TOEFL iBT-д +100 оноо авахад туслах 10 зөвлөгөө

2017 оны 1 сарын 10

Сайн байцгаана уу? Өнөөдрийн нийтлэлээрээ гадаадын шилдэг их дээд сургуульд сурахад Монгол залууст хамгийн эхэнд тулгардаг асуудал болох TOEFL шалгалтад өндөр оноо авах аргууд болон үүнд туслах вэбүүдийг бэлдлээ.

1. TOEFL ГЭЖ ЮУ БОЛОХ ТАЛААР БҮРЭН ОЙЛГОЛТТОЙ БОЛ

TOEFL гэдэг нь (Test of English as a Foreign Language) гэсэн үгийн товчлол бөгөөд хамгийн өргөн тархсан, маш олон их сургуулиуд хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэрлэгддэг төвөөс эрхлэн гаргадаг англи хэлний тест юм. Энэхүү шалгалт нь таны англи хэлний унших, бичих, сонсох, ярих гэсэн гадаадын их сургуульд суралцахад нэн шаардлагатай үндсэн 4 чадварыг шалгадаг. Энэ тухай өмнөх нийтлэлээрээ дэлгэрэнгүй бичсэн тул энэ удаа ийнхүү цухас дурдлаа.

2. БЭЛТГЭЛТЭЙ БАЙ!

Компютерийн ард шалгалт өгөхөөр суух үедээ та энэхүү шалгалтын талаар бүхнийг мэддэг байх хэрэгтэй. Унших, ярих, сонсох, бичих гээд бүх л хэсгийн асуултуудтай танил байхгүй бол болохгүй. Мөн та яг аль хэсэг дээр хэдэн оноо хэрэгтэй байгаагаа яг таг мэддэг байх нь чухал яагаад гэвэл зарим их сургуулиуд ялгаатай хэсгүүдэд өөр өөр оноо шаарддаг.

Шалгалтад бор амиараа бэлдэх гэсний хэрэггүй! Танд багшлах хүн эсвэл сургалтын төв эсвэл тусгайлсан хичээл заавал хэрэгтэй. Яагаад гэвэл хамтрагчтай байна гэдэг нь ядаж л таны дуудлага, бичих болон яриаг шалгаад өгөх хүн байна гэсэн үг юм. Өмнө нь энэхүү шалгалтыг өгч байсан найзтайгаа ярилц. Хэрхэн бэлдсэнийг нь асуу. Ямар оноо авсныг нь ч асуу. Ойролцоох сургалтын төвүүдээр ор, гэх мэтчилэн бүхий л чадах зүйлээ хийгээрэй.

3. БҮХНИЙГ УНШ, БҮХНИЙГ СОНС 

TOEFL-н шалгалтад бэлтгэж байх үед та зөвхөн өөрийнхөө сонирхолтой ном зохиолооо унших нь хангалтгүй. Та илүү өргөн хүрээгээр уншиж, сонсох хэрэгтэй яагаад гэвэл энэхүү шалгалт одон орноос эхлээд Америкийн түүх, сэтгэл судлал, биологи гээд есөн шидийн сэдвийн даалгаварууд сонсох болон унших хэсэгт ирдэг.

TOEFL нь Lexile хэмээн нэрлэгддэг компанитай хамтран ажилладаг бөгөөд хэрвээ та өмнө нь энэхүү шалгалтыг өгч байсан эсвэл хуулбарыг нь хийж байсан бол өөрийн унших хэсгийн оноогоо Lexile дээр бичиж улмаар энэхүү сайт таны төвшинд зориулсан номнуудыг санал болгох болно.

Audible.com ямар ч төхөөрөмж дээр татан авч сонсох боломжтой сонсдог номыг зардаг бөгөөд их сургуулийн төвшний The Great Courses гэж нэрлэгддэг лекц хичээлүүдийг сонсох боломжийг танд олгодог. Та шинжлэх ухаан, түүх, эдийн засаг, соёл урлаг, шашин гээд бүхний талаар сонсох боломжтой.

Үүнээс гадна BBC NewsNPR, болон VOANews гэсэн интернет эх сурвалжууд байдаг бөгөөд та энэхүү цахим хуудаснаас .mp3 өргөтгөлтэйгээр мэдээ болон лекцүүдийг олж сонсож болно.

Хэрвээ та анхлан суралцагч бөгөөд дээр дурдагдсан цахим хуудаснуудаас унших болон сонсох дасгал хийхэд хэцүү байгаа бол санаа зовох зүйлгүй юм.

The English Teacher Melanie Podcast бүхий л түүхүүд нь маш энгийн бөгөөд өдөр тутмын амьдралд тохиолддог учраас ойлгоход дөхөм байдаг. Мөн бүлэг бүр багахан хэмжээний дуудлага засах хичээлтэй.

ESLPod - олон төрлийн сэдвүүдийн тухай богино хэмжээний бичил эхтэй бүлгүүдтэй. Бичил эхүүд үгийн сан, холбоо үг болон зүйр үг багтаасан. Мөн нэмэлтээр хадмал хэлбэрийг хүлээн авч болно.

VOA Learning English Энэхүү цахим хуудасны нийтлэлүүд сонингийн нийтлэлтэй адил боловч уншиж ойлгоход хялбархан, сонсоход илүү удаан болохоор амар байдаг байна. 

Listen a Minute хэрвээ та сонсож ойлгох тал дээр нэлээн асуудалтай бол энэхүү цахим хуудас танд туслах болно.

4. ТЭМДЭГЛЭЛ ХИЙХДЭЭ МЭРГЭЖЛИЙН БОЛ

Энэ чадвар нь сонсох, ярих, бичих хэсэгт хамгийн их хэрэгтэй байдаг.

Сонсох боломжтой дасгалуудыг та зөвхөн нэг л удаа сонсоно. Та үүнийг дунд нь зогсоож эсвэл ойлготлоо дахин давтаж чадахгүй. Сонсох хэсэг бол та сонссон асуултадаа хариулах, бичих хэсэг бол сонссон мэдээлэлдээ тулгуурлан эссэ бичих хэрэг гардаг учраас танд тэмдэглэл хийх чадвар маш их хэрэгтэй.

Зөвхөн сонссоноо эсвэл ойлгож буй үгсээ бичих нь тийм ч зөв сонголт биш. Дараа нь энэхүү лекцийг сонсоход ахин сэргээж санаж байхад шаардлагатай зүйлсийг л тэмдэглэ. Зарим үг үсгийг товчлох өөрийн гэсэн аргатай болоорой.

Танд туслах бас нэг цахим хуудас бол TED-ийн албан ёсны цахим хуудас болох Ted Talks юм. Энэхүү цахим хуудас өөртөө маш олон төрлийн сэдвүүдийн тухай илтгэлүүдийг агуулсан байдаг бөгөөд нэг илтгэл хэдхэн минутаас 30 хүртэлх минут үргэлжилдэг.

Хэрвээ энэ цахим хуудасны сонсох дасгалууд хэтэрхий урт байвал Listen a Minute–г туршаад үзээрэй

Шалгалтын үеэр танд 3 ширхэг цаас өгөх бөгөөд таныг гараа өргөсөн тохиолдолд нэмэлтээр цаас өгдөг боловч энэ нь таны багахан цагаас авдаг тул анх өгсөн 3 цаасан дээрээ тэмдэглэлээ эмх цэгцтэй байдлаар хийх хэрэгтэй байдаг. Мөн 3 цаасаа нэг дасгал дээр л бүгдийг нь дуусгахаас болгоомжлоорой.

5. ДУУДЛАГАА ТОД, ГАРГАЦТАЙ БАЙЛГАХЫГ ХИЧЭЭ

TOEFL-ийн шалгалтад дээр таны дуудлага төгс байх шаардлагагүй ч хүнд ойлгогдохоор, чанга бас тод байх ёстой.

Ярих хэсэг дараах 3-н зүйлийг харгалзан авч үздэг.

        Хэрхэн хариулах болон санаагаа хэр зэрэг илэрхийлж буй байдал

        Хэрэглэж буй дүрэм болон үгс.

        Яаж сонсогдож буй байдал

Дуудлагаа засахын тулд та заавал танд тусалж чадах дуудлага тань хэр сонсогдож байгаа болон зөв буруу эсэхийг хянах хэн нэгэнтэй хамтран ажиллах хэрэгтэй. Хэрвээ та бор амиараа бэлдэхээр шийдсэн бол дуу хураагч төхөөрөмжийг ашиглахыг санал болгож байна.

QWERTY KEYBOARD-ИЙГ ӨӨРИЙН БОЛГО

TOEFL-ийн шалгалтын хамгийн сүүлийн хэсэг болох Бичих хэсэгт та ухаалаг утас, комьпютерийн нийтлэг гар болох QWERTY keyboard-ийг хэрэглэх болно. QWERTY keyboard-ийг хэдий сайн эзэмшинэ төдий чинэээ цаг хэмнэж хурдан шивж чадна.

Энэ бол QWERTY keyboard-ийн нийтлэг загвар.

ХАРАХГҮЙГЭЭР БИЧИХИЙГ СУР

Ихэнх хүмүүс хараад дарах гэсэн дүрмийг баримталж бичдэг. Энэ нь та бичих товчлуураа хайж олоод дараа нь түүн дээрээ дарахыг хэлж буй хэрэг юм. Харахгүй бичих нь цагийг маш их хэмнэдэг бөгөөд ялангуяа TOEFL мэтийн цаг багатай шалгалтад ихээхэн тус болдог. Гэхдээ үүнийг сурахын тулд танд нэлээн их бэлтгэл хэрэгтэй. Мөн ямар хуруу аль аль товч дээр дарахыг сурах хэрэгтэй.

Үүний дараагаар та энэхүү 2 цахим хуудсан дээр дадлага хийж болно. 
Powertyping.com
Sense-lang.org

АНГЛИ ХЭЛ ДЭЭР ХЭРХЭН ЭССЭ БИЧИХИЙГ СУР

Өмнөх хэсэгт хэлсэнчлэн хамгийн сүүлийн хэсэг бол Бичих хэсэг байдаг. Бичих хэсэгт 2 төрлийн даалгавар байдаг бөгөөд хамгийн сүүлийн хэсэг нь 300 үгтэй эссэг 30 минутад багтаан бичих хэрэгтэй болдог. Сайн эссэ бичихийн тулд дараах зүйлсийг хэрэгжүүлээрэй.

  • Эссэний албан ёсны хэлбэрийг сур

Бэлтгэл хийж байх үедээ цаган дээр анхаарлаа хандуулах хэрэггүй. Сайн эссэ бичихийг л хичээ. Нэгэнт та сайн эссэ бичдэг болсон бол одоо цагтай ажиллах хэрэгтэй. 30 минутад багтааж гайхалтай сайн эссэ бичдэг болтлоо бэлдэх шаардлагатай.

  • Эссэний ерөнхий загвар

Эхлэл хэсэг - энэхүү цогцолбор таныг эссэгээрээ дамжуулж юуны тухай өгүүлэх болон таны бодлыг илтгэнэ.

Гол хэсэг - өөрийн санаагаа батлан, дэмжих 2-3 цогцолбор. Нэг цогцолборт нэг л санааг гаргах хэрэгтэй бөгөөд эхний нэг өгүүлбэр уг цогцолбор юуны талаар өгүүлж байгааг бүрэн илтгэх хэрэгтэй. Мөн таны санаа ойлгомжтой илэрхийлэгдсэн байх нь чухал.

Төгсгөл хэсэг - энэхүү цогцолбор таны эссэний ерөнхий санааг хураангуйлсан байх хэрэгтэй.

  • Танд туслах үүднээс өндөр оноо авах аргуудаас дурдвал:

Асуусан асуултад л хариул. Ерөнхийдөө асуултын хэд хэдэн төрлүүд байдаг. Хэрвээ асуултад сонголтоо хий гэсэн байвал зөвхөн сонголтоо л хийх хэрэгтэй болохоос 2 зүйлийн сайн мууг ярих хэрэггүй. Асуултад зөв буруу гэсэн зүйл байдаггүй учраас асуултдаа өөрийн бодлоороо хэр хариулснаас шалтгаалж л оноо өгдөг. Шууд л компьютер дээрээ бичиж эхэл цаасан дээр бичээд түүнийгээ хуулах гэж байгаа бол цагийн гарз..

8. БЭЛТГЭЛ, БЭЛТГЭЛ, БЭЛТГЭЛ

Энэ бол хамгийн шилдэг зөвлөгөө юм. Зарим сурагчид буудах арга эсвэл хуурах ямар нэгэн аргыг хайдаг. Гэхдээ өндөр оноо авах хамгийн том арга бол тасралтгүй бэлтгэл юм.

9. ТАЙВАН БАЙ

Энэ магадгүй энгийн ч гэсэн маш хэрэгтэй зөвлөгөө. Ихэнх хүмүүс шалгалтын өдөр сандралтай байдаг. Сандрал бүхнийг сүйрүүлдэг. Иймээс сэтгэл санааны хувьд тайван, тогтвортой байх хэрэгтэй.

Шалгалтын өмнөх өдөр:

Хэрвээ боломжтой бол шалгалт болох газартаа очоод үзэх хэрэгтэй танай гэрээс хэр хол зайтай эсвэл аль замаар явах зэргээ судалсан нь дээр. Замын түгжрэл болон төөрснөөс болж амжиж ирж чадахгүй тохиолдол байдаг. Ном сониноо цааш тавиад зүгээр л амар. Сайн нойртой байх нь чухал.

Шалгалтын үеэр:

Гүнзгий амьсгаа ав. Шалгалтын туршид амьсгалаа нэгэн жигд байлгахыг хичээ. Сонсох болон ярих дасгалын дунд 10 минутын завсарлагаа байдаг учраас энэхүү цагийг угаалгын өрөө орох, ус уух, дасгал хөдөлгөөн хийж биеийн чилээгээ гаргах гэх мэт зүйлд зориул. Ямар нэгэн мэдэхгүй асуулт ирээд хариулж чадахгүй байлаа гэж бодъё. Үүнд бүү санаа зов дараагийн асуултыг яг л шинээр шалгалт өгч байгаа мэтээр хийх хэрэгтэй. Та үүний тулд л өдийг хүртэл бэлтгэл хийсэн.

10. СҮҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨ

Таныг хэлэхээс нааш хэн ч таны оноог мэдэхгүй. Та орохоор төлөвлөж буй сургууль таныг хэдэн удаа өгснийг мэдэхгүй тэд зөвхөн хэлсэн оноог тань л мэдэх болно. Иймд эхний удаагаараа бага оноо авлаа гэж санаа зоволтгүй ахиад оролдоод үзэх боломж үргэлж байдгийг санах хэрэгтэй.

Танд ажилт хүсье!

Д.ТҮШИГТ-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна