Их сургуулиудад өргөдлөө явуулахад юу хэрэг болох вэ?

2017 оны 1 сарын 17

ЮУН ДЭЭР АНХААРАХ ВЭ?

Сайн байна уу? Дан ганц АНУ гэлтгүй дэлхийн бусад орнуудад боловсрол эзэмших хүсэлтэй Монгол залуус тухайн сургуульд элсэн ороход шаардлагатай зүйлсийг судалж мэдээд түүндээ бэлдэх нь ихээхэн чухал байдаг. Тэгвэл энэ  удаагийнхаа нийтлэлээр дийлэнх их сургуульд өргөдлөө явуулахад шаардлагатай нийтлэг зүйлсийг хувиасаа өгч буй нэг, нэг зөвлөгөөтэй хамтатган  бичье. Мөн ойлгомжтой байлгах үүднээс  дараалалтайгаар орууллаа.

ХИЧЭЭЛИЙН ДҮН

Хамгийн эхний зүйл бол дунд ангид орсон цагаасаа эхлэн анхаарал хандуулах хэрэгтэй сургалтын дүн юм. Зарим хүмүүс гадаадад сурахад ялангуяа тэтгэлэг хүртэхэд хичээлийн дүн тийм ч чухал биш гэж үздэг. Зарим талаараа хүний мэдлэг чадварыг дүн хэмжихгүй ч өргөдөл дээрх дүн чинь C байх A байх хоёрын хооронд маш их ялгаатай гэдгийг санаарай.

Зөвлөгөө: Сайн дүн авахын тулд цаг хугацаагаа сайтар төлөвлөж сурах нь нэн чухал. Жишээлбэл нэг өдөрт та заавал маш олон ажил хийх гэсний хэрэггүй нэг ажлаа л маш сайн гүйцэтгэхийг хичээж улмаар багшийн өгсөн үүрэг даалгаварыг цаг тухай бүрд нь хийж чадвал та сайн дүн авах нь гарцаагүй юм шүү.

ХИЧЭЭЛЭЭС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх, ялангуяа сүүлийн жилүүдэд сайн дурын ажлын үр ашгийг Монгол залуус маш сайн ойлгож олноороо хийх болжээ. Сайн дурын ажлаас гадна олон төрлийн уралдаан тэмцээн, олимпиад, хамрагддаг клубууд гэх зэрэг таны чадварыг хөгжүүлж буй бүх зүйл тооцогдохыг анхаараарай.

Зөвлөгөө: Анзаараад байхад маш олон залууст сайн дурын ажил хийх хүсэл байдаг боловч хаанаас олохоо мэдэхгүй тал байдаг. Монголд ийм төрлийн ажил олох хамгийн сайн эх сурвалж нь одоогоор Ivolunteer.mn гэх цахим хуудас байна. Мөн нэмэлтээр нэг зүйл хэлэхэд та нэг чадвараа л сайн хөгжүүлж түүгээрээ дагнан тууштай явахыг хичээгээрэй!  

ШАЛГАЛТЫН ОНОО

Мэдээж өмнөх нийтлэлүүддээ дурдаж байсан шиг энэ хамгийн анхны шалгуур болж өгнө. Таны сурах гэж буй салбар, сургуулиас тань шалтгаалаад өөр өөр байдаг. Нийтлэг гэх юм бол TOEFL, IELTS, SAT, GRE, GMAT гэх зэрэг шалгалтыг дурдаж болно. Танд сануулахад та өндөр оноотой байлаа гээд өргөдөл явуулж буй сургууль таныг элсүүлж авна гэж бодох хэрэггүй. Босго шалгалтын оноо бол хүсэлт гаргагч хүн болгонд байх хэрэгтэй энгийн л зүйл юм шүү! Тиймээс дан ганц шалгалтан дээрээ анхаараад зогсохгүй бусаддаа ч бас анхаараарай!

Зөвлөгөө: Эдгээр шалгалтыг өгөхөд нэлээд өндөр төлбөртэй учраас аль болох эртнээс системтэй бэлдэж чадвал та хүссэг оноогоо аваад зогсохгүй мөнгөө ч хэмнэх боломжтой.

ТОДОРХОЙЛОХ ЗАХИДАЛ

Энэ бол таныг хувь хүн талаас чинь хэн болохыг гэр бүлийнхнээс чинь гадна таны талаар сайн мэддэг ангийн багш, хичээлийн эрхлэгч гэх  зэрэг хүнээс авдаг тодорхойлолт билээ. Ерөнхийдөө аливаа нэг шагнал урамшуулалд тодорхойлдог тодорхойлолттой зорилго нь адил боловч хэв загварын хувьд шал ондоо байх хэрэгтэй гэдгийг санаарай.  

Зөвлөгөө: энэ захидлыг заавал сургуулийн багш ажилчдаас чинь хэн нэгэн нь бичих хэрэггүй, таныг сайн мэддэг, таны талаар сайн бичиж чадах байх гэж бодсон хүнээрээ бичүүлээрэй!  

ХУВЬ ХҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ ЭССЭ

Энэ таны өргөдлийн хамгийн чухал, хамгийн хүнд мөн хамгийн сайн бодож төлөвлөж байж хийх хэрэгтэй зүйл юм. Монголчууд үүнтэй бага зэрэг танил бус байж болох юм. Энэхүү эссэ нь та хичээл номноос илүүтэйгээр өөр юу хийж чадахаа харуулж болох алтан боломж бөгөөд жишээлбэл та шалгалтны бага оноотой байлаа гэхэд гайхмаар сайн эссэ бичиж чадвал тэр сургууль таныг дуртайяа хүлээн авах болно.

Зөвлөгөө: Маш сонирхолтой эссэ бичихийн тулд эхлээд өөрийн тань ажил амьдралтай холбогдох үнэ цэнэтэй сэдвээ сонгох хэрэгтэй. Энэ нь нэг өдөр л суугаад шийдчих зүйл биш бөгөөд та маш олон хоног бодож, маш олон удаа бичиж туршлагатай хүнээр шалгуулах нь зүйтэй. Их сургуульд тэнцэх эсэх нь 50 хувь энэхүү эссэнээс шалтгаалдаг гэхэд буруудах  зүйлгүй билээ.

Та ямар ч чиглэлээр ямар ч сургуульд орохыг бэлдэж байсан эдгээр 5 зүйлийг сайтар анхаараан эртнээс бэлдэж эхлээрэй! Танд амжилт хүсье!

Д.ТҮШИГТ-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна