“Шонхор”-оос “Шонхор”-т шилжсэн тамга

2017 оны 2 сарын 12

Хоёр сарын өмнө намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар тодруулах түүхэн сонголт хийсэн ардчилагчид өнөөдөр VII их хурлаа эхлүүлж байна. Их хуралд 2700 орчим төлөөлөгч оролцож буй.

Энэ удаагийн хурлаар Ардчилсан намын дарга З.Энхболд шинэ дарга С.Эрдэнэд тамгаа шилжүүлж өгнө. Фракц нэгтэй учраас Ардчилсан намын тамга “Шонхор”-оос халихгүй.

Зарчмын нэг ялгаа байгаа нь З.Энхболд 228 гишүүний бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрээр Ардчилсан намын дарга болсон бол С.Эрдэнэ 168 мянган гишүүний сонголтоор тодорсон. Мөн З.Энхболдыг Ардчилсан намынхан хэзээ ч суудлаас нь авч хаяж мэдэх эмзэг байсан бол С.Эрдэнийн хувьд бүрэн эрхээ дөрвөн жилээр баталгаажуулж авна.

Өнөөдрийн их хурлаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсний нэг нь намын даргыг батламжилж, зарим нэг бүтцийн шинэчлэл хийх бол хоёр дахь нь Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийн төслийг хэлэлцэн, зарим хэсгийг батална. Батлагдах дүрмийн зарим заалт нь Ардчилсан намын шинэ дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, энэхүү батлагдах намын дүрмээр УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүн хэрхэн гарахаас шалтгаалж, С.Эрдэнэд хариуцлага тооцох эсэх асуудал хөндөгдөхөөс биш өөр бусад шалтгааныг шалтаг болгоод фракцууд нийлж байгаад намын даргыг огцруулах хор найруулах боломжгүй.

Зөвхөн намын дарга өөрөө хүсэлтээ гаргавал хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалт дүрмийн төсөлд тусгасан. Иймээс өнгөрсөн 20 гаруй жил Ардчилсан намыг удирдаж ирсэн дарга нарын эрх ямбатай харьцуулахад шинэ даргын суудал илүү тогтвортой байх юм.

Их хурлаас Ардчилсан намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг сонгох тухай сонсогдож буй. Дүрэмд зааснаар хоёр дэд даргатай байна. Нэг дэд даргыг эмэгтэйчүүдийн байгууллагаасаа санал болгоно гэдгээ нэлээн эрт Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга С.Одонтуяа мэдэгдсэн. Одоогоор хоёр нэр яригдаж байгаа ч баттай гэж хэлэхэд эртдэнэ. Гэхдээ бас магадлал байгаа. Үүнд УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, УИХ-ын дарга асан З.Энхболдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан О.Байгалмаа нар юм. Нөгөө нэг дэд дарга нь хэн байх вэ гэдэг тодорхойгүй.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгоно. Гар нийлж ажиллаж чадахаас гадна туршлага харна гэх яриа бий.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн баасан гаригт ээлжит бусаар хуралдаж, бүлгийн даргаа сонгосон. Өнгөрсөн дөрвөн жил эрх баригч хүчин байх үед Ардчилсан намын бүлгийг удирдсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатад С.Эрдэнэ бүлгийн даргын тамгаа шилжүүлсэн нь фракц харахаас илүүтэй мэдлэг, чадвар, туршлагыг илүүд үзэв үү гэдэг үнэлэлт, дүгнэлтийг улстөрийн хүрээнийхэн хийгээд байгаа.

Иймээс Ардчилсан намын шинэ дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд томилгоог хийхдээ бүлэглэл, фракц дагуулахаас илүүтэй тухайн ажилд томилогдох хүн нь чадвартайгаас гадна ажлын ачааллыг даагаад авч явж чадах уу гэдэг шалгуур тавьж эхэлсэн байж мэдэхээр байгаа.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна