С.Зоригийг хөнөөсөн хэрэг: Давж заалдах шатны ШҮҮХ ХУРАЛ /2017.03.14/

2017 оны 3 сарын 14

Эрэмбэлэх:
22:53 2017.03.14

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ЗӨВЛӨЛДӨЖ, МАГАДЛАЛ ГАРГАЛАА

  • 2017.03.14-ний өдөр, 21:47 цаг
  • Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байр.

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ магадлалыг танилцуулахын өмнө Давж заалдах шатны шүүхийн гомдолд дурьдагдсан үндэслэлээр хязгаарлалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзсэнийг тайлбарлалаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ЭБШХ-ийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл, ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Б.Чимгээ нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзлээ.

Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаагүй. Шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл алга байна.

Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын мөрдөн байцаалтын шатанд хэргийн болсон үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг, түүнчлэн Б.Содномдаржаагийн өөрийн гараар бичсэн тайлбар зэрэг нь нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд, хэргийн газарт байсан эд мөрийн баримтууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, амь хохирогч нарт учирсан гэмтлүүдийн талаарх шинжээчийн дүгнэлтүүдтэй тохирч байна.

Эдгээрээс гадна ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан, түүнчлэн гүйцэтгэх ажиллагааны материалаар давхар нотлогдож байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.

Зарим ялтны УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон гэмт хэргийг захиалсан, зохион байгуулсан үйлдлийг тусгаарласан нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэнтэй нийцжээ гэж Давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих бүх зүйлийг бүрэн шалгасан, ЭБШХ-ийг зөрчөөгүй байна. Иймд ялтан болон тэдний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хэргийг мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6-т заасан хялбаршуулах зорилгоор үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу, зохих ёсны өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ялтан Ц.Амгаланбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон зүйлчлэл, гэрч М.Мөнхжаргалыг хохирогч гэснийг тус тус өөрчлөх нь зүйтэй гэж үзээд, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтүүдийг оруулж хэргийг хянан шийдвэрлэлээ. Ингээд магадлалын 1 дэх заалтаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтын Б.Содномдаржаа,Ц. Амгаланбаатар нарыг “...өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор” гэснийг “Өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор” гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар” гэж, 9 дэх заалтын “хохирогч С.Оюун, Д.Хишгээ, М.Мөнхжаргал” гэснийг “Хохирогч С.Оюун, Д.Хишгээ” гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээлээ.

21:53 2017.03.14

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт оноосон анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа.

Эх сурвалжаас авсан мэдээллээр уг хэргийн гэрчүүд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон гурван сэжигтнийг таньж, мэдүүлэг өгчээ. Мөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын мөрдөн байцаалтын явцад өгсөн гэмт хэрэг үйлдсэн талаарх мэдүүлэг нь гэрчүүдийн яриа болоод бусад нотлох баримтаар нотлогдсон, нотлох баримтууд шинжилгээний хариутай таарсан гээд "Баримт хангалттай" гэж шүүх үзжээ.

Анхан шатны шүүхээс Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байдаг. Ингэхдээ Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

Сануулахад, шүүхэд давж заалдах хүсэлтийг хохирогч С.Оюун, шүүгдэгч Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын өмгөөлөгч гаргасан бол хохирогч С.Оюун, шүүгдэгч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгч болон хоёр гэрчийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг шүүхэд тавьсан байдаг. 

Шүүгдэгчид одоо Дээд шүүхэд хандаж эрхтэй. Хэрэв Дээд шүүхэд хандах бол шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах хуультай.

21:17 2017.03.14

Шүүх бүрэлдэхүүн яг одоо шийдвэрээ танилцуулах гэж байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн Давж заалдах шүүх хуралдаан 18:00 цаг өнгөрч байхад түр завсарлаж, шүүгчид зөвлөлдөхөөр хуралдсан юм.

18:34 2017.03.14

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

Өнөөдөр 09:30 цагт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн Давж заалдах шүүх хуралдаан түр завсарлалаа. 

Үүний өмнө Шүүх хурлын шүүмжлэл өрнөж, шүүгдэгчдийн эцсийн үгийг сонссон. Одоо шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрийг гаргахаар зөвлөлдөж байна.  

Өнөөдрийн шүүх хуралд хохирогч С.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний ах С.Баяр ирсэн боловч шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа учраас оролцох боломжгүй гэж хүсэлт илэрхийлэн, шүүх хуралдааныг орхин явсан юм. 

Сануулахад, шүүхэд давж заалдах хүсэлтийг хохирогч С.Оюун, шүүгдэгч Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын өмгөөлөгч гаргасан юм. 

Түүнчлэн хохирогч С.Оюун, шүүгдэгч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгч болон хоёр гэрчийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг шүүхэд тавьжээ.

16:37 2017.03.14

ШҮҮХИЙН ШҮҮМЖЛЭЛ СОНСЧ ЭХЭЛЛЭЭ

Шүүх хуралдаан нэг цаг завсарлаад, 16.00 цагаас хуралдаж эхэллээ. Яг одоо шүүх хуралдааны шүүмжлэлийг сонсож байна. 

Хуулиар бол шүүмжлэлийн дараа шүүгдэгчийн эцсийн үгийг сонсч, Шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргадаг юм байна.

Тэгэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гарахад тун бага хугацаа үлдсэн бололтой.

 

15:52 2017.03.14

ШҮҮХ ХУРАЛ НЭГ ЦАГИЙН ХУГАЦААТАЙ ЗАВСАРЛАЛАА

Шүүх хурал 15:00 цагт нэг цагийн хугацаатай түр завсарлалаа. Хурлыг 16:00 цагаас үргэлжлүүлэх аж. Хурал хаалттай горимд үргэлжилнэ. 

13:06 2017.03.14

С.БАЯР ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ОРХИН ГАРЛАА

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд хаалттай горимоор үргэлжилж байна. Хурал 09.30 цагт эхэлсэн юм. 

Шүүх хуралдааныг эхлэхийн өмнө хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж байсан С.Баяр /С.Зориг агсны төрсөн ах/ хуралдааныг орхин гарах хүсэлт тавьсан байна. Түүний хүсэлтийг шүүгч нар 12:40 цагийн үед хэлэлцээд, хуралдаанаас гарахыг зөвшөөрчээ. 

Шүүх хуралдааны танхимд байсан С.Баяраас гадна шүүгдэгч Т.Чимгээ, Т.Содномдаржаа нарын өмгөөлөгч шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьсан. Гэвч шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд, "Нээлттэй явуулах саналыг хүлээж авах боломжгүй, улсын нууцад хамааралтай асуудал хэлэлцэж байгаа тул хаалттай явуулна" гэж шийдвэрлэсэн билээ. 

11:00 2017.03.14

С.БАЯР: С.ОЮУН ГАДААДАД ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЖ БАЙГАА ТУЛ БИ ДҮҮГЭЭ ТӨЛӨӨЛЖ ИРЛЭЭ

Шүүх хурлын Ерөнхий шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр Ц.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нар ажиллаж байна.

Харин шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар Шүүх хуралд хорих байрнаас цахимаар холбогдож байгаа юм.

Шүүх хурал эхлэхэд яллагдагч Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргалаа.

Т.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр “Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байна. Эсвэл Т.Содномдаржааг биечлэн оролцуулаач” гэв.  

С.Зориг агсны төрсөн дүү С.Оюун өмнө нь шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж байсан бөгөөд энэ талаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. 

Гэхдээ тэрбээр өнөөдрийн шүүх хуралд өөрөө оролцсонгүй. Харин түүнийг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан ирлээ.

Өмгөөлөгч Л.Энхсайхан хурлын эхэнд “Давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүх хуралд хэрэглэсэн нотлох баримтыг шинжин судлах ажиллагаа явагдахгүй. Зөвхөн анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу хэрэглэсэн эсэхийг хэлэлцдэг. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг С.Оюун тавьж байгааг би уламжлан хүргэж байна” гэсэн юм.

С.Зориг агсны төрсөн ах С.Баяр шүүх хуралдааны эхэнд мөн үг хэлэв.

Тэрбээр “Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэв.

Түүнчлэн Шүүх хуралдаанд цахимаар оролцож буй Т.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Харин шүүгдэгч Ц.Амгаланбаатар "Хэлэх санал байхгүй" гэж мэдэгдлээ. 

Үүний дараа улсын прокурор Ж.Сандаг-Очир "Энэ хэрэг нь төрийн маш нууцад хамаарна гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан учраас Шүүх хуралдааныг хаалттай явуулах нь зүйтэй" гэлээ. 

Ингээд дээрх саналуудыг шүүгч нар хэлэлцээд, Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ шийдвэрээ танилцуулав.

Тэрбээр “35 дугаар хавтаст хэргийн 215-220 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт бий. 1998 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн энэ хэрэг маш нууцыг зэрэглэлд хамаарах болсон. Тиймээс хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, хуралдааныг хаалттай явуулахаар боллоо” гэж мэдэгдлээ. 

Ийнхүү Давж заалдах шатны шүүх хуралдаан хаалтай горимоор үргэлжилж байна.

10:11 2017.03.14

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн давж  заалдах шатны шүүх хурал нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд 09.30 цагт эхэллээ.

Олны анхаарлын төвд буй уг шүүх хуралд С.Зориг агсны ах С.Баяр анх удаа оролцохоор ирээд байна. Мөн С.Зориг агсны дүү С.Оюуныг төлөөлж өмгөөлөгч Л.Энхсайхан шүүх хуралд оролцож байна. 

Харин шүүгдэгчид Төв аймгийн Цагдан хорих төвөөс шүүх хуралд онлайнаар холбогдон, оролцож байна. Тэдний бие төлөөлөгч, өмгөөлөгчид Шүүхийн танхимд иржээ.

Т.Содномдаржаагийн өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр С.Оюунцэцэг, Ц.Амгаланбаатарын өмгөөлөгчөөр Д.Дашдорж нар өнөөдрийн Шүүх хуралд оролцож байна. 

Анхан шатны шүүхээс Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон.

Тодруулбал, Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

Сануулахад, шүүхэд давж заалдах хүсэлтийг хохирогч С.Оюун, шүүгдэгч Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарын өмгөөлөгч гаргасан бол хохирогч С.Оюун, шүүгдэгч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын өмгөөлөгч болон хоёр гэрчийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг шүүхэд тавьсан байдаг. 

Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байр. 2017.03.14

С.Зориг агсны ах С.Баяр шүүх хуралд оролцохоор ирэв.

  • С.Зориг агсны ах С.Баяр шүүх хуралд оролцохоор ирэв. Гэрэл зургийг Г.Баттүшиг

  • Шүүгдэгчид Давж заалдах шатны шүүх хуралд онлайнаар оролцов

Сэтгүүлч Т.ДАВААНЯМ

Гэрэл зургийг Г.БАТТҮШИГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна