгээ авах эрхийг нээж өгдөг юм байна. Халамжийн үйлчилгээнд өрх толгойлсон эцэг,эхээс гадна түүний гэрлээгүй,ажил эрхэлдэггүй 18-аас доош насны хүүхэд, 18-аас дээш настай боловч хөгжлийн бэрхшээлтэй бие даан амьдрах чадваргүй хүүхдүүд хамрагдаж үр ашгийг нь хүртдэг жишиг ч бий. Тийм учраас төр үнэхээр ард иргэндээ хандсан бодлого явуулдаг юм бол энэ хуулийг батлан гаргах байх аа гэж бодож байна.

-Энэ удаагийн УИХ-д шүүмжлэлтэй хандах хүмүүс байна. Засгийн газраа нэг удаа сольж, саяхан сайдуудад халаа сэлгээ хийлээ. Та энэ бүхэнд ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Одоогийн энэ парламент мөн л өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Сонгуулийн хосолсон тогтолцоогоор явуулсан сонгуулийн үр дүнд бүрдсэн хамгийн олон намын төлөөлөлтэй, мөн хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон парламент. Өмнөх үе үеийн парламентын л нэгэн адил алдаатай, оноотой замыг туулж яваа байх. Өмнөх парламентуудын үед тохиож байгаагүй олон намын төлөөлөлтэй, аль ч нам нь олонхи болоогүй парламент учраас хөгжлийнхөө бас л нэг сорилттой тулгарч байгаа юм болов уу. Нөгөө талаас эерэгээр харвал эв нэгдлээ зангидаж том зорилгоо өмнөөд тавиад ажиллаж чадсан бол хамгийн боломжит нөхцөл бүрдсэн УИХ юм л даа, уг нь.

ЭХ СУРВАЛЖ: