ШИНЭ НЭР - Идо: Уламжлал бол миний зэвсэг

Манай “NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” буланг уншигчдадаа тогтмол хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор Монголд эрэлт хэрэгцээтэй байгаа зах зээл болох байгууллагын брэндинг, бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн чиглэлээр ажиллаж буй Идо буюу Н.Идэшийг онцолж байна.

Тэрбээр монголдоо анхдагч Брэйн Сторм" агентлагийн арт директор бөгөөд гэрэл зураг сонирхогчдын “Тусгал” бүлгэмийн үүсгэн байгуулагчийн нэг юм.

“Монголчууд төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байна. Тэр бүхэн олон улсын зах зээлд нэвтрэхийн тулд өөрийнх нь өнгө төрх, имижийг илэрхийлэх сав баглаа боодол,брэндинг маш чухал. Захын дэлгүүрт ороод л харахаар импортын бүтээгдэхүүн, манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн харагдах байдлын хувьд эрс ялгаатай харагддаг. Монголчууд хэчнээн сайн, чанартай бүтээгдэхүүн хийсэн ч олон улсад гаргах гэхээр сав баглаа боодол, брэндинг дээрээ унадаг” талаар Идо хэлсэн. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

НЯМСҮРЭН ИДЭШ /ИДО: 1980.07.08

Төгссөн сургууль:

  • “Шавь” цогцолбор сургууль /1999 он/

  • Дүрслэх Урлагийн Дээд сургууль, Зураасан зургийн анги /2003 он/

Мэргэжил: Зураач, дизайнер

Одоо эрхэлж буй ажил: Brainstorm Branding Agency” Art Director

Сошиал хуудас: Ido Nyamsuren /фэйсбүүк/


АНХНЫ АМЖИЛТ

-Гуравдугаар курсийн оюутан байхад нийгмийн сэдэвтэй плакатны уралдааныг зарлаж, өөрийн бүтээлээрээ оролцсон. Тэгсэн намайг хөдөө дадлагаар явсан хойно тэр уралдааны шалгаруулалт нь болж, би тэргүүн байрт шалгарсан юм билээ. Хотод ирээд зохион байгуулагчид руу нь залгасан чинь “Одоо ирээд шагналаа аваарай” гэв. Надад тэр үед унааны мөнгө ч байхгүй, зуны халуунд алхаад очлоо. Тэгээд л надад баяр хүргэж, өргөмжлөл, мөнгөн шагнал өгсөн. Хүүхэд л байсан хойно жигтэйхэн их баярлаж, шууд гараад орос зайрмаг авч идээд, ээж дүү нар руугаа яаран гүйж билээ. Заавал том асуудлын ард, эдийн засгийн утгатай биш өөр олон жижиг зүйлд том амжилтууд нуугдаж байдаг.

АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ЗУРЖ СУРСАН БЭ?

-Ховд аймагт төрж, бага насаа уулсын дунд үдсэн. Эмээ, өвөөтэйгөө гурвуулаа амьдардаг байсан надад тоглоом бараг байхгүй. Чулуугаар гэр барьж машин хийж эсвэл авдрын таг дээр элдвийг зурж сараачна. Харин сүүлд хотод сургуульд орсны дараа хамаатны эгчийн маань "чи гоё зурдаг тээ" гэж хэлээд усан будаг бэлэглэсэн юм. Би тэр үгэнд урамшаад л, оросын төмөр савтай их л гоё будаг байсан болохоор маш их татагдсан. Тэгж л анх зураг зурж эхэлсэн.

Хүүхдэд бага ч гэсэн урам өгч, сонирхдог зүйлийг нь аваад өгвөл хөтлөгдөөд явчихдаг юм шиг санагддаг. Цоо шинэ баримлын шавар бэлгэнд аваад задлах тэр мэдрэмж сайхан шүү дээ. Хүн бүр нэг түвшнээс эхэлдэг гэж боддог. Харин хэн сайн хөдөлмөрлөнө тэр илүү хөгжиж, өөрийн болгож чадна. Магадгүй “Чи их сайхан дуулдаг юм байна” гэвэл тэр хүүхэд маш сайн дуучин болохыг ч үгүйсгэхгүй.

ЗУРААЧ МЭРГЭЖИЛТЭЙ ЗАЛУУ ХЭРХЭН ГРАФИК, ДИЗАЙН СОНИРХОХ БОЛОВ?

-Ер нь зураг, дизайн бүгд нэг л сүнстэй нэг агуулга юм. Тухайн үед манай сургуульд дизайн талаас нь компьютер, программ бараг заадаггүй, өнгөт, хар зураг, зохиомжийг тос, усан будгаар ажилладаг байсан. Тавдугаар курст манай сургуульд Японы “ЖАЙКА”-гийн шугамаар төсөл хэрэгжүүлж, график, дизайны ангийнханд компьютерын хичээлийг илүү түлхүү зааж өгөхөөр болсон юм. Тэр үеэс япон багшийг дагаж гэрт нь хүртэл очин программ заалгаж гадарлах төдий болж ирээд оюутан байхдаа реклам сурталчилгааны студид ажилласан. Юу ч чадахгүй байж чадна гэсэн том амбицтай "амьтан" орсон доо.

Ер нь Дүрслэх урлагийн сургуулийн оюутнууд бусад сургуулийн оюутнуудтай харьцуулахад байнга “халтуур”-ны ажил хийнэ. Энд тэнд тоглолтын тайз, хаяг анонс, бар сав тохижуулна, бүр хүүхдийн цэцэрлэгт зураачаар хүртэл ажиллана. Нэг өвөл арванхоёрдугаар сард байшингийн мансард дээвэр дээр барилгын ажил хийх болсон. Тэр үед байшингийн дээвэр дээр их даарч, өлсөөд л, эсрэг байшингийн цонхоор нэг барилгын зураг гаргадаг хүнийг хэрхэн ажиллаж байгааг ажиглан өөрийнхөө сүүдрийг харж зогсохдоо “Би одоо сурч буй мэргэжилдээ илүү анхаарлаа хандуулахгүй бол энэ байдал огт биш юм байна” гэж өөртэйгөө ярилцаж байсан. Тэр ажлыг хийсэн мөнгөөрөө шууд компьютерийн сургалтад сууж, дизайны программуудыг түлхүү сурч эхэлсэн. Тэр барилгын дээвэр надад их чухал дээвэр байсан. Тэгээд л сургуулиа төгсөхдөө график, дизайны чиглэлээр ажиллана гэдгээ ойлгож, дипломын ажлаа энэ чиглэлээр хамгаалсан.

ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР БРЭНД ДЭЭР АЖИЛЛАСАН БЭ?

-Би сүүлийн долоон жил Юнител группийн маркетингийн албанд ахлах дизайнераар ажилласан. Одоо “Брэйн Сторм" агентлагт харьялагдаж байна. Манай багийнхан нэлээд хэдэн томоохон төслүүд дээр ажиллаж байна. Саяхан  “Говь” компанийн ноолууран шаальны уралдаанд оролцож тэргүүн байр эзэлсэн. “Говь” компани тус бүтээгдэхүүнээ гадны зах зээлд зориулан үйлдвэрлэж байгаа юм билээ.

УРАН БҮТЭЭЛЭЭРЭЭ ЮУ ХАРУУЛАХЫГ ХИЧЭЭДЭГ ВЭ?

-Би ямар ч төрлийн бүтээл хийсэн Монгол агуулгыг, утга зүйтэй гаргаж ирэх сонирхолтой. Тиймээс ч ихэнх бүтээлийнхээ санааг монгол агуулгад тулгуурлан орчин үеийн урлагтай хослуулахыг боддог. Миний гол өрсөлдөгч бол би өөрөө бөгөөд гадны уран бүтээлчид. Тэдний өмнө барих зэр зэвсэг минь өв соёл, уламжлалт хэв шинж юм. Бидэнд түүх, уламжлалт урлаг, археологийн олдвор, нүүдлийн том соёл байна. Гэхдээ уламжлал болон орчин цагийн хөгжлийг зөв зохистой хослуулах хэрэгтэй. Зөвхөн уламжлалаа ухаад байх хэрэггүй л дээ. Уламжлал бол бидний зэвсэг, орчин цаг бол бидний зам юм. Би мөн "Бид Монгол агуулга" гэсэн дизайнеруудын төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, хөгжүүлэгчийн нэг. Бидний залуусын зорилго ч энэ тал дээр мөн адил санаа бодолтой явдаг.

ГЭРЭЛ ЗУРАГ АВАХ ДУРТАЙ. ТҮҮНИЙ ЭХНЭР МӨН ГЭРЭЛ ЗУРАГЧИН 

-Зураг, дизайн чиглэлээр ажиллахаар өөрийн эрхгүй гэрэл зурагтай ойр байх хэрэгцээ үүсдэг. Бараг л нэг юм л даа. Тэгээд хэдэн жилийн өмнө нэг камертай болсон. Эхэндээ харагдсан болгоноо авна, заримдаа байгалийн зураг, хүн нийгмийн амьдралыг гэрэл зурагт буулгана. Өнөөх 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн дунд хоббигоороо камераа үүрээд гүйж явсан. Энэ хобби маань явсаар гэрэл зураг сонирхдог залуустай нэгдэн “Тусгал” бүлгэмийг үүсгэн байгуулсан. Одоо Монголд хамгийн идэвхтэй хурдан хөгжиж буй гэрэл зургийн төрийн бус байгууллага бол “Тусгал” гэж хэлж болно. Манай бүлгэм энэ он гараад гурван удаа үзэсгэлэн зохион байгуулж, хэд хэдэн удаагийн фото уулзалт, аялал хийгээд байна.

Эхнэр мань бас гэрэл зурагчин "IC Creative" студийн гэрэл зурагчин фото боловсруулалт дээр ажилладаг. Биднийг гэрэл зураг танилцуулсан. Ер нь бол надаас илүү өнгө гэрэл мэдэрдэг миний багш. Бид хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Хүлэг.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Чөлөөт цаг гарвал гэр бүлдээ зориулдаг. Мэдээж бас камер үүрээд тэнэх, ном унших туйлын дуртай. Мөн Японы эртний үгийн урлагийн том урсгал болох хайкуг сонирхон оролддог. Гэхдээ хайку бичье гээд зорьж бичдэг зүйл биш. Өөрөө гэнэт орж ирвэл тэмдэглээд авна бусад үед ажиглалт, мэдрэх чухал байдаг. Хайку яг л гэрэл зураг шиг тухайн нэг агшныг мэдэрч буулгаж байгаатай адилхан юм л даа. Тийм болохоор камергүй яваа үед ямар нэгэн агшинтай таарвал гурван мөртөөр зураглан утасны note дээрээ тэмдэглэж үлдээдэг. Монголчуудын сэтгэлгээний хувьд хайку тийм ч шинэ зүйл биш. Манай “Монголын нууц товчоо”-нд ч хайкугаас хавь илүү мөртүүд их бий. Монголын үнэртэй яруу найргуудад ч хайку байж л байдаг.

Сүмийн дээврээс
цас гулсан уналаа.
сүрэг шувуу энд байл уу... /2017.03.18/

Одоогоос гурван жилийн өмнө надтай адил хайку сонирхдог найзуудтайгаа нийлэн “Хязгаараас цааш” бүлгийг үүсгэж “Мэдрэхүйн байгаль” хэмээх хайкун түүвэр ном гаргасан. Хайку өөрөө хүний нас нэмэгдэх тусам илүү энгийн болж, үнэнд ойртож чанаржих юм шиг санагддаг. Би магадгүй жинхэнэ хайкуг 80 нас гарсан хойноо л бичих байх.

Өвгөн баримал
цэцэрлэгийн сандал дээр
хаврыг хүлээнэ... /2017.03.16/

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Урт, богино хугацаанд төлөвлөсөн зүйл нэлээд байгаа. Гэрэл зургийн тал дээр хэд хэдэн зүйл боловсруулж байна. Дангаараа болон "Тусгал" төрийн бус байгууллагын залуусын оролцоон дээр суурилсан төслүүд бичиж байна. Мөн "Бид Монгол агуулга" дизйнеруудын бүлэг дотор салбар нэгж болох "ТАЙПОЧИД" гэж урнаар бичдэг залуусын хэсэг бий. Бид оны өмнө хоёр удаа хичээнгүй уран бичих сургалт уулзалт явуулсан энэ төслүүдээ бас үргэлжүүлэх гэх мэт ажил их байгаа. Бас Монгол уламжлал дээр суурилсан шинэ хэрэглээний бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээх тал дээр ажиллаж байгаа.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Мөрөөдөл гэгч хүний амьдралын хэтийн зорилго. Тиймээс ч хүн бүр өглөөг мөрөөдөлтэйгөөр угтаж байх ёстой. Мөрөөдөл бас шинэчлэгдэж бас заримдаа хуучирдаг юм шиг санагддаг. Зарим мөрөөдлөө илүү боловсруулаад явж байгаа. Гэхдээ одоохондоо хамгийн том мөрөөдлөө дэлгэмээргүй байна.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Би хүнд зөвлөх түвшинд очоогүй л дээ./инээв/ Ганцаараа явсан хүн жим гаргаж, олуулаа явсан хүмүүс зам гаргадаг. Ганцаараа байх цагтаа ганцаараа байж, олуулаа байх юманд олуулаа болж Монгол залуус нэгдэн нийлж чадах юм бол юуг ч бүтээх амархан. Тоо биш чанар чухал, өнгө биш агуулга чухал.

А.ЦЭЭСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХБАТ


ТҮҮНИЙ УРАН БҮТЭЭЛҮҮДЭЭС
 

Мөн Идогийн хамгийн сүүлийн үеийн уран бүтээлийг сонирхохыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.

 


Түүний авсан гэрэл зургаас

Өвлийн өвөө ирлээ.

Өдөр гийсэн үүрийн цолмон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна