Ц.Элбэгдорж: Торгоны зам төсөлд оролцох Монголын амбиц

2017 оны 1 сарын 20

Швейцарийн Давос хотноо энэ сарын 17-20-ны хооронд зохиогдож буй дэлхийн эдийн засгийн форумын хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 19-ны Пүрэв гаригийн өглөө болсон “Торгоны зам” сэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэлцүүлэгчээр оролцлоо.

Торгоны зам бол Ази-Европыг холбосон эртний чөлөөт худалдааны чиглэлийг сэргээн орчин цагийн дэд бүтцийн шинэ орон зай үүсгэх агуу том төсөл. Хятад улсын манлайлан оролцож буй энэ төсөлд Ази, Дундад Азийн орнууд идэвхийлэн оролцож байгаа юм. Хэлэлцүүлэгт оролцсон Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев “одоо энэ төслийн эхний үр дүнг ярилцах цаг болсон” гээд сайд нарын түвшний уулзалт зохион байгуулахыг санал болголоо. Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Торгоны зам төсөлд байгаль орчны буюу ногоон төслүүдийг ашиглахад анхаарах ёстой гээд Азиас Европ хүрдэг галт тэрэгт сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар одооноос бодох ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн Торгоны зам нь зөвхөн бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг биш мэдээллийн технологийн ашигласан дижитал Торгоны зам байх ёстой гэсэн байр суурийг оролцогчид илэрхийлсэн нь анхаарал татаж байлаа.

Хэлэлцүүлэгчээр оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг хүргэе. “Өнгөрсөн 2016 онд Монгол улсын Ерөнхийлөгч миний бие болоод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар гурван талт уулзалт хийж чухал хэлэлцээр байгуулсан. Энэ нь гурван улсыг холбосон Эдийн засгийн коридор байгуулах тухай юм. Та бүхэн мэдэж байгаа Монгол улс бол ОХУ болон БНХАУ гэсэн агуу хоёр хөршийн дунд хавчуулагдан оршдог улс. Монгол бол асар уудам газар нутагтай, нэг сая 500 мянган хавтгай дөрвөлжин км талбайтай. Харин байгалийн нөөцөөрөө дэлхийн эхний аравт багтах баялагтай. Мөн өнгөрсөн онд Монгол улс АСЕМ буюу Ази-Европын дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч зохион байгуулсан. Дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн энэ уулзалтад ирж оролцлоо. Энэ уулзалтын төгсгөлд бид Улаанбаатарын тунхаг бичгийг гаргасан. Энэ тунхагт бичигт туссан нэг гол сэдэв Торгоны замаар дамжуулан харилцан холбогдох тухай байлаа. Мэдээж Монгол улс энэ том төсөлд оролцох том төлөвлөгөөтэй. Түүхэн улбаагаа авч үзвэл Монгол бол Торгоны замыг үүсгэн байгуулагчийн нэг. Ази-Европыг холбосон чөлөөт худалдааны эх суурь Монголын эзэнт гүрний үед тавигдаж байсан. Та бүхэн мэдэж байгаа Монгол бол эх газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, энэ гүрнийг Чингис, Хубилай хаад удирдаж байсан. Тиймээс Монголгүйгээр Торгоны зам байхгүй гэсэн үг.Тиймээс Торгоны замд оролцох нь Монголын том амбиц юм” гэсэн юм.

Д.НАРАНТУЯА

Швейцарь, Давос

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна