Гандангийн дэнжийг газарт оруулъя

2017 оны 1 сарын 15

Гандангийн дэнж хөрсний бохирдолдоо живж байна. Гудамжаар нь алхаад үзээрэй, айл, айлын угаадас нь хашаанаасаа хальж замруугаа орсноос, явганаар байтугай автомашинтай зорчиход бэрх болсон газар олонтаа таарна. Одоо өвлийн улирал учраас өмхий үнэр нь хэсэгтээ дарагдсан болохоос биш газар гэсэж эхлэхэд хамар тасдах шахдаг. Бороо орсны дараа бол тогтож суухын аргагүй болтол 00 –ын үнэр сэнгхийдэг. Гэсэн ч айлууд нь амьдарсаар л... Одоо өөрчлөх цаг нь ирлээ. Газарт оруулж, дахин төлөвлөлт хийе. Ийм арга хэмжээ авахгүйгээр Гандангийн дэнжийг хөрсний бохирдлоос нь салгаж чадахгүй. “Жишиг гудамж” нэрийн дор хэдэн хашааны муруй тахирыг засаж, нүүр хэсгийг нь шохойдож будсанаар Гандангийн дэнж бохироосоо сална гэвэл түүн шиг үлгэр байхгүй. Иж бүрэн төлөвлөлт хэрэгтэй. Үүний тулд иргэд нь санаачилгатай байж, асуудлаа тавин амьдрах орчиндоо санаа тавьцгаа. Хэдий болтол өмхий ханхалсан хашаанд шавар тагзан дотор амьдрах юм бэ?.

Одоогийн энэ амьдралын хэв маягаа өөрчлөхгүй бол өвчний үүр л болно. Хөрсний бохирдол агаарын бохирдлоос дутахгүй хүний эрүүл мэндэд аюул занал учруулдаг. Хэд нь өнөөдөр энэ аймшигтай бохирдлоос болж эрүүл мэндээрээ хохирчихоод явж буйгаа мэдэхгүй байгаа шүү дээ, яг үнэндээ.

Төв цэвэрлэх байгууламжтай ойр амьдардаг айлуудад судалгаа хийхэд иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахаар сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл гарсан. Эцсийн эцэст хүнд газар олдохоос эрүүл мэнд эргэж олдохгүй. Тиймээс нийслэл нь бодлогоо гаргаад, иргэд нь хариуцлагаа ухамсарлаад Гандангийн дэнжийг хөрсний бохирдлоос нь салгахын тулд хамтраад ажиллах шаардлага байна.

Гандан орчмын газар нутгийн хэмжээ 55.8 га, оршин сууж буй иргэдийн тоо 7600 гэсэн статистик мэдээлэл байна.

Хэдэн жилийн өмнө Хүүхдийн урлан бүтээх төвийн хойд тал битүү гэр хороолол байсан. Нийслэлээс тодорхой бодлого дэвшүүлж, тууштай ажилласнаар одоо орон сууцны хорооллууд сүндэрлэж байна. Айлууд нь ихэвчлэн газраа байраар сольсон.

Газраа байраар солих ажлыг эхлүүлэхэд хүнд хэцүү сорилтууд олон л байсан. Нэг хэсэг нь газраа зах зээлийн үнээс хэд дахин давуулж, өндөр үнэ нэхэцгээсэн. Гэхдээ л хүнд эрүүл мэнд хамгаас чухал учраас хаа, хаанаа ойлголцоод асуудлаа шийдсэн.

Эндэхийн газрыг дахин төлөвлөлтөд багтаасан нь Гандангийн дэнжийнхний нэгэн адил хөрсний бохирдол дээд цэгтээ тулсантай л холбоотой байсан.

Одоо энэ аргаар Гандангийн дэнжийг барилгажуулахгүй бол хөрсний бохирдлоос гадна агаарын бохирдол, хог шороо нь дэндэж гүйцлээ. “Гандантэгчинлэн” хийд рүү тал бүрээс нь бохир цацаж байна. Гадныхан ирэхээрээ ямар их цэрвэдэг бол. Бид л бохир заваантайгаа эвлэрчихсэн болохоос биш.

Дөрвөн замаар дээш эргэн Бөмбөгөр рүү явахад яйжийсан шавар тагз, хэзээ мөдгүй нурж унах дөхсөн банзан хашаанууд үргэлжилдэг. Хотынхоо төвд нэвсийсэн гэр хороололтой, тэндээс нь үргэлжид өмхий үнэртэж байдаг хот дэлхийд Улаанбаатар хотоос өөр бий гэж үү. Монголчууд л хэнэггүй нь дэндчихсэн, дээр нь хүний эрх ярьж бие, биедээ томорсоор хот төлөвлөлтөө ч сүйрүүлж, эрүүл мэндээ ч хохироож байна.

Хэрвээ Гандангийн дэнжийг дахин төлөвлөөд орон сууцны хороолол босчихвол их олон айл тохилог сууцанд амьдрах боломжтой болно. Тэр хэрээр яндангийн тоо ч багасаж, агаарын бохирдлыг ч бууруулж чадна.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна