Засаг даргын томилгоо хууль зөрчсөн, зөрчөөгүй

2017 оны 3 сарын 8

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан хотын даргын шийдвэр хууль зөрчсөн, зөрчөөгүй гэх маргаан үргэлжилсэн хэвээр байна.

Тус дүүргийн Иргэдийн хурал нь 41 төлөөлөгчтэй. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид 22 суудлыг МАН-аас нэр дэвшигчид 19 суудлыг тус бүр авсан юм. Гэхдээ Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Ардчилсан намаас өрсөлдсөн зургаан нэр дэвшигч нь Сонгуулийн хууль зөрчсөн гэж үзэн, мандатыг нь хүчингүй болгох шийдвэр гаргасан. Харин Захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг хэлэлцээд сонгуулийн хорооны шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Тэгвэл талууд энэ асуудлыг тойрч, маргаанаа үргэлжлүүлсэн хэвээр байна.

Энэ долоо хоногийн VS буландаа нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын МАН-ын бүлгийн гишүүн Ж.Батсайхан нарын байр суурийг онцоллоо.

Э.БАТ-ҮҮЛ

 

Ж.БАТСАЙХАН

“Баянзүрх дүүргийн Засаг даргыг хүчээр томиллоо. Үндсэн хуульд “Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна” гэж заасан. Хууль бусаар булаахыг нь хориглосон. Үүнийг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг. Гэвч шүүх эрх мэдэлтэй нь хамт булааж байна. Шүүхийн засаглал, хараат бус байдалд нөлөөлж байна.  

Түүгээр ч барахгүй хууль бус зүйлийг таслан зогсоох цагдаагийн байгууллага нь үүнд дэмжлэг үзүүлж байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж намынхандаа хандаж засгийн эрхийг хууль бусаар булааж авч болохгүй гэдгийг сануулсан байсан. Бид бүх шатны хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Ардчилсан нам Үндсэн хуулиа хамгаалж тэмцэнэ, өөр арга алга.

Эх сурвалж: Хэвлэлийн бага хурал 2017.03.06

 

Баянзүрх дүүрэг өнөөдөр 35 төлөөлөгчтэй байгаа. 35 төлөөлөгч бол эрх зүйн чадамжтай гэсэн үг. Тус дүүрэгт үүсээд байгаа асуудал бол анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл юм. Хууль зөрчөөгүй явсан бол бусад найман дүүрэгтэйгээ адилхан Засаг даргаа томилуулах боломж байсан.

2012 онд Сонгинохайрхан дүүрэгт Ардчилсан нам 17, МАН 22 суудал авч ялж байсан. Э.Бат-Үүл хүчээр төрийн ажлыг гацаан байж дүүргийн Засаг даргыг томилж байсан. Ардчилсан намаас хууль бус энэ мэт үйлдэл гаргахад ардчилал гэж үздэг, МАН хуулийн дагуу ажил явуулахаар ардчилал устлаа гэж ярьдаг боллоо.

Эх сурвалж: Хэвлэлийн бага хурал 2017.03.07

 

 

 

БЭЛТГЭСЭН Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна