Монгол оршин тогтнохуйн мөн чанар нь эв нэгдэл

2016 оны 12 сарын 28

Сэтгүүлч:
Л.Нарантөгс

Тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцлийн үр дүнд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богд Жабзандамба хутагтыг тулгар улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулан дэлхий нийтэд зарлан тунхагласан билээ. Энэхүү түүхэн үйл хэргийн 105 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт ойн босгон дээр монголчуудын тусгаар тогтнол, эв нэгдлийн сэдвээр түүхч, эрдэмтэнтэй  ярилцлаа.

Түүхч, доктор Д.Өлзийбаатар. “МОНГОЛЧУУД”  сонсдог номоор нь түүний дуу хоолойг та бүхэн сонссон биз ээ. Монголчуудын эвлэрэл бидэнд ямар их боломжийг авчирч, хагарал бусдын эрхшээлд оруулж байсан гутамшгийг бид боддог ч өнөөгийн ахуйтай холбон бодох нь төдийлөн ховор. Биднийг харийн эрхшээлд оруултал доройтуулсан өөр хоорондын тэмцэл өнөөдөр хүртэл үргэлжилж байгааг тэр шууд хэлж байна. Дэлхийн дайдыг монгол морины туурайгаар тамгалж явсан монголчуудын уруудан доройтсон шалтгаан нь “Их Монголын хаан сэнтийд залрах ёс хуульчлагдсан нь Хасарын угсааныхны зүгээс эзэн эрхийн төлөө мөчөөрхөн өрсөлдөх ужиг тэмцлийг төрийн хэмжээнд анхлан эхлүүлсэн” гэж тэр шуудхан хэлэв.

“Энэ бүхэн 400 гаруй жил үргэлжилж нэн уршигт мөр үлдээсэн бөгөөд  монголчуудын үндэсний аюулгүй байдал хэтдээ алдагдах үндсэн шалтгаан болсон” гэж тэр холбон тайлбарлаж байна.
Хамгийн аюултай нь “Урхагтай энэ зөрчлийн нөлөө сүүдэр нь өнөө хэр арилаагүй баруун, зүүн монгол гэх талцлын илрэл дор байсаар байгааг бид мэднэ” дээ гэж тэр сэрэмжлүүллээ. “Хэрэг дээрээ энэ зөрчил бол үндэстний эвлэршгүй зөрчил биш бөгөөд нэг эцэг, нэг эхийн үр хүүхдүүдийн эрх мэдлийн төлөө үүсэгсэн  тэмцлийн л улбаа юм. Өнөө үеийн бид, түүхийн том дэвсгэр дээр үйл явдлыг харж энэ мэт нэгдмэл  үндэстний дотрох  жижиг талцлыг газар авахуулахгүй зогсоож байх шаардлагатайг энэ түүхэн сургамж харуулж байна” гэж анхааруулав. Бидний өнөөгийн халх, дөрвөд, буриад гэдэг талцал ямар ч утга учиргүй, бид “Монгол” гэсэн ганцхан дээвэр дор нэгдэх ёстой гэж тэр үздэг хүн юм.

Бидний хагарал, хуваагдал ямар гамшиг авчирсан талаар тэрээр,

  • Үндэстний нэгдмэл байдал алдагдсан,

  • Газар нутаг таслагдан хуваагдсан,

  • Үндэстний улс төрийн нэгдсэн бодлого алдагдаж, цэргийн хүч чадал буурсан,

  • Үндэстний адилтал аажим гээгдэж ондоошил хүчтэй болсон,

  • Үндэстний аж ахуй, эдийн засгийн хөгжлийн боломж боомлигдон зогссон,

  • Гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, шинжлэх ухаан техникийн хөгжлөөс хоцорсон,

  • Үндэстний зан заншил, соёл, ёс уламжлал бүдгэрсэн,

  • Шашин шүтлэг өөрчлөгдсөн,

  • Үндэстний хүн амын удмын санд өөрчлөлт орж хүн амын тоо цөөрсөн,

  • Үндэстний цаашид орших эсэх нь эргэлзээтэй болсон гэсэн үндсэн санаануудыг хэллээ. Бид тусгаар тогтносон улс гэж цээжээ дэлддэг ч бидний зөрчил түүнийг үгүй хийж, ядуу буурай болгохыг тэрээр анхааруулж байна.

-Монголчууд үндэсний эрх чөлөөгөө олсон, тусгаар тогтнолоо дахин сэргээсэн түүхэн өдрийн өмнө бид ярилцаж байна. Бид эвлэсэн үедээ эзэнт гүрнээ байгуулж, хагарсан үедээ бусдын эрхшээлд орж байжээ. Тиймээс ч бидний яриа энэ зүгт чиглэнэ. Та эв нэгдэл, хагарлын талаар илүү нарийн судалсан хүн. Гэтэл 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдрийг бид албан ёсоор тэмдэглэдэг ч “ёолкны гоёл”-д дарагдаад өнгөрөөд байх шиг. Энэ өдрийг манай уншигчдад тодруулж өгөөч?

-Тусгаар тогтнолын өдөрт ач холбогдол өгч тэмдэглэж байх ёстой гэж боддог. Яагаад гэхээр ХХ зууны эхний хагас зуун жил тэр чигтээ тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн он жилүүд өнгөрсөн. Маш их цус урссан, их хэмжээний хохирол амссан, олон хүн алуулж, газар нутгаа тасчин хуваалгуулсан. Тэгсэн хэр нь өнөөгийн бидний оршин тогтнож буй газар нутгийн хэмжээнд тусгаар тогтнолоо зарлаж, үндэсний эрх чөлөөгөө олж авсан явдал байгаа юм. Ийм учраас хамгийн үнэтэй, хамгийн эрхэм зүйл бол тусгаар тогтнол. Бид өнөөдөр тусгаар тогтноогүй бол хүний эрх, эрх чөлөөг ярих ямар ч утгагүй болно. Эдийн засгийн хөгжил, олон улстай харилцах, монгол хүний үнэлэмжийн асуудал огт байхгүй.

-Тусгаар тогтнохын үнэ цэнэ ер нь юу юм. Яагаад түүний төлөө бидний өвөг дээдэс бүлээн цусаа урсгаж, халуун амиа алдсан юм бэ?

-Аливаа улс тусгаар оршиж байж үндэсний хэлж соёл, түүхээ дэлхийн тавцанд гаргаж ирж чаддаг. Аль нэг улс орны нөмөр нөөлгөд байгаа улсын энэ асуудал бүрхэг байдаг. Тийм учраас тусгаар тогтнолоо олж авахын төлөө 1911 онд хийсэн энэ тэмцэл бол хамгийн чухал хуудас юм.

-Ямар нөхцөлдлөөр бид тусгаар болохын төлөө тэмцэх болов?

-Тэгж бодох ёстой. Монголчууд өөрсдөө том гүрэн байгуулж явлаа. Олон улс, үндэстнийг нэгтгэсэн дэлхийн гуравхан эзэнт гүрний нэгийг бид байгуулсан. Дэлхийн түүхэнд ул мөрөө үлдээсэн ховорхон ард түмний нэг нь монголчууд. Эзэнт гүрний түүхийг ярихад, Британийг ярина. Ромыг ярина. Монголын эзэнт улсын түүх гэж гуравхан хуваана. Өнөөдөр ОХУ, Европын холбоо, АНУ нар бол эзэнт гүрэн болох гээд л үзэж, тараад байна. Гэхдээ бидний өвөг дээдсийн байгуулсан шиг болж чадаагүй. Монголчуудын байгуулсан эзэнт гүрэн бол дэлхийг нэг дэг журам, бодлогод оруулсан гэсэн үг. Тэд харин чадаагүй л байхгүй юу. Бид үүнийг орчин үеийн хэлээр даяарчлал гэж яриад байна шүү дээ.  Гэхдээ тэрэндээ хүрч чадахгүй даяарчлал бутарч, нурж байна. Тийм биз. Түүний тухай ч ярихаа больж байна. Цаашдаа хэдэн хэдэн зуун жилдээ дэлхийн улс орнууд тусгаар байдалтай оршиж, өөрсдийн хэл, соёл, уламжлалыг бие даан авч явж хөгжих нь гэдэг нь харагдаад байна. Энэ дунд монголчууд хөлөө олоод явах нь чухал. Монгол гэдэг чинь 1,5 сая км/кв газар нутагт оршин суугаа хүмүүсийн асуудал биш байгаа юм. Түүний эргэн тойронд буй монгол туургатны асуудал. Дээр нь дэлхий даяар тархсан монгол угсаатны асуудлууд Монголын нэр төртэй шууд холбогддог. Тийм болохоор Монгол хөгжинө гэдэг нэгэн том үндэстний  соёлын асуудал яригддаг болохоор маш чухал байгаа юм.  Энэ бүхнийг 1911 онд яагаад олж авсан бэ гээд ярихаар монголчуудын эв нэгдэлтэй холбоотой.

Эв нэгдэл бий болгож чадсан цагт монголчууд хүчирхэг болдог, алдарсан цагт сул дорой болдог.

-Үүнийг түүх бидэнд бэлээхэн хэлээд байна, тийм үү?

-Монголын эзэнт гүрэн бий болсоноос хойшхи түүх бидэнд үүнийг харуулдаг. Монголчууд 1206 онд Их Монгол улсыг байгуулаад аугаа их нэгдлийг бий болгосон юм. Тэр дотор Татар, Найман, Мэргэд, Хэрэйд гэх мэт олон Монгол угсаатан бүгд нэгдээд одоогийнхоор бол national state буюу үндэстэн улс гэгчийг байгуулсан. Ингээд дотоодын бие дааж тархай, бутархай байх тэмцлийг зогсоож чадсан байгаа юм. Зөвхөн “Монгол” нэрийн дор нэгдчихсэн. Нэгдсэн Монгол улс байгуулснаас хойш татарууд засгийн эрх авах гэж тэмцсэнгүй. Найманууд тийм зүйл хийсэнгүй. Энэ бүгдийн нэгдлийг бий болгох том өөрчлөн зохион байгуулалтыг Чингис хаан хийсэн. Монгол улсыг баруун, зүүн, төв гэсэн гурван хэсэг болгоод  мянгатын 95 ноёныг бий болгоод хуучин төрийн тогтолцоог эвдлээ шүү дээ. Нэгдсэн төрийн хаан, түүний дэргэд институцуцийг бий болгосон. Энэ монголчуудыг нэгдсэн том хүчирхэг гүрэн болгон хүчин зүйлийг бий болгосон байгаа юм. Энэ нэгдлийнхээ ачаар монголчууд юунд ч дийлдэхээ больсон. Хоорондоо эвлэрээд, хоорондоо дайсагнах, бие биенээ үгүй хийх зүйлгүй болчихоор улс нь бат бэх боллоо гэсэн үг шүү дээ. Ийм их хүчээр бид дэлхийг нэгтгэж нэг улс болгосон.

-Харин энэ нэгдэл яагаад задрах болов. Задарсан нь бидний хамгийн их судлах ёстой сургамж байх?

-Маш том сургамж. Энэ нэгдэл яагаад задарсан бэ гэж би нэг үндэслэл дэвшүүлэхдээ, Алтан ураг хавт Хасарын удмын хоорондын зөрчил өнөөгийн жижиг улс болон бутарч, хагарах үндэс нь болж гэж хэлсэн юм. Яагаад вэ гэхээр, 1206 Их Монгол улс бий болсноос хойш Чингис хаантай ганцхан мөчөөрхөж үлдсэн хүн бол Хасар, Билгүтэй хоёр байгаа юм. Хасар бол Чингис хаантай нэг эцэгтэй, нэг эхтэй хүн. Харин Бэлгүтэй бол эх ондоотой. Энэ хоёр нэгдэл бий болгоод Алтан ургийн эсрэг тэмцсэн. Үүнийг том хагарлын эх гэж үзэж болохоор байгаа юм. Чингис хаан хожмын хаадыг зөвхөн Алтан ургаас тодруулна гээд заасан нь Хасарынхнын эгдүүцлийг хүргэсэн. Та бүхэн санаж байгаа биз дээ. 1400-аад оны үед том илрэл нь гарсан. Бид үүнийг “Монголын феодалын бутралын үе” гэж яриад байдаг. Гэхдээ энэ феодалын хагарал гэхээс илүү Алтан ураг, Хасарын угсааныхнын зөрчлийн эцсийн тэмцлийн цэг нь болсон. Мандухай сэцэн хатан “Хасарын үртэй суувал ёс зөрчсөн хэрэг болно” гээд Үнэболдоос болиод Алтан ургийн Батмөнхийг бага настайд нь хаанд өргөмжлөөд өөрөө хатан нь болоод Монголын  нэгдлийг бий болгов гэж байгаа даа.

Гэтэл 1368 он буюу  Юань улс мөхөөд монголчууд үндсэн эх нутагтаа эргэж ирсэнээс хойш энэ зөрчил хурцадсан. Энэ үеэс эхлээд хүчирхэг байсан Монголын хааны суудал Алтан ураг, Хасарын удмын ноёдын хоорондын тэмцлийн субьект нь болчихсон. Хааны нэр хүнд буурчихсан. Хааны нэр хүнд буурна гэдэг чинь төрийн нэр хүнд унана гэсэн үг байхгүй юу! Төрийн нэр хүнд буурна гэдэг улсын нэгдэл алдагдаж байна гэсэн үг. Нэгдэл буурахаар задрал бий болно. Задрал болохоор улс орон хямрах, хоорондоо тэмцэлдэх, доройтох болно. Нэгдсэн бодлогогүй болж байна гэсэн үг шүү дээ, тийм үү?

-Тийм ээ, одоо ч бидэнд нэгдсэн бодлого алга. Бүгд бодлого тодорхойлогч болчихсон үзэлцээд байна шүү дээ?

-Юм болгон дээр л бид нэгдсэн бодлого алга гэж яриад байгаа биз. Соёлын, улс  төрийн, эдийн засгийн нэгдсэн бодлого алга, хүн хүн дураараа нэг юм ярьж байдаг.

-Тэгэхээр бид улам л бутархай руу яваад байна уу?

-Өнөөгийн төвшинд ч задрал яваад байна. Өнөөдөр сул дорой байгаа, эвлэж чадахгүй байгаа асуудал нь үүнтэй л холбоотой. Нийгэмд задрал явж байна. Уг нь бидэнд маш том сургамж байгаа юм шүү дээ. Тэгэхээр Алтан ураг, Хасарын угсааныхны зөрчил 1368 оноос хойш газар аваад одоог хүртэл үргэлжлээд байна. Хасарын удмынхан чинь хаан ширээнд хүртэл суусан. Хүү гарвал голыг нь самна, охин гарвал үсийг нь самна гээд Алтан ургийнхныг тэр чигт нь хядаж байлаа. Тэрнээс болоод,

-Ноёдын үхэл чуулганд

Нохдын үхэл хананд гэсэн үг хүртэл гарсан. Алтан ургийг угсаагаар нь устгах дотоодын зөрчил гаарсан л даа. Эсрэгээрээ Хасарын угсааны эсрэг тэмцэх үйл явц болсон. Энэ бүхний эцсийн үр дагавар юу вэ?

-Бид өөрсдөөсөө болоод бусдын эрхшээлд оржээ.

-Энэ бүхэнд цэг тавьсан шийдэл нь бид харь Манжийн эрхшээлд орчихсон. Тийм учраас бидний хувьд юунаас болж сул дорой болоод, юунаас шалтгаалаад хүчирхэгжиж байна вэ гэдгээ түүхээс харах ёстой. Дахин дахин түүхийн асуудлыг яриад байгаа маань ердөө л үүнтэй холбоотой. Манж Чин улсын дарлалд орох хүртэл монголчууд дотоодын хямралаасаа гарч чадаагүй. Манжийн эсрэг нэгдсэн хүчээр тэмцэхийн оронд тэдний дэмжлэгийг авах, найрамдах харалган бодлого явуулдаад байсан байдаг. Манайхан дотоодын тэмцэлдээ гадаад орнуудыг ашиглахыг оролдсон. Нэг нь нөгөөгөө дарж авахыг тулд гадаадын хүчийг ашиглах гэж оролдоод, хоорондоо өөрсдөө алалцаад, нэгдсэн хүчээ сулруулсан. Дараа нь бусдын эрхшээлд нь орчихсон. Дотоодын тэмцлээ дарахын тулд гадаадын дэмжлэгийг авах нь хамгийн том аюул байдаг гэдгийг манай түүх сануулсаар байна.

-Өнөөдөр ч ийм л байдалд бид байна. Түүнийг бид хаанаас ч харж болно. Сошиал ертөнцөөс бол бүр тод харна. Өөрсдийгөө үзэн ядаж, өрөөлийг дахин шүтэх тийм үзэл илт мэдэгдэх болсон. Та ч түүнийг мэднэ. Сошиалаар нэлээд тайлбарлах гэж оролдож байгаа харагддаг шүү, та?

-Цухалзаад байна. Бид хямралаас гарахын тулд хэн нэгнийг, АНУ ч юм уу, Хятад, Японууд туслана гээд гадагш өлөв долив гээд байна. Үнэндээ бид дотоодынхоо хямралын уг шалтгааныг олж авах ёстой. Ерөөсөө л тэр. Хэзээ ч монголчуудад гадныхан тус дэм болж байгаагүй. Гол нь энэ асуудлыг анхаарч явах ёстой.

-Энэ бүх хямралыг та эв нэгдэлтэй холбож тайлбарлаад байна уу?

-Миний хэлээд байгаа санаа бол дотоодод хямарчихсан хямралаа гадаадынхнаар зохицуулж болдоггүй юмаа гэдгийг л хэлээд байна. Мэдээж хэрэг, харийн дарлалаас гарч, хөгжихийн тулд бид хаант Орос улсаас тусламж, дэмжлэг авсны дүнд бид Манжаас салж чадсан. Яг дотооддоо хямарчихсан, өөр өөрсдийнхөө тэмцлийг зөвхөн дайн, хүчирхийллээр шийдэхээс өөр аргагүй болчихсон нөхцөлд гадаадаас тусламж авахыг оролдох нь сүйрэл байдаг гэдгийг бидний түүх харуулсан. Өнөөдрийн жишээнээс Ливийг хар, Сириг хар. Тэдний нөхцөл байдал ийм л асуудалтай холбоотой.

-Туслах гэхээсээ илүүтэй гадны улсын ашиг сонирхол орж ирээд бүр хэцүүдүүлж байна. Энэ улсуудын хямрал өөрсдийг нь үгүй хийх хялбархан зохицуулалт болчихлоо шүү?

-Энэ үеийг бид 400-500 жилийн өмнө туулаад өнгөрөөчихсөн. Хөгжих эс хөгжихүйн тухай бидэнд бичээд үлдээчихсэн түүх байна. Энийг л бид үзээд, хараад, хоорондоо учраа ололцоод ярьвал  олон олон гарц нь илэрхий байгаа юм. Дэлхий ертөнц өөрчлөгдөж болно. Улс орны оршин тогтнохуйн мөн чанар бол өөрчлөгдөхгүй. Нэг улсын бодлого нөгөөгийнхөөр солигдож, нэг улс нь түрэн гарч нөгөө нь үгүй болж байдаг ч гэсэн улс оршин тогтнох мөн чанар өөрчлөгдөхгүй. Нэг улс болон оршин тогтнохуйн мөн чанар юунд байдаг вэ гэхээр дотоодын бат бэх эв нэгдэл, төрийн нэр хүнд юм. Улс, хил хязгаар байгаа цагт төр гэж зүйл оршин тогтноно шүү дээ.

-Төр шиг муу зүйл алга. Гай болохоор зай бол гэдэг үзэл манайд давамгайлах боллоо. Үнэхээр ч төрийн оролцоо ихтэй газар завхрал бий болж хол байсан газар цэцэглэн хөгжиж байна. Энэ төр гэхээсээ илүү төрийн түшээдтэй холбоотой байх, тийм үү?

-Төр хамгийн болхи эд. Хамаг юманд оролцохоороо будилаан хутгадаг. Энэ чинь төрийнх биш ээ, нийтийн юм.... Ингэж боддог зарим хүнтэй би санал нийлдэггүй. Энэ биш ээ. Төр өөрөө хүчтэй оршин тогтнож, удирдан дагуулах чадвартай байж гэмээн ард түмэн өөрөө том нэгдлийг бий болгон хөгжих үндэсийг тавьдаг. Ард түмнийг залах залуур чинь төр. Төрийг хэн нэгэн хүн юм уу, УИХ-ын гишүүнимй төлөөллөөр харж болохгүй. Хэдийгээр төр гэдэг ойлголт субьектив мөн чанартай боловч хамгийн хүчирхэг байх обьектив хүчин зүйлийг бүрдүүлж байдаг гол хүчин зүйл чинь төр. Төрийг хэзээ хүчирхэг болгох вэ гэхээр нэгдлийг хангах цагт бий болдог. Ийм зүй тогтол байна. Хэзээ ер нь төрийг алга болгоно гэж ямар хүн төлөг тавиад байгаа юм. Хэн ч тийм юм яриагүй байна шүү дээ. Хэдэн зуун жилдээ ярих ч үгүй байх. Даяарчлал гээд байсан зүйл чинь нураад уначихлаа. Улс болгон бие даан оршин тогтнохын төлөө тэмцэж эхэллээ. Тэр байтугай улс дотор байгаа ард түмэн тусгаар улс болохыг эрмэлзэж эхэллээ. Хамгийн хүчирхэг, нэгэн цул улс гэж хаанахыг ярьдаг билээ.

-АНУ. Үнэхээр ч тийм шүү дээ!

-Гэтэл АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Калифорни муж “Бид бие дааж хөгжинө” гэсэн асуудлыг хөндлөө. Энэ улсад 51 нэгдсэн байгаа шүү дээ. Канадад баруун, зүүн гэж байнга яригддаг. ОХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсыг аваад үзье л дээ. Зөвлөлт холбоот гэж хүчирхэг байсан нэгдэл задарсан. Европын холбоо байна. Маш хэврэг зүйл болчихлоо. Англи гарна гэдгээ хэлж байна. Ер нь тийшээ тэмүүлэх хүч үгүй болчихлоо. Тусгаар оршин тогтнох асуудлаа л яриад эхэллээ. Энэ бүгдийг хараад үзэхээр бид ч энэ мөн чанарт оршино. Монгол гэдэг улс хүчирхэг болохын тулд бүгд эрх чөлөөтэй, бүгд дурын хүссэнээ хийдэг салан задгай улс байж болохгүй нь ээ. Захиргаатай, чамбай дэг журамтай, сахилга баттай, ийм ард түмэн болж зохион байгуулагдаж байж цаашдаа хөгжих нь гэдгийг өнөөгийн тавцан харуулаад байна.

-Бид талцаж, хагарч байснаа буцаж эвлэж нэгдээд, түүний үр дүнд 1911 онд тусгаар улсаа сэргээн мандуулж. Түүнээс хойш 105 жил өнгөрч. Одоогийн нөхцөл байдлыг эргээд харахаар бид нэгдмэл үзэл санаа байхгүй. Үнэт зүйлсгүй.  Шашин шүтлэгийн хувьд ч хуваагдчихлаа. Бид эргээд нэгдэж, хүчирхэгжихийн тулд яах ёстой юм бэ?

-Зуун жилийн өмнө түүх гэдэг бол саяхны зүйл. Маш ойр түүх юм. Одоогийн үйл явц үргэлжлэл нь. Зуун жилийн өмнөх өнөөдөр хоёр салангид зүйл биш. Мэдээж 1206 онд нэгдсэн Монгол улс байгуулагдсан нь түүх болоод үлдсэн байг. Манжид дагаар орсон ч түүх болоод үлдэж. Гэтэл 1911 оноос хойш явж буй үйл явц бол одоо үргэжилжилж яваа. Таслагдаагүй үргэлжлээд байна гэсэн үг. Тусгаар тогтнолын асуудал яригдаад л яваад байна. Үндэстний нэгдлийн асуудал яриад л... Тэгэхээр  1911 оны үйл явцыг бодож л байх ёстой. Хятад өөрөө Манжаас салж чадаагүй байхад 1911 онд бид нэгдээд маш хурдан салсан. Тэгэхэд бид 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо зарласан. Үнэ цэнэ нь үүнд оршоод байгаа юм. Тэр үед  Түвд тусгаар оршин тогтнох гээд чадаагүй тэмцэж байсан. Одоо ч тэмцэж л байна. Гэтэл монголчууд чадсан.

-Тэгвэл яагаад энэ тэмцлээ амжилтанд хүргэж чадалгүй, буцаагаад алдсан юм!

-Яагаад гэж үү?

-Тийм ээ, яагаад. Учир шалтгаан нь юу юм?

-1919 онд бүрэн тусгаар тогтнол байтугай автономит эрхээ цуцлуулчихсан юм бэ гэж. Бид тусгаар тогтнолоо байгуулчихсан явснаа эргээд Манжийн суурин дээр гарч ирсэн Дундад иргэн улсын захиргаанд орчлоо гэсэн үг шүү дээ. Манайхан яах вэ, өөрсдийгөө тайтгаруулах гээд тийм явдал болоогүй, Богд хаан гарын үсэг зураагүй, дипломат арга хэмжээ авсан юм билээ гээд л сайхан бичдэг л дээ. Тайтгаруулж л байгаа хэрэг. Бид чинь гар, хөлийн үсгээ зураад, Дундад иргэн улсын тэргүүнд бичгээ өгөөд Хятадын цэрэг ороод ирчихсэн нь үнэн шүү дээ. Ийм үйл явдал болсон. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй сургамж. Энийг одоо ухаалаг зүйл болгох гэж оролдох хэрэггүй.

-Харин яагаад, юунаас болоод ийм зүйл болчихсон юм. Сургамж нь бас л хуваагдал биш үү?

-Хагарлаас л болсон шүү дээ. Гэхдээ энэ удаад хар, шар феодалын хагарлаас болсон. Богд хаант улс чинь шашин төрийн хослон барьсан наран гэрэлт, түмэн наст Богд хааны улс шүү дээ. Энэ улс чинь хос ёсыг эрхэм болгосон улс юм. Шашин төр хоёр нь нэгдмэл. Тиймээс шашны нөлөө бүхий хүмүүсийн төрд гүйцэтгэх үүрэг их хүчтэй болсон. Энэ явдал хар буюу язгууртан ноёдын дургүйцлийг хүргэсэн. Тэд бол уламжлал дээр суурилсан Алтан ургийн төр барих ёстой улс шүү дээ. Хангууд, ноёдоос эхлээд тэр уламжлал хүчтэй явсаар л байсан. Гэтэл шашны нөлөө хүчтэй болоод ирэхээр нь хар ноёд “Энэ шар феодалуудад дарлуулж явснаас ер нь хуучнаараа байвал яасан юм” гэсэн үзэл санаа бий болсон байгаа юм. Бие биенээ хүлээн зөвшөөрч чадаагүй. Өнөөгийнхөөр бол  Ардчилсан нам, Монгол Ардын нам хоорондоо үзэлцээд, нэгнээ хүлээн зөвшөөрөхгүй байгаатай л адил. Энийг олж хардаг бол энэ хоёр нам өөр өөрсдийгөө толидох хэрэгтэй. Хоёр нам нэртэй яваад байгаа боловч яг төрийн хэрэг дээр явуулж буй үйл ажиллагаа нь нэгдмэл байгаад байна шүү дээ. Аль нь барууны, аль нь зүүний гэдгээ ч ялгахаа байчихлаа. Барууны гээд байгаа нам нь гараад ирэхээрээ зүүний бодлого бариад, зүүнийх нь гараад ирэхээр барууны бодлого хэрэгжүүлээд ч байх шиг. Энэ зүйлээ дахиж тодорхойлох хэрэгтэй. Бид энэ зөрчлөө арилгахгүй бол 1919 оных шиг зүйл болно гэдгээ харах хэрэгтэй. Гол нь энэ шүү дээ.

...Бид энэ удаад “Эв нэгдэл” сэдвийн доорх яриагаа үүгээр дуусгав. Харин өнөө цагийн төрийн хуваагдал, буруу бодлого биднийг хаашаа чиглүүлж буй талаар үргэлжлүүлэн ярилцана. Монголчууд эвлэхээрээ дэлхийн бодлогыг тодорхойлж, бутархаараа бусдын хоол болдогийг тэр дахин дахин сануулж байна. Бидэнд хуваагдал бус нэгдэл хэрэгтэй.  

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна