LIVE: АН VII ИХ ХУРАЛ

2017 оны 2 сарын 12

Эрэмбэлэх:
17:45 2017.02.12

Генсекээ томилж чадалгүй их хурлыг өндөрлүүллээ

Ардчилсан намын VII их хурал дөнгөж сая өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар намын дүрэм, Ардчилсан намын даргыг ёсчлон баталж чадлаа.

Мөн анхан болон дунд шатны намын удирдлагуудыг шинэчлэх, намын Үндэсний зөвлөлдөх хорооны нэр, гишүүдийг өөрчлөн Үндэсний бодлогын хороо болголоо. Ингэснээр өмнөх Үндэсний зөвлөлдөх хороо Үндэсний бодлогын хороо болж нэрээ өөрчлөн, 380 төлөөлөгчтэй боллоо.

Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг шинэ даргад өглөө. С.Эрдэнэ дарга өнөөдөртөө багтаан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг оруулж, батламжлуулна гэх тайлбарыг үдээс өмнөх хуралдааны үеэр өгч байсан ч чадсангүй.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад Ц.Тувааныг томилно гэсэн мэдээлэл байгаа ч МоАХ-аас Г.Байгальмааг томилуулах хэлэлцээг эхлүүлсэн тухай яриа дуулдаж байна.

Ингэхдээ шинэ даргад эрхийг нь өгсөн тул ирэх долоо хоногт багтан Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга тодорхой болох аж.

Дээрх хуралдаанаас Ардчилсан намын VIII их хурлыг тавдугаар сарын эхээр хийхээр товложээ.

16:56 2017.02.12

ФОТО: АН-ын их хуралд ирсэн зочид

15:47 2017.02.12

Шинэчлэлд үг нэмсэн төлөөлөгчид

Ардчилсан намын VII их хуралд оролцож байгаа зочдын байр суурийг хүргэе.


“С.Эрдэнэ намын шинэчлэлийг хийж чадна”

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал

Намын даргын сунгааг бид хэд хэдэн удаа хийж байсан. Энэ бүх сунгааны сургамжийг авч, шинэлэг хэлбэрээр намын даргаа сонголоо. Энэ удаагийн намын даргын сунгааг дүгнэх, шинжлээд үзвэл сургамж авах зүйл бий. Гэхдээ намын удирдлага анхан шатны гишүүдтэй шууд харьцаж, сонгогддог цоо шинэ механизмаар ажиллаж болох юм байна гэдгийг харууллаа.

Бусад улс төрийн намууд ч санаа авч, хэрэгжүүлж болох юм байна гэдгийг харуулж өглөө. Үүгээр асар их түүхэн ач холбогдолтой шинэчлэл болсон. Шинэчлэл бол урт хугацаанд үргэлжлэх процесс. Ер нь аливаа амьд организм байнга шинэчлэгдэж, өөрчлөгдөж байдаг. Намын дарга солино гэдэг нэг л ажил. Магадгүй хийх шинэчлэл дотроо хамгийн хялбар ажил нь байсан байх.

Мориноос буулгүй дэлхийн талыг эзлэх амархан, мориноос буугаад төвхнүүлэх нь их хэцүү гэж үг бий. Намаа төлөвшүүлэх, намын анхан, дунд шатны байгууллагуудын үүрэг, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх нь их чухал ажил. Нэг талаар С.Эрдэнэ энэ ажлыг гардан зохион байгуулж чадна гэж би үзэж байна.

Намын өнөөдрийн хурлаар намын дүрмийн өөрчлөлт буюу намын дунд, анхан шатны өөрчлөлтийг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, аймгийн намын хороог хэрхэн бүрдүүлэхээ тодорхой болгоно. Бидний баримталж байгаа нэг чухал асуудал бол намын анхан, дунд шатны байгууллагын гишүүдээс шууд асууж намын удирдах байгууллагаа бий болгодог байх. Үүнийг л VII их хурлаар баталгаажуулж өгөх юм.


“АН УИХ-д чанартай эмэгтэйчүүдээ бэлтгэнэ”

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл

Намын дүрмийн төслийг маш удаан хугацаанд намын бүх гишүүдээр хэлэлцүүлсэн. УИХ-ын сонгуулийн дараагаас намын шинэчлэл эхэлсэн. Ардчилсан нам бүх гишүүдийн оролцоотойгоор шинэ даргаа сонгосон.

Намын бүх шатны удирдлагуудыг шинэчлэх, томилох асуудал дэс дараатайгаар хийгдэнэ. Ардчилсан намын дүрмийн дагуу эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь гэсэн өөдрөг үзэлтэй байна. Үндэсний бодлогын хорооны гишүүдэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, оролцоо нэмэгдэж байна. Ардчилсан нам УИХ-д чанартай эмэгтэйчүүд бэлтгэх ажлаа эхлүүлж байна.

Мөн намын шинэ дарга С.Эрдэнэ өөрөө эмэгтэйчүүдэд ээлтэй улстөрч. Эмэгтэй гишүүдээ дэмжих, манлайллын түвшинд гаргаж ирдэг учраас эмэгтэйчүүдийн итгэлийг төрүүлж байна.

15:13 2017.02.12

АН-ын их хурал үргэлжилж байна

Ардчилсан намын VII их хурал нээлттэй горимоор үргэлжилж байна. Тус хурлаар Ардчилсан намын дүрмийн төслийг хэлэлцэж буй юм.

Дүрмийн төслийг хэлэлцэж, баталсны дараа Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно.

Намын дүрэмд заасны дагуу Ардчилсан намын дарга ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгоно.

15:11 2017.02.12

С.Эрдэнэ: Ерөнхий нарийн бичгийн даргыг өнөөдөр сонгоно

Ардчилсан намын дарга С.Эрдэнийг өнөөдөр намын VII их хурлаар ёсчлон баталлаа. VII их хурлаар мөн намын дүрмийн төсөлд өөрчлөлт оруулах тогтоолын төсөл баталж байгаа. Намын даргын тамгаа хүлээж авсан шинэ дарга С.Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Намын даргын хийх эхний ажил юу байх вэ?

-Ардчилсан намыг нэг цул болгохын төлөө ажиллана. Нам фракц, бүлэглэлд хуваагдсан, хэрүүл талцалтай, хуваагдсан байдлаас салж, улс орны тэргүүлэгч хүчин болгохын төлөө ажиллана.

-Намын дүрмийн төсөлд ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-Ардчилсан намын шинэчлэлийн анхны алхам амжилттай болж байна. Өнөөдрийн хурлаар АН-ын дүрмийн өөрчлөлт батлах ёстой. Ингэснээр намын анхан дунд, шатны намын үүрийн дарга нар өөрчлөгдөж эхэлнэ. ҮЗХ отгон хуралдаанаа хийж, их хурлаар хэлэлцэх асуудлаа батлаад албан ёсоор тарсан. ҮЗХ-г Үндэсний бодлогын хороо нэртэйгээр өөрчилж, 380 төлөөлөгч бүхий бодлогын том хороо байгуулагдана. 338 үүрийн дарга нар, аймаг, хороодын тэргүүлэгчид шинэчлэгдэхээс гадна аймаг, дүүргийн намын дарга нарыг шинээр томилох зэрэг намын шинэчлэлийн хоёр дахь том ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна. Түүнээс гадна АН-ын дараагийн их хурлаар Үндсэн дүрмийг эцэслэн батална. Энэ хугацаанд Үндсэн дүрэмд хийх зохицуулалт, Үндсэн дүрмийг хийх ажлын хэсэг байгуулж, хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцүүлэх шаардлагатай байгаа.

-Намын ерөнхий нарийн бичгийн даргыг хэзээ тодруулах вэ?

-Өнөөдөр үдээс хойш дүрэм батлагдсаны дараа Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг ярилцана. Дүрэм батлагдсаны дараа намын дарга санал болгосноор Ерөнхий нарийн бичгийн даргыг VII их хурлын төлөөлөгчид сонгоно.

-Намын даргыг сунгаагаар тодруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сунгаагаар тодруулах уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу намаас нэр дэвшигчийг тавдугаар сарын 1-ээс 7-ны хороонд тодруулах ёстой. Бид энэ хугацаанд бүх гишүүдээс санал авах замаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна. Бүх гишүүдээс хамгийн олон санал авсан хоёр хүнийг намын VIII их хурлаар нууц санал хураалтаар тодруулна. Өөрөөр хэлбэл, хоёр үе шаттайгаар нэр дэвшигчийг тодруулахаар төлөвлөж байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Ш.ЧИМЭГ

13:04 2017.02.12

С.Эрдэнэ: Бид ялна

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гишүүддээ хандаж үг хэллээ.

Тэрбээр “1989 оны жавар тачигнасан өвлөөс эхлэн та бид ардчиллын үнэт зүйлийнхээ төлөө тэмцлээ. Өөрчлөн байгуулалтыг хийх түүхэн замналыг туулахад амар хялбар байгаагүй.

Ардчиллын үнэт зүйлийн төлөө тэмцэж явсан олон журмын нөхөд маань өнөөдөр алга.

Бид өнөөдөр түүхэн шалгуурын өмнө ирчихээд байна. Монголын ардчиллыг авч явах хариуцлага шалгуур ирээд байна.

Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хариуцлага дээр ирчихээд байна.

Өнөөдрийн эрх баригч хүчин монголчуудын хүсэн хүлээж байгаа ардчилал, хүний эрх чөлөө, улс орны хөгжлийг авч явах бодлого байхгүй юм байна гэдгийг бид хангалттай харлаа.

Бид ардчиллын салхийг хагалж, нэг намын дарангуйлал тогтсон харанхуй нийгмээс улсаа гаргаж чадсан улстөрийн хүчин. Цаашид ч түүчээлэх үүрэг Ардчилсан намд хэвээр байгаа юм байна гэдгийг харж байна.

Хөгжлийг түүчээлэх үүргээ биелүүлэх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та нарынхаа захиа даалгаврыг биелүүлж, ажиллана. Ахмад, залуу, дунд гурван үеийн төлөөллийн хэлхээсийг хангаж, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах болно.

Ардчилсан нам шинэчлэгдэхийн хэрээр Моногл орон хөгжинө.

Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг Ардчилсан нам авчирч чадна. Бүх шатны сонгуульд ялалт байгуулахын тулд асар их үүрэг хариуцлага хүлээж байгаа.

Хамтаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах болно. 2020 оны УИХ ын сонгуульд ялах болно. би Ардчилсан намын 180 мянган гишүүндээ итгэж байна, би Монголын ард түмэнд итгэж байна. Бид хувийн хэвшлийг хүндэтгэдэг нийгмийг бий болгоно” гэлээ.

Э.Бат-Үүл: Ийм сунгаа хийж чаддаг нам Монголд байхгүй

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл: С.Эрдэнээд өмнөх намын даргаас илүү эрх мэдэл, итгэл найдвар очиж байгаа. Монголд хэзээ ч урьд өмнө ийм олон гишүүдийнхээ саналаар намын дарга болсон жишиг байхгүй, С.Эрдэнэ анхдагч нь.

Монголд ийм сунгаа хийж чаддаг нам хаана ч байхгүй. Коммунист нам байснаа нууж явдаг МАН хэзээ ч ийм сунгаа хийж чадахгүй. Компанийн нам болж байсан нам хэзээ ч ийм сунгаа хийж чадахгүй. Бүс нутагт ч ийм нам байхгүй гэдгийг бардам хэлж чадна.

Бидний өмнө улс төрийн том зорилго тавигдсан. Олигархын тогтолцоог халах том тэмцлийн өмнө зогсож байна. Тийм учраас амаргүй бэрх зорилт байгаа. Гэхдээ ард нь 180 мянган гишүүд жагсаж байхад ялагдана гэж байхгүй.

Сэтгэлгээний шинэчлэл рүү явах ёстой

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр: Нээлттэй нам болох шинэчлэлийг та бид бүгдээрээ эхлүүлж чадлаа. Одоо сэтгэлгээний шинэчлэл рүү явах цаг нь болсон. Бид Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө зөв хүмүүжилтэй, зөв боловсролтой, хөдөлмөрийг танхин шүтдэг хүмүүсээ манлайлах ёстой юм. Цаашдаа сэтгэлгээний шинэчлэлийн төлөө явцгаая.

Маш том хариуцлага үүрлээ шүү анд аа. Бид 50 нас гарчихлаа. Амбиц хувиа бодох юм байхгүй, эх орныхоо төлөө, иргэдийнхээ төлөө хамтдаа явцгаая С.Эрдэнэ ээ.

Одоо Ардчилсан намын их хурал түр завсарлаад байна.

12:25 2017.02.12

З.Энхболд чөлөөлөгдөж, С.Эрдэнэ дарга болов

Их хуралд оролцож байгаа төлөөлөгчид Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг батамжиллаа.

Ингэснээр Ардчилсан намын дарга З.Энхболд чөлөөлөгдөж, С.Эрдэнэ шинэ дарга боллоо. Шинэ даргын нэрийг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх даалгаврыг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болголоо.

Мөн Ардчилсан намын тамгыг шинэ дарга С.Эрдэнэд гардуулан өглөө. Тамгыг гардуулахад нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар биечлэн оролцлоо.

Ардчилсан намын дарга З.Энхболд тамгаа шилжүүлж өгөхийн өмнө үг хэлэв. Түүний үг гишүүдийнх нь анхаарлыг татаад байна.

Тэрбээр “Ардчилсан нам фракц бүлэглэлийн барьцаанаас өөрийгөө чөлөөлж чадлаа. Бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, хүний нөөцийн томилгоо хийхээс эхлээд намынхаа хурлыг хийхэд хүртэл фракцтай зөвшилцөж, тэдний эрх ашиг нийцүүлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэдний эрх ашигт нийцэхгүй бол асуудлыг шийдвэрлэх ирц хүрэхгүйд хүрдэг байдлаас Ардчилсан нам салж чадлаа.

Энэ удаагийн их хурлын зардлыг фракц бүлэглэл, олигархууд, оффшорчдоос авахгүйгээр, нийт жирийн гишүүдийн хандиваар бүрдүүлсэн гэдгээ хэлэхэд таатай байна.

Ардчилсан нам үүд хаалгаа нээж чадлаа. Намын анхан ба дунд шатны байгууллагыг өөрийн хүрээллийн хэдхэн хүнээр бэхжүүлж, үүд хаалгаа хаадаг тогтолцоо өнөөдрөөс эхлэн нурж байна. Ардчилсан нам шинэчлэлийг ингэж эхлүүлж, ардчилал шинэчлэлийн үлгэр дуурайлал болж ирсэн урьдын ололт, гайхамшигтай туршлагаа дахин давтлаа. Энэ шинэчлэлийг хийж чадсан нийт гишүүддээ баярлалаа” хэмээсэн юм.

Тус хуралд Ардчилсан намын лидерүүдээс Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нарын олон гишүүн оролцож буй. Харин Ч.Сайханбилэг, Н.Алтанхуяг, С.Баярцогт нар ирээгүй байгаа юм.

11:52 2017.02.12

2854 гишүүн санал өгөх эрхтэйгээр оролцож байна

Ардчилсан намын VII их хуралд санал өгөх эрхтэй 2854 гишүүн оролцож байна. Тэднээс 40-өөс дээш насныхан 1000 гаруй, 25-40 насныхан 800 гаруй, бусад нь 24-18 насныхан юм.

Ардчилсан намын VII их хурлыг удирдахаар Ардчилсан намын дүрмийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч Ш.Түвдэндорж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа, Ардчилсан намын их хурлын төлөөлөгч Ц.Эрдэнэболд нарын найман хүн томилогдож ажилдаа ороод байна.

Энэ удаагийн их хурлаас намын даргыг батламжилж, эрх олгоно. Ардчилсан намын үндсэн дүрмийг хэлэлцэнэ.

11:26 2017.02.12

АН VII их хурал эхэллээ

Ардчилсан намын VII их хурал “UB палас”-т эхэллээ. Хуралд оролцохоор 2000 гаруй гишүүд цуглаад байна. Өмнөх их хуралд 1000 гаруй төлөөлөгч оролцсон бол энэ удаад сум бүрээс хоёр, хороо бүрээс таван төлөөлөгч нэмэгдсэнээр 2000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Тэд бол Ардчилсан намын 180 мянга орчим гишүүний төлөөлөл юм.

Энэ хуралдаанаас Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг батламжилж, Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэнэ.

11:25 2017.02.12

АН-ын VII их хурал өнөөдөр “UB Palace”-ийн их танхимд болно. Энэ удаагийн хуралд 2500 гаруй төлөөлөгчид оролцож, намын даргаа батламжилна. Их хурлыг АН-ын гишүүн Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд асан Ц.Туваан ахална. Тус хурлын талаар 13.00 цагт хэвлэл, мэдээллийхэнд албан ёсны мэдээлэл хийх юм.

Сануулахад, Шинэ оны өмнө АН VI их хурлаа хуралдуулж, тодорхой шийдвэрүүд гаргаж байсан. Тус хуралд нийт 1206 төлөөлөгч оролцож байсан бол энэ удаад 3000 орчим төлөөлөгч оролцоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна