Шинэ нэр: Тамирчин, жүжигчин, манлайлагч Б.Янжиндулам

-Манай монгол залуус их мундаг болжээ. Залуусын үзэл бодол, биеэ авч явж буй байдал, гадаад төрх шат ахисан нь анзаарагддаг-

Монгол охин Өмнөд Солонгосын Үндэсний урлагийн их сургуулийн “Шилдэг төгсөгч” болж, сургуулийнхаа нэрэмжит бөгжөөр шагнуулсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Түүнийг Бямбанямын Янжиндулам гэдэг. Тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Амьдралоги” уран сайхны кинонд Гэгээнхүслэн хэмээх бүсгүйн дүрд тоглосон юм.

Б.Янжиндулам спортын гимнастикийн Олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд улсын шигшээ багийн тамирчин байжээ. Мөн “NTV” телевизээс зохион байгуулсан “Би бүжиглэж чадна” реалити шоуны тэргүүн байрын эзэн, 2015 онд Өмнөд Солонгосын Үндэсний урлагийн их сургуулийнхаа “Шилдэг оюутан” гээд чамгүй амжилтаараа үеийн залуусаа манлайлж яваа бүсгүй. Ингээд түүнтэй “Амьдралоги” уран сайхны киноны нээлтийн үеэр ярилцснаа хүргэж байна.

Жүжигчин Б.Янжиндулам

-Юуны өмнө Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн “Шилдэг төгсөгч” болсонд баяр хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Маш их баярлалаа. Намайг Бямбанямын Янжиндулам гэдэг. Би БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж, энэ жил төгссөн. Хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирлээ. Би нийслэлийн 21 дүгээр дунд сургуулийг төгссөн. Би арван жилдээ спортын гимнастикаар найман жил хичээллэж, улсын шигшээ багийн тамирчин байсан. Дунд сургуулиа төгсөөд спортоос зодог тайлж, хуульч мэргэжлээр сурсан. Хуульч мэргэжлээр суралцаж байхдаа “NTV” телевизээс зохион байгуулсан  “Би бүжиглэж чадна” реалити шоунд оролцож, тэргүүн байр эзэлж байлаа. Өмнөд Солонгосын  найруулагч Монголд ирж, “Жамп” хэмээх мюзиклд нэг эмэгтэй, эрэгтэй хүүхдийг Монголоос шалгаруулахад надад аз таарч тэнцэж байлаа. Тэгээд л Солонгосын театрт жил гаруй хугацаанд ажилласан. Тэр цагаас хойш жүжигчин болохоор шийдээд Монголдоо ирж, Соёл урлагийн их сургуульд шалгалт өгсөн. Гэтэл гэрийнхэн маань жүжигчин болно гэхэд дургүйцэж байсан. Шалгалтандаа тэнцэж, Соёл урлагийн их сургуульд суралцахаар болсон. Би хоёрдугаар курсаасаа Солонгосын үндэсний урлагийн их сургуулийн талаар судалж, шалгалт өгч тэнцсэн.

АНХНЫ МОНГОЛ ОЮУТАН УЧРААС ӨӨРИЙГӨӨ ИХ ДАЙЧИЛСАН

2016 онд Артур миллерийн “The Crucible” хэмээн жүжигт тоглосон уран бүтээлчид

Сургуулийнхаа “Шилдэг төгсөгч” болно гэж бодоогүй, энэ тухай зарлахад их гайхсан тухайгаа фэйсбүүктээ хуваалцсан байсан. Олон монгол залуус таниар бахархсан байх?

-Би сургуулийнхаа драмын жүжигчний ангийн анхны монгол оюутан. Бас сургуульдаа сүүлийн гурван жил ганц гадаад оюутан нь байлаа. Тухайн орны хэл соёл, бүх зүйлээс хоцорч байдаг учраас хаа ч гэсэн гадаад оюутнуудад хэцүү байдаг шүү дээ. Би багаасаа спортоор хичээллэдэг байсан болохоор юмнаас хоцорч, хойш суух дургүй. Анхны монгол оюутан учраас сайн сурч дараагийн  залуустаа боломжийг нээж өгөх хэрэгтэй. Тийм учраас өөрийгөө их дайчилж, суралцсан. Энэ бүх хичээл зүтгэл маань “Шилдэг төгсөгч” рүү хөтөлсөн. Миний нэрийг зарлахад би  итгээгүй зогсоод л байсан. Энэ шагнал маш том хариуцлагыг надад  хүлээлгэж, их урам өгсөн. Цаашдаа манай сургуульд олон монгол залуус сураасай гэж хүсч байна.

Жүжигчин Г.Ундармаагийн хамт

Жүжигчин Г.Ундармаа, О.Энхтуул гээд чадварлаг эмэгтэй жүжигчидтэй “Амьдралоги” уран сайхны кинонд хамтран ажиллажээ. Залуу уран бүтээлч хүний хувьд сурах зүйл их байсан байх?

-Тэгэлгүй яахав. Өмнө нь солонгосын кинонууд дээр ажиллаж байсан. Солонгост хэчнээн ажиллах нөхцөл нь бүрдсэн байдаг ч монголдоо монгол уран бүтээлчидтэйгээ ажиллах үнэхээр сайхан байсан. Солонгост Монгол улсын нэр давхар явж байдаг учраас илүү хариуцлагатай хандах шаардлагатай. Кино багийнхан маань халуун дулаан уур амьсгалтай, яг л нэг гэр бүл шиг өөриймсөг сэтгэгдэл төрж байлаа. Миний хувьд дэлгэцийн анхны уран бүтээлдээ Монголын урдаа барьдаг мундаг жүжигчидтэй хамтран тоглож, маш их зүйлийг сурсан. Оюутан хүн учраас мэдээж чадахгүй, мэдэхгүй олон зүйл тулгарч байсан. Тэр болгонд жүжигчид, найруулагч маань маш ажиллаж, надад тусалсан. Анх “Ю фильм”-ийн хамт олон надад кинонд тоглох санал тавьсан. Миний хувьд төгсөх курсийн оюутан байсан учраас маш том хариуцлага байлаа. “Амьдралоги” кинонд Г.Ундармаа эгчийн охин Гэгээнхүслэнгийн дүрд тоглолоо. Гэгээнхүслэн охин жаахан хэрнээ амьдралын олон зүйлтэй нүүр тулгардаг. Түүнийг давж гарахын тулд нэлээдгүй зүйлийг даван туулдаг. Энэ кинонд миний мэдэхгүй амьдрал гарч байсан.

СОЛОНГОСЫН АЛДАРТ ЖҮЖИГЧИН И СҮН ЖЭЙТЭЙ НЭГ ТАЙЗНАА ТОГЛОХ АЗ ЗАВШААН ТОХИОСОН

-Солонгост суралцаж байхдаа тайз, дэлгэцийн цөөнгүй уран бүтээл дээр ажилласан гэсэн. Ямар уран бүтээлүүдэд тоглож байв?

-Тэнд оюутан байхдаа зүгээр суухгүй гадуур киноны шалгаруулалтад орж, анкетаа бариад гүйдэг. Азаар ч гэх юм уу цөөнгүй кинонд тоглосон. Солонгосын И Сүн Жэй гэдэг алдартай жүжигчинтэй 2016 онд Артур миллерийн “The Crucible” гэдэг дэлхийн хэмжээний том жүжиг дээр солонгосын хамгийн том драмын театрт гурван сар цалинтай ажилласан. Солонгосын мундаг жүжигчинтэй нэг тайзнаа гарахад үнэхээр сайхан санагдаж байлаа. Мөн богино хэмжээний кинонуудад тоглож байсан. Хамгийн сүүлд “Юун Сун” нэртэй гэр бүлийн драмын бүрэн хэмжээний нэг ангит кинонд монгол бүсгүйн дүрд тоглосон. Нэгэн гэр бүлийн тухай гардаг. Монгол эмэгтэйн дүрийг гаргах нь амар юм шиг боловч нөгөө талаараа маш хэцүү. Уг киноны текст нь монгол, солонгос, англи гэсэн гурван хэл дээр гарна. Тэгэхээр үзэгчид монгол эмэгтэйг надаар төсөөлж, харна гэсэн үг. Тэгэхээр л монгол эмэгтэй уужуу тайван, ухаалаг, гээд л... Энэ дүр маань миний наснаас ахимаг настай байсан учраас дуу хоолойны өнгөнөөс эхлээд надаас олон зүйлийг шаардаж байсан. Гэхдээ найруулагч маань маш сайн найруулагч байсан. Энэ кинонд уран бүтээлчидтэйгээ их ярилцаж, бэлтгэл хийж тоглосон. Уг кино маань ирэх хоёрдугаар сард нээлтээ хийх гэж байгаа. Ер нь би тамирчин хүн учраас тулаант уран сайхны кинонд их дуртай. Анжелина Жолигийн тоглосон  “Солт” кино шиг ч юм уу. /инээв/ Солонгосын үндэсний урлагийн их сургуульд жүжигчнийг олон талаас нь бэлтгэдэг. Тэр утгаараа би  өөрийгөө тулаант кино тал руугаа илүү бэлтгэсэн.

-Солонгосын урлагт монгол охиныг хэрхэн хүлээж авсан бэ. Ангийнхан нь монгол орны  талаар мэдээлэл сайтай болсон гэж байсан?

-Их сургуульд маань өмнө нь монгол оюутан суралцаж байгаагүй юм билээ. Намайг анх сурахаар очиход “Монгол Улс гэж ямар улс байдаг”, “Хаана байдаг юм бэ” гэж асууж байсан. Ер нь тэнд суралцаж байхдаа Монгол Улсаа маш их танилцуулсан. Анхны монгол оюутан гэдэг үүднээс эх орныхоо нэрийг гаргаж, танилцуулахыг их хичээдэг байсан. Монгол охин гэхээр их гайхдаг байсан. Харин сургуулиа төгсөхөд бүгдээрээ Монголын талаар мэдээлэлтэй болж, зарим нь Монголд аяллаар ирсэн. Солонгос найруулагч нар ч гэсэн монгол жүжигчин гэхээр их сонирхдог юм билээ. Миний тоглосон кино, жүжгийн үзээд “Монгол жүжигчид их дотортой тоглодог юм байна” гэж үнэлсэн. Миний хувьд энэ нь их урам болсон. Солонгост монголд кино зураг авч, уран бүтээлчидтэй хамтран ажиллах хүсэлтэй олон хүн байдаг. Би тэр гарцыг нь нээж өгч, Монгол, Солонгос хоёр орны уран бүтээлчдийн гүүр нь болохыг хүсдэг. Хэн нэгэн холбож өгч байж хамтарч ажиллана шүү дээ. Би өнөөдрийг хүртэл тодорхой хэдэн уран бүтээлд тоглосон учраас тэрнийхээ золоор олон уран бүтээлчидтэй танилцсан. Тэр хүмүүстэйгээ харилцаа холбоотой  ажиллаж, монголын  уран бүтээлчидтэйгээ холбож өгөх чин хүсэл байна.

-Солонгосын уран бүтээлчдээс хамтран ажиллах ажлын санал тавьсан уу?

-Надад Солонгос талаас уран бүтээлийн санал тавьсан. Гэхдээ би одоохондоо шийдвэрээ гаргаагүй байгаа. Яарч шийдвэр гаргамааргүй байна. Ямар ч байсан Монголдоо ирээд тоглосон “Амьдралоги” кино төслөө нээчихээд байна.

МОНГОЛДОО БОЛОН СОЛОНГОСТ УРАН БҮТЭЭЛ ХИЙНЭ

-Солонгосын үндэсний урлагийн их сургуулийг амжилттай төгслөө. Ойрын хугацааны төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Дөнгөж саяхан их сургуулиа амжилттай төгслөө. Залуу хүн хийж бүтээх хүсэл эрмэлзэл маш их байна. Ёстой галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй л байна даа. Монголдоо, Солонгост уран бүтээл хийнэ гэж бодож байгаа. Монголынхоо дэлгэцийн уран бүтээлд тогломоор байна. Мөн өөр бодож төлөвлөсөн ажил ихтэй. Би Холливудын кино үзээд сууж байхдаа “Энэ жүжигчний оронд монгол жүжигчин тогловол сайхан аа” гэж боддог. Монгол уран бүтээлчид дунд мундаг жүжигчин олон бий. Тэр хүмүүс дэлхийн кино урлагт гарч тогловол ямар гайхалтай вэ. Мэдээж бид дэлхийн зах зээл рүү гарахын тулд дэлхийн урлагийн соёлыг сурч мэдснээрээ өөрсдийнхөө соёлыг танилцуулж, түгээн дэлгэрүүлэх боломжтой гэж боддог. Одоо би мэргэжлээрээ ажиллаж, сурсан мэдлэг зүйлээ гаргамаар байна.

-Монгол охин Солонгос жүжигчдээс дутахааргүй үзэсгэлэнтэй юм. Ер нь гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?

-Маш их баярлалаа. Солонгост эмэгтэй жүжигчид гоо сайхандаа маш их анхаардаг. Ерөөсөө нүүр царай гаднах төрх маш чухал учраас гоо сайхны салоноор байнга үйлчлүүлдэг. Миний хувьд оюутан хүн учраас байнга үнэтэй салоноор үйлчлүүлээд байх боломжгүй. Тиймээс гэртээ өөртөө массаж хийнэ. Зарим боломжтой үедээ спад ороод массаж хийлгэнэ. Эмэгтэй хүнд өдөр тутмын арчилгаа л маш чухал. Ядраад ирэхээр нүүрний арьс хуурайшаад эхэлдэг. Тэр болгонд тос түрхэж, өөр өөртөө гоо сайхны үйлчилгээгээ хийдэг. Ер нь гадаадад сурдаг оюутнууд монголдоо байдаг шигээ байнга салоноор үйлчлүүлээд байж чаддаггүй. Санхүүгээ өөрсдөө барьж, эцэг эхээсээ мөнгө авахгүйг хичээдэг. Би аль болох хараат бус байхыг хүсдэг. Заримдаа хичээлийнхээ хажуугаар цагийн ажил ч хийнэ.

-Бидэнд гэр бүлээ танилцуулж болох уу. Урлагийн хүн бий юу?

-Манай нагац ах бол дуучин Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ. Өөр урлагийн хүн байхгүй. Гэхдээ ээжийн талын ах, дүү нар маань бүгд сайхан дуулдаг хүмүүс бий. Манай гэр бүлийнхэн бас спортод элэгтэй шүү.

-Өөрийн чинь фэйсбүүктэй танилцахад зураг авах дуртай юм шиг санагдсан. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх дуртай вэ?

-Миний хувьд чөлөөт цаг бараг гардаггүй. Гэхдээ би аяллаар явж, гэрэл зураг авах их дуртай. Найзуудынхаа ихэнх зургийг нь авсан байдаг. Ер нь гэрэл зургийн хоббитой. Эмэгтэй хүүхэд учраас гэрээ сайхан цэвэрлэнэ. Болж өгвөл дэлхийн өөр орны соёлоос суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийг л хүсдэг.

-Монгол охин Солонгос улсад суралцаж, “Шилдэг төгсөгч” болсонд бахархаж байна. Үеийн залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Манай монгол залуус их мундаг болжээ. Би Солонгос явчихаад ирэх болгонд залуусын үзэл бодол, биеэ авч явж буй байдал, гадаад төрх шат ахисан нь анзаарагддаг. Мэдээж надад үлгэр дууриал болдог олон залуус бий. Монгол залуус их ухаантай. Тиймээс залхуурахгүйгээр өөрийгөө дайчилж, эрч хүчтэй, зорьсон зорилгоосоо шантралгүй байвал монгол залуус амжилтад хүрнэ. Би “Орчиндоо бус зорилгодоо уус” гэж хэлэх дуртай.

А.ЦЭЭСҮРЭН

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна