Араатнаас догшин аав, ээжүүд

2017 оны 3 сарын 15

Сэтгүүлч:
Д.Цээпилмаа

“Баавгай догшин ч бамбаруушдаа номхон” гэдэг үг хүчирхийллийн, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн байгууллагуудын гол уриа байдаг. Тэгвэл монгол хүмүүс маань баавгайнаас дор ааш араншинтай болсныг илтгэх мэт судалгааны дүн гарчээ. “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт судалгааг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/, "Гүүд Нэйборс Монгол" төлөөлөгчийн газартай хамтран явуулж, үр дүнг өнөөдөр /2017.03.15/ танилцууллаа. Танилцуулгад ХҮЭК-ийн ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, "Гүүд Нэйборс Монгол" төлөөлөгчийн газрын зөвлөх Х.Баавгай, Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхмийн эрхлэгч Б.Оюун-Эрдэнэ, "Гүүд Нэйборс Монгол" төлөөлөгчийн газрын судалгааны зөвлөгч Б.Болорсайхан нарын хүмүүс оролцож, улс даяар явуулсан судалгааны талаар мэдээлэл өглөө.

ХҮҮХДҮҮДИЙН 84,7 ХУВЬ НЬ ГЭР БҮЛИЙН ОРЧИНД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙНА

Улаанбаатар хотын долоон дүүрэг, найман аймгийн 12-18 насны 4264 хүүхэд, 2743 эцэг эх, асран хамгаалагч, 152 хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг хамруулсан судалгааны үр дүн таатай гараагүй гэдгийг судлаачид онцоллоо. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дийлэнх олонх нь хүүхдийн эрхэд чухам ямар ямар эрх багтдаг талаарх ойлголт мэдлэг дутмаг байсан төдийгүй хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдолд хаана, хэнд хандахаа мэддэггүй гэж хариулсан байна.  

Улсын хэмжээний томоохон судалгаагаар 10 хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдсон бол хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах, дөрвөн хүүхэд тутмын нэг нь сэтгэл санааны, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртөж байсан нь судлаачдыг түгшээжээ. 2014 оны судалгаагаар гурван хүүхэд тутмын нэг нь л хүчирхийллийн ямар нэг хэлбэрт өртөж байсан бол энэ тоо гурван жилийн дотор 80 хувьд хүртлээ өссөн байх юм. Хүүхдийн эрх гэр бүлийн орчинд хамгийн ихээр зөрчигдөж байна. Баавгайнаас догшин аав ээжүүдийн балгаар хүүхдүүдийн 84,7 хувь нь гэртээ айдас түгшүүртэй аж төрж байна гэвэл та итгэх үү. Уг нь аав ээжүүд бид үр хүүхдийнхээ төлөө хамгаас илүү зовинодог. Тэднийгээ бусдын хүүхдээс дутаахгүй юмсан гэсэндээ хуруу хумсаа хугалан байж хөдөлмөрлөдөг. Өөрийнхөө төлөө бус хүүгээ, охиноо сайн хүн болоосой, сайн сайхан амьдраасай гэж залбирдаг. Гэтэл бид сэтгэлийн гүн дэх хүсэл, зорилгоо зөв илэрхийлж чаддаггүй нь дээрх судалгаанаас харагдаж байна. Ээж, аавуудын гаргаж буй араншин, үг, үйлдэл нь хүүхдийн эрхийг зөрчиж, бүр хүчирхийлэгчийн дүрээр хувирч орхидог нь хамгаас харамсалтай. “Аавын алганы амт, ээжийн үглээ”-гүйгээр хүүхэд хүн болохгүй гэсэн уламжлалт сэтгэлгээ орчин цагийн хүүхэд багачуудад огтхон ч тохирохгүй байгааг хүлээн зөвшөөрөх цаг хэдийнэ болжээ.

СУРГУУЛИЙН ОРЧИНД Ч АЙДАСТАЙ БАЙНА

Хүүхдүүд найзууд дундаа ч айдас, түгшүүртэй байна. Судалгаанд оролцсон хүүхэд хамгааллын хамтарсан багийнхны тал /50,7/ хувь нь сургуулийн орчинд, 44,7 хувь нь нийтийн эзэмшлийн орчинд хүүхдийн эрх зөрчигддөг гэж үзжээ. Харин хүүхдүүдийн хувьд гэр бүлийн орчинд 15,6 хувь, сургуульд 36,2 хувь, гудамж талбайд 53,8 хувь нь хүүхдийн эрх зөрчдөг гэсэн байна. Энэ бол түгшүүртэй тоо. Гэтэл хүмүүс хүүхдийн эрхийн зөрчлийг тэр бүр анзаардаггүй. Дуулиан шуугиан тарьсан, гэмт хэргийн шинжтэй хэд гурван тохиолдлыг л мэдэхээс биш хүүхдүүд маань ийм олноороо айдастай амьдардаг гэж боддоггүй. Ялангуяа өсч торнисон гэртээ, аав ээжийнхээ дэргэд хүүхдийн эрх зөрчигддөг гэвэл бүр ч итгэмгүй. Би л хувьдаа ээж хүнийхээ үүргийг муугүй биелүүлж, хүүхдүүдээ жаргалтай өсгөж байгаа гэж боддог. Гэтэл бодит байдал огт өөрийг өгүүлж байна. Тэгвэл нийтлэг тархсан хүчирхийллийг бид яагаад мэддэггүй вэ?

Асуулгад хамрагдсан хоёр хүүхэд тутмын нэг нь хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийлэл нийтэд мэдрэгдэхгүй, хүмүүс энэ тухай мэдэхгүй байгаа нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хаана, хэнд, хэрхэн хандахаа мэддэггүйтэй холбоотой гэж үзжээ. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авах 108 тоот тусгай утас ажиллуулаад удаж байгаа. Тэнд ханддаг хүүхдийн тоо ч нэмэгдсэн. Сум, баг, хорооны нийгмийн ажилтнууд ч хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэддэг болсон гэх мэт нааштай мэдээллүүд бол ердөө л “Мөсөн уулын орой” гэж судлаач Б.Болорсайхан хэлж байна.

Харин Х. Баавгай багшийн хувьд Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг нэхэж байна. Батлагдаад багагүй хугацаа өнгөрч буй хуулиудыг хөрсөн дээр буулгаж, хүүхдийн эрхийг хангах улсын байцаагч нарыг ажиллуулахгүйгээр судалгааны дүн наашлахгүйг тэрбээр тодотгов.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 17,2 хувь нь л хүчирхийлэлд өртөж үзээгүй гэж хариулсан байна. Сүүлийн жилүүдэд аав ээж, ах дүүс, ураг төрлийнхний хүчирхийлэл нэмэгдэж байгаа гэнэ. Хүчирхийлэгч нь ойр дотнын  хүн байх тусмаа хүчирхийлэл нууц далд байдалд орж байгааг ч судлаачид тодотгов. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 38,2 хувь нь зодуулсан, гомдоосон тухай хэнд ч хэлдэггүй гэжээ. Хүүхэд хамгийн үнэнч “амьтан”. Цаас адил цагаахан сэтгэлдээ аав ээжийгээ, ойр дотнын хүмүүсээ бусдад муулж болохгүй гэсэн итгэл үнэмшил аль хэдийнэ суучихсан байхад аав, ээж, ахан дүүст нь тэднийг гэх сэтгэл ямагт дутсаар байгаа нь харамсалтай.

Судлаач Б.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн “Томчууд бүгд хүүхэд байж үзсэн. Харин хүүхдүүд том хүн байж үзээгүй” билээ. Тэд ямархан  аав, ээж болж төлөвшихийг та бид үлгэрлэж байгаа билээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна