ШИНЭ НЭР: Балетын гоцлооч А.Эрдэнэболд

Залуусын анхны амжилтыг дэмжих “Шинэ нэр” булангийн ээлжит зочноо танилцуулж байна. Энэ удаагийн зочноор А.Эрдэнэболдийг урилаа. Түүнийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч гэдгээр нь андахгүй болсон. 

Тэрбээр “Жизель”, “Хунт нуур”, “Цөмөөхэй”, “Их классикууд” зэрэг олон балетын гол дүрд хэдийнэ тоглосон. Энэ жил 25 настай энэ залуу сүүлийн үед олон нийтийн сүлжээ, зурагт зэргээс татгалзах болсон. Бэлтгэлийн дараах чөлөөт цагт өөрийгөө сайн амрааж, улам л урагш, тэмүүлэлтэй явж байгаагаа дуулгасан юм.


Төгссөн сургууль:

  • Хөгжим, бүжгийн коллеж

Мэргэжил:

  • Балетын жүжигчин

Одоо эрхэлж буй ажил:

  • УДБЭТеатрын гоцлооч

АНХНЫ АМЖИЛТ:

Хөгжим бүжгийн коллежид сурч байх үеийн амжилтууд их бий. Гадаадад болсон олон улсын тэмцээнд тийм олон яваагүй ээ. Харин 2012 онд “Seoul international ballet competition” Олон улсын балетын тэмцээнд амжилттай оролцож байсан.

ЯАГААД БАЛЕТЫН БҮЖИГЧИН БОЛОХООР ШИЙДЭВ?

Энэ урлагт ороход миний өвөөгийн нөлөө, хүсэл байсан юмаа. Миний өвөө Г.Чилаажав залуудаа Завхан аймгийн соёлын төвийн даргын алба хашдаг байсан. Нэг удаа телевизээр “Хөгжим бүжгийн коллежид хүүхэд шалгаруулж авна” гэсэн зарыг харсан юм билээ. Тэгээд ээжтэй ярьж байгаад намайг шалгуулж байсан. Аав маань цэргийн хүн учраас бид Дорноговь аймгийн Зүүнбаянд байсан үе таарсан. 12 настай хүү ээжийгээ дагаад хотод ирээд коллежид шалгуулж тэнцсэн. Би багаасаа бүжиглэх дуртай хүүхэд байлаа. Энэ авьяасыг минь өвөө маань харсан байх. Манай өвөө залуудаа сайн дурын уран сайханч байсан. Тэгэхээр урлагт орсон минь миний өвөөгийн хүсэл юмаа.

АНХНЫ БҮТЭЭЖ БАЙСАН ТОМ ДҮР?

П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын гол дүрд 2012 онд тоглож байсан. Сургуулиа төгсөөд театрын бүжигчин болоод удаагүй байсан үе. Одоо энэ долоо хоногт “Щелкунчик” балетыг дахин тоглох гэж байна. Энэ балет сүүлийн гурван жил тоглогдохгүй байгаад эргээд тоглогдох гэж байгаа. Мөн 1982 онд анх тавьж байсан тэр хувилбараар тоглох гэж байгаа гээд онцлог зүйл их байна.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

Чөлөөт цаг их бага гарна. Балетын урлаг залуу насных. Хүүхэд байхын энэ урлагт орсон учраас их л завгүй бага нас маань өнгөрсөндөө. 12 настай коллежид очиж байсан хүүгийн амьдрал эрс өөр болсон. Өдөржин сургууль дээр бэлтгэл сургуулилт гээд орой л гэртээ харина. Шантрах үе минь эхний жилд л байлаа. Харин тэр цагаас хойш урлагийн сайхныг мэдрээд сургуульдаа улам л идэвхтэй явдаг байлаа. Хэцүү үе ард хоцорчээ. Одоо театрын тоглолтын улирал учраас чөлөөт цаг бага гардаг. Хааяа агаарт гарахад их сайхан амардаг.

ОЙРЫН ҮЕД ТОГЛОХ ГОЛ ДҮРҮҮД?

П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын Ханхүүд арванхоёрдугаар сарын 17-ны өдөр тоглоно. Машад Б.Саруул тоглож байгаа. Би өмнөх жилүүдэд “Төгөлдөр” сангаас тавьж байсан “Цөмөөхэй” балетад тоглож байсан.

“ХУНТ НУУР” БАЛЕТЫН ГОЛ ДҮРД АНХ ХЭЗЭЭ ТОГЛОЖ БАЙСАН БЭ?

2012 онд “Хунт нуур”-т тоглож байсан. Театрын 2016-2017 оны хуваарьт сар бүр “Хунт нуур” байгаа.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

Балетын урлаг их хэцүү шүү дээ. 20 нас хүртэл яг сурч чаддаг. Энэ бол залуу насны хийх ажил юмдаа. Бидэнд хийгээгүй зүйлүүд их байдаг. Жишээ нь модерн балет монголд их хожуу хөгжлөө. Цаашид илүү их зорилтыг тавиад ажиллаж байна даа. Одоо надад улам л цааш явах тийм л их тэмүүлэл байна.

ӨӨРИЙНХӨӨ ҮЕИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Өөрийнхөө хүсэж байгаа тэр зүйлээ хийгээрэй. Чамд нэг авьяас байгаа. Сонгодог урлагт тэр дундаа балетын урлагийг шимтэн үзэж байгаарай. Хүүхдийг багаас нь театрт авчраад сургачих юм бол тэдний хүсэл тэмүүлэл их өөр болно. Энэ урлаг их хэцүү байдаг ч гэлээ маш сайн хатуужилтай болгож чаддаг. Өөртөө итгэлтэй байгаарай.

Ч.БОЛОРЧУЛУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна