SAT шалгалтын тухай

2017 оны 2 сарын 7

Монгол залуус гадаадын их сургуулиудад тэтгэлгээр суралцахад тулгардаг томоохон шалгуур болох SAT шалгалтын талаар мэдээлэл орууллаа. Энэхүү мэдээллийг уншсанаараа та SAT гэж юу вэ? Ямар бүтэцтэй вэ? Хэрхэн бүртгүүлэх вэ? Хэрхэн бэлдэж өндөр оноо авах вэ? гээд цогц мэдээллийг авах болно.

SAT-Scholastic Aptitude (Assessment) Test

АНУ-д бакалаврын зэргээр сурахыг горилогчид голдуу ACT аль эсвэл SAT шалгалтын тодорхой босгыг давсан байх шаардлагатай юм. Өнөөдрийн нийтлэлээр та бүхэнтэй SAT хэмээн шалгалтын яг ямар шалгалт болохыг, түүнчлэн хэрхэн үр дүнтэй бэлдэх зэрэг талаар хуваалцах болно. Энэ шалгалтыг Монголд хэд хэдэн газар авдаг, дээрээс нь бэлдэх газар, материал, мэдээлэл элбэг байдаг юм.

ШАЛГАЛТЫН ТУХАЙ ТОВЧХОН...

Энэ шалгалт нь анх 1926 оноос хэрэгжиж эхэлсэн Америкийн их дээд сургуульд, коллежид ороход гол шалгуур болсон, ахлах ангийг төгсөх сурагчдад зориулсан чухал шалгалт билээ. Манайхаар бол конкурс буюу ЭЕШ гэж ойлгож болно. SAT нь Scholastic Aptitude Test үгний товчлол бөгөөд хожим нь Scholastic Assessment Test болгон нэрийг нь өөрчилж байсан байна. Энэхүү шалгалтыг College Board гэсэн хувийн, ашгийн бус байгууллага мөн бид бүхний сайн мэдэх TOEFL шалгалтыг авдаг ETS (Educational Testing Service) боловсролын байгууллагууд хамтран жилд 7 удаа зохион байгуулж авдаг байна. Энэ нь Монголд ЭЕШ-ыг БСШУСЯ-ны харьяа Боловсролын Үнэлгээний Төв бэлддэгтэй төстэй гэсэн үг. Дашрамд хэлэхэд, энэ нь зөвхөн АНУ-д л биш өөр зарим тэтгэлэг хөтөлбөрийн үндсэн болон туслах шалгуур болдог. Жишээлбэл, Японы G-30 олон улсын сурагчдад зориулсан тэтгэлэгт хүсэлт гаргах гэж байгаа бол SAT-ийн оноотой байхад танд том давуу тал үүсдэг юм байна.

ЯМАР БҮТЭЦТЭЙ БАЙХ ВЭ?

Хэд хэдэн удаа шинэчлэлт өөрчлөлт хийгдэж байсан тэрээр хамгийн сүүлд буюу 2016 оны 3-р сараас Redesigned эсвэл NEW SAT авагдаж эхлэв. Энэ нь өмнөхөөсөө ялгарах зүйл ихтэй, амьдралд илүү ойрхон, зарим судлаачид үүнийг сурагчдын хувьд илүү хөнгөвчилсөн байна гэж үзжээ. 

Шалгалтын бүтцийн хувьд Evidence-Based Reading(баталгаанд суурилсан унших даалгавар)Math буюу Тоо гэсэн үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд хэрэв та хүсвэл Optional Essay буюу Эсээ хэсгийг нэмж өгөх боломжтой. Шалгалтын хугацаа 3 цаг бөгөөд Optional Essay сонгосон тохиолдолд нэмэлт 50 минут сууж эсээгээ бичнэ гэсэн үг.

1. Evidence-Based Reading (96АСУУЛТ,100 МИНУТ)

        А. READING (52 АСУУЛТ, 65 МИНУТ)

        ЗАВСАРЛАГАА 10 МИНУТ

        B. WRITING (44 АСУУЛТ, 35 МИНУТ)

2. Math (58АСУУЛТ, 80 МИНУТ)

        A. NO CALCULATOR (20 АСУУЛТ, 25 МИНУТ)

        ЗАВСАРЛАГАА 5 МИНУТ

        B. CALCULATOR PERMITTED (38АСУУЛТ, 55 МИНУТ)

3. Optional Essay(1УНШИЖ БИЧИХ ДААЛГАВАР, 50 МИНУТ)

ХААНА, ХЭЗЭЭ, ТӨЛБӨР?

Энэ шалгалтыг өгөхийн тулд АНУ ч юм уу өөр нэгэн гадаадын улс орныг зорих шаардлагагүй ээ. Монголдоо SAT шалгалтыг өгөх боломжтой. Тодруулбал, Улаанбаатар хотод International School of Ulaanbaatar, Jet School of English, EDEX гэсэн 3 газрын аль боломжтойд нь шалгалтаа өгнө. Ингэхдээ та www.collegeboard.org цахим хуудсаар дамжуулж өөрийн гэсэн хаягаа нээн онлайнаар болон цаасан хэлбэрээр (ихэвчлэн онлайнаар) бүртгүүлнэ. Шалгалт болохоос ойролцоогоор 1 сарын өмнө бүртгэл дуусдаг тул эртхэн бүртгүүлвэл зүгээр байдаг. Учир нь оройтож бүртгүүлсэн шалгуулагчид нэмэлт төлбөр төлөх тохиолдол гардаг. Бүртгэлийн хураамж $45 байдгийн дээр Зүүн Азийн шалгуулагчид $53 нэмж төлдөг. Хэрэв Optional Essay хэсгийг өгнө гэвэл нэмэлтээр $12 төлөх юм байна. Ерөнхийдөө Монголд 98-110 ам.доллараар энэхүү шалгалтыг өгнө гэж ойлгож болно.

2016/17 хичээлийн жилийн шалгалтын хуваарь*:

  • 2016 оны 10-р сарын 1, 11-р сарын 5, 12-р сарын 3,
  • 2017 оны 1-р сарын 21, 3-р сарын 11, 5-р сарын 6, 6-р сарын 3

*Дэлгэрэнгүйг https://collegereadiness.collegeboard.org/sat/register/dates-deadlines

ШАЛГАЛТЫН ӨДӨР ЮУН ДЭЭР АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Тухайн газрын цаг агаарын онцлог, онцгой байдал зэргээс шалтгаалж шалгалтын хугацаанд бага зэрэг өөрчлөлт гарах тохиолдол байдаг. Гэхдээ тийм тохиолдолд шалгалтын газрынхан танд заавал урьдчилж мэдэгдэх тул санаа зовох зүйлгүй.

  • Шалгалтын танхимд иргэний үнэмлэх, гадаад паспорт эсвэл төрсний гэрчилгээтэй (16 нас хүрээгүй тохиолдолд), дээрээс нь Admission Ticket-ээ хэвлэн шалгалтын турш биедээ авч явах.
  • Ойр зуурын хөнгөн зууш, ус, чихэр авч орж болно. Ингэхдээ зөвхөн заасан газар, завсарлагаагаар идэж уухыг зөвшөөрнө.
  • 2В хэмжээтэй харандаа, баллууртай байх. Үзүүрлэгч авч орохыг мөн, харандаанаасаа хоёр ширхгийг авч орохыг зөвлөж байна.
  • Зөвхөн зөвшөөрөгдсөн тооны машин авч орж болно. Жиш: Scientific, Graphic тооны машинууд болно. Шалгалтын эхний гурван хэсгийн туршид тооны машин таны ширээний доор байж байна. Сүүлийн хэсэг эхлэнгүүт шалгагч тооны машин ашиглаж болохыг зөвшөөрсөн үед л гарган хэрэглэх боломжтой. Энэ талаар илүү дэлгэрэнгүйг www.collegeboard.org хуудаснаас уншаарай.
  • Шалгалт ойролцоогоор 8:30-9:00 цагт эхэлнэ. 7:45 гээд хаалгаа нээж эхлэх тул эртхэн очиход илүүдэхгүй.
  • Мэдээж ямарваа нэгэн электрон төхөөрөмж (ухаалаг цаг, утас, чихэвч г.м) авч орж ашиглахыг хориглоно. Гар утсаа унтраасан байх шаардлагатай.

ОНОО

Шалгалтын хариу ихэвчлэн ойролцоогоор 1 сарын хугацааны дараа гардаг. Оноогоо цахимаар харна (Хүсвэл энгийн шуудангаар авч болно). Ингэхдээ тусгайлан гаргасан хүснэгтийн дагуу таны оноо тооцогдоно. Бэлдэх явцдаа угаасаа өөрийгөө шалгах замаар хэрхэн оноо тооцох үйл явцыг ойлгож авах боломжтой байдаг. Шалгуулагч нь 400-1600 онооны хооронд дүгнэгдэнэ. Хэсэг бүр дээр “карманы” 200 оноотой гэж ойлгож болно. Монголын ЭЕШ мөн адилхан тийм байдаг. Evidence-Based Reading хэсэг дээр 200-800, Math хэсэг дээр мөн 200-800 оноо авч нийлбэр дүн тооцогдох болно. Optional Essay нь тусдаа дүгнэгдэх ба хоёр шалгагч таны эсээг уншиж гурван төрлөөр (Reading буюу унших чадвар, Analysis буюу анализ хийх чадвар, мөн Writing буюу бичих чадвар) 2-8 оноогоор тус тус дүгнэх болно.

БЭЛТГЭЛ, ЗӨВЛӨГӨӨ

Даяарчлагдсан нээлттэй нийгмийн ач гавьяагаар та л хүсэх юм бол ямар ч төрлийн мэдээ мэдээлэл, хэрэгтэй материалыг цахимаар олоход хялбар юм. Гэхдээ тэр болгон бас үр дүнтэй байгаад байдаггүй гэдгийг бодох нь зүйтэй. 

  • KhanAcademy нь CollegeBoard-тай хамтарч ажилладаг үнэгүй видео хичээл тавьдаг сайт билээ. Энэ сайтын гишүүн болсноор та SAT-ийн үнэгүй хичээл авахаас гадна төлөвлөгөөгөө боловсруулж, тодорхой сул хэсгээ сайжиртал бэлдэх бүрэн боломжтой.

  • Дээрх сайтад байдаг 6 ширхэг Practice Test жинхэнэ тесттэй тун төстэй байдаг тул эхлээд нэгийг нь туршилтын журмаар заавал өгч үзэх хэрэгтэй. Энэ нь таныг ямар төвшинд байгааг чинь тодорхойлж өгөхөөс гадна цагаа хэрхэн яаж зарцуулах тал дээр баримжаатай болж авна гэсэн үг.

  • Шалгалтад орохоосоо өмнө дээрх 6 тестийг заавал хийж дуусгахыг зөвлөж байна. Зарим номууд дээр байдаг тестүүд хэт амархан эсвэл хэт хэцүү байдаг болохоор хүүхдүүд жинхэнэ шалгалт дээр хүссэн оноогоо авч чаддаггүй тохиолдол гардаг.

  • Хэдийгээр шинэ SAT-д үг шалгах асуултууд олноороо байхаа болчихсон ч үг мэдэж байх нь оноогоо ахиулах гайхалтай боломж. Танд Direct Hits-ийн үгнүүдийг цээжилж ороорой гэж зөвлөе. PrepScholar.com сайтад флашкарт маягаар 200 гаруй үг үнэгүй бэлдэж өгчихсөн байгаа.

  • Шалгалтаа цаасан дээр өгөх тул аль болох цаасан дээр хийж байхыг зөвлөмөөр байна.

  • Тооны машинтай сайн ажиллаж сураарай. Зарим шалгуулагчид шалгалт болох өдөр Graphic Calculator барьж ирчхээд ашиглаж мэдэхгүй байсаар цагаа алдах тохиолдол гардаг.

  • Та тоондоо сайн байж болно. Гэвч шалгалт англи хэл дээр явагдах тул тодорхой хэллэгүүдийг зайлшгүй мэдэх шаардлагатай.

  • Монголд см, м-ээр уртыг хэмждэг бол АНУ-д инч, футээр, манайд шингэн зүйлийг литрээр хэмждэг бол тэнд баррел гэх жишээний. Иймхэн зүйлээс болж мэдэж байгаа зүйл дээрээ алдвал хайран юм болно.

  • Бэлтгэл дээрээ аль болох шалгалт өгч байгаа юм шиг хийгээрэй. Шаблон бөглөх бас амаргүй. Зөрүүлэх, буруу бөглөх, илүү гаргах, дутуу бөглөх зэрэг асуудлууд бий шүү. Таны бодолт, тэмдэглэгээг ер авахгүй, гагцхүү таны шаблоныг автомат машин уншина гэдгийг санаарай.

  • Номын хувьд: Erica L.Meltzer зохиогчийн номууд их зүгээр санагдсан. The Critical Reader, The Ultimate Guide to SAT Grammar зэрэг номтой. Мөн The Princeton Review-ийн 500+ Practice questions for the NEW SAT ном нь их энгийн хэллэгээр бичигдсэн байдаг. Дээрээс нь мэдээж CollegeBoard-ийн өөрсдийнх нь гаргадаг The Official SAT Guide-ийг туршиж үзэхэд илүүдэхгүй.

  • Нэмэлтээр: Зөвхөн монголчуудад биш зарим америк уугуул иргэдэд ч Evidence-Based Reading хэцүү байдаг бөгөөд цаг нь бага зэрэг давчуу байх асуудал үүсдэг. Энэ нь таны академик унших чадварыг шалгадаг хэсэг учраас хэр их академик эх уншина, тэр хэрээр сайжирна л гэсэн санаа.

А. SAT бүтэц шинээр өөрчлөгдсөн ч гэсэн хуучин SAT эхүүдийг уншиж нүдээ дасга, ядаж унших хурдаа сайжруул, ойлгож унш, шаардлагатай бол тэмдэглэгээ хий.

Б. Интернет ашиглан The Reason, Time, Harvard Business Review, The Economist, Guardian, The Wall Street Journal, The Independent зэрэг сэтгүүлүүдийн мэдээ, нийтлэлүүдийг тогтмол уншиж бай, шаардлагатай бол сошиалаар дагах байдлаар өөртөө ойр байлга.

  • Шинэ SAT 200-300 жилийн өмнөх нийтлэлүүд, тухайн үеийн уран зохиол, түүх, нийгмийн талаарх эхүүдийг оруулж ирдэг болсноор онцлогтой. Тухайн үеийн англи хэл одоогийнхтой 100% адилхан биш гэдгийг санаарай. Тэгэхээр урьдчилж тухайн үеийн тодорхой үг хэллэг, түүх нийгмийн бага зэрэг мэдлэгтэй байхад илүүдэхгүй биз ээ.

  • Шинэ SAT-гийн өөр нэг онцлог нь та буруу бөглөсөн тохиолдолд хасах оноо авахгүй, зүгээр л 0. Тэгэхээр шаблоноо хоосон орхиж болохгүй. Чадлаараа хийчхээд, мэдэхгүй асуултаа “ухаалаг” аргаар тааж үзэхийг оролдоорой. Бүр болохгүй бол дуртай үсгээ бөглөж явуулах нь хоосон явуулснаас лав дээр байдаг шүү.

  • Хувиараа бэлдээд ахиц муутай байвал богино хугацааны багштай болох хэрэгтэй байх. Монголд үйл ажиллагаагаа явуулдаг маш олон сургалтын төвүүд бий. Тэдгээрээс өөртөө тохирох сургалтын төвийг сонгон хичээллэх боломжтой. Тэгэхдээ хамгийн гол нь 99% таны ИТГЭЛ, СЭТГЭЛ, ЗҮТГЭЛ-ээс шалтгаална гэдгийг бүү мартаарай.

  • Шалгалтын өдөр сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй орох хэрэгтэй. Өмнөх өдөр нь маш бага давталт хийгээд, шалгалтын “паник”-ээс ангижирч бүтэн нойр авах чухал байдаг. Өглөөний цайгаа заавал ууж, хөнгөхөн шиг хооллож очоорой. Зөвлөхөд гадил жимс, цэвэр шоколад идвэл анхаарлаа сайн төвлөрүүлэхэд тань тусална.

Товчхон танилцуулахад ийм байлаа. За тэгээд амжилт хүсье!

Д.ТҮШИГТ-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна