Чимэг зургийн залуу мастер

Манай NEWS  агентлаг залуусын анхны амжилтыг дэмжих “Шинэ нэр” буланг эхлүүлээд байгаа билээ. Энэ удаагийн зочноор Illustration Тuvshuu” гэгддэг Эрдэнээгийн Түвшинтөрийг онцолж байна. Монголын  чадварлаг залуу үеийн төлөөлөл болох түүний бүтээлүүд хэн хүний сонирхлыг ихэд татна. Түүний бүтээлүүдэд монголын хойч үе болсон хүүхдүүд үндэсний хувцастай хурга, ишигтэй, хонхтой, шонхор шувуутай, морьтой, сарлагтайгаар дүрсэлсэн байх юм.

Түүний бүтээлийн талаар Улаанбаатар” галерейн куратор Б.Цэцэгбадам хэлэхдээ “Э.Түвшинтөрийн шинэ тэсрэлт монголын урлагийн хөгжилд, цаашлаад нийгэмд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Учир юун гэвээс, нийгмийн стресс бухимдал улам нэмэгдэж буй нь хүмүүсийн аз жаргалгүй байгаатай холбоотой. Иймд түүний бүтээлүүд цаг үеийг сөргүүлэн анагаах шинэ жор болох талтай” хэмээжээ.

Тэрбээр арванхоёрдугаар сарын 11-нээс эхлэн 20-ныг хүртэл өөрийн бие даасан “Өв” нэртэй анхны үзэсгэлэнгээ “UB Art Gallery”-д дэлгэн олны хүртээл болгосон юм.


Эрдэнээгийн Түвшинтөр. 1990 оны 12 дугаар сарын 18-нд төрсөн. 26 настай

Төгссөн сургууль:

  • Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургууль
  • Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн сургууль

Мэргэжил: Зураач

Одоо эрхэлж буй ажил: Чөлөөт уран бүтээлч

Сошиал хуудас: Tuvshuu Tuvshuu


АНХНЫ ҮЗЭСГЭЛЭН

-Би анхны бие даасан “Өв” хэмээх үзэсгэлэнгээ энэ сарын 11-нд гаргасан. Уг үзэсгэлэндээ өөрийн 26 зургаа дэлгэсэн байгаа. Ер нь зураач хүн бүрийн хүсэл үзэсгэлэн гаргах шүү дээ. Ямар ч байсан анхныхаа үзэсгэлэнг амжилттай гаргаж, хүмүүст хүргэсэндээ баяртай байна. Миний зурагнууд монгол ахуйг харуулсан байдаг. Энэ үүднээсээ анхны үзэсгэлэнгээ “Өв” хэмээн нэрлэсэн юм.

АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ЗУРЖ СУРСАН БЭ?

-Багадаа бусдын л адил баримлын шавраар тоглож, зураг зурдаг хүүхэд байсан. Миний хувьд есдүгээр ангидаа зураач мэргэжлээр сурахаар шийдсэн юм. Энэ мэргэжлийг сонгоход аав маань их нөлөөлсөн. Мөн есдүгээр ангийн зургийн багш Баттулга маань их нөлөөлсөн гэж боддог. Манай аав мэргэжлийн зураач биш ч гарын ур дүйтэй хүн байдаг. Хүүхэд байхдаа янз бүрийн сонин сэтгүүлээс юм уу багшийнхаа зургаас дагаж, зурдаг байлаа.

“ILLUSTRATION” БУЮУ ЧИМЭГ ЗУРГИЙН ОНЦЛОГ

-Маш олон хүмүүс “Чи яг ямар чиглэлээр зурдаг вэ” гэж асуудаг. Би өөрөө монгол зургийн ангийг төгссөн. Ер нь зураач нар энэ чиглэлээр зурна гэж зурдаггүй. Зүгээр л өөрийнхөө дуртай зүйлийг л зурдаг. Би өөрийнхөө хүссэн, зурах дуртай тэр л зургаа зурж байгаа. Энэ чиглэлийн онцлог гэвэл хэтрүүлэгтэй дүрстэй ч, хүнд ойлгохуйц, бодит тал руугаа ажиллахыг хичээсэн байдаг. Ерөнхийдөө монголчуудын мартагдаж буй угсаатан зүйн дээл хувцас, малгай зэргийг бүтээлдээ тусгахыг хичээдэг.

АНХНЫ УРЛАН

-Манай гэр Налайх дүүрэгт байдаг байсан. Тэндээс хот руу хичээлдээ явахаар автобусанд гурван цагийг зарцуулаад, их ядарна. Тэгээд хоёрдугаар курсээсээ эхлэн бие дааж, хотод амьдарч эхэлсэн.  Оюутан байхдаа гурван найзтайгаа нийлж, Соёл урлагийн их сургуулийн хажууд нэгэн урлан түрээсэлж, амьдардаг болсон. Тэр үедээ хамгийн анх чоно зурж халтуур хийгээд, 40 мянган төгрөг авч байлаа. Тэгээд би сургуулиа төгссөөд, 2013 оноос өөрийн урлантай болсон.

БҮТЭЭЛЭЭРЭЭ ЮУ ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭДЭГ ВЭ?

-Жишээ нь “Таван мэдрэхүй” хэмээх таван цуврал зурагтаа үнэрлэх, сонсох, амтлах зэрэг таван мэдрэхүйг дүрсэлсэн. Нүүдэлчин ард түмний хүүхдүүд бага наснаасаа таван мэдрэхүйг яаж мэдэрдэг байсныг үзүүлэхийг хичээсэн. Үнэрлэх мэдрэхүй гэхэд агь ганга, арцны үнэр буюу байгалийн тансаг үнэр үнэртэж өссөн нь байгальтайгаа ойр байсныг гэрчилнэ. Гэтэл одоо утаа үнэртэж байна. Нэг талдаа бүтээлээрээ асуудал дэвшүүлж,байна гэсэн үг. Амтлах мэдрэхүй бүтээлд сүү, айраг амтлан ууж өссөн. Өргөн уудам талд шонхор шувуу шиг хурц хараатай гэдгээр харах мэдрэхүйг илэрхийлсэн юм. Бид үнэхээр тансаг түүхтэй ард түмэн.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Би найзуудтайгаа сагс тоглох дуртай. Сагс сайн тоглож чадахгүй ч хөлсөө гаргах дуртай. Сүүлийн үед ажил ихтэй учраас цаг гаргаж амжихгүй л байна. Ихэнх цагийг урландаа өнгөрүүлдэг. Эхнэртэйгээ хамт урландаа ажилладаг учраас заримдаа хамтдаа гадуур салхилж, үзэсгэлэн үзнэ. Бас кино үзнэ. Эхнэр маань бас манай сургуулийн  чимэглэх урлагийн ангийг төгссөн юм.

ОЙРЫН ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

-Би дараагийнхаа үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна. Үзэсгэлэнгийнхээ ажилд он гараад идэвхтэй орно. Он гартал захиалгын ажил хийж байна. Хүмүүс янз бүрийн л зураг захиалдаг. Ихэнх хүмүүс хөргөө зуруулах хүсэлтэй байдаг. Зурахыг хүссэн бүтээлийн санаа бий. Тэр санаагаа одоо ярьмааргүй байна. Ер нь зураачийн толгой дахь санаа нууц лаборатори байх ёстой. Тэгж байж гэнэтийн бэлэг болж чадна. Хийгээгүй байж тийм юм хийнэ гэж ярих нь уйтгартай байх.

АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ

-Монгол хэмээх үндэсний өв соёлоо тодотгосон бүтээл хийхийг зорьдог. Гадныхан хараад Монгол Улс ямар баялаг түүхтэй юм бэ гэж гайхаж, биширмээр... Манай улс үндэсний дээл хувцас, үлгэр домгоосоо эхлээд л маш их угсаатны түүхтэй. Бид энэ сайхан түүхээ гоёор гаргаж чадахгүй байгаа юм шиг санагддаг. Тиймээс монголынхоо түүхийг ихэмсэг бөгөөд сонгодог талаас нь харуулж, таниулахыг хүсдэг. Мэдээж би энэ бүхнийг ганцаараа хийхгүй.

ҮЕИЙН ЗАЛУУСТАА ХАНДАН ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Би багшийнхаа хэлсэн  нэг үгийг үргэлж санаж явдаг юм. Багш маань “Та нар одоо л өөртөө хатуу хандахгүй бол амьдрал дээр гарвал амьдрал та нарт хатуу хандана шүү” гэж хэлдэг байсан. Тиймээс би өөртөө нэлээд өндөр шаардлага тавьдаг. Тэр ч үүднээсээ өөрийгөө их дайчилдаг. Одоо л өөрийгөө дайчлахгүй бол хэн ч чамайг гэхгүй шүү дээ. Тийм учраас зорилгодоо хариуцлагатай хандаарай гэж хэлмээр байна.

А.ЦЭЭСҮРЭН

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна