Заазуурын хэрэг хийгээд шинэ хууль

2017 оны 1 сарын 4

-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас дөрвөн настай бяцхан хүү, нагац эгчийн хамт заазуурдуулан амь үрэгдлээ-

Он солигдох мөчид гарсан аймшигт хэргийн хохирогч эмэгтэй дөрвөн настай зээ дүүгийнхээ араас хорвоог орхин одсон байна. Айл бүхэн шинэ оноо угтах гэж хөөрч догдолсон тэр өдөр /2016.12.30-31-нд шилжих шөнө/ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дахь 8В байранд эл хэрэг гарчээ. Талийгаач Х /46 настай/ гэмт хэрэг үйлдсэн Ө /45 настай/ нар хамтран амьдрагчид байсан гэж анх мэдээлсэн. Харин өнөөдрөөс зарим эх сурвалж гэрлээд 5-6 жил болж байгаа хэмээн мэдээлээд байгаа юм. Талийгаач эмэгтэй хүүгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны харъяат гэх бичиг баримттай ч энэ хороонд түр оршин суугчаар бүртгүүлжээ. Нэгэнт тус хороонд байр хөлслөн аж төрөөд удаагүй болохоор харамсалт хэргийн золиос болсон хохирогчдын талаарх мэдээлэл хомс байна.

Хэргийн газар дээр нас барсан дөрвөн настай А хүү талийгаач эмэгтэйн зээ дүү байжээ. Хэрэг үйлдсэн гэмтэн Ө-гийн хувьд БНХАУ-ын харъяат өвөрмонгол хүн гэдгээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны удирдлагуудад хохирогчдын ахан дүүс, хамаатсан саднаас уулзсан, хандсан хүн одоогоор үгүй бөгөөд хэргийг Цагдаагийн байгууллагад шалгаж буй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хорооны албан хаагчид учирлалаа.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв /ХЭҮТ/-д ч эл хэргийн мөрөөр хандсан хүн алга. “Хэрэг явдал талийгаач эмэгтэйн ойр дотныхонд маш хүнд тусч, цочролд орсон тул уулзуулах боломжгүй” гэсэн тайлбарыг нийгмийн ажилтан эмэгтэй хэлж байна. Зөвхөн энэ хороонд л гэхэд “түр оршин суугч” гэх тодорхойлолттой 800 гаруй өрх айл бий.

Аймшигт хэргийн улмаас 15 настай хүү биедээ заазуурын сорвитой, зүрхэндээ мөнхийн шархтай үлдлээ. /Хүүгийн биеийн байдал тийм ч сайнгүй байгаа ч амьд мэнд үлдэнэ гэдэгт итгэх хэрэгтэй болов уу/ Гэр бүл дэх хүчирхийллийн сүүлийн гэж тодотгож болох хэргийн улмаас дөрөвхөн настай бяцхан хүү,  нагац эгчийн хамт хорвоогоос халин одлоо. Юутай харамсалтай. Үлдэж буй 15 настай хүүгийн хувь заяа ч бүрхэг. Ижийтэйгээ, эсэн мэнд өнгөрүүлсэн жаргалтай мөчүүдийг юугаар ч орлуулшгүй. Гэмт хэрэгтнийг хичнээн гэсгээгээд ч, үлдэгсэд мянгантаа аргадан гуйгаад ч жаахан зүрхэн дэх гуниг нь нимгэрэх бил үү. Ийм л харамсмаар хэргээс сэргийлэх, гарахаас нь өмнө хүчинд автагсдыг аврах үүднээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэ оны өмнөхөн  /2016.12.22/ шинэчлэн баталсан билээ. Шинэ хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлнэ. Хэргээс эшлэн шинэ, хуучин хуулийн ялгаа хийгээд онцлогийн талаар өгүүлье.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчлэн баталсан/ хууль зургаан бүлэг 42 зүйлтэй. Уг хууль нь “Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогч, гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, үйлчилгээ үзүүлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох зорилго” өвөрлөсөн гэдгийг хууль боловсруулагчид онцолсон.

Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж гэрлэгчид, хамтран амьдарч, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамгаалуулагч, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч, тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн, тусдаа амьдарч байгаа төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд, төрсөн болон үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүүгээс гадна эхнэр, нөхөр байсан, дундаасаа  хүүхэдтэй хүмүүсийг энэ хуулийн зохицуулалтад хамааруулсан. Дээр дурдсан хэргийн хувьд хохирогч, гэмтэн хоёр баталгаатай гэр бүл биш байлаа ч хэргийг гэр бүлийн хүчирхийлэлд тооцно гэсэн үг.  Шинэ хуульд нэгбүрчлэн оруулахаас өмнө бол хохирогчдын дийлэнх хэсэг хуулийн хамгаалалтын гадна үлдэж байсныг өөрчилж, хамгаалалтад хамрагдах боломжтой болж байгаагаараа онцлог.

Хэргийг даамжрахаас өмнө илрүүлэх, урьдчилан сэргийлэх үүрэг хөрш айлаас эхлээд сургуулийн багш, өрхийн эмнэлгийн эмч гэхчилэн айлуудад, гэр бүлд ойр ажилладаг хүн бүрт хамааралтай болж байгаа юм. Дээрх хэргийн тухайд ч хөрш зэргэлдээх айлууд , орцны жижүүр нь огт мэдээгүй сонсоогүй гэх эрхгүй гэсэн үг. Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлэх суваг болж, хэргийн талаар  мэдээлэх үүрэг бүхий этгээдэд:

  • бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан;

  • эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан;

  • баг, хороо, сум, дүүргийн холбогдох албан тушаалтан;

  • төрийн алба хаагч болон төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын мэргэжилтэнг хамруулан өргөжүүлсэн юм.

Мөн мэдээлэгчийн талаарх нууцлалыг хадгалах, шаардлагатай тохиолдолд аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах зохицуулалтыг шинээр хэрэгжиж буй хуульд нарийвчлан тусгасан байна.

Ингэснээр хүчирхийллийн талаар мэдээлэх нь хүний хэрэгт хөндлөнгөөс оролцсон ичгэвтэр хэрэг огтоос биш болох төдийгүй харин ч хүний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалсан сайн үйл болон өөрчлөгдөх юм. “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэх хуучны үг хуучран үлдэж, жороолоогүй илжигнүүд хариуцлага хүлээхээр хуульчилсан нь Монголын хувьд цоо шинэ үзэгдэл. Хороо, багийн ажилтнуудын хувьд ч “Түр оршин суугч болохоор мэдэхгүй, хүмүүсийн дотоод хэрэгт бид оролцдоггүй” хэмээн түшмэл зангаа орхихгүй бол буруутан болж мэдэхээр зүйл заалттай шинэ хууль сар хүрэхгүйн дараа хэрэгжиж эхэлнэ гэдгийг сануулъя. Ийнхүү гэр бүлийн хүчирхийлэл хайртай, дотно хүмүүсийн дундах ердийн, байсгаад давтагддаг “Зөрчил” байхаа хэдийнээ болилоо.

Хууль хэрэгжиж эхэлмэгц хүүхдээ алган таваар хүмүүжүүлдэг аав ээжүүд, гэр бүлийнхнээ үе үесхэн айлгачихдаг агсам согтуу хань ижлүүд, эр нөхөртөө эрэлхүү дээрэлхүү эхнэрүүд гэнэтхэн зангаа засчихна гэсэн үг огтоос биш нь ойлгомжтой. Тиймээс ч энэхүү хуульд хүчирхийлэл үйлддэг, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр нөхдүүдийг ухааруулж, хүмүүжүүлэх тухай зүйл заалтыг ч багтаажээ. Эхээс төрөхдөө л хүчирхийлэл үйлдэхээр кодлогдсон хүн гэж нэгээхэн ч үгүй. Амьдралын явцад учрах бэрхшээл, таарах саадыг  туулах арга ухаанд суралцаагүйгээс, харилцан ойлголцоогүйгээс, эсвэл асуудлыг хүчээр шийдэх буруу зуршил тогтсоноос гэхчилэн түм буман шалтгааны улмаас гэр бүлд хүчирхийлэл гарч байна. Анх гэрлэхдээ л “Авгайгаа болгоод чамайг алаад өгнөө” гэдэгсэн бол бүсгүйчүүд айлын бэр болж зүрхлэх бил үү. Чухам тиймээс л хохирогчийг хүчирхийлэгчтэй нь хамтад нь хамгаалж, хүчирхийлэл гэх аймшгийн золиос болохоос сэргийлэх заалтыг мөн энэ хуульд багтаасан байна. Гэмт хэргээс хэн ч хождоггүй, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн улмаас  бүгд хохирч үлддэг гэдгийг хамгийн сүүлийн аймшигт хэрэг бидэнд сануулж байна. Хэрэвзээ Ө гэгч эр тэр өдөр архи уугаагүй бол, уусан байлаа ч агсамнаагүй бол, агсам согтуу болсон үед нь хажуу дэргэдэх хүмүүс нь цагдаа дуудсан бол өнөөдөр хоёрын хоёр хүн амьд сэрүүн байх байсаан. Тэглээ гээд насны өстөн болох нь юү л бол. Ямартай ч гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн гэр бүлд хамаатай байхаа аль хэдийнээ больсон гэдгийг эхний удаад сануулъя. Хүүхдэд, гэр бүлд, охид эмэгтэйчүүдэд, аргаа барсан ахмадуудад, аргагүйдэж ядарсан эрчүүдэд, ер нь хүчирхийлэлд өртөж буй хэн бүхэнд туслах үүрэг танд, надад ч ногдож байгаа шүү. Хүчирхийллийн дэргэдүүр дуугүй өнгөрснийхөө төлөө  хариуцлага хүлээдэг боллоо.

Д.ЦЭЭПИЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна