ШИНЭ НЭР: Аниматор Б.Ундрам

News агентлагийн “Шинэ нэр” булангийн маань ээлжит зочин Б.Ундрам. Залуу уран бүтээлч. Дүрслэх урлаг, тэр дотроо Монголд харьцангуй сүүлд нэвтэрсэн шинэ төрөл гэж болох анимейшний салбарын төлөөлөл.

БАТДЭЛГЭРИЙН УНДРАМ. 1984 онд төрсөн, 33 настай.

Төгссөн сургууль: Туркийн Анкара хот дахь Хажэттэпэ их сургуулийн Дүрслэх урлагийн факультет Уран зургийн анги

Мэргэжил: Зураач, аниматор

Одоо эрхэлж буй ажил: СУИС-ийн харьяа Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн Медиа анимейшн тэнхимийн Анимейшний багш

Сошиал хуудас: Mardnu Delgerbat /facebook/


АНХНЫ АМЖИЛТ:

-2001 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд сурч байхдаа нийт оюутнуудын дунд зохион байгуулсан таталбар зургийн уралдаанд ахлах курсын оюутнуудтай зэрэгцэж байр эзлээд 5000 төгрөгөөр шагнуулсан юм. Нэгдүгээр курсын хүүхэд тэгж шагнуулчихад хөл газар хүрэхгүй баярлаад, тэр мөнгөөрөө бялуу аваад гэр рүүгээ “чавхдаж” байсан минь анхны бяцхан боловч маш их урам зориг өгсөн амжилт юм уу гэж боддог.

АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ЗУРГИЙН АВЬЯАСАА ИЛРҮҮЛСЭН БЭ?

-Миний санахын ухаан орохоосоо л зураг зурах дуртай байсан. Тухайн үедээ харин гоё, муухай ямар зурдаг байснаа бол санадаггүй юм /инээв/.  

ЯАГААД ЗУРААЧ БОЛОХООР ШИЙДЭВ?

-Багадаа хана, ширээ, хөргөгч гээд хүрч болох газруудаараа битүү юм сараачаад зурчихдаг, дэвтэр тэсгээдэггүй байсан мөртлөө ээжийн надад авч өгсөн зурагтай номуудыг их гамтай хэрэглэдэг байсан гэсэн шүү. Эмээ маань бас  үлгэр ярихдаа дандаа зурж ярьж өгдөг байсан нь их нөлөөлсөн байх. Одоо ч надад ярихаас илүү зураад тайлбарлачих нь илүү амар санагддаг.

АНХНЫ ТОМООХОН БҮТЭЭЛ:

-2016 онд “Хөмөргөн гурвалжин” хэмээх медиа урлаг, анимейшн хосолсон этно-модерн бүжгийн жүжгийн анимейшн хэсгийг хариуцан авч ажилласан. Бүжгээр илэрхийлж боломгүй үйл явдал, дүрслэлийг анимейшнээр нөхөж өгснөөрөө онцлогтой. Цаг гаруй үргэлжлэх, бүрэн хэмжээний кинотой зүйрлэж болох энэ бүтээл цоо шинэ хэлбэрээр хийгдсэн шинэлэг бүтээл болсонд баяртай байдаг.

Бие даасан анхны үзэсгэлэнгийн үеэр. 2016.03.18. “Лилиум” галерей.

АНХНЫ ҮЗЭСГЭЛЭН:

-Туркт суралцаж байхдаа PORTRE хамтарсан хөрөг зургийн үзэсгэлэнд оролцож байсан. Өмнөд Солонгос, Турк, Иран, Чех, Монгол гээд нийт найман орны зураачдын хамтарсан үзэсгэлэн байсан. Харамсалтай нь, тэр үзэсгэлэнд оролцсон миний зураг хулгайд алдагдчихаж билээ. Уг нь найзынхаа хөргийг хичээнгүйлэн зурсан байсан юм.

Харин анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ 2016 онд “Лилиум” галлереид гаргаж байсан. Тухайн үед “Лилиум” галлерейн үүдэнд 3D зураг, видео дүрслэл хослуулсан инсталяци хийсэн маань миний хувьд бас нэгэн шинэ соргог, шинийг эрэлхийлсэн зүйл болсон.

ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛ:

-Монголын Урлагийн зөвлөл, Хууль зүйн яамны санаачилга, дэмлэгтэйгээр 2015 онд зохион байгуулсан ''ҮЛ ҮЙЛД'' медиа урлагийн үзэсгэлэнд ''Толбо'' нэртэй ханын зургаар оролцсон. Тэр зурагт  улаан хэтсэн дээр гэр бүлийн гишүүдийн арьс ч юм шиг, хувцас ч юм шиг зүйлийг тохсон байгаагаар зурж байсан юм. Сайтар ажиглаж харвал аавын хувцсан дээрх сорви шиг харагдах оёдол, сэмэрхийнүүд байдаг нь энэ хүн бага насандаа их л хүчирхийлэлд өртөж байсан юм уу гэж бодогдуулмаар. Харин ээжийг харвал уг нь их л дэгжин сайхан хувцас баймаар боловч гандаж сэмэрсэн, урагдаж ноорсон, бас хаа сайгүй толбо тогтсон байдаг. Харин том хүүгийн хувцас цээжин бие нь татаж чангаагдсаар байгаад сунаж өөрчлөгдсөн нь эцэг эхчүүдийн маргаан дунд хүүхэд балчирхан биедээ багтаамгүй сэтгэл санааны хямралд өртдөгийг харуулахыг зорьсон. Үүнийг эцэг, эхчүүд ерөөсөө анзаардаггүй шүү дээ. Харин бага охин нь тэр улаан хэтэс дээр дөнгөн данган дэнжигнэн тогтож байгаа юм. Гэр бүлийн холбоосыг илэрхийлсэн тэр хэтэс ширүүхэн доргиход унахад бэлэн мэт санагдахаар зурсан.

"Толбо". 2015 он. Б.Ундрам.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Чөлөөт цаг жаахан бага л байдаг. Гэхдээ би тэр байдалдаа ч дуртай. Хийж байгаа ажилдаа дуртай, дурлаж хийдэг болохоор ажил маань ажил юм шиг санагддаггүй. Хааяа нэг чөлөөт заваараа найзуудтайгаа уулзаж, гадуур алхах дуртай, сайхан хөгжим сонсох бас гоё ш дээ.

ӨӨРИЙГӨӨ ТОВЧООР ИЛЭРХИЙЛБЭЛ:

-Мэдэхгүй ээ, энгийн л хүн байх даа.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ:

-Ойрын төлөвлөгөө минь нийгэмд хэрэгтэй, тэр тусмаа бидний хойч үе, өсвөр насныханд маш хэрэгтэй, алфа дижитал үеийнхэнд зориулсан богино хэмжээний анимейшнууд хийх.

ЯГ ОДОО ЯМАР ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

-Багшийн ажлынхаа хажуугаар хувиараа ганц нэг туршилт хийж байгаа. “Гэгээн дурсамж” гээд анимэйшн бүтээхээр өөрөө зохиол, дүр, бүх дизайнаа гаргаад, ажлаа эхлүүлчихсэн байна. Одоогоор туршилтын шатандаа байгаа. Ер нь анимейшн гэдэг олон хүний хөдөлмөр, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Гэхдээ нэг л сайхан, нартай гэгээлэг өдөр зорьсон бүхэн маань биеллээ олно гэдэгт итгэдэг.

АНИМАТОР ХҮНД БАЙХ ЁСТОЙ ЧАНАР:

-Чөлөөт сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай байх хэрэгтэй. Учир нь анимейшн гэдэг ямар ч тохиолдолд багийн ажил байдаг. “Оскар”-т нэр дэвшсэн франц найруулагчийн “Курже хүүгийн амьдрал” кино ердөө хоёрхон хоногийн өмнө Монголын үзэгчдэд хүрсэн. Найруулагч нь тэр үеэр хэлж байсан, “асар бага төсвөөр бүтсэн” гэж. Гэтэл тэр бага төсөв нь найман сая евро гэж байгаа юм. Бас 100-гаад хүний бүрэлдэхүүнтэй баг, гурван жилийн турш ажилласан гэсэн. Тэгэхээр багийн ажиллагаа, аливаад тууштай хандах хандлага бас чухал.

Мөн Холливудын кино, эсвэл солонгос драмаар хязгаарлагдахгүй олон орны найруулагчдын өвөрмөц хийц, шийдэл бүхий кино үзэж, тэднээс суралцаж, санаа авч байх хэрэгтэй. Мэдээж хэрэг хийж бүтээх өндөр эрмэлзэл чухал.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Анимейшн студитэй болоод маш сайхан кинонууд хийх мөрөөдөлтэй байна. Гэхдээ тэр хүртэл би өөрөө их зүйлд суралцах хэрэгтэй, бас нийгэм оюуны бүтээлийг үнэлдэг болох хэрэгтэй.

ХААНА АЖИЛЛАХЫГ ХҮСДЭГ ВЭ?

-Би нэг их сайхан чөлөөт, уран бүтээлч сэтгэлгээтэй, хаагдмал бус, гоё орчинд ажиллах сонирхолтой. Хаана ажиллах биш, ямар орчин нөхцөлд ажиллах нь чухал юм шиг санагддаг.

ӨӨРИЙНХӨӨ ҮЕИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Хүсэл мөрөөдөл, дуртай зүйлдээ тууштай, үнэнч, түүнийхээ төлөө хөдөлмөрлөвөл амжилтад хүрэх бүрэн боломжтой. Бас үргэлж шинийг эрэлхийлэгч байгаарай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна