Төрийн албыг худалдсан МАН-д иргэд дургүйцлээ илэрхийллээ

2016 оны 6 сарын 27

Өнгөрсөн баасан гаригт МАН-ын удирдлагуудтай холбоотой нэгэн ноцтой бичлэг олон нийтэд цацагдлаа. Тэрхүү бичлэгт МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар албан тушаалыг үнэлэн зарах тухай төлөвлөгөөгөө ярьж буй нь бичигдэн үлдсэн байв. Тодруулбал, сонгуулийн дараа төрийн бүх албан хаагчдыг хоморголон халж, солин даргын суудлуудыг худалдаж, мөнгө өгсөн хүмүүст л “бялуу”-наасаа хүртээхээр тохиролцож байсан юм.

Зөвхөн нийслэлээс гэхэд л 60 тэрбум төгрөг “босгож” чадахаа дурдсан. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд МАН ялалт байгуулвал өнөөдөр төрийн алба хашиж буй бүх албан хаагч хоморголон халагдахаар байна. Монгол ардын намынхан өнгөрсөн сонгуулиас хойш өдий хүртэл ярьж шоуддаг цөөхөн хэдэн сэдвүүдийнх нь нэг нь “АН-ынхан Засгийн эрхийг аваад бүх ажилчдыг халж, солилоо” хэмээн ярисаар ирсэн. Гэтэл үнэн хэрэгтээ өөрсдөө дарга нарын суудлыг үнэд хүргэж, төрийн албан хаагчдыг хоморголон халахаар зэхэж байгаа нь ил боллоо. Үүнийгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.

Гэхдээ АН Засгийн эрхийг авсан ч МАН-ын хийх гэж байгаа шиг төрийн албан хаагчдыг хавтгайруулж халж явсан удаагүй. Харин МАН-ынхан сонгуульд ялалт байгуулвал олон зуун төрийн албан хаагч ажилгүй болж, хог дээр үсрэх нь тодорхой болсон юм.

Өс хонзон санасан, эрх мэдэл албан тушаалд санаархагч МАН-ынхан төрийн албан хаагчдыг хоолноос нь салгаснаар тэр хүмүүсийн ард байгаа хэдэн мянган иргэнийг хорлож, амьдралаар нь тоглохоо тооцоолсонгүй. Тэдэнд зөвхөн даргын “зөөлөн суудал” л чухал гэнэ.

Төрийн албан хаагч бүр байрны зээлтэй, машины зээлтэй, цалингийн зээлтэй. Тэр ч бүү хэл өрхийн зээл, бизнесийн зээл, оюутан хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр гэж дааж давшгүй их ачаа байна. Хэрвээ төрийн албан хаагчид ажлаасаа халагдвал ажилгүй орлогогүй болсон иргэд байрны зээлээ төлж чадахгүй, оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийн төлж чадахгүй нөхцөл байдалд хүрнэ. Тиймээс төрийн албыг төрлийн алба болгож, төрийн ажлаар бизнес хийгчдэд боломж олгох нь зөв үү, буруу юу.

Энэ талаар иргэдийн байр суурийг сонирхлоо.

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Зоригоо

Төрийн албан хаагчийг наймаалцах асуудал яаж байж болох вэ дээ. Бидэнд хэрэгтэй хүн л төрд гараасай гэж ард иргэд хүсдэг байхад төрийн албыг наймаалцлана, мөнгө олно гэж ярьж байгаа нь маш буруу. Тэр албан тушаалд очих гэсон сонирхолыг бий болгож байна. Мөнгө өгөөд төрийн албанд гарчихсан хүмүүс чинь өөрийнхөө мөнгийг хэд дахин нугалж олно шүү дээ. Хүмүүс сэтгэлийн хөөрлөөр саналаа битгий өгчихөөсэй дээ. Уг нь өнгөрсөн дөрвөн жилд ажил хийсэн үү гэвэл хийсэн. Ардчилсан намынхан сайн муугаараа дуудуулаад л зөндөө юм хийсэн. Юм хийгээгүй гэж хэлэхгүй. Хот өнгө төрхөө өөрчлөөд сайхан болсон. Даанч мөнгөний асуудал нь дуусахгүй юм даа. Одоо Монгол Ардын нам гарах юм бол нөгөө л Ардчилсан намынхаа хийсэн, бүтээснийг харлуулаад, хийж байсан ажлыг нь зогсоогоод л эхэлнэ. Уг нь хийж байгаа ажлыг нь үргэлжлүүлээд л явуулчихмаар байгаа юм. Одоо танихгүй хүмүүс их нэр дэвшиж байна. Тиймээс мэдэхгүй бурханаас, мэддэг чөтгөр нь дээр л гэж дугуйлах болж байх шиг байна. Үр хүүхдийнхээ хойч ирээдүйг бодсон ч бүтээн байгуулалт хийж байгаа намыг л сонгочихмоор байна.


Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ш.Сүхбаатар / зургаа авахуулахыг хүссэнгүй/

Ах нь насаараа МАН-ыг дэмжиж ирсэн. Гэтэл МАН-ынхны төрийн албыг хэрхэн наймаалцаж байгааг сонсоод уур хүрсэн. АН-ынхан ч гэсэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн албаар тоглож л байсан. Гэхдээ арай ч ингэж хоморголон халж сэлгэж байсангүй. Гэтэл МАН-ынхан хална сэлгэнэ, 60 тэрбумаар үнэлнэ гэнэ. Арай ийм байж болох уу. Үнэхээр дэмжиж ирсэн намаасаа ийм зүйл сонссондоо бухимдсан.


Чингэлтэй дүүргийн иргэн Д.Оюунбат

Нийслэлийн сонгуулиас 60 тэрбум төгрөг төвлөрүүлнэ ч гэнэ үү, тийм яриа сонссон. Бүх албан тушаал чинь мөнгөөр үнэлэгддэг болчихсон юм уу. Үнэхээр дургүй хүрсэн, дахиж сонсох, лавшруулж бодох хүсэл ч төрөөгүй. Одоо Монгол Ардын нам гарах юм бол одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчид бүгд халагдах юм байна. Би тэгж л ойлгосон. Миний эгч төрийн албанд ажилладаг. Одоо ажилгүй болох вий гээд л айж байна лээ.


Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иргэн З.Ариунтунгалаг / зургаа авахуулахыг хүссэнгүй/

Нөхөр бид 2 хоёулаа төрийн албан хаагч. Нөхөр байрны зээлтэй. Харин би цалингийн зээлтэй. Хэрвээ бид ажлаасаа халагдвал яаж амьдрах болж байна. Хоёр хүүхдээ яаж тэжээх юм бэ. Иргэдээ бодохгүй, зөвхөн сандал ширээний төлөө тэмцэлдэж байгаа МАН-ынханд уур хүрч байна. Иргэдийг сонголтоо зөв хийгээсэй гэж л хүсч байна.


Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Наранцэцэг

Намд тэдэн төгрөг өг, манай нам ялаад та нарт тийм албан тушаал өгнө гээд наймаалцсан юм болов уу л гэж ойлгосон. Мэдээж сайхан сэтгэгдэл бол төрөхгүй. Өөрөөсөө өгсөн мөнгөө төрийн албанд гараад тэд олно ш дээ. Тийм болохоор албан тушаалын наймаа байж болохгүй. Төрд мэдлэгтэй, чадвартай хүмүүс сонгогдож ажиллах ёстой. Гэтэл ийм аргаар төрийн эрхэнд гарах гээд байгааг таслан зогсоох ёстой. Ардчилсан нам юм хийгээгүй биш хийсэн. Гэхдээ сэтгэлд хүрээгүй.  Алдаатай, бодлого шийдэр гаргаж л байсан. Гэхдээ хийж, хэрэгжүүлэх ажлыг нь үргэлжлүүлэх ёстой л гэж бодож байна. Мөн залуу хүмүүсээ сонгох ёстой.


Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Х.Уянга / зургаа авахуулахыг хүссэнгүй/

АН-ынхан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сайн ажиллаагүй. Тиймээс МАН-д саналаа өгье гэж бодож байлаа. Гэтэл төрийн албан хаагчдыг хоморголон хална гэдгийг нь сонсоод бодлоо өөрчилсөн. Би өөрөө төрийн албанд ажилд ороод жил гаруй л болж байна. Арай гэж орсон ажлаасаа халагдчихмааргүй байна.

ЭХ СУРВАЛЖ: Ардчилсан намын сонгуулийн төв штаб

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна