Давост очдоггүй, харин уригддаг

2017 оны 1 сарын 18

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

Давосын Дэлхийн эдийн засгийн ээлжит форум өчигдөр /2017.01.17/эхэллээ. Энэ жил Альп хавийн нутгаар харьцангуй хүйтэн жил болж байгаа ажээ. Өнгөрсөн жил цас тун бага унасан бол энэ жил цас ихтэй байгааг Швейцарьт амьдарч байгаа монголчууд хэлж байна. Ялангуяа бүтэн сайн өдрөөс орсон цасны улмаас Давос руу орох зам хальтиргаа гулгаатай байна.

Энэ жил Давост дэлхийн 99 орны 3000 орчим төлөөлөгч ирсэн нь форумын түүхэн дэх хамгийн их оролцогчтой чуулганаар тэмдэглэгдэж байна. Форумын нээлт өчигдөр олны анхааралд байлаа. Форумыг профессор Клаус Шваб болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар нээж үг хэлсэн. Профессор Клаус Шваб бол энэ форумыг үндэслэн байгуулагч. Си Жиньпин дарга энэ форумд БНХАУ-ын даргын хувиар анх удаа оролцож байгаа бөгөөд өмнө дэд дарга байхдаа оролцож байжээ. Си Жиньпин дарга ийнхүү Дэлхийн эдийн засгийн форумыг нээж үг хэлж байгаа нь Хятадын улс төр, эдийн засгийн нөлөө өсөн нэмэгдэж буйн илрэл гэдэгтэй олон хүн санал нэг байна. Хоёр өдрийн дараа тангаргаа өргөх АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трампын баримтлах байр суурь тодорхойгүй, сонгуулийн сурталчилгааны үеэр мэдэгдэж байсан эрс огцом мэдэгдлүүд нь дэлхийд тогтсон хэв журмыг эвдэж магадгүй гэсэн болгоомжлол үүсээд байгаа үед Хятад улсын дарга юу хэлэхийг олон хүн хүлээж байлаа. “Өнөөдөр дэлхий нийтэд тулгараад байгаа саад бэрхшээлийн учир шалтгааныг даяарчлал руу чихэж болохгүй, даяарчлалын үйл явцыг зохицуулах гэж оролдох хэрэггүй, оролдоод ч нэмэргүй. Гагцхүү эдийн засгийн глобальчлалд зохицохын зэрэгцээ удирдан дагуулж, сөрөг нөлөөг арилган,улс орон бүр, үндэстэн бүр үр шимийг нь хүртдэг байх хэрэгтэй” гэсэн Си Жиньпиний мессежийг Давосын Хэвлэлийн төвөөс мэдээллээ дамжуулсан сэтгүүлч бүр онцоллоо. Давосын форумд оролцсоноор Си Жиньпиний Швейцарь улсад хийсэн айлчлал өндөрлөсөн юм.

Энэ жил Давост өмнө байгаагүй олон төлөөлөгч ирсэнийг дээр өгүүлсэн. Дэлхийн эдийн засгийн форум бол гишүүнчлэлтэй байгууллага. Бас форумийн зорилго, үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах түншүүдтэй. Гишүүдийн татвар болон түншүүдийн хандиваас форумын гол орлого бүрдэнэ. Дэлхийн эдийн засгийн форумын 2016 оны орлого 230 сая ам.доллараас давсан бөгөөд үүний 63 хувийг түншлэгч байгууллагуудын хандиваас, 19 хувийг форумын олон төрлийн арга хэмжээнд оролцохын тулд төлсөн төлбөрөөс, 15 хувийг гишүүдийн татвараас бүрдүүлсэн хэмээн ОХУ-ын “Ведомости” сонины форумд зориулсан нийтлэлд дурджээ.

Энэхүү цугласан мөнгөөр жил бүр 2500-3000 хүнийг Давост урин авчирдаг. Эдгээр хүнийг урих ямар хэрэг байдаг юм бол гэсэн асуулт зүй ёсоор урган гарна. Энэ бол мөнгөөр үнэлэгдэх боломжгүй, санаа бодол, байр суурийн чөлөөт орчин юм. Давосын хамгийн үнэ цэнэтэй уламжлал бол энд уригдсан төлөөлөгч ямар ч хяналт, дарамтгүйгээр үзэл бодол, байр сууриа илэрхийлж, энэ чөлөөт хэлэлцүүлгээс асуудлын гол шийдэл, гарц гардагт учир бий. Сониуч хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болдог уулзалтын талаар оролцогчид нь өөрсдөө л хэвлэлд мэдээлэхгүй бол хаалттай хаалганы цаана ямар санаа, байр суурь илэрхийлэгдсэнийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ бүх уулзалт, хэлэлцүүлэг хаалттай гэсэн үг биш гэдгийг онцлон тэмдэглэе. Энэ жил гэхэд 400 гаруй хэлэлцүүлэг болж байна.

Форумаас танийг уриагүй л бол та Давос руу нэвтрэх боломжгүй. Мөнгө шийддэгээр нь Ерөнхий сайд, Сангийн сайд очих байсан юм гэсэн шүүмж, эсвэл би улсын Ерөнхийлөгч юм чинь Давост очно гэсэн гэнэн бодолтой удирдагчид байдаг аж. Өөрийн онгоцоор урилгагүй нисч ирээд Давос хот руу орж чадалгүй буцсан тохиолдол гарч байжээ. Мөн уригдсан ч гэсэн зөвхөн “өөрийн эрх ашгийн төлөө” ажилладаг амиа бодсон зочдод урилга явуулахаа больдог “шийтгэл” хүртэл байдаг ажээ.

Мэдээж урилгыг форумын үнэт зүйлийг тээж авч явж чадах, цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулж чадах эрхмүүдэд илгээнэ. Тиймээс Давост Монголыг төлөөлж, та бидний өмнөөс дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа нутаг нэгтнээ чичлэх биш талархан, бахархах хэрэгтэй.

Форум өгөөжгүй, үр ашиггүй байсан бол 1971 оноос хойш тасралтгүй өнөөг хүртэл зохион байгуулагдахгүй байсан нь лавтай.

Давос, Швейцарь

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна