З.Энхболд: Монгол Улс нэг ч төгрөгийн өргүй, тусгаар тогтнолоороо битгий улс төр хий

2016 оны 6 сарын 24

Монголын мэдээ сувгийн “Өнөөдрийн сэдэв” ярилцлагын өчигдрийн дугаарт УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд оролцож цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ЯАГААД МАК-ИЙН АВСАН ЗЭЭЛИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН 
ТӨЛӨХ ЁСТОЙ ГЭЖ-

-Сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор нэр дэвшигчидийн дунд мэдээллийн өрсөлдөөн нэлээн байна. Энэ үед ярианы гол сэдэв Монгол Улсын өр боллоо. Яг одоогийн байдлаар Монгол Улс хэдий хэмжээний өртэй байна вэ. Зээлээ төлөхөд хүндрэл гарах уу?

-Сонгуулийн шоу хэрээс хэтэрч, Монгол Улсын өрийн асуудлаар ард түмнийг төөрөгдүүлж байгаа учраас энэ талаар үнэн бодит мэдээллийг өгөх нь зүйтэй гэж үзлээ. Монгол Улс 22.6 тэрбум ам.долларын зээлтэй. Өр болчихоогүй байна. Өр, зээл хоёр ялгаатай. Банкнаас хүн өр бус зээл авдаг. Хэрвээ авсан зээлээ хуваарийн дагуу төлөөд дуусвал энэ өр биш. Харин зээлээ төлөх хугацаа хэтэрвэл өр болно.

Манай улс тухайн үеийн Зөвлөлт холбоот улсаас авсан 10 тэрбум рубелийн зээл авсан нь өр болсон. Их өр гэдэг нэртэй байлаа. Манай хойд хөрш энэ өрийг хөнгөлж өгч 95 хувийг нь төлүүлээгүй. Тухайн үед 10 тэрбум долларын өр болгочихоод Монголын хоёр сая хүнд хуваагаад нэг хүн 5000 мянган ам.долларын өртэй гэж улстөр хийдэг байсан.  Энэ үе яг давтагдаж байна. Одоо нэг хүн 15 сая төгрөгийн өртэй гэж айлгаж байна. МАН-ын албан ёсны сурталчилгаа нь ингэж явж байна л даа. 22.6 тэрбум ам.долларыг гурван сая хүндээ хуваагаад, өнөөдрийн ханшаар үржүүлээд ийм тоо гаргаад байгаа юм. Хэн нэгэн Хаан банкнаас зээл аваад түүнийгээ төлж чадахгүй байгаа тохиолдолд би өмнөөс нь төлөхгүй. 

Тэгэхээр Засгийн газар мөн адилхан. Засгийн газар хувийн компанийнхаа өрийг төлөхгүй. Тэгэхээр 22.6 тэрбум ам.долларын зээлээс 15 тэрбум 620 сая ам.доллар нь Засгийн газарт хамаарахгүй. Засгийн газар гадаад зээлийг УИХ-ын зөвшөөрлөөр авдаг. “Чингис” бондын таван тэрбум ам.долларын зээл авах эрх өгсөн ч 1.5-ыг авсан. Энэ бүх зээл 1990 оноос хойш авсан зээлийн нийлбэр юм. Нэмэгдсээр байгаад ийм өндөр болсон. Түүнээс Ардчилсан нам нэг өдөр гарч ирээд л ийм их зээл авчихаагүй. Ялангуяа Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотой маш том зээл бий. Энэ бол Монголд огт хамааралгүй. Мөн УИХ-ны гишүүд дотор МАН-ын гишүүдийн компани зээл авсан. Үүнд, “Эм Си Эс”, “Энержи ресурс”, МАК байна. Бас л манай үндэсний том компаниуд. Эдгээр команиуд зээлээ оруулж биччихээд түүнийгээ гурван сая хүндээ хуваагаад төлүүлнэ гэж яриад байгаа нь сэжигтэй. Яагаад МАК-ийн авсан зээлийг Монголын ард түмэн төлөх ёстой юм. Ийм хариуцлагагүй зүйл гэж байхгүй. Танихгүй хүний авсан зээлд хариуцлага хүлээж, зээлийг нь хаадаггүй шиг Засгийн газар хувийн компанийн авсан зээлийг төлөхгүй. Хувийн банкнуудын авсан зээлийг төлөхгүй. Бидний төлөх ёстой зээл бол зургаан тэрбум 979 сая ам.доллар байна. Монголбанк, Хөгжлийн банкны зээлийг улс төлнө гэж тооцвол. Монголбанк өөрийнхөө авсан зээлийг өөрөө төлнө, Хөгжлийн банк авсан зээлээ өөрөө төлнө. Хөгжлийн банкны тэр олон хөтөлбөр эргээд зээлээ төлнө.

Ямар ч маргаангүйгээр төлөх дөрвөн тэрбум 36 ам.сая доллар бол манай улсын 1990 оноос авсан зээл. 26 жилд авсан зээлийг сүүлийн дөрвөн жил засаг барьж байгаа Ардчилсан нам бүгдийг нь төл гэдэг шударга бус. 2008, 2006, 2007, 2009, 2010, 2011 онд зээл авахад бид байгаагүй шүү дээ. Шударга байцгаая. Өр, зээл гэдэг бол улстөржих асуудал биш. Байрны зээлтэй гэж ярьдаг болохоос байрны өртэй гэж хэлдэггүй. Тэгэхээр үгэн дээр тоглолт хийгээд байгаа юм. Хэвийн явж байгаа зээлтэй.  Монгол Улсад хугацаа хэтэрсэн нэг ч төгрөг, нэг ч долларын зээл байхгүй. Хэвийн явж байгаа. Зарим компанид хүндрэл учраад байгаа нь үнэн.  Тэдний хувьд өр болсон. Энержи ресурс 713 сая ам.долларын зээлээ төлж чадаагүйгээс  дефолт  болсон. Тэр бол өр болчихсон. Энэ өрөндөө юугаа хураалгах ва гэдгээ бодож байгаа байх. “Саусгоби сэндс” өрөө төлж задалгүй заруулаад л байгаа. Нүүрсний үнэ үргэлж өндөр байх юм шиг бодоод зээл авчихсан. Гэтэл гэнэт нүүрсний үнэ уначихсан.

-Зээлээ төлж чадахгүй байгаа хэдэн компани байгаа вэ?

-Компанийн нэр, зээлийн хэмжээг хэлчихээр улсын нууц руу орчих гээд байгаа учраас ярьж болохгүй байна. Гэхдээ 10-аад том компани байна. Өр, зээл бол улстөр хийх сэдэв биш. Нэгдүгээрт, монголчууд зээлийг төлөхгүй. Зээл авсан баян гишүүдийн өр тэдэндээ үлдэнэ. Тэдний өр улсад хамаагүй.

Улс өөрт оногдсон зээлээ төлнө. Энэ зээлүүд 15-40 жилд төлөгдөнө. Хуваарийн дагуу төлөгдөөд явж байна. Хаа байсан 1990 онд авсан зээл өнөөдөр төлөгдөж байна. Зээлийн хүү, төлбөрийн график өндөр болчихлоо гээд байгаа нь бидний 26 жилийн өмнө авсан зээл. Өнөөдөр авч байгаа “Чингис” бондын нэг тэрбум ам.долларыг 2022 онд төлнө.  Тэгэхээр Монгол Улсынхаа нэр хүндэд битгий халдаач ээ. Монгол Улс гадаадаас 22 тэрбум ам.долларын зээл авчихаад төлж чадахгүй байгаа юм шиг мэдээллийг түгээгээд байна. Төлбөрийнх нь хугацаа болчихоод, Монгол Улс төлж чадахгүй, дампуурал зарлана гэсэнтэй ижил утгатай мэдээлэл гадаад улсад тараад байна. Зээлээ төлж чадахгүй байгаа ямар ч асуудал байхгүй, ямар ч хямрал болоогүй. Сүүлийн дөрвөн жилд маш их бүтээн байгуулалт хийсэнтэй хэн ч маргахгүй байна. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтыг юугаар хийх вэ. Зээлээр хийхээс өөр арга байхгүй.

СОНГУУЛЬД ЯЛАХ ГЭЖ УЛАЙРЧ БОЛНО, ТУСГААР ТОГТНОЛООР БИТГИЙ УЛС ТӨР ХИЙ

-Шараар тэмдэглэгдсэн байгаа Засгийн газрын зээл гэж байна. УИХ-аас зээл авах эрх олгохдоо ДНБ-тэй харьцуулан олгосон. Энэ хэмжээнээс хэтэрсэн гэж яриад байгаа?

-ДНБ-ний хэмжээ, Засгийн газрын нийт зээлийг дэлхийн улс орнуудтай харьцуулсан. Манай улс ДНБ 100 хувьтай, Япон, Грек 250 руу дөхөж явна буюу ДНБ-нээ 2.5 дахин өсгөсөн гэсэн үг. Гэхдээ Япон улсын эдийн засаг хэвийн байгаа. Яагаад гэвэл Япон улсын эдийн засаг энэ зээлээ даана. Харин Грек даагаагүй. Дифолт зарлаад, гадаад өрийн бүтцийн өөрчлөлтөө хийж байна. АНУ, Италь, Испани гэх мэт орнууд 150 хувьтай байна. ДНБ-н төлөөд зогссон 13,  80 орчих хувьтай 26 орон байна. Бид дунд орчимд байгаа 36 улстай адил байгаа юм. Тэгэхээр манай зээлийн хэмжээ аюулгүй. МАН зээлийнхээ оронд газар нутгаа өгнө гэсэн балай юм ярьж эхэлсэн. Дэлхийд зээлээ төлж чадаагүйгээс болж газар нутгаа өгсөн нэг ч орон байхгүй. Сонгуульд ялах гэж улайрч болно гэхдээ тусгаар тогтнол, гадаад зээлээр битгий улс төр хий. Харин ч манай улсын эдийн засаг тогтворжиж байна. Монгол Улс 1992-1993 оны зааг дээр 325 хувийн инфляцитай байсан. Өглөө босоход л юмны үнэ гурав дахин өсдөг байлаа. Харин 2015 оны сүүлээр хоёр хувь л болж байна. Жилдээ бүтээгдэхүүний үнэ хоёр хувиар өсч байна. Энэ бол мөнгөний зөв бодлого. Монголчууд хуримтлалтай болж байна.

Ипотекийн зээл авч байна. Ипотекийн зээлийн 3.4 их наяд төгрөгийг Монголбанк зээлээгүй. Ирээдүйн тэтгэвэийн нөөц сангаас гаргасан. МАН-ынхны ойлголтоор энэ бол буруу. Тийм хуучин онол байна. Хэрэгцээнээсээ илүү мөнгө үйлдвэрлэл инфляци болдог 1930 оны онол. Тэгвэл 3.4 их наяд төгрөгөөр Ирээдүйн сангийн өв сангаас 82  мянган айлыг орон сууцтай болгож, 100 мянган хүнийг ажлын байртай болгосон. Хуучин 75 жил барьсан орон сууцнуудыг би ТӨХ-ны дарга байхдаа хувьчилсан. Тэгэхэд бид 100 мянган айлын орон сууцыг 75 жил барьсан байдаг. Харин өнөөдрийн хурдаар 100 мянган айлын орон сууцыг дөрвөн жилийн дотор барина. Барилгын хурдац ийм өндөр түвшинд хүрсэн. Энэ барьсан барилгыг мөнгөжүүлэхийн тулд МАН-ынхны мэддэг хэлээр яривал мөнгө хэвлэсэн. Тэглээ гээд инфляци болоогүй. Харин ч хоёр хувь руу орсон. Залуучууд илүү дутуу зардлаа хэмнэж байна. Нэг хэсэг баар хаагдсан байх. Бааранд орж архи уухын оронд байрны мөнгөө төлөөд явж байна. Зарим жижиг дунд бизнес хохирсон. Гэхдээ инфляци хоёрхон хувь болсон. Ийм маягаар эдийн засгийн онол мэдэхгүй хүмүүс их олон юм ярьж байна. Сүүлийн дөрвөн жил Монгол Улс жилд 1000 км зам барьсан. 1921-2012 он хүртэл барьсан замыг онд нь хуваагаад үзэхээр 32 км л зам л байгаа юм. Зээл авахгүй бол бид хөгжихгүй. Авсан зээлээ төлөх чадвартай эдийн засаг бүх аймгийн нийслэлтэй холбосноор бий болно. Монголын тархай, бутархай эдийн засаг хоорондоо холбогдох тусам л бие биенийгээ тэтгэж эхэлж байгаа юм. Зээл авах уу, авахгүй юу гэдгийн сонголт энэ л байгаа юм. Зээл авахгүйгээрээ жилд 32 км зам тавьж болж байна. МАН-ын шиг. Зээл аваад жилдээ 1000 км зам бариад, хөгжиж болж байна. Энэ сонголтын зааг дээр Монголын ард түмэн ирсэн байна. Тэгэхээр маш ойлгомжтой асуудлаар битгий улс төр хийгээч ээ МАН-ынхаан. Монгол Улсын гадаад нэр хүндэд халдахаа болиочээ. Монгол Улс гэж нэг бүтэлгүй улс 22 тэрбум ам.долларын зээлийг маргааш төлөх гээд байгаа, тэгсэн мөнгө нь байхгүй юм шиг зүйл яриахаа одоо болио. Танай намын гишүүдийн компанийн авсан зээлийг Монголын ард түмэн төлөхгүй. Одоо нэг сонин юм болоод байна.

Ардчилсан нам “Чингис” бонд гэдэг мөнгө авчраад MCS, “Монполмет”, Инержиресурт өгөөд зургаа, долоон тэрбум төгрөг болчихоод байгаа юм. Тэгсэн нөгөө хэд нь сонгуульд нэр дэвшихээрээ “Чингис” бонд шиг хогийн зүйл байхгүй, хүн бүрийг 15 сая төгрөгийн өрөнд орууллаа гэж ярьж байна. Төрөөгүй хүүхдэд хүртэл 15 сая төгрөгийн өр хуваарилчихсан байгаа шүү дээ. Энэ дөрвөн жилд Ардчилсан намын Засгийн газар ажил хийж чаддаг, үндэсний компаниудаа тэтгэж, зургаахан хувийн хүүтэй үйлдвэрлэлийн зээл олгосон. Одоо тэгээд энэ нь буруу байсан юм уу. МАН-ын үед зээл авахаар зээл, Ардчилсан намын үед зээл авахаар өр гэж хэлдэг. Ядаж нэг юмыг хоёр янзаар нэрлэхээ болилдоо. Хоёр нүүр гаргалаа гэж хэлдэг дээ. Нэг л нүүртэйгээ бай л даа. Сонгууль хэдхэн хоногийн дараа дуусна шүү  дээ. Дахиад л хэдүүлээ уулзана. Энэ улс орныг хөгжүүлэхэд мөнгө хэрэгтэй. Мөнгөгүй байж болно. Улсын төсвөөс зам барина гэдэг ойлголт алга болсон. Одоо бид зөвхөн цалингаа тавьж байна. Нийгмийн салбарынхаа барилга байгууламжийг барьж байна. Дэд бүтцээ өөд нь татах хэрэгтэй юү хэрэгтэй. Мөнгөгүйгээр хэн ч бидэнд цалингүй ажиллахгүй. Засмал, зам төмөр зам. Үүнийг дахиад л бид зээлээр барина. Дэлхийн хөгжсөн орнууд яагаад ДНБ-ээсээ давсан өр тавиад байгаа юм бэ. Уг нь биднийг бодоход мөнгө цаастай л хүмүүс шүү дээ. Эдгээр улсууд МАН-ын улстөрчдөөс ялгаатай нь хөгжилдөө итгэж байна. Бид зээл авна, дарж чадна гэж бодож зээл авч байна. Харин манайхан дөнгөн дангах  50 хувийн босго давангуут үхлээ, хатлаа, газар нутгаа алдлаа гэж байна. Ийм балай юм ярьж болохгүй шүү дээ.

-Иргэд Ардчилсан намын засаг барьсан жилүүдэд иргэдийн халаасанд мөнгөгүй болчихлоо гэж ярьж байна. Улс ч цалингаа тавьж чадахгүй байдалд хүрлээ гэсэн мэдээлэл явдаг. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 1700 гаруй үйлдвэр ашиглалтад орсон гэж байна. Энэ нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

-Манай улс 2000, 2004 оноос уул уурхай гэдэг зүйлд архинд орсон хүн шиг орчихоод байгаа. Уугаад л согтоод л сайхан байгаа юм шиг. Гэтэл архинаасаа гарсан чинь уул уурхайн бүтээгдэхүүний өндөр үнэ алга болчихсон. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ биднээс хамаарахгүй. Тэгэхээр энэ зах зээлийн үнийг дагаж амьдрахаас өөр аргагүй. Асуудал нь боловсруулаагүй байгалийн баялгийн үнэ маш их дээшээ доошоо болж байна. Дээшээ болдог үе дээрээ нь МАН-ны Ерөнхий сайд нарын ажилласан жил таарчихсан юм. Харамсалтай нь 17 хувийн өсөлттэй байхад 1700 үйлдвэрийг санхүүжүүлэх боломж байсан боловч санхүүжүүлээгүй. Бүгдийг бэлнээр нь тараачихсан. Одоо тэр гурав, дөрвөн их наяд төгрөгөөс юу ч үлдээгүй. Ардчилсан намын үед уул уурхайн бүх түүхийн эдийн үнэ 5-30 дахин унасан. Энэ үед бид 1680 үйлдвэрийг үйлдвэрлэлийг дэмжих зургаан хувийн зээлээр санхүүжүүлсэн. Энэ үйлдвэрүүд одоо бүгд ажиллаж, бүтээгдэхүүн гаргаж, ажилчиндаа цалин өгч байна. Монголын банкууд зургаан хувийн хүүтэй зээл өгч чадахгүй. Яагаад гэвэл хадгаламж нь зургаан хувийн хүүтэй учраас. Сүүлийн 20, 30 жилд бий болгосон наймааны эдийн засгаар явлаа. Үнэн хэрэг дээрээ энэ эдийн засаг биш. Эдийн засаг гэдэг нь манай байгалийн түүхий эд эцсийн бүтээгдэхүүн болоход л орших ёстой. Хэлбэр, дүрсээ өөрчлөх ёстой. Коксжих нүүр, төмрийн хүдэр биш гангаар хийсэн бүтээгдэхүүн гадагш нь гаргах ёстой. Ийм л зорилгыг бид өмнөө тавьж байгаа. Үүнээс өөр зам бидэнд үлдээгүй. Үгүй бол бид хөгжилтэй орны үйлдвэрлэсэн барааг аьч хэрэглэдэг, хэрэглэгч улс хэвээрээ л үлдэнэ.

-Дэлхийн эдийн засаг дагаад Монголын эдийн засаг яг хэзээнээс сайжрах бол?

-Хэрвээ түүнийг мэддэг байсан бол дэлхийн хамгийн баян хүн байх байлаа. Түүнийг одоо хэн ч мэдэхгүй байна. 21 дүгээр зууны эхний 10 жил маш өөдрөг байсан. Уул уурхайн бүх түүхий эдийн үнэ өсч, дэлхий даяар баян ядуугийн ялгаа арилна гэсэн төсөөлөлтэй байсан. Сүүлийн 10 жилд энэ байхгүй болсон. Ерөөсөө энэ хэт үйлдвэрлэл үүссэнтэй холбоотой. Гангийн хэт үйлдвэрлэл Хятад улсад үүссэн. Хятад улс дангаараа дэлхий дээр үйлдвэрлэж байгаа гангийн талыг нь авч байгаа. Энэ гангийн илүүдэл нь коксжих нүүрс, төмрийн хүдрийн үнийг унагасан. Австриали, Монгол гээд бүх улс орны үнэ унасан. Тэгэхээр энэ илүүдэл нь байшин барилга, машин тэрэг болоод зарагдахгүй бол дэлхийн төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ өсөхгүй юм билээ. Тэгэхээр бид дэлхийн эдийн засгаа таниж мэдэхгүйгээр янз бүрийн зүйл таамгаар ярьж болохгүй. Ирэх жилүүдэд бид уул уурхайн түүхий эдийн өндөр үнэд найдах ямар ч арга байхгүй.

Тэгэхээр бид байгаа жаахан түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгох аж үйлдвэрийг бий болгохгүй бол нийт монголчууд ажилтай болохгүй. Маш энгийн зүйл. Аж үйлдвэрийн хөгжил рүү маш хурдан орох ёстой. Өнгөрсөн дөрвөн жил харин ч сургамж болсон. Уул уурхай гэдэг уулын бугыг хараад унасан морь хөдөө аж ахуйгаа мартсан. Хөдөө аж ахуйд ерөөсөө хөрөнгө оруулахаа больсон. Улс нь ч, малчид нь ч, компаниуд нь ч тэр. Одоо анх удаа сайн малчны зээл гэдэг зүйлийг гаргаж байна. Зүгээр л малаа эрүүл болгочих. Нэг тэрбум ам.долларын мах экспортлох зах зээл байна. Одоо бидэнд уул уурхай дахиж нэг тэрбум ам.доллар өгөхгүй юм байна. Тавантолгой бүтнээрээ ажиллаад ч нэг тэрбум ам.долларын ашиг олохгүй. Гэтэл манай 200 мянган малчин өрхийн бүх мал нь эрүүл болбол нэг тэрбум ам.долларын махны экспортыг чөлөөтэй хийнэ. Хөдөө аж ахуйд жил бүр мал нэмэгдэж, ноолуур бий болж байна. Нэг үгээр хэлбэл, хөдөө аж ахуй дуусдаггүй баялаг. Харин Тавантолгой 100, Оюутолгой 70 жилийн дараа дуусна. Нөхөгдөхгүй. Гэтэл манай 200 мянган малчин өрхийн 57 сая мал төллөж, нэмэгдээд байж байна. Мах, сүү, ноос, ноолуур арьс шир болж хувирна. Үүнийгээ бид дэлхийн зах зээл дээр эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг чадвартай л байх хэрэгтэй.

-Үзбекстанд Шанхайн хамтын ажиллагааны уулзалт болж байна. Энэ уулзалтаар түүхэн гэрээ хэлэлцээрийг зурлаа. Энэ бол Евро Азийн эдийн засгийн каридорын нэг ачаа тээврийн асуудал. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Энэ бол манай улс сүүлийн 10 жил хөөцөлдөж байгаа гэрээ. Бид ингээд бүс нутгийнхаа эдийн засагтай холбогдож байгаа юм. Одоо Монгол дугаартай машин Орос, Хятадын нутгаар далайн боомт руу чөлөөтэй явна. Ман манай Баян-Өлгий, Хөвсгөл, Ховдоос мах ачсан машин Казахстаний Хоргос гэдэг боомт руу чөлөөтэй нэвтэрч байгаа. Махаа аваачиж өгчихөөд Хоргосоос жимс аваад буцаад ирнэ. Яг үүнтэй ижил гурван улсын хүнд даацын машин бие бие рүүгээ нэвтэрдэг стандартыг тохирч байгаа юм. Аль нэг улсын хил дээр шалгасан бол нөгөө улсууд нь шалгахгүй ч гэдэг юм уу. Ингэж худалдааг чөлөөтэй болгох гээд байгаа юм. Ложистик, тээврийг чөлөөтэй болгоно. Ийм зүйл л манай эдийн засагт дутаад байсан. Бидэнд мах, зарах бараа, инпортлох хэрэгцээ байгаад байдаг тээвэр дээрээ очоод гацчихдаг. Тэвээр маш чухал гэдгийг саяын гэрээнээс харна. Манай Ерөнхийлөгч үүн дээр их хүчин чармайлт гаргасан. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сайн ажилласан. Үүнийг бид эдийн засагтаа зөвөөр маш хурдан ашиглах ёстой.

Н.БАЯР

ЭХ СУРВАЛЖ: Ардчилсан намын сонгуулийн штаб

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна