Ном журмын бизнес, монголчилсон бизнесийн ялгаа

2017 оны 3 сарын 13

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

-Нэн ялангуяа бизнесийн харилцаанд орж, эд материал, хүний амь хариуцаж байгаа хүмүүсийн хооронд хийгдэх гэрээ, мөрдөгдөх журмыг ягштал биелүүлээгүйн горыг чухам ийм л гэнэтийн ослын үед амсдаг-

Дахиад гал гарч хэдэн түрээслэгчийн эд бараа шатжээ. Өнгөрсөн Ням гаригийн үүрээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саруул захын хоёрдугаар давхарт гал гарч байна гэсэн дуудлага холбогдох албанд ирж, нийслэлийн Онцгой байдлын гал сөнөөгчид ирж галыг унтраажээ. Урьдчилсан байдлаар хоёроос гурван лангуу шатаж, хохирол учирчээ. Сонирхолтой нь дөрвөн жилийн өмнө энэ захад мөн гар гарч, түрээслэгч иргэдийн эд бараа галд өртөж байсан байх юм.

Хүнсний болоод барааны захын үйл ажиллагаа явуулдаг объектод гал гарч, их бага хэмжээний хохирол учирч, хохирсон иргэд гомдлоо барагдуулах гэж хуулийн байгууллагын үүд сахин хэдэн сар жилээр явдаг үзэгдэл байн байн гарч байгаа нь анхаарал татаж байна. Анх 2004 онд “Алтжин Бөмбөгөр” захад гал гарч, хохирсон иргэд нийслэлийн төв талбайд өлсгөлөн зарлаж байсан. Үүнээс хойш “Сандэй плаза”, Нарантуул зах, “Велл март” гээд худалдааны төвүүдэд галын осол гарсан. “Алтжин Бөмбөгөрх”-өөс хойших хамгийн олон хохирогч, бас хохирлын хэмжээ ихтэй нь Нарантуул захын гал байжээ. 2013 оны наймдугаар сард Нарантуул хүнсний барааны хэсэгт гал гарч, 411 түрээслэгчийн эд материал шатсан юм. Шинжээчдийн дүгнэлтээр энэ галын улмаас 12 тэрбум 300 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ нь 2004 оны “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн хохирлын хэмжээнээс гурав дахин их гэсэн үг юм. Бас нэг сонирхол татсан баримт нь шатсан “Алтжин Бөмбөгөр”-ийн суурин дээр баригдсан худалдааны төвд бага хэмжээний гал 2004 оноос хойш хоёр удаа гарч байжээ.

Худалдааны төв, захууд ийнхүү их бага хэмжээний галын осолд өртөж байгаа нь энд юун түрүүн галын аюулгүй байдлыг чанд сахихгүй байгааг харуулж байна. Галын аюулгүй байдлыг сахихгүй байна гэж хэлэх амархан ч үүний цаана өөр олон асуудал бий. Тухайн барилгын цахилгааны холболт, холболтод ашигласан утас, түрээслэгч, түрээслүүлэгчийн хооронд хийгдэх хариуцлагын гэрээ, дамжин түрээслэх гэдэг түгээмэл байдал гээд.

Нарантуул захын галын шалтгаан цахилгааны холболтоос үүдсэн гэсэн дүгнэлт гарсан бол, 2015 оны аравдугаар сард шатсан “Сандэй плаза” төв Галын аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн дүгнэлт гарч, холбогдох хүмүүс нь шүүхийн шатанд очсон. “Сандэй плаза”-гийн хохирол гэхэд 112 хохирогчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан хэмээн дүгнэсэн байдаг. Ердөө нэг сар гаруйн өмнөхөн нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт оршдог “Велл март” худалдааны төвийн хоёрдугаар давхар шатаж, 60 гаруй түрээслэгч хохирогч болоод явж байна.

Монголчууд эртнээс гал, усны аюул хэцүү гэж ярьдаг байсан. Аюул осол гэдэг хэлж ирэхгүй ч аливаа ослоос урьдчилан сэргийлж, сэрэмжтэй байх нь бидний хийж чадах зүйл. Нэн ялангуяа бизнесийн харилцаанд орж, эд материал, хүний амь хариуцаж байгаа хүмүүсийн хооронд хийгдэх гэрээ, мөрдөгдөх журмыг ягштал биелүүлээгүйн горыг чухам ийм л гэнэтийн ослын үед амсдаг. Ном журмаараа яваа бизнес, монголчилсон бизнес хоёрын ялгаа ийм үед л тодорхой харагддаг. Аль “Алтжин Бөмбөгөр”-ийн үед байсан шалтгаан, зөрчлүүд одоо ч байсаар байна. Худалдааны төвийн барилгыг Улсын комисс хүлээн аваагүй байхад түрээслэгчдийг оруулж үйл ажиллагаа явуулж байсан, галын аюулгүй байдлыг хангаагүй шалтгаан хэвээр.

Лангуу түрээслэгч иргэдийн хувьд ч хохирлоо төлүүлмээр байдаг, гэтэл хуулийнханд гаргаад өгөх хил гаалийнханд албан ёсоор бүртгүүлж, татвар төлсөн баримттай бараа байхгүй, даатгалын талаар ойлголт түрээслэгч, түрээслүүлэгийн аль алинд байгаагүй гээд 13 жилийн өмнөх эдгээр учир шалтгаан өнөө ч арилаагүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна