Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гарамгай 10 зүтгэлтэн

2016 оны 12 сарын 29

Богд Жавзандамба

VIII Богд Жавзандамба Агваанлувсанчойжинямданзанванчигбалсамбуу 1869 оны аравдугаар сарын 13-нд Түвдийн Лхасын ойролцоо төрж, 1924 оны тавдугаар сарын 20-нд Нийслэл хүрээнд тэнгэрт хальсан. Төр шашныг хослон баригч, хэмжээгүй эрхт, Наран гэрэлт, Түмэн наст Богд эзэн хаан цол өргөмжлөгдсөн. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч. Тухайн үед Түшээт хан Дашням өөрийгөө Чингисийн шууд угсааны хан, ноёдын хамгийн ахмад нь тул Монголын эзэн хаан болох ёстой гэж өгүүлж байсан ч Богд Жавзандамба Монголын хамгийн нөлөөтэй хүн байжээ.


Да лам Цэрэнчимэд

Да лам Гомбын Цэрэнчимэд 1872 онд Их шавь отогт төржээ. Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчийн нэг. Тэрээр Монгол Улсын Шадар сайд, Бүгд захирах сайд, Дотоод яамны хэргийг Бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар ажиллаж байв. Да лам Цэрэнчимэд Баруун хязгаарт төрийн хэргийг залгуулж яваад 1914 оны тавдугаар сарын 07-нд учир битүүлгээр насан эцэслэсэн.


Чин ван Ханддорж

Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө, Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчийн нэг, Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч Эрдэнэ дайчин чин ван Минжиддоржийн Ханддорж Эрдэнэ чин ван Цэрэндоржийн хүү гүн Минжиддоржийн гэр бүлд 1869 он буюу шарагчин могой жилд төрсөн. Ханддорж ван нь Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайрын хунтайжийн шууд удмын алтан урагийн сурвалжит хүн.

Ханд ван хамгийн түрүүнд Сайн ноён хан Т.Намнансүрэнд хандаж үндэсний тусгаар тогтнолын гол төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Тэд нийт монгол туургатан, ялангуяа сүсэгтэн олны дунд үлэмж нэр нөлөөтэй Богд гэгээнийг үндэсний эрх чөлөөний тэмцэлд татан оролцуулах бодлого баримталж, түүнийг Манж Чин улсын төрд үйлчлэхээс аль болохоор хөндийрүүлэх оролдлого барьж байв. Ханддорж чин ван Богд хаант Монгол Улсыг эмхлэн байгуулахаас эхлээд гадаад ертөнцөд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхэд өөрийн амьдралаа зориулжээ.

1915 онд Богдын ордонд болсон дайллагаас гарч яваад Дунд голын мөсөн дээр бусдад хорлогдон амиа алджээ.


Сайн ноён хан Намнансүрэн

Халхын Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт 1878 онд төржээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол удирдагчийн нэг. Сайн ноёнхан Т.Намнансүрэн 1911 оны хавар Манжаас тусгаарлах Халхын дөрвөн ханы нэрээр Хаант Орос улсаас тусламж гуйх бичигт гарын үсгээ зурсан бөгөөд тусгаар тогтносны дараа засгийн газар бүрдүүлэхэд Шадар сайдаар томилогдсон байна. Тэрээр 1912 онд Бүгд Ерөнхийлөн захирах сайд буюу Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар тохоон томилогдож 1919 оны дөрөвдүгээр сард бусдад хорлогдон таалал болох хүртлээ долоон жил ажиллажээ.


Түшээ гүн Чагдаржав

Манж Чин улсын дарлалаас ангижирч, тусгаар улсаа байгуулахаар эвлэлдэн нэгдсэн Монголын ихэс дээдэс, хутагт хувилгаад 1911 оны намар Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар буюу Түр засгийн газар байгуулж даргаар нь Түшээ гүн Г.Чагдаржавыг томилсон байна. Г.Чагдаржав 1869 оны орчим Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт Засаг түшээ гүн Гааданбал ноёны хүү болон төржээ. 1897 онд эцгээсээ угсаа залгамжлан Засаг түшээ гүн хэргэмийг өвлөн хошуу ноён болсон. 1900 оноос Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга, 1909 оноос чуулганы дарга болжээ.

1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг санаачлан нууцаар удирдан зохицуулагч гол зургаан хүний нэг нь Чагдаржав байв. Тиймээс Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсыг тунхаглан, төрийн яамдыг байгуулахад Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны анхны тэргүүн сайдаар Чагдаржав томилогджээ. Түшээт ван шалтгаан тодорхойгүй богино зуур өвчилж байгаад 1915 оны долдугаар сарын 16-нд нас нөгчсөн байна.


Манлайбаатар Дамдинсүрэн

Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн 1871 оны гуравдугаар сарын 13-нд төрсөн. Хөлөнбуйр нутгийн уугуул барга монгол хүн бөгөөд Шинэ баргын Шулуун цагаан хошууны суман занги байв. Тэрээр Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв.

1911 онд Богд хаант Монгол Улсад нэгдэхээр баргуудыг толгойлон Нийслэл Хүрээнд ирснээр Богд хаанд сайшаагдан Гадаад яамны дэд сайдаар томилогдсон. 1912 онд Ховдын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар түүнийг үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнасан. 1913 оны Өвөрмонголыг чөлөөлөх Таван замын байлдааныг ерөнхийд нь удирдсан ерөнхий командлагч жанжин нь Дамдинсүрэн байжээ.

Хятадууд 1920 оны есдүгээр сарын 11-нд түүнийг баривчлан, хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хорьсны эцэст Манлайбаатар Дамдинсүрэн 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр "Би эдний дэргэд яавч хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураажээ. Тэрээр "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн айлдан гэрээсэлсэн байдаг.


Хатанбаатар Магсаржав

Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав 1878 онд хуучнаар Сайн ноён хан аймаг, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт ядуу тайж Сандагдоржийн хүү болон төржээ. Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч. 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласны дараагаар шинэ байгуулагдсан засгийн газраас амбаныг зайлан явах шаардлагыг Магсаржав амбан ноёнд дамжуулсан боловч гарч явахаас татгалзсан байна. 1912 оны зун Баруун хязгаарыг төвшитгөн тогтоох сайдад баргын Манлайбаатар Дамдинсүрэнгийн хамтаар томилогдон Ховдыг дайран эзлэх ажиллагааг шууд удирдаж, Манж, Хятадуудыг буулгаж авчээ. Манжаас тусгаарлах Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд Ховдыг чөлөөлсөн гарамгай гавьяаг нь үнэлэн Богд хаант Монгол Улсын Засгийн газраас Магсаржавыг үе улиран залгамжлах Хатанбаатар ван цолоор шагнажээ. 1913 оны хавар Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг Өвөрмонголд орж ирэхэд Магсаржав, Дамдинсүрэн нарын цэргийн хүч очин тулалдаж амжилт олж байсан боловч Хаант Орос улс Хятад, Японтой эвдрэлцэхээс болгоомжлон оролцсон тул түүнийг эргүүлэн татжээ. Үүний дараагаар зүүн хязгаарт Бавуужавын довтолгоог дарах, 1918 онд хил нэвтрэн орж ирсэн Оросын цагаан цэргүүдийг зогсоох цэрэг дайны үйл ажиллагаануудад оролцож байжээ.

1921 оны хоёрдугаар сарын 15-наас 1921 оны гуравдугаар сар хүртэл Ерөнхий сайдаар ажиллаж байжээ. 1927 оны есдүгээр сарын 03-нд насан эцэслэжээ.


Гүн Хайсан

Богд хаант Монгол Улсын үе улиран улсад туслагч гүн, Чин зүтгэлт Баянтөмөрын Хайсан. Өвөр Монголын Зостын чуулганы Харчин ван Гүнсэнноровын хошууны түшмэл явсан хүн. Тэрээр 1907 онд анх Их Хүрээнд ирсэн бөгөөд 1910-1915 онд Богд хаант Монгол Улсын төлөө зүтгэсэн.


Гүн Намсрай

Богд хаант Монгол Улсын анхны Засгийн газрын гишүүн, Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ жонон ван Намсрай эзэн Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан бөгөөд 1876 оны улаан хулгана жил тайж Мижиддоржийн ууган хүү болон мэндэлжээ.

1911 оны зун болсон тусгаар тогтнолоо сэргээн мандуулах зорилгоор нууцаар уулзсан эх оронч таван язгууртны нэг байв. Тэрээр 1911 оны арваннэгдүгээр сарын 30-нд байгуулагдсан Монголын Түр засгийн анхны долоон хүний нэг болсон байна. Ийнхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгалд манлайлан оролцжээ. Тэрээр хожим 1921 онд Ардын засгийн газар байгуулагдахад таван шадар сайдын нэгээр ажиллаж байв.


Бэйс Гомбосүрэн

Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлагчдын нэг Бэйс Гомбосүрэн Чингис хааны шууд угсаа, боржигон овогтой хиад ястай тайж Ваанчигийн дэд хөвгүүн болон мэндэлсэн. Их Хүрээнд Халхын ноёд Жавзандамба хутагтад даншиг өргөх үеэр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав нарын ноёд, лам нар Богд хан уулын арын модонд сэмхэн хуралдан зөвлөлдөхөд гүн Гомбосүрэн идэвхийлэн оролцсон байдаг. 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулсны дараа түүнд үе улирах, засаг төрийн жүн вангийн хэргэм, Эрдэнэ далай ван цол, жич улбар шар жолоо шагнаж, шадар сайд, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайд, харьяат аймгийн цэргийг захирах жанжны тушаалд улируулан томилжээ.

Бэйс Гомбосүрэн 1912 оны зун Ховдыг, намар нь Улиастайг, 1913 оны үхэр жилийн үймээн буюу Өвөрмонголыг чөлөөлөх Таван замын байлдааныг зохион байгуулахад Цэргийн яамны сайдын хувиар ихээхэн идэвхтэй оролцжээ. 1914 онд цэл залуу 30 гаруйхан насандаа таалал төгсчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна