Төсвийн тодотгол парламентын босгыг давах уу?

2017 оны 3 сарын 27

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

-ОУВС болоод хандивлагч орнуудтай тохиролцсон амаасаа буцах аваас Монгол Улс жинхнээсээ санхүүгийн хувьд бүрэн ялагдалд орно-

Монгол улс төр болоод эдийн засгийн амьдралын өрнөлийн өмнөхөн ирээд байна. Ирэх долоо хоногт нээлтээ хийх УИХ-ын ээлжит хаврын чуулганаар улс орны хувь заяатай холбоотой маш олон асуудал шийдэгдэхээр шилээ даран хүлээгдэж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсөв, татвартай холбоотой олон өөрчлөлтийг хийх шаардлага гарч байгаа бөгөөд энэ бүх эдийн засгийн утга агуулгатай шийдлүүд ирэх зургадугаар сард товлогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн фонон дээр явагдах нь гарцаагүй.

Монгол улсын Засгийн газар “Хуралдай” бондыг амжилттай худалдаж, өнгөрсөн долоо хоногт хүлээгдэж байсан өрийн төлөлтийн эхний ээлжийг амжилттай давж чадсан. Хэдийгээр өрийг өрөөр сольсон ч нэг удаадаа амьсгаа авахтайгаа болсон. Мэдээж бондын арилжаанд ОУВС-тай хийсэн тохиролцоо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. “Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг (таван жилийн хугацаатай 5.75 хувийн хүүтэй) 600 сая ам.долларын Хуралдай бондоор (долоон жилийн хугацаатай 8.75 хувийн хүүтэй) сольсон явдал юм. Шинэ Хуралдай бонд таван жилийн өмнө арилжаалсан Хөгжлийн банкны бондоос 52 хувь илүү үнэтэй. Гэвч хүү нь 12 сарын өмнө арилжаалсан 500 сая ам.долларын бондтой харьцуулахад 2.1 хувиар бага буюу зээлийн өртөг нь 20 хувь бага байна. Үүнийг ОУВС-гийн хөтөлбөрийн анхны эерэг нөлөө гэж дүгнэж болох билээ” хэмээн Үндэсний Стратегийн хүрээлэн дүгнэсэн байна.

ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу Монгол Улс гурван жилийн хугацаанд 440 сая ам.долларын тусламжийг цувруулан авах бөгөөд энэ нь хандивлагч орнуудын таван тэрбум ам.долларын санхүүжилтийг нээж байгаа юм.

Гэхдээ энэ бүх зүйлийн хариуд Монгол төсөв, санхүүгийн бодлогоо эрс өөрчлөлт хийх учиртай. Энэ өөрчлөлтийн эхлэл болгон өнгөрсөн Баасан гаригт Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ оны төсөвт хийх тодотголоо өргөн барилаа. Тодотголоор Монгол Улсын төсөв 2,7 их наяд төгрөгийн алдагдалтай байх бөгөөд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.1 их наяд буюу ДНБ-ий 23.1 хувь, нийт зарлага 8.7 их наяд буюу ДНБ-ий 33.7 хувьтай байх ажээ. Төсвийн алдагдал 2.7 их наяд буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэх юм.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард баталсан төсвөөр төсвийн алдагдал 2,4 их наяд төгрөг байсан юм.

Сангийн сайдын өргөн барьсан төсвийн тодотголд ОУВС-тай тохиролцсон арга хэмжээнүүдийг багтаасан байсан. Тухайлбал, зургаан төрлийн татварыг нэмэх замаар орлогыг нэмэгдүүлэх ажээ. Үүнд, архи, тамхины Онцгой албан татвар болон импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх, авто бензин, дизель түлшний татварыг хуульд заасан хэмжээнд нэмэгдүүлэх, суудлын авто машины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх,нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгажээ. Харин төсвийн зарлагыг дараах маягаар бууруулахаар төлөвлөсөн байна. Үүнд:

  • Эм эмнэлгийн хэрэгслийн үр ашгийг дээшлүүлснээр 10-15 хувийн хэмнэлт гаргах

  • Тэтгэвэрт гарах насыг эрэгтэй 2026 оноос 65 настай гарна/ жилд 6 сараар тэтгэврийн насыг нэмэгдүүлнэ/

  • Эмэгтэйчүүд 2036 он хүртэл тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлнэ /2037 оноос 65 насандаа тэтгэвэрт гарна/

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ/хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аян, атрын III аян хэрэгжүүлнэ/

  • Төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж, одоо авч буй цалинг 2017, 2018 онд нэмэгдүүлэхгүй /эдийн засаг тогтворжоод ирэхээр цалинг нэмнэ/

  • Тэтгэвэрт хязгаарлалт тогтоогоогүй.

  • Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлж, 40 хувийг нь хоолны талон хэлбэрээр олгоно

  • Зарим хуулийг буцаана. Тухайлбал, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар төсвийн орлогыг жилдээ 50 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр заалт орсныг түдгэлзүүлэх шаардлага үүссэн байна.

Сангийн сайдын өргөн барьсан төсвийн тодотголыг МАН-ын олонх бүхий парламент хэрхэн хүлээж авах нь анхаарал татаж байна. Учир нь, гурван сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч ялна гэсэн таамаг магадлалын өндөр түвшинд байгаа үед иргэдийн халаас руу гараа хийх нь санал хураалтад нөлөөлнө гэсэн болгоомжлол тус намд бий.

Гэсэн ч эдгээр өөрчлөлтийг хийхгүйгээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах, цаашлаад нэмэлт санхүүжилтийн замууд хаагдах учраас үнэндээ ацан шалаанд ороод байгаа. Гэхдээ юу үнэн гэвэл ОУВС болоод хандивлагч орнуудтай тохиролцсон амаасаа буцах аваас Монгол Улс жинхнээсээ санхүүгийн хувьд бүрэн ялагдалд орно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна