Хурууны хээгээ уншуулъя

2017 оны 1 сарын 12

Сэтгүүлч:
Л.Нарантөгс

Цаг бүртгэгчийн ажлын байр байлаа. Харин одоо энэ түүх болжээ. Цаг бүртгэгчийг үнэмлэх уншуулдаг төхөөрөмж ажилгүй болгоно гэж хорин жилийн өмнө төсөөлөө ч үгүй биз. Гэхдээ энд төхөөрөмж сул талтай. Манайхан аливааг аятайхан аргалчихдаг авхаалжтай юм болохоор эрт ирдэг нэгэндээ үнэмлэхээ уншуулахыг захиж үлдээгээд үд дундад ажилдаа ирдэг жишиг шахуу жишээ газар авсан юм. Энэ сул талыг нөхөж хурууны хээгээр цаг бүртгэдэг төхөөрөмж гарч ирснээр завшигчид задгайрах замгүй болов. Ингэснээр үнэмлэхний төхөөрөмжийн эрин үе үгүй болсон. Одоо төрийн албаныхан 08.00 цагаас өмнө гүйхээрээ шахуу ажилдаа ирж, 17.30 цагийг хүлээж байгаад хуруугаа уншуулж, гүйхээрээ гардаг болсон. Бас дэвшил шүү. Төрийн алба гэлтгүй бүх байгууллагын оффист ийм төхөөрөмж бий.

Төрийн үйлчилгээ, хяналт тодорхой бөгөөд иргэдэд хүндрэлгүй байх нь чухал. Чухам үүний төлөө төрийн эрэг, шураг хөдлөх ёстой. Харамсалтай нь, төрийн албан тушаал, ажлаа өөрийн бусдыг дарамтлах зэвсэг, иргэдийг чирэгдүүлэх эрх гэлтэй зүйлүүд олон. Дүрэм, журмаар түүнийг хүлээн зөвшөөрүүлэхийг нь яана.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед татвар төлөгчдийн мөнгөнөөс 1,8 тэрбум төгрөгөөр сүлжээний холболттой цахим төхөөрөмж авч, нийслэлийн 400 замын цагдаад өгсөн. Уг төхөөрөмжид давуу тал их. Иргэний үнэмлэх, хурууны хээ, жолооны үнэмлэхийн аль нэгийг уншуулж, жолоочийн тухай шаардлагатай мэдээлэлд нэвтрэх боломжтой. Тиймээс тухайн жолооч үнэмлэхээ орхисон байвал жолооны үнэмлэхтэй эсэх, эрх нь хасагдсан, хасагдаагүйг хурууных нь хээг уншуулаад мэдчих бүрэн боломжтой.

Гэтэл өнөөдөр энэ төхөөрөмжийг торгууль төлүүлэхэд л ашиглаж байна. Замын цагдаагаас “Жолооны үнэмлэхээ орхисон жолоочийн хурууны хээг энэ төхөөрөмжөөр уншуулаад, үнэмлэх нь хүчинтэй байвал торголгүй явуулчихаж болдоггүй юм уу” гэж асуувал хариулт бэлэн.

Замын хөдөлгөөний дүрмийн дагуу жолооч,

  • А-д: Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх;
  • Б-д: Тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • В-д: Шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичиг биедээ авч явах үүрэгтэй гээд дуржигнатал хариулна.

Нэгэнтэй дүрмээ биелүүлээгүй бол хариуцлага тооцох нь зүйл хэрэг. Энэ дагуу жолооны үнэмлэхээ авч яваагүй жолоочийг оны өмнө 48 мянган төгрөгөөр торгодог байсан бол он гарснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж, түүнийг дагаад торгуулийн хэмжээ нэмэгдсэн тул 60 мянган төгрөгөөр торгох болжээ.

Татвар төлөгчдийн мөнгөнөөс 1,8 тэрбум төгрөгөөр сүлжээний холболттой цахим төхөөрөмж авч, нийслэлийн 400 замын цагдаад өгсөн. Уг төхөөрөмжид уг нь давуу тал их.

Замын цагдаагийнхан дүрмийг биелүүлэх үүрэгтэй болохоор тэд торгуулиа тавих нь зүйн хэрэг. Гэхдээ хууль, дүрэм, журмыг нийтийн эрх ашгийг хамгаалахын тулд батлах ёстой болохоос торгоход чиглэх ёсгүй. Тиймээс иргэдийн эрх ашгийг зөрчиж буй бол өөрчлөх л ёстой. Технологийн эрин зуунд, цахим мэдээллийн нэгдсэн сантай болчихсон цаг үед амьдарч байж өнгөрсөн зууны суурин утаснаас өөр мэдээлэл солилцох бололцоогүй үеийн бодлогоор асуудлыг зохицуулах нь утгагүй биз дээ.

Тиймээс Замын хөдөлгөөний дүрмийг өөрчлөхөөр ярьж буй энэ үед 1,8 тэрбумаар худалдаж авсан төхөөрөмжийнхөө хэргийг гаргах үүднээс жолоочийн заавал авч явах ёстой бичиг баримтын “А”-г нь баллуурдчихвал яасан юм бэ?

Дор хаяж арван найман айлыг орон сууцтай болгох. 100-150 хүүхдийг хүлээн авахад хүчин чадалтай нэг цэцэрлэг ч барьж болох мөнгө зарцуулан байж авсан юм чинь иргэдийнхээ төлөө ийм алхам яагаад хийж болохгүй гэж.

Ингэвэл хэн хэндээ хэрэгтэй биш үү. Түгжирч, түлшээ, мөнгөө бардаг жолооч нарыгаа шатахуун авах мөнгөнөөс заавал авах шаардлага алга. Дүрмийг нийтийн төлөө зохиодог болохоос торгохын төлөө зохиохгүй нь ойлгомжтой. Тоног төхөөрөмж нь ухаалаг болоод байдаг тушаал, хууль нь ухаангүй бол гамшиг чинь тэр биш үү?

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна