Аав, ээжийг тань асрамжид авъя

2017 оны 1 сарын 19

Сэтгүүлч:
Д.Цээпилмаа

Асрамж гэхээр “Байдаг л биз дээ, Батсүмбэрт” гэж битгий хэлээрэй. Батсүмбэр дэх асрамжийн газарт цагийн эрхээр хань ижлээсээ өнчирч хоцорсон, асран туслах ах дүү, үр хүүхэдгүй ганцаар үлдсэн, амьдралын бартааг өтөл насандаа туулж яваа ахмад настнууд голчлон очдог. Харин гэртээ үр хүүхдүүдийнхээ хажуу дэргэд байгаа ч үе тэнгийнхнээ үгүйлсэн, гадуур гарч нийгмийн харилцаанд оролцож чадахгүйгээс  ганцаардсан  ахмад настнуудад зориулсан асрамжтай болох тухай ярьж байгаа юм. Ач үрс нь асралтай сайхан хандаж, аав ээжээ өргөж тэтгэлээ ч нийгмээс тусгаарлагдан ганцаардахын зовлонг хэрхэн ойлгох билээ. Үе тэнгийн найз нөхөд нь жил сараар цөөрч, үлдсэн ганц нэгтэй нь очоод уулзъя гэвч ганцаар гарч чадахгүй, гар дахь эрхи, сэтгэл дэх дурсамжаар л сэтгэлээ зогоон ганцаардаж суугаа ахмадууд олон байна.  Тэтгэвэрт гараад удаагүй, хөдөлмөрийн чадвар сайтай, хань жижилтэйгээ хамтдаа байгаа  хүмүүсийн хувьд уйдах ганцаардах нь харьцангуй бага. Үгүйдээ л ач зээгээ асраад, цэцэрлэг, сургуульд нь зөөгөөд, боломжтой зарим нь ажил хөдөлмөр эрхлээд байдаг. Харин 70-аас дээш насныхан, 80 давсан настнуудын хувьд  гэртээ ганцаар үлдэх, гарч орж чадахгүй хөдөлгөөн хязгаарлагдах нь бий. Ханиа алдаж өнчрөхийн зовлон дээр ганцаараа гэр сахиж, өдөржин хөлийн чимээ чагнан хүүхдүүдээ хүлээн суух  амар биш. Чухам тэдэнд хаягласан тохилог орчинтой, найрсаг үйлчилгээтэй, эмнэлгийн ойр зуурын тусламжтай амрамжийн газартай болъё гэж уриалаад байгаа хэрэг.  Асрамж гэхээр буруу ойлгогдоод байвал “Ахмадуудад зориулсан цэцэрлэг, өдөр өнжүүлэх” гэсэндээ ч яахав. Тэнд ахмадууд очиж цагийг зугаатай өнгөрүүлэхийн зэрэгцээ үе тэнгийнхэнтэйгээ хууч хөөрч, тоглож наадаж, залуу насаа дурсаг л дээ. Хөгжингүй орнуудад олнооро байдаг тэр үйлчилгээ манай улсад  орхигдож хоцорсноос  гадна хүмүүсийн дунд буруу ташаа ойлголт байсаар байна. 

АХМАД НАСТНУУД ХҮҮХДҮҮДЭЭС Ч ОЛОН БОЛНО

Дэлхийн хүн ам бүхэлдээ өтөлж, насжиж байна.  Настай хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж, “хөгшин Европ” гэх тодотгол хүртэл бий болсон. 2001 онд дэлхий дээр  600 сая ахмад насатан байсан бол 2025 онд 1.2 тэрбум болж нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ. Тэр дундаа  80-аас дээш насныхан 137 саяд хүрнэ. Ахмад настнуудын 70 хувь нь хөгжиж буй орнуудад аж төрж байгаа бөгөөд ажиллах хүчний тоо эсрэгээрээ буурна гэсэн урьдчилсан таамаг гарчээ. 2050 онд дэлхийн түүхэнд анх удаа настайчууд хүүхдүүдээс олон болно гэж  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ тооцоолсон байна.

Дэлхий нийтэд төдийгүй манай улсад ахмад настны тоо хурдацтай өсч  байна. 2015 оны байдлаар 244162 ахмад настан байгаа бол 2030 он гэхэд 535761 болж, 2015 оныхтой харьцуулахад 2.2 дахин нэмэгдэх юм байна. Тэр үед ахмад настны тоо Монголын нийт хүн амын 12 хувийг эзлэх ажээ.Харин 2056 онд Монголын ахмад настны тоо хүүхдүүдийн тооноос давна гэсэн  таамаглал гарчээ.Монголын хүн амын дундаж наслалт жил ирэх тусам нэмэгдэж өнгөрсөн оны байдлаар 69.89 хүрчээ. Хүйсээр ялгаварлавал эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.84, эрэгтэйчүүдийнх 66.02 байна.  Одоогийн байдлаар Монгол Улсын хувьд хөдөлмөрийн насны 100 хүн бүр 54 хүнийг тэжээж байгаагийн 44 нь хүүхэд, 10 нь хөдөлмөрийн нас хэтэрсэн хөгшчүүд бөгөөд хүн ам зүйн ачаалал нь 54,3 хувьтай байгаа ажээ. Ахмад настнуудын тоо өсөх хэрээр энэ хувь өсч, хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн ачаалал нэмэгдэнэ гэсэн үг. 1960-1980 онд мэндэлсэн хүүхдүүд ахмад настны эгнээг хүчтэй түрж ирэх бол өдгөө цагийн айлын ганц хоёрхон хүүхэд тэр их ачааг үүрч дүүрэхэд бэрх. Чухам тиймээс л ирээдүйн ахмадуудын армийг тэжээж тэтгэх бэлтгэлийг одооноос бодолцох хэрэгтэй байгаа юм.

Сүүлийн жилүүдэд ганц бие ахмадуудын тоо 1.7 дахин нэмэгджээ. Бэлэвсэн эрчүүд  нийт ахмад настны 2.2 хувийг эзэлж буй  бол эмэгтэйчүүдийн  8.7 хувь бэлэврэн үлджээ. Бэлэвсрэл бол ахмад настнуудын хувьд хамгийн том цохилт байдаг ажээ. Өнгөц харахнаа хорвоогийн жам тулгарахад хамгийн хүлээцтэй, тэвчээртэй ханддаг ч өнчрөл хагацал өтөл насанд хамгийн том бэрхшээл байдаг. 

АХМАДУУДЫГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС АВРАХ ГАРЦ

МУИС-ийн судлаачид ахмад настнуудын дунд судалгаа хийжээ. Судалгаагаар  тэтгэврийн насны ахмадуудаар тэжээлгэдэг залуу үеийнхэн эрс нэмэгдсэн нь батлагджээ. Ахмадууд тэтгэврийн мөнгөө  өөрсдөдөө зарцуулж байгаа тохиолдол тун ховор төдийгүй ихэнх нь ар гэрийнхний ятгалгаар тэтгэврээ олон сараар зээлж авдаг гэжээ. Ахмад настнууд тэтгэврээ урьдчилан зээлж аваад хүүхдүүдээ зориулдаг бөгөөд их дээд, сургуулийн сургалтын төлбөр, машин, байрны урьдчилгаа, тэр бүү хэл өр төлөөсийг нь дарахад зориулан өгдөг байна. Багадаа 4-6 сар, цаашлаад 1-2 жилийн хугацаагаар тэтгэврээ зээлээд авчихдаг болохоор ахмадууд өдөр тутмын хэрэглээний мөнгөөр дутаж,  өөрийн хүссэн зүйлсээ худалдан авч чадахгүйд хүрдэг байна. Энэ нь нэг талаараа хүчирхийлэл, хүний эрхийг зөрчиж байгаа хэлбэр гэж судлаачид  үзжээ. Тиймээс тэтгэвэрийнх нь 80 хувийг зээлээр олгоод үлдсэн 20 хувийг нь өөрсдөд нь үлдээдэг байх саналыг дэвшүүлсэн байна.

Ийн эдийн засгийн дарамтаас гадна бие, сэтгэлийн дарамт шахалт ч багагүй болсныг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв /ХЭҮТ/-д хандсан ахмадын тооноос харж болно. Тус төвд жилд 15-18 мянган хүн хандаж байгаагийн хоёр орчим хувь нь ахмад настнууд гэсэн тоо гарчээ. Харьцангуй цөөн мэт боловч ахмад настнуудад эерүү зөөлөн ханддаг, аав ээжийгээ бурханчлан шүтдэг монголчуудын  зан үйлд сэв суусныг илтгээд байгаа юм. Хэдэн жилийн өмнө ээжийгээ “муухай үнэртэй” гээд гэрээсээ хөөсөн эмэгтэйн тухай хэсэг шуугиад мартсан. Өдгөө ч хаа нэгтээ аав, ээжээ адалсан адайр зантнууд байгааг үгүйсгэх аргагүй. Хөөрхий хөгшид зовж яваагаа тэр бүр олонд дэлгээд байдаггүйн дээр хүүхдүүдийнхээ нэрийг сэвтүүлэхээс ихэд болгоомжилдог билээ. Тиймээс ч хүргэн, бэрийнхээ дарамт шахалтаас зугтаж өдөржин автобусаар хотын нэг захаас нөгөө рүү “зугаалдаг”  эмээ, өвөө нар байдаг тухай автобус компанийнхан барин тавин өгүүлж байна. Гудамжинд хөгшдөөрөө гуйлга гуйлгаж амь зогоодог “үр могой”-нууд ч цөөнгүй гэнэ. Энэ мэт жижиг сажиг зовлонгоос ахмадуудыг ангижруулах гарц асрамжийн газар байхыг үгүйсгэх аргагүй.

Нөгөөтэйгүүр настан буурлууд гэдэг өдөр, цагаар доройтож байдаг. Хүүхэд асрахад өдрөөс өдөрт торниж томроод урамтай байдаг бол ахмадуудын хувьд яаж ч хичээгээд буцаж залуужихгүй нь тодорхой. Тиймээс асарч буй хүний урам хугарах нь бий. Аав, ээжийгээ насаараа асраад хамтдаа өтөлсөн хүмүүс олон бий. Тэд сэтгэлээрээ бол баян явдаг ч эцэст нь эргээд харахад хийсэн ажилгүй, хамт олон, найз нөхөдгүй, үнэ цэнээр хомсхон үлдсэн байх нь бий. Энэ мэт бэрхшээлийг туулах бас нэг арга нь ахмадын асрамж байж болох юм. Ажил мэргэжлээ орхин, ахуй амьдралаа золиослон байж ахмадуудаа асрах уу, ажлаа хийгээд олсон мөнгөнөөсөө төлбөр төлөх тохилог орчинд аав, ээжээ мэргэжлийн хүмүүсээр асруулах уу гэдэг сонголтыг үр хүүхдүүдэд нь олгож яагаад болохгүй гэж. Эхний үедээ мэдээж дасаж дадаагүй болохоор ичиж эмээх л биз. Зүгшрээд ирвэл аав, ээжийгээ, өвөө эмээгээ бусдаар асруулах нь ичгэвтэр хэрэг биш болохыг үгүйсгэхгүй. Төлбөр мөнгийг нь өгч, ажлын өдрүүдэд асруулаад амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрүүлдэг байхад болохгүй нь юу билээ.

АХМАДУУДАД ХАЯГЛАСАН ЭМНЭЛГИЙН САНХҮҮЖИЛТЫГ ЦАРЦААЖЭЭ

Гагцхүү асрамжийн газарт мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, настнуудыг гэртээ байгаа юм шиг тохитой байлгахуйц тохилог асрамжийн газар хэрэгтэй байна. Ахмад настнуудад зориулсан тухлаг асрамж одоогоор манай улсад алга. Ахмадуудад зориулсан 60 хүний ортой асрамж маягийн эмнэлгийг Яармагт байгуулахаар суурь тавьсан ч санхүүжилтыг нь царцааж орхиод олон жил болж байна. Захиалагч нь болох Эрүүл мэндийн яам ч тэр барилгыг бараг мартаж байгаа бололтой. Энэ онд эмнэлгийг барьж дуусгах санхүүжилт өгнө гэсэн сураг ажиг гарсан ч баттай хариу гэж итгэхэд бэрх.

Монгол хүний насжилт, ахмад настны эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судлах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эрүүлжүүлэх, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн байгууллагыг мэргэжлийн удирдлага арга зүйгээр хангах, сургалт, сурталчилгаа явуулах чиг үүрэг бүхий нэгэн байгууллага байдаг нь “Геронтологийн  үндэсний  төв” юм. Тус төв 21 аймаг, есөн дүүрэгт салбартай гэдэг ч мэргэжлийн эмч, мэргэжилтнээр байнга цангаж байдгийг Геронтологийн үндэсний төвийн захирал нуусангүй. Хүүхдийн эмч, сувилагч тусдаа байдаг шиг ахмад настанд үйлчлэх мэргэжилтнүүд ч тусдаа байх учиртай юм байна. Гэтэл ахмадууд зориулсан тусгай үйлчилгээ үзүүлдэг эмч нарын хүрэлцээ ямагт дутмаг байгаагаас идэр, дунд насныхантай эн тэнцүү үйлчилж, өвдсөн зовсон үед нь “Наадах чинь насных” гэдэг үгээр ам хааж ирсэн нь харамсалтай. Ганцхан жишээ дурдахад, ихэнх хүмүүс нас ахихын хэрээр мартамхай болж, ой санамж муудах нь хэвийн үзэгдэл гэж ойлгодог. Гэвч ой санамж, тогтоох чадвараа насжилтийн нөлөөнд автуулахгүйгээр хөгжүүлж болдог гэдгийг ахмадуудад ойлгуулах хүн бол ахмадын эмч ажээ.

Энэ мэтчилэн дурдаад байвал ахмад настнуудад тулгамдсан асуудал олон байна. Өөрт байгаа эрхэм бүхнээ үр хүүхэд, ач зээ нарынхаа төлөө сэтгэл харамгүй зориулчихаад тэр хэрийн хайр хүндлэл, ач тус хүртэж чадахгүй байгаа ахмад настнууддаа зориулж нэгэн шинэ үйлчилгээг эхлүүлье. Ахмадуудаа тохь тухтай асрамжтай болгоё.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна