TOEFL & IELTS: Адил ба ялгаатай талууд

2017 оны 1 сарын 3

Өмнөх нийтлэлээрээ “Дэлхийн шилдэг их дээд сургуульд элсэх арга замууд” гэсэн нийтлэл хүргэж байсан бол өнөөдөр аливаа их дээд сургуульд элсэн ороход хамгийн эхний шалгуур болдог хэлний шалгалтын талаарх мэдээллийг бэлтгээд байна. Тодруулбал дэлхийн хэл буюу хамгийн түгээмэл хэл болох Англи хэлний мэдлэгийг шалгадаг TOEFL ба IELTS шалгалтуудын талаарх ерөнхий мэдээлэл, тэдгээрийн ялгаатай талууд болон ямар үед аль шалгалтыг нь өгөх хэрэгтэй талаар мэдээллийг багцлан та бүхэндээ хүргэж байна.

1. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

TOEFLЭнэ нь Test of English as a Foreign Language гэсэн үгийн товчлол бөгөөд Америкийн их дээд сургуульд элсэхийн тулд төрөлх хэл нь Англи биш хүмүүсийн өгдөг шалгалт юм. 130 гаруй орны 9000 гаруй их дээд сургууль хүлээн зөвшөөрдөг мөн 170 орчим оронд 4500 орчим төвтэй гэхээр энэхүү шалгалт хир зэрэг нэр хүндтэйг нь та ойлгож байгаа байх. Хамгийн анх 1962 оноос эхэлсэн энэхүү шалгалт нь УНШИХ, БИЧИХ, СОНСОХ, ЯРИХ гэсэн англи хэлний гол 4 чадварыг шалгадаг ба уг шалгалт ойролцоогоор 4 цаг үргэлжилдэг. Дээр дурдсан 4 хэсэг дээр тус бүрд нь 0-30 оноо нийтдээ 0-120 оноо авах боломжтой бөгөөд энэхүү шалгалтыг өгөхийн тулд та 185 ам.доллар буюу 460 орчим мянган төгрөгийг төлөх хэрэгтэй байдаг юм. Нэг онцлог нь та хүссэн газраасаа онлайнаар бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах хаягаар зочлоорой. https://www.ets.org/toefl

IELTS. Энэ нь international English language testing system гэсэн үгийн товчлол бөгөөд TOEFL-оос нэг ялгаатай нь их сургуулиудаас гадна олон тооны албан байгууллагуудын хүлээн зөвшөөрдөг шалгалт юм. Ийм учраас заавал их дээд сургуульд элсэх хүсэлтэй хүмүүс биш аливаа улс оронд ажиллахаар очих эсвэл цагаачилж байгаа хүмүүс ихэвчлэн энэхүү шалгалтыг өгдөг. Дэлхий даяар 900 гаруй төвтэй бөгөөд TOEFL-тэй адилхан  УНШИХ, БИЧИХ, СОНСОХ, ЯРИХ гэсэн үндсэн 4 хэсэгтэй. Эдгээр хэсэг тус бүрд 1-9 оноо авах боломжтой бөгөөд 4 хэсгийн нийлбэр оноог 4-т хувааж таны нийт оноог тооцдог. Энэ шалгалт ойролцоогоор 2 цаг 40 минут үргэлжилнэ. Төлбөрийн хувьд 200 ам.доллар буюу 500 орчим мянган төгрөг байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас аваарай. https://www.ielts.org

2. ДААЛГАВРУУД

Унших хэсэг: TOEFL-ийн унших хэсэг нийт 35-56 асуулттай 60-80 минутын хугацаатай байдаг. TOEFL-ийн шалгалт хүнд хөнгөнөөрөө адилхан 3-4 бичил эхтэй байдаг бөгөөд нэг эх нь ойролцоогоор 13 асуулттай, 700 орчим үгтэй байдаг. Үгийн утга олох, зохиолчийн санааг тодорхойлох гэх зэрэг 7 төрлийн асуулттай. Харин IELTS-ийн унших хэсэг 40 асуулттай нийт 60 минутын хугацаатай байдаг. Таны үгийн баялаг, англи хэл дээрх эхийг уншиж ойлгох гэх зэрэг чадваруудыг шалгадаг. IELTS-ийн унших хэсэгт хөнгөнөөс хүнд рүү гэсэн шатлалтай өдөр тутмын, ажлын байртай холбоотой, сонин сэтгүүлийн нийтлэл гэсэн 3 төрлийн эх байдаг. Асуултын хувьд IELTS нь илүү олон төрлийн буюу товчоор хариулах асуулт, зохиолчийн санааг тодорхойлох, үг тохируулах, хураангуйлах, үнэн худлыг тогтоох гэх зэрэг 10 гаруй төрлийн асуулттай байдаг.

Сонсох хэсэг: TOEFL-ийн сонсох хэсэг тус бүр нь 3-5 минутын хугацаатай 6 хэсэгтэй. Тодруулах юм бол тус бүр нь 5 асуулттай их сургуулийн амьдралтай холбоотой 2 харилцан яриа, тус бүр нь 6 асуулттай их сургуулийн 4 лекцээс бүрдсэн байдаг бөгөөд хугацаа нь ойролцоогоор 60 минут. Харин IELTS-ийн унших хэсэг тус бүр нь 10 асуулттай 4 хэсэгтэй нийт 60 минутын хугацаатай. Эхний хэсэг нь харилцан яриа, дараагийн хэсэг нь зарим төрлийн илтгэл, гурав дахь хэсэг нь хоёр хүний хоорондох харилцан яриа, сүүлийн хэсэг нь хүнд төрлийн илтгэл байдаг.  

Бичих хэсэг: TOEFL-ийн бичих хэсэг нийтдээ 50 минутын хугацаатай 2 хэсгээс бүрддэг. Эхний хэсэгт та 300 орчим үгтэй эх уншиж дараа нь үүнтэй холбоотой 2-3 минутын хугацаатай лекц сонсоод эдгээрээс юу ойлгосон талаараа 150-225 үгээр хариулт бичих хэрэгтэй болно. Сүүлийн хэсэгт нь өгөгдсөн асуултад тохируулж 300-350 үгтэй эссе бичих хэрэгтэй болдог. Харин IELTS ийн хувьд нийт 60 минутын хугацаатай 2 хэсгээс бүрдэнэ. Эхний 20 минутад 150 үгээр ямар нэгэн график, мэдээллийг тайлбарлах хэрэгтэй байдаг бол сүүлийн 40 минутад цаанаас өгсөн асуултын дагуу өөрийн санаа бодлоо дэлгэрүүлэн 250 орчим үгээр бичих хэрэгтэй болно.  

Ярих хэсэг: TOEFL-ийн ярих хэсэг нийт 6 асуулттай 20 орчим минут үргэлжилдэг. Эдгээр 6 асуулт бүгд их сургуулийн холбогдолтой сэдвийн асуулт байдаг бөгөөд та чихэвч зүүж асуултаа сонсоод цаанаас бэлдсэн дуу хураагч ашиглан хариултаа хэлнэ. Харин IELTS-ийн ярих хэсэг 12-15 минут үргэлжлэх 3 хэсгээс бүрдэнэ. TOEFL-оос өөр нь та амьд хүнтэй харилцах юм. Эхний хэсэгт таны ажил, гэр бүл гэх зэрэг энгийн асуултууд асуугддаг бол, хоёр дох хэсэгт та цаанаас өгсөн сэдвийн хүрээнд хариулна, сүүлийн хэсэгт хянагч танаас хоёр дох хэсгийн асуулттай холбоотой нэмэлт асуулт асуудаг.

3. АЛЬ ТЕСТИЙГ НЬ СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Энэ нь танд яагаад Англи хэлний мэдлэгийг тань бататгасан оноо хэрэгтэй байгаагаас шалтгаална. Хэрвээ та их дээд сургуульд элсэхээр зэхэж байгаа бол TOEFL, харин гадаад орон уруу явж ажиллах эсвэл цагаачлах гэж байгаа IELTS өгөх нь зүйтэй. Ерөнхийдөө энэ 2 шалгалт хоёулаа таны Англи хэлний чадварыг хэмждэг, төлбөрийн хувьд ойролцоо боловч дийлэнх Америкийн их дээд сургуулиуд TOEFL-ийг харин Америкаас бусад Англи хэлтэй Англи, Канад гэх зэрэг орнууд IELTS-ийг илүүд үзэх хандлагтай байдаг. Зөвлөж хэлэхэд та элсэхээр бэлдэж сургуулиа сайтар судлаж байж шийдэх хэрэгтэй. Танд тус болох үүднээс би дараах хэд хэдэн асуултыг бэлдлээ. 

Хэрвээ та ихэнх асуултад нь “ТИЙМ” гэж хариулбал TOEFL шалгалт өгөхөд илүү хялбар байх болно:

  • Би академик төвшний мэдээллийг унших бас сонсохыг илүүд үздэг.
  • Би удаан хугацааны туршид төвлөрч чадна.
  • Би компьютертой ажиллахдаа сайн.
  • Би компьютер дээр шивэхдээ сайн.
  • Би сонсож байхдаа тэмдэглэл хийж чаддаг.
  • Би олон хувилбартай асуултад дуртай.

Хэрвээ та ихэнх асуултад нь “ТИЙМ” гэж хариулбал IELTS шалгалт өгөхөд илүү амар байх болно:

  • Би олон хувилбартай асуултад дургүй.
  • Би академик төвшний сэдэв унших мөн сонсох сонирхолгүй.
  • Би гараараа бичих дуртай.
  • Би бүх төрлийн акцентүүдийг ойлгох чадвартай.
  • Би богино эхийг илүүд үздэг.
  • Би удаан хугацаагаар төвлөрөхдөө муу.
  • Би төрөл бүрийн асуултыг илүүд үздэг.

Эцэст нь дүгнээд хэлэхэд та аль ч шалгалтыг өгсөн бай өөрөө хичээж гэмээн хүссэн оноогоо авч чадах боломжтой юм шүү! Дараа дараагийн нийтлэлээр мэдэхийг хүссэн зүйл байвал дор сэтгэгдэл хэлбэрээр оруулаарай, баярлалаа.

Д.ТҮШИГТ-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна