“Ухаалаг” автобуст УХАМСАРТАЙ зорчигч хэрэгтэй байна

2017 оны 3 сарын 29

Автобусны хаалга онгоймогц  цангасан адуу шиг хойд, урд хаалгаар дайрч, ааштай кондукторт мөнгөө хураалгадаг байсан үе хэдийнээ ард хоцорчээ. Учир нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ “ухаалаг” системд шилжээд, хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй 21 аж ахуй нэгжийн 1257 автобусанд “ухаалаг” тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулжээ. Мөн хотын хөл хөдөлгөөн ихтэй газруудад 480 орчим гэрээт цэгийг байгуулж, иргэдэд “ухаалаг” картыг худалдаалах, цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна.  

Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт зорчигчдын  дөнгөж 37 хувь нь “U money” картаар, 63 хувь нь бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг талаар Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компани болон Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос /2017.03.24/ өдөр мэдээлсэн.

Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 86 чиглэлд 929 нийтийн тээврийн том оврын автобус, троллейбус үйлчилж, өдөрт дунджаар 600 мянга гаруй зорчигч тээвэрлэдэг байна. “Ухаалаг” автобустай болсон ч зарим ухамсар дорой зорчигчид дутуу  эсвэл урагдсан тасархай мөнгө шургуулах, 50, 100-тын дэвсгэртийн голд цаас хавчуулах юм уу канондсан цаасаар автобусанд үйлчлүүлэх нь ихэссэн талаар албаныхан мэдээлсэн юм.

Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд байрлуулсан мөнгөний хайрцгийг хурааж, зорчигчид зөвхөн “ухаалаг” картаар зорчихоор болсон. Ийн нийтийн тээвэрт төлбөрөө төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох, албадан ажил хийлгэх арга хэмжээ авахыг ч давхар сануулаад байгаа билээ. Бид их хотын амьдралд хөл нийлүүлж, дэлхийн орчин үеийн стандартад нийцсэн үйлчилгээг авъя гэвэл “U money” картаар үйлчлүүлэхээс өөр аргагүй юм.  Энэ бол  өндөр хөгжилтэй улс орнуудад хэдийнэ нэвтэрсэн үйлчилгээ.

Жишээлбэл, Өмнөд Солонгосын нийтийн тээврээр зорчихын тулд зорчигчид “Т Card” худалдан авдаг байна. Ингэхдээ төлбөрийн нөхцөл нь урьдчилсан эсвэл дараа төлбөрт хэлбэртэй бөгөөд 2500 вон төлөөд “T Card” худалдан авна.

Энэхүү нийтийн тээврийн картаа метроны буудал, жижиг дэлгүүрийн кассаас эсвэл метроны буудал болгонд байрлуулсан автомат машинаас худалдан авч, цэнэглэж болдог ажээ. Нэг удаадаа 1000-90 мянган воноор цэнэглэх боломжтой ба 30 минутын дотор автобус, эсвэл метро дамжиж суусан тохиолдолд төлбөр төлөх шаардлагагүй байдаг ажээ.

Мөн түүнчлэн “Seoul City Pass” гэх өөр төрлийн карт ч бий. Энэ карт нь 15 мянган воны үнэтэй бөгөөд нэг өдрийн турш автобусаар хязгааргүй, харин метрогоор 20 удаа зорчих боломжтой аж. Ийм төрлийн хоёр өдрийн карт нь 25 мянган вон, гурван өдрийнх нь 35 мянган воны үнэтэй байдаг гэнэ.

Автобус болгонд карт уншуулах төхөөрөмж суурилуулсан байх тул зорчигчид картаа уншуулаад л зорчдог аж. Харин Японы нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын тасалбарын систем нь хоорондоо харилцан адилгүй байдаг ажээ. Гэхдээ зорчигчид бүгд автобусны арын хаалгаар суухдаа хаалганы хажууд байрлуулсан жижиг машинаас тасалбар авна. Тасалбар дээрх дугаар нь автобуснаас буух хүртэл хэдий хол зам туулсныг тооцоолж, улмаар тэр дагуу төлбөрөө төлдөг байна. Хэрэв нийтийн тээврээр зорчих “IC Card”-тай бол автобусанд суухдаа картаа уншуулахад л болно. Төлбөр нь автоматаар картнаас хасагддаг ажээ.

Их хотын хөгжлийг нийтийн тээврээр нь хэмждэг. Тиймээс ч нийтийн тээврийн “ухаалаг” шинэчлэлд ухамсартай зорчигчид хэрэгтэй байна. “ухаалаг” картын үнийг 2000 төгрөг болгож хямдруулснаас гадна дараах шинэ картыг иргэдэд санал болгож байгаа ажээ. Үүнд:

  • Энгийн картаар өөрт ойр байрлах ТҮЦ, дэлгүүрээс энгийн болон хүүхдийн “U money” картыг худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглэх боломжтой.

  • “Сити пасс” картаар банкны салбар, ATM, интернетээр цэнэглэн нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой. Уг картыг одоогоор зөвхөн Хаан банкны салбаруудад хандан захиалах боломжтой.

  • Гар утасны NFC сим картаараа төлбөрөө төлөн зорчих боломжтой. Уг үйлчилгээ мөн адил зөвхөн “Юнител”-ийн үйлчилгээний салбаруудаас захиалах боломжтой байна.

  • Хязгааргүй зорчих эрхтэй картыг том хүн 25 мянга, хүүхэд 8000 төгрөгөөр худалдан авч сарын турш үнэгүй зорчих боломжтой.

  • Орон нутгийн иргэд нийслэлд түр ирж байгаа бол тухайн орон нутгийн чиглэлд явдаг авто вокзалуудад байрлах “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйлчилгээний цэгээс түр картыг 3600 төгрөгөөр худалдаж авах боломжтой юм байна. Өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглэж, нийслэлд нийтийн тээврээр үйлчлүүлээд карт худалдан авсан цэгтээ буцаан өгч, 3600 төгрөгөө авах боломжтой гэнэ.

  • 20 мянган картыг карт худалдах, борлуулах цэг байхгүй газруудаар үнэгүй тараах юм байна. Өөрөөр хэлбэл, картын талаар мэдээлэлгүй, бэлэн мөнгөөр зорчих гэж байгаа зорчигчдод карт тараах ажлыг эхлүүлэхээр болжээ.

А.СҮРЭН, С.ШҮР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна