Богд хааны ховор гэрэл зургуудыг дэлгэлээ

2016 оны 12 сарын 29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн хүрээнд “Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2016.12.29/ Богд хааны музейд боллоо. Энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар хотын музей, Монгол Бурхан шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн хамтран оролцлоо. Үзэсгэлэнд Богд хаан, Дондогдулам хатан нарын урьд нь нийтлэгдэж байгаа гэрэл зургийг шинээр дэлгэн тавьжээ.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн зөвлөх З.Лонжид хэлэхдээ “Богд хаан болон түүний хамтран зүтгэгчдийн хийж байсан бүхэн анхаарал татсаар байдаг. Тэр үеийн нийгмийн байгууламж, санхүү, албан татвар гээд сонирхол татсан асуудлууд олон бий. Түүх бол үнэн байх ёстой. Энэ түүхийг хойч үеийн залуус сайн мэддэг болжээ. Монголын төр 1911-1919 оны хооронд төрийн бодлогын талаар онцгой анхаарч эдийн засгийн бодлогод ач холбогдол өгч эхэлсэн. Хамгийн түрүүнд газрын хэвлийн баялгаа ашиглаж, өөрсдийнхөө сан хөмрөг буюу төсвөө бүрдүүлэх ажлыг хийсэн байдаг. Тухайн үеийн Засгийн газрын бодлогод өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглах, гадаадын зээл авах арга дээр тулгуурлаж байсан байгаа юм. Гэхдээ аль болох дотоодынхоо нөөцийг ашиглах арга дээр түлхүү анхаарч байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ. Цаашид судлах зүйл маш олон байна” гэсэн юм.

Энэ удаагийн Богд хааны ордон музейн сан хамрагт хадгалагддаг Богд хааны хөрөг бүхий танка зураг, зээгт наамал бүтээлүүд болон Богд хаан болон Дондогдулам хатны ховор гэрэл зургуудыг үзэсгэлэнд дэлгэжээ. Мөн өнөөдөр “Монгол улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” гэсэн сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлэх аж.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна