С.Зоригийн хэргийн зарим материалыг ил болгохыг хүсчээ

2017 оны 3 сарын 16

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх гуравдугаар сарын 14-нд болсон билээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2017.03.16/ мэдээлэл хийлээ. Тэрээр Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд өөрийнх нь тойргийн хоёр хүн энэ хэрэгт холбогдсонд маш их харамсч байгаагаа илэрхийллээ.

Түүнээс гадна С.Зориг агсны хэрэг төрийн нууцтай холбоотой учраас хоёр шатны шүүх хаалттай болсон нь олон хүнд эргэлзээ төрүүлж байна. Тиймээс  төрийн нууцтай холбоогүй зарим нэг нотлох баримтыг олон нийтэд ил болгож, эргэлзээг тайлах нь зүйтэй гэж үзэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зарлиг гаруулах тухай хүсэлт явуулжээ.

Уг хүсэлтэд “Хэрэгт авагдсан төрийн нууцад хамаарахгүй зарим нотлох баримтыг олон нийтэд ил болгох, эргэлзээг тодорхой болгох, мэдээллээр хангах бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, тусгаарласан хэргийн мөрдөн байцаалтад саад болохооргүй, хуулиар шууд хориглосон онц нууцын зэрэгтэй мэдээллээс бусад аливаа нотлох баримтуудыг ил болгох зорилгоор шүүх болон мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан ажлын хэсэг байгуулах зарлиг гаргаж өгнө үү” гэжээ.

Энэ хүсэлтийн хувийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаацын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч, генерал Б.Хурц нарт хүргүүлж байгаагаа дуулгалаа.

Төрийн нууцын тухай хуулиар төрийн нууцад хамаатай бичиг баримтыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэлийн хүрээнд Тагнуулын ерөнхий газрын дарга ил болгох заалттай юм байна.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаар сарын 10-ны өдрийн нэг тоот захирамжаар  “С.Зориг агсантай холбоотой хэргийн зарим материалыг хуулийн хүрээнд ил болгохыг хүсч байна” гэсэн албан бичгийг Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурцад хүргүүлсэн байна.

Сануулахад, С.Зориг агсны шүүх хурал гуравдугаар сарын 17-нд /2017.03.14/ нийслэл дэх Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн байранд болж өндөрлөв. Хуралдааны эхэнд хохирогч С.Оюуны бие төлөөлөгч, шүүгдэгч Т.Чимгээ, Т.Содномдаржаа нарын өмгөөлөгч болон гэрч Маруш, Гансүрэн нар хуралдааныг нээлттэй явуулахыг хүссэн.

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан хохирогч С.Оюун гадаадад томилолттой байгаа тул түүнийг төлөөлж төрсөн ах С.Баяр шүүх хуралд оролцсон юм.

Хуралдааны эхэнд тэрбээр “Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэсэн юм. Гэвч  1998 оны аравдугаар сарын 5-наас эхлэн уг хэрэг маш нууцын зэрэглэлд хамаарах болсон. Түүнчлэн 35 дугаар хавтаст хэргийн 215-220 дугаар байгаа шинжээчдийн дүгнэлтийг нээлттэй хэлэлцэж болохгүй гэдгийг Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ тайлбарлаад хуралдааныг хаалттай горимд хуралдсан юм. Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Ш.ОЧ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна