Монголчууд хүлээн зөвшөөрөгдөж чадсан

2017 оны 1 сарын 23

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

Давосын Эдийн засгийн чуулган өндөрлөлөө. Клуас Шваб хэмээх эрхмийн үүсгэн байгуулсан энэ арга хэмжээ 47 дахь жилдээ ийнхүү дэлхийн улс төр, эдийн засаг, бизнесийн томчуудыг Альпийн нурууны бяцхан тосгонд цуглууллаа. Хүмүүн бидний амьдран байгаа дэлхий ертөнцийг яавал илүү сайхан болгож, хүн ардыг амар амгалан амьдруулах вэ гэдгийг энд ярилцдаг. Мэдээж ярьсан шигээ бүх зүйл сайхан болчихгүй, саад бэрхшээл алга болчихгүй ч нүүр нүүрээ харан ярилцаж, шийдэл хайж байгаа нь Давосын форумын гол утга учир. Энэ үйл хэрэгт монголчууд хувь нэмрээ оруулж, дуу хоолойгоо өргөн шоволзож байгаа нь ямар ч байсан бид дэлхийгээс хоцроогүй гэдгийг харуулж байна.

Энэ жилийн форумд Монголоос албан ёсоор хоёр зочныг урьсан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, мөн залуу үеийн төлөөлөл А.Ундрал нар байлаа. А.Ундралын хувьд нийгмийн “Unread Media” компанийг үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд мэдээллийн технологи, спорт, хэвлэл мэдээллийн салбарт идэвхтэй ажилладаг Монголын залуучуудын шинэ үеийн төлөөлөл болсон залуу юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давосын форумд сүүлийн найман жил оролцож байна. Форумыг үүсгэн байгуулагч Клаус Шваб монголчуудын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлдэгээ нэгдүгээр сарын 19-нд Давосын “Интерконтиненталь” зочид буудалд болсон “Монголын үдэш”-т оролцохдоо илэрхийлсэн. Давосын форумын үеэр улс орнууд болон томоохон компаниуд өөрсдийгөө сурталчилсан үдшийг зохион байгуулдаг уламжлалтай. Гэсэн ч тэр олон үдэш болгонд ноён Шваб оролцоод байдаггүй мөртлөө “Монголын үдэш”-т заавал саатаж халуун дулаан үг хэлдэг нь Монголыг тэр дундаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хэрхэн үнэлдэгийн илэрхийлэл. Профессор энэ удаад ч “Монголын үдэш”-т эхнэрийн хамт зочилсон. Улс орны гадаад харилцаа, дипломат бодлогод хувь хүний харилцаа ямар чухал вэ гэдгийг Давосын форум дахь монголчуудын байр сууриас харж болно. Ноён Шваб,  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар эртний найзууд. “Форумыг зохион байгуулсан 47 жилийн явцад би дэлхийн бараг бүх нэр хүндтэй хүмүүстэй уулзаж байсан. Тэр дундаас сэтгэгдэл төрүүлж, хүндлэл хүлээлгэх хэмжээнийх нь цөөн. Зорьсон зүйлийнхээ төлөө тэмцэж чаддаг, эх орон, ард түмэн, ардчиллын төлөө өөрийгөө золиосолж чаддаг нь тийм ч олон биш. Та бол тэдний нэг юм” хэмээн ноён Шваб Монголын Ерөнхийлөгчид хандан хэлсэнийг дамжуулахгүй өнгөрч чадахгүй нь.

Монголчууд Давосын форумын хүрээнд чухам юу хийсэн бэ? Монгол улс байгаль орчин, уул уурхайн чиглэлээр Давосын форумтай идэвхтэй хамтран ажиллаж байгааг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн хэлсэн. Ялангуяа Давосын Усны санаачилгын бүлэгт Монгол улс сүүлийн таван жилийн турш ихээхэн санаачилгатай оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан уул уурхайн хөрөнгө оруулалтын загвар гэрээг боловсруулах ажил бодит ажил хэрэг болоод байна. Уул уурхайн том компаниуд хөрөнгө оруулалтын гэрээг тухайн улс оронд ашиггүй, тэгш бус байдлаар хийж байгааг залруулах шаардлагатай гэсэн байр суурийг Монгол улс илэрхийлсэн юм. Уул уурхайн том компаниудын зарим нь 400-500 хуульчийг ажиллуулж байхад ордоо ашиглуулж байгаа улсад олон улсын гэрээгээр мэргэшсэн хуульч цөөн. Тиймээс гэрээний зарим үг, өгүүлбэрийн цаана ямар санаа нуугдаж байгааг мэдэхгүйгээс ирээдүйд уг гэрээ тухайн улсад ашиггүй байх тохиолдол их байгааг залруулах шаардлагатай гэсэн Монголын санаачилгыг дэмжиж хоёр жил ажилласны эцэст загвар гэрээг бий болгожээ. Энэ загвар гэрээг гурван жилийн өмнөөс олон улсын хэмжээнд ашиглаж байгаа юм.

Мөн Давосын форумын авлигын эсрэг байр суурийг Монгол улс дэмжиж багагүй ажил хийжээ. Ихэнх улс орон авлига авсантай нь тэмцдэг бол Эдийн засгийн форумын баримталж байгаа байр суурь нь өгсөнтэй нь тэмцэх юм. Нэн ялангуяа бизнесийнхэн авлига өгөхөөс татгалзах орчин бүрдүүлэх хэрэгтэй гэж үздэг байна. Энэ чиглэлээр МҮХАҮТ-тай хамтран 170 гаруй компанийг хамарсан аяныг Монголд өрнүүлжээ. Аяны зорилго нь зөвхөн цаасан дээр нэгдэх биш, данс тооцоог ил болгох замаар авлигыг бууруулахад чиглэжээ. Монголын энэ аян Давост сайн жишээний нэгт тооцогддог байна.

Зүүн гараас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, баруун гараас Давосын Эдийн засгийн форумыг үүсгэн байгуулагч профессор Клаус Шваб нар ”Монголын үдэш”-ийг нээж байгаа нь

Давосын форумын хүрээнд хоёр жилийн өмнө Монголын хөгжлийн замын зургийг гаргаж байсан. Дэлхийн том эрдэмтдийн оролцоотой гаргасан энэ баримт бичигт одоо Монголд бий болоод байгаа нөхцөл байдлыг учирч болзошгүй эрсдэл хэмээн анхааруулж байсан байдаг. Тухайлбал, ашигт малтмалын түүхий эдийн үнэ унавал, мөн Хятадын эдийн засгийн өсөлт удааширвал Монголын эдийн засаг эрсдэлд орно гэдгийг анхааруулсан байдаг. Харамсалтай нь тухайн үед монголчууд энэ анхааруулгыг тоохооргүй өөдрөг нөхцөл байдалд байсан учраас төдийлөн ач холбогдол өгөлгүй өнгөрсөн нь харамсалтай хэмээн Л.Пүрэвсүрэн зөвлөх ярьсан.

Давосын форумын үеэр болдог хоёр талт уулзалтуудыг бас дурдах хэрэгтэй. Энэ мэтчилэн Монгол улс Эдийн засгийн форумын идэвхтэй оролцогчийн нэг хэдийнэ болжээ.

Форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Монголчууд Давост өөрийн гэсэн байр сууриа эзэлж, хүлээн зөвшөөрөгдөж чадсан” хэмээн онцлон хэлсэн нь үнэн юм. Одоо харин энэ байр сууриа алдалгүй, хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэн нэгэнт эхэлсэн буухиаг залгуулан авч явах идэвх, санаачилга хэрэгтэй. Энэ удаагийн Давосын форум Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчийн хувиар оролцож байгаа сүүлийн чуулга уулзалт. Түүний гаргаад өгсөн энэ жимээр улам олон монгол хүнийг алхуулж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах нь бидний амбиц байх ёстой. Монголгүйгээр Давос хохирохгүй бол Давосгүйгээр Монгол хохирно.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна