Хотынхоо ачааг хөнгөлье

2017 оны 1 сарын 6

Сэтгүүлч:
Л.Нарантөгс

ОЮУН САНААНЫ ЗАДРАЛ, ОРШИН СУУХ ТӨВЛӨРӨЛ

Хэт их төвлөрөл өөрөө олон арван асуудлыг бий болгодог ажээ. 2014 оны судалгаагаар нийслэлийн хэмжээнд 310 гаруй мянган ил жорлон, 130 мянга гаруй угаадасны нүх бий гэсэн тооцоог БОНХАЖЯ /Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам/-наас гаргасан байдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд энэ тоо хэдэн мянгаар нэмэгдснийг судалсан судалгаа хараахан алга. Харин энэ хугацаанд 68 мянган иргэн нийслэлд шилжин суурьшсан гэх статистик байна.

БОНХАЖЯ-ны Газрын нөөцийн зохицуулалтын хэлтсийн Газар хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэ хоёр жилийн өмнө “News agency”-д өгсөн ярилцлагадаа “Нийслэлийн хөрснөөс дээж авч шинжилгээ хийхэд 88 хувь нь бохирдолтой гарсан. Хөгц, мөөгөнцөр, бичил биетэн, гэдэсний халдварт өвчний нянгууд илэрсэн” гэдгийг дурдаад хамгийн аюултай нь “Томоохон захуудыг дагасан нянгийн бохирдол дээд хэмжээнд хүрсэн. Жишээ нь, “Нарантуул” захын хойд хэсэгт нянгийн бохирдол ихтэй. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөгдөх хэмжээнээс 5-10 дахин их бохирдолтой байна. Энэ нь хавдрын өвчлөл үүсгэх нөхцөл бүрдсэнийг илтгэнэ” гэжээ.

“Нарантуул”-ын ойролцоо хөрсний бохирдол ихээс гадна хотын зүүн чиглэлийн замын хөдөлгөөний гол ачааллыг бий болгодог. Оройдоо “Нарантуул”-аас хотын төв хүрэхийн тулд хоёр цаг түгжрэх нь энүүхэнд. Өглөөд ч ялгаагүй бас л ийм дүр зураг угтдаг. Ойролцоо нь хүн амьдрах байтугай хүүхэд салхилуулахад хэцүүхэн нөхцөл байдалтай.

Хэдийгээр хэдэн жилийн өмнөөс томоохон, зах, худалдааны төвийг хотын зах руу нүүлгэн шилжүүлэх тухай ярьж эхэлсэн ч бүгд л сонгогчдынхоо саналыг алдахаас айж, азнасаар иржээ. Гэтэл энэ хугацаанд хотын хүн амын өвчлөл, халдварт өвчин тусах голомт нь эдгээр захууд болчихсон гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна.

Уг нь бид төвлөрлийг сааруулж, хотыг гадагшаа тэлж хөгжүүлэх тухай их ярьдаг. Үүний эхлэл нь яагаад захуудыг хотын зах руу гаргах байж болохгүй гэж. Одоогоос гурван жилийн өмнө техникийн захыг нүүлгэх талаар ярьж, 22-ын товчооны ойролцоо орчин үеийн цогцолбор барьж өгсөн ч өөрсдийн эрх ашгаа нийтийнхээс дээгүүр тавьсан бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгараад одоо яах нь мэдэгдэхгүй “хярамцаг” болсон. Гэтэл техникийн захын ойролцоо хөрсний бохирдол дээд хэмжээнд хүрсэн төдийгүй түүнийг саармагжуулах ганцхан арга нь захыг нүүлгэх байдаг. Ил задгай талбайтай учраас машины ченжүүд өглөөдөө зарах машинаа унаж очоод оройдоо буцаад гэртээ харьдаг. Энэ их урсгал бас л замын түгжрэлийг нэмэгдүүлнэ.

Энэ мэт нөхцөл байдал өнөөдөр улам дордсон уу гэхээс дээрдээгүй. Ер нь манайх шиг хотынхоо төвд худалдааны зах байгуулсан нийслэл бидний муу хэлээд байдаг урд хөршид ч үгүй.

Техникийн худалдааг төвлөрүүлэх зорилготой Авто худалдааны цогцолбор байгуулахад нийт 130 га талбай төлөвлөснөөс эхний ээлжинд 30 га газарт бүтээн байгуулалтын ажил хийж дуусчээ. Энд 6375 машины зогсоол, худалдаа үйлчилгээ явуулах 50 гаруй байр баригдсан байдаг. Авто худалдааны цогцолборт төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй, өөрсдөө эрсдлээ үүрч байгаа учраас зах зээлийн нарийн судалгаа хийснийг албаныхан хэлдэг.

Техникийн захаас баруун тийш явбал барилгын материалын буюу бидний хэлж заншсанаар 100 айлын худалдааны төвүүд угтана. Өдрийн цагаар 100 айлын ойр орчимд машин явах байтугай зогсох зай олдохгүй.

Үүнд дээр хотын төвд байрлах их, дээд сургуулийн 200 мянгаар тооцогдох оюутан залуусын хичээлдээ явах их урсгал хотын төвийн түгжрэлд өөрийн хувьд нэмрээ оруулж байгаа.

Багануур руу их, дээд сургуулийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарч байсан ч хөрөнгө, мөнгөний асуудлаас болоод гацсан. Хэрвээ их, дээд сургуулийг нүүлгэн шилжүүлчихвэл замын түгжрэлээс гадна тухайн оюун залуусын эдийн засаг, сурлагын амжилтад ч эерэгээр нөлөөлөх нь дамжиггүй.

Мэдээж хэрэг хотын төвийн төвлөрлийг сааруулах энэ мэт санаачилга, ажлууд эсэргүүцэлтэй тулгарах нь дамжиггүй. Гэхдээ нийслэлчүүдийн нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд үүнийг хийх ёстой. Утаа, хөрсний бохирдол, агаарын бохирдлоос салах аргын нэг нь яах аргагүй төвлөрөл сааруулах арга замууд байна.

Гадаадын хүнс, барааны томоохон зах, бөөний худалдааны цэгүүд хотын зах руу байдаг. Гэхдээ зай талбай ихтэйн дээр ачаалал багатай, үнэ хямд учраас үйлчлүүлэгчид сарынхаа хүнсийг нэг дор очоод бэлдчихдэг давуу талтай. Америкчууд ачааны машинтай байдгийн шалтгаан нь ердөө л энэ.

Хэрэвзээ ингэж чадвал бид түгжрэл, хөрсний бохирдлоо эрс бууруулах боломжтой. Аль болгонд амины ашгаа бодож, бултаараа бохирдол, түгжрэлд дээрэлхүүлж, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч суух билээ.

Энэ бүхнийг шийдэж, зоригтой өөрчлөлт хийж чадвал хотын удирдлагууд түүхэн гавьяа байгуулна гэсэн үг. Хийх хүнд санаа, хийхгүй хүнд шалтаг олддог. Бид байнга талцаж, хэрэлдээд амьдрал доройтдогоос дээшилдэггүй гэдгийг олон жишээнээс харлаа. Нэгдсэн бодлогоор нэг зүгт хараад ирээдүйгээ бодоод төвлөрлөө саармагжуулбал яасан юм бэ?

ЭНЭ ТАЛААРХ "ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ"-ИЙГ УНШИХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна