Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ба талуудын байр суурь

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох, ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 06 дугаар тогтоолоор байгуулсан байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр өчигдөр /2017.01.24/ Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Үүний дараа ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар мэдээлэл хийсэн юм. Дүгнэлтэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагаа хууль бус болсон гэж үзээд тухайн үеийн Засгийн газрыг хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж мэдэгдлээ.

Тэрхүү мэдэгдлийн дараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаа эзэмшигч талаас бас мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд “Монголын зэс корпораци” ХХК, Худалдаа хөгжлийн банкны удирдлага, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд оролцсон билээ. Тэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг буцаах асуудал хөндөгдвөл өнгөрсөн хугацаанд гаргасан зардлаа Засгийн газраас нэхэмжилнэ гэдгээ мэдэгдсэн юм. Мөн УИХ-ын гишүүн бүрэн эрхээ ашиглаж хувийн хэвшлийн нэр хүндэд халдаж байна, Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр дуулиант асуудлыг дөвийлгөж “оноо авах” сонирхолтой фракц байхыг үгүйсгэхгүй гэж байлаа.



“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдох асуудлыг шалгасан ажлын хэсгийн төлөөлөл болоод хувьцаа эзэмшигч талын байр суурийг хүргэж байна.
 

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:

-Олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийддэг. Гэтэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-аар хэлэлцүүлэлгүйгээр бие даан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн “Монгол зэс” корпораци “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” компанийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдан авсан. Уг хөрөнгийг “Худалдаа хөгжлийн банк” (ХХБ)-ны захирал болон түүний хүрээллийн хүмүүсийн дөрвөн компаниас зээлжээ. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн “Кю Эс Си” компаниас 62 сая, “Ривер стоун” компаниас 70 сая, “Юнайтед Энержи Систем” компаниас 70 сая болон “Канет” компаниас 68 сая ам.доллар зээлжээ. Өөрөөр хэлбэл, ХХБ нь харилцагчдынхаа мөнгөөр бизнес хийсэн байна. Тиймээс төр “Эрдэнэт”-ийг өөрийнхөө мэдэлд 100 хувь авах ёстой. Мөн ХХБ нь хууль бусаар Монголбанкнаас 200 тэрбум төгрөг, 71 сая ам.доллар зээлсэн. Энэ асуудалд хэлцэл хийх замаар “Эрдэнэт үйлдвэр”-ийг буцааж авах хэрэгтэй.


УИХ-ЫН ГИШҮҮН Ц.НЯМДОРЖ:

-Гуравдагч этгээдэд худалбал 100 сая ам.доллар төлнө гэсэн заалт гэрээнд байгаа юм шиг байна лээ. Энэ бол гуравдагч этгээдэд шилжиж байгаа явдал биш. Засгийн газрын хууль бус шийдвэрийг УИХ хянаж байна. Хойд айлын талаас энэ асуудлаар нэг их юм ярихгүй байх.

Татварын албанаас хийсэн тооцооллоор “Эрдэнэт”-ийн улсад төлөх татвар 223 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байгааг мэдээлсэн. Цаашдаа эдгээр хүмүүс огт татвар төлөх сонирхолгүй байна. Ерөнхийдөө бол мөнгөтэй хүний хүслээр Засгийн газар хөдлөх ёс тогтсон байна.

“Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэрийг энэ хүмүүс 2011 онд 10 жилийн хугацаатай концессийн гэрээгээр авсан. Гэтэл 2015 онд Засгийн газар хөрөнгө оруулагчид нь борлуулах шийдвэр гаргасан. Энийг л таслан зогсоох ёстой. Арилжааны банкууд 12 төрлийн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг. Өөр үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Гэтэл ХХБ-ны удирдлагууд төрийн өмчийг өөрийн болгох үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа Монголын өнгөт металлын салбарыг эрхшээлдээ оруулах үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн Эрчим хүчний салбарт ч хувийн хэвшлийн хяналт тогтоохоор ажиллаж байсан. Тухайлбал, сонгуулийн өмнө Багануурын цахилгаан станц, гурав болон дөрөвдүгээр цахилгаан станцийг авахаар санаархаж байсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“МОНГОЛЫН ЗЭС” КОРПОРАЦИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН М.МӨНХБААТАР:

-Харамсалтай нь ажлын хэсгийн дүгнэлт хэтэрхий нэг талын байр суурийг барьсан байна. Манай компанийн зүгээс дөрвөн удаа ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлт тавьсан. Гэвч бидэнд боломж олгосонгүй. 49 хувьтай холбоотой бүх төрлийн мэдээллийг өөрийн компанийн зүгээс хүргүүлсэн. Дээр нь нэгдүгээр сарын 10-ны өдөр О.Орхон, Да.Ганболд, М.Мөнхбаатар миний бие очиж, ажлын хэсгийн асуултад хариулсан. Бидний хариултыг ажлын хэсгийн дүгнэлтэд тусгаагүй. Нэг талыг барьсан байгаад харамсч байна.

Хоёрдугаарт, ОХУ-ын "Ростех" компанийг 49 хувийн хувьцаа эзэмшигч биш юм шигээр Ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна. Гэтэл 2015.11.22-ны өдрийн УИХ-ын соёрхон баталсан тогтоол байдаг. Үүгээр "Ростех" компани ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг эзэмшиж байгааг хүлээн зөвшөөрөн баталсан байдаг.

Гуравдугаарт, ОХУ-ын "Ростех" компанид 49 хувийг буцаах болвол манай компанийн "Ростех"-д төлсөн 400 сая ам.долларыг буцааж авах тал дээр бид Монгол Улсын Засгийн газарт хандана. Үүгээр зогсохгүй гуравдагч этгээдэд худалдсантай холбоотойгоор торгуулийн 100 сая ам.долларыг ч Засгийн газраас гаргуулахаас аргагүйд хүрнэ. Мөн энэ хэлцэлтэй холбоотойгоор манай компаниас гарсан зардал ирээдүйд олж болох байсан орлого, уг худалдан авалтыг санхүүжүүлсэн хүүний төлбөрийг ч гэсэн Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж авах болно.


“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮН ДА.ГАНБОЛД:

-Эрдэнэттэй холбоотой асуудлаар яриа өрнөөд хэдэн сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудлыг ашиглаж сонгогчдын сэтгэл санаанд нөлөөлсөн. Хэдэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгуульд орох гэж байна. Сонгуулийн босгон дээр янз бүрийн дуулиант хэргүүдийг дөвийлгөж ярьдаг. Энэ асуудлыг улам дэвэргэх зорилготой фракц байхыг үгүйсгэхгүй.

Нэгдүгээрт, Хувьчлалын үеэр гадаадын 4-5 компани өрсөлдөж байсан болохоос "Монголын зэс" корпораци дангаараа байсан юм биш. ОХУ, Монгол Улс хоёр олон жилийн нөхөрсөг харилцааны үр дүнд Оросын талаас бидэнд найр тавьсныг үгүйсгэхгүй. Үүнд дургүйцсэн гадаадын компаниуд ямар нэгэн байдлаар энэ наймааг буцааж, Монголын талыг буруутай этгээд болгон өөртөө ашигтай болгохоор бодож буйг үгүйсгэхгүй. Онолын хувьд ийм зүйл байдгийг өөр олон хувьчлалаас харж болно.

Хоёрдугаарт, Өнгөрсөн жилүүдэд том даргын нэр барьж ороод ямар нэгэн компанийн бараа шахдаг байсан нь хазаарлагдаж байсан. Ямар ч бараа шахсан байсан 20-30 хувийн ашиг олдог гэдгийг бид мэднэ. Гэтэл 15 дахин нугалж өгдөг бизнес байж болохгүй. Ийм бизнес асар их хэмжээгээр хумигдсан. Үүнд дургүйцэж байгаа хүмүүс, сонгуульд ялсан хэргээ гаргаж чадахгүй байгаа хүмүүс, үүнээсээ болж санхүү нь шатаж байгаа хувь хүн, албан байгууллага байхыг үгүйсгэхгүй. Ийм хүмүүс илэрхий бүтэлгүй дүгнэлтүүд гаргаж байгаа нь харагдаж банйа.

Гуравт, Ажлын хэсэгт ямар ч гишүүн орсон хууль зөрчсөн эсэхийг тэд тогтоодог юм биш, магадлалтай гэж ярьж болно. Монгол Улс хуультай. Юу гэж ч хүнийг хараасан, зодолдсон, хэрэлдсэн ч хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй газар бол УИХ гэдгийг та бүхэн мэднэ. Гомдолгүй, хохиролгүй, хохирогчгүй байхад улстөрчдийн амнаас л үүнийг эсэргүүцсэн үг гарч байгааг сонгуультай холбож тайлбарлаж болохоор байна.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна