G-time болон ОУВС: Монголчууд суурин дээрээ хий эргэсээр

2017 оны 2 сарын 20

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

Сүүлийн өдрүүдэд болсон хоёр үйл явдал монголчууд социализмаас салж ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш нийгмийн ухамсрын түвшинд, улс орноо удирдах, эдийн засгаа хөтлөх түвшинд ахиц дэвшил хийж чадсан уу гэдэг асуултыг тавихад эрхгүй хүргэж байна.

Эхнийх нь пирамид босгох хэлбэрээр мөнгө үржүүлдэг хэмээх луйвар, нөгөөх нь Монгол Улс дахин ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон явдал. Аль аль 1990-ээд оны эхээр анх удаа Монголд болж байсан явдал.

Өнгөрсөн оны намраас сүлжээний хэд хэдэн бизнес Монголд цэцэглэсний хамгийн өргөн хүрээг хамарсан нь G-time. Казахстаны иргэдийн үүсгэн байгуулсан гэх энэ пирамидын Facebook дэх хаалттай группэд 110 мянган хүн гишүүн байна гээд бодохоор хэр өргөн хүрээг хамарсан нь илт. Сүлжээг зохион байгуулсан гэх Казахстан улсын иргэн С.Маратыг Монгол Улсыг орхин гарах гэж байхад нь өнгөрсөн долоо хоногт баривчлан саатуулжээ. 272 мянган төгрөг өгч, сүлжээнд нэгдсэний дараа өөрийн дор хоёр хүнийг элсүүлж, гарааны мөнгийг нь хийлгэж чадвал анхны мөнгөө нугалан авна. Энэ нь энгийн ангилал. Бас “VIP” ангилал гэж бий. Дээд ангилалд хоёр сая 292 мянган төгрөгөөр элсч, пирамидаа үүсгэж чадвал анх өгсөн мөнгөө 8000 мянган ам.доллар болгож авна. Та хөдөлмөр хийж хөлсөө дуслуулахгүй, оюунаа дайчлахгүй байж байтал мөнгө чинь үлгэрийн мэт үржинэ гээд бодохоор үнэхээр хорхой хүрэм. Үүнээс гадна бас өөр өөр хэд хэдэн мөнгөний сүлжээ иргэдийн дунд идэвхтэй тархсан байна. Харамсалтай нь, үлгэрт итгэсэн хүмүүс өнөөдөр бүгд хохирогч болсноо ойлгож байх шиг байна. Үлгэр бол үлгэр шүү дээ.

Сүлжээний луйвар бол дэлхийд хамгийн түгээмэл байдаг луйврын нэг.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүдэд Улсын мөрдөн байцаах газар сүлжээний хохирогчдод даруулж өнжлөө. Ойрын өдрүүдэд ч энэ хөл татрахгүй. Зөвхөн нэг аймгийн хэмжээнд G-time-д мөнгөө өгсөн 600-700 хүн байна гээд бодохоор энэ нь Монгол Улсын түүхэнд гарч байсан сүлжээний луйвраас хамгийн олон хохирогчтой болох магадлалтай. Олон нийтийн сүлжээгээр явсан батлагдаагүй мэдээллээр нэгэн банкны удирдлагууд хүртэл хамрагдсан бололтой. Мэдээж тэд энгийн биш “VIP” ангиллыг сонгосон гэдэгт итгэлтэй байна.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт сүлжээний талаар мэдүүлэг өгөхөөр ирсэн иргэд. 2017.02.17

Сүлжээний луйвар бол дэлхийд хамгийн түгээмэл байдаг луйврын нэг. Дамын наймаа хориотой байсан социализмаас чөлөөт зах зээлийн нийгэмд шилжиж, нийгмийн тогтолцоо орвонгоороо өөрчлөгдөх үед зохиомлоор барьж байсан эдийн засгийн суурь нуран унасан. Ажилгүй, орлогогүй болсон монголчууд 1990 оны эхээр анх сүлжээний луйварт залилуулж байсан юм. “Жавхланг бадруулагч” хэмээн нэрлэсэн пирамидын сүлжээний хохирогчид мөн л өнөөдрийнх шиг бухимдаж, хууль хяналтын байгууллагад хандаж, жагсч байсан. Монголтой ижил эдийн засгийн суурь нь нуран унасан оросуудын дунд сүлжээний луйвар бүр дээд түвшинд гарч, зохион байгуулалтын хувьд төгөлдөржсөн байсныг арайхийн хязгаарлаж авсныг тухайн үеийн хүмүүс мэдэх байх.

“Жавхланг бадруулагч”-д луйвардуулсан анхдагчдыг ойлгож өршөөж болох бол харин одоогийн хохирогчдыг ойлгохоос илүү зэмлэхэд буруудахгүй. 1990 оны хохирогчид, өнөөгийн хохирогчдын хооронд мэдээллийн хүртээмж, нөхцөл байдлын асар их ялгаа байгаа. Мөнгө зүгээр л өөрөө үрждэг гэж бодсоор байгаа нь Монголд баялаг нэмэгдэхгүй байгаагийн нэг шалтгаан. Монголд ДОХ-ын анхны тохиолдлыг 1996 онд “бэлэглээд” явсан хоёр хар иргэн гэнэн монголчуудад долларыг нь үржүүлж өгнө гэж залилсан байдаг. Долларыг нь гялгар уутанд хийж, ямар нэг шингэн түрхээд хөргөгчинд хонуулаад л болно гэж тэд залилсан бөгөөд одоо ч гэсэн ирээд дахин итгүүлж болохоор байгаа нь бид ямар мунхаг, харанхуй хэвээр байна вэ гэж гасалмаар.

Иргэд нь ажилгүй, орлогогүй, бүх үйлдвэр нь зогсч Монголын газар нутаг дээр мөнгө бий болгон бүтээх ямар ч найдваргүй, хэдэн малтайн хувьд өлсөхгүй байсан 1991 онд Монгол Улс анх Олон улсын валютын сан /ОУВС/-гаас тусламж гуйн, “Станд бай” хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж байжээ. Үүний дараа 2009 онд мөн авч байжээ. Гэхдээ тухай бүр нэг жил зургаан сараас хоёр жилийн хугацаатай авч байсан. Харин энэ удаа урт хугацаа буюу гурван жилээр авч байна. Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өндөр байж, Монголд гадаадын хөрөнгө оруулагчид багширч, Монголын эдийн засгийн өсөлт жилийн 17 хувь хүрэх үед Улаанбаатарт байсан ОУВС-гийн төлөөлөгчийн газрыг хэрэггүй гэж үзэн, татан буулгаж байсан цаг саяхан. Тэгтэл голсон юм голд орж, дахин ОУВС-даа хандлаа.

Харин энэ удаа Монгол Улсын нөхцөл байдал 1990 оноос ч муу байдалд байгаа хэмээн ОУВС дүгнэж, хамгийн хатуу нөхцөлтэй хөтөлбөрийг Монголд зориулан хэрэгжүүлэхээр болсноо өчигдөр /2017.01.19/ албан ёсоор зарлалаа.

Төрийн ордон. 2017.02.19

Энэхүү хөтөлбөр нь "Extended facility fund" нэртэй бөгөөд  гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.доллар Монголд орж ирэхээс 440 сая ам.долларын зээл нь ОУВС-гийнх, үлдсэн нь олон улсын бусад санхүүгийн байгууллага болон гадаад орноос, тэр дундаа БНХАУ, Японоос орж ирэх юм.

Хэн ч зүгээр юм өгдөггүй.

G-time-ийн хохирогчдын нэгэн адил 26 жилийн өмнөх эрх баригчдыг ойлгож болж байгаа бол өнөөгийн эрх баригчдыг ойлгож уучлахад бэрх. Улсаараа айл гэр болон тоглодог эрх баригчдыг гаргасан сонгогчдод бурууг өгч болох ч монголчууд өнгөрсөн хориод жил юу сурч, юуг ойлгосон бэ, улс орноо авч явж чадах юм уу гэдгээ хүн бүр өөрсдөөсөө асуух цаг болжээ. Учир нь, улс орныг ийм байдалд хүргэсэн эрх баригчдын өмнөөс татвар төлөгч иргэд бүсээ чангалах болж байна.

Хэн ч зүгээр юм өгдөггүй. Өчигдөр мэдээлсэн сайхан мөнгөний тоо бол урьдчилсан тохироо гэдгийг ОУВС-гийнхан онцолж байна. Тэр их мөнгийг авахын тулд эхний ээлжинд 2017 оны төсөвт тодотгол хийх, банкны салбарт хийх ёстой үнэлгээний процессыг эхлүүлэх, Монголбанкинаас санхүүжүүлдэг төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох гэсэн шаардлагыг тавьж байгаа юм. Мөн үүнээс гадна зарим татварыг нэмэгдүүлнэ. Энэ нэмэгдүүлэх татвар бидний амьдралд шууд тусах дарамт юм. Тухайлбал, шатахууны онцгой албан татварыг долдугаар сарын 1-нээс, Хүн амын орлогын албан татврыг орлогоос шалтгаалан 10-20 хувь шатлалтай нэмэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2017-2019 онд 2, 1, 2 хувиар тус тус нэмэгдүүлэх, Суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар, цилиндрийн багтаамж 4501 см куб метрээс илүү бол 40-250 хувиар, тамхи, согтууруулах ундааны татварыг 2018 онд 10 хувь, 2019 онд 5 хувь, 2020 онд 5 хувиар, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна, одоо мөрдөгдөж байгаа хуулиар 2018 онд хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар нэмэгдэх байсныг наашлуулж,  2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөнө, импортын тамхинд ногдох гаалийн албан татвар таван хувь байсныг 30 хувиар нэмэгдүүлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна