Хятадын эртний нийслэлээр

Шиань. Эртний Хятадын нийслэл, Торгоны замын эхлэл цэг, Терракотта дайчдын баримлаараа Шиань хот алдартай. Жоу, Цинь, Хань, Сүй, Тан гээд Хятадын түүхэнд чухалд тооцогдох эзэнт гүрнүүдийн үед нийслэл нь байсан Шиань хот өдгөө Хятадын Шаньси мужийн төв бөгөөд 9983 км2 талбай нутаг дэвсгэрийг хамардаг, 8,7 сая оршин суугчтай болжээ.


 

ТЕРРАКОТТА АРМИ

Хятадын анхны эзэн хаан Цинь Ши Хуаны бунхны ойролцоо орших “Терракотта дайчид” хэмээх энэхүү байгууламж нь Хятадын эртний армийг дүрсэлсэн баримлаараа алдартай. МЭӨ 210-209 оны үед бүтээсэн. Цинь Ши Хуан насан эцэслэсний дараа хойд төрөлд нь түүнийг хамгаалахыг бэлгэдэн урласан Терракотта дайчдын баримлыг Дэлхийн найм дахь гайхамшиг хэмээн нэрийддэг.

Терракоттаг анх 1974 оны гуравдугаар сарын 29-нд илрүүлжээ. Шиань хотын тариачин эр худаг гаргахаар таван метр гаруй нүх ухаад усны оронд өөр нэгэн өвөрмөц зүйлийг олж илрүүлсэн нь дайчдын баримал байжээ. Ян Жифа гэгч тариачин эр одоо Терракотта дайчдын баримлын музейн эзэн болж, асар баян нэгэн болсон байна.

Терракотта армийн нийтдээ 8000 гаруй цэрэг, 520 морь, 150 морьтон цэрэг бүхий морин цэргийн арми тэнд бий. Онцлог нь тэд бүгд өөр өөр царайтай, тус тусдаа харилцан адилгүй нүүрний хувирал гаргажээ. Дайчдаас гадна бусад албаны болон энгийн хүмүүс, хүчирхэг эрчүүд, бүр хөгжимчдийн баримал ч бий. Шавар дайчдыг 11 хонгилд босоогоор нь бунхалсан бөгөөд маш зузаан ханаар тусгаарлагдсан хонгилуудыг 30 см шавар, 3 метр зузаан шороогоор булж хамгаалсан гэгддэг. Дайчдын дундаж өндөр 185 см бөгөөд 135 кг орчим жин татдаг.

Шавар дайчдыг зүүн зүгт харуулж бунхалсан бөгөөд тэдний хуяг дуулга, хувцас хэрэглэл, дайчдын үсний засалт, тэр бүү хэл хөмсөг, сормуус, нүдний давхрааг хүртэл нямбайлан урласан байдаг.

Дайчдын баримлыг анх илрүүлсэн цагаас хойш 18 жилийн турш малтлага явуулж, гаргаж авсан бөгөөд одоо ч бүрэн дуусаагүй байгаа. Баримлуудыг анх малтаж гаргахад төрөл бүрийн өнгөөр будаж чимэглэсэн, нүүр, гарын арьсыг хүртэл ягаанаар будсан байсан ч агаар, салхинд баримлуудын будаг 24 цагийн дотор ор мөргүй алга болжээ. Малтлагаар гаргаж авснаас хойш таван минутын дараа авсан өнгөт гэрэл зургуудыг баримлуудын дэргэд байрлуулсан байдаг. Эртний гайхамшгийг хэвээр нь хадгалж, өнгийг нь алдагдуулалгүй авч үлдэх арга, технологийг олох хүртлээ зарим баримлыг малтаж гаргахаас татгалзаж байгаа гэнэ.


 

ШАНЬСИ МУЖИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ

Шиань хотын баруун хойд хэсэгт орших Шаньси мужийн түүхийн музейд ханын зураг, уран зураг, шавар, шаазан эдлэл, зэр зэвсэг, эд хогшил, зоос, хүрэл, мөнгө, алтаар урласан гээд Хятадын түүхэн дурсгалт 370 мянган гаруй үзмэр бий. Монголын эзэнт гүрний зоос ч мөн тэнд байдаг.

Музейн барилгын ажилд 1983 онд эхэлж, 1991 оны зургадугаар сарын 20-ноос нийтэд үйлчилж эхэлжээ. Музейн хамрах талбай 65 мянган ам дөрвөлжин метр бөгөөд барилгын архитектурыг Тан гүрний үеийн хэв маягаар барьсан байна.


 

ШИАНЬ ХОТЫН ХАНА

Шиань хотын хэрэм Хятадын хамгийн эртний бөгөөд хамгийн сайн хадгалагдаж үлдсэн хана хэрмүүдийн нэг ажээ.

1368-1398 онд төр барьсан Мин улсын анхны хаан Жү Юаньжан цэргийн хамгаалалтын зориулалтаар энэ ханыг бариулсан гэдэг. ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Шиань хотын хана тэгш өнцөгт хэлбэртэй, нийт ханын урт 14 км гэнэ. Ханын өндөр 12 метр, ханын орой хэсгийн өргөн 12-14 метр, суурь хэсэг нь 15-18 метр байдаг. Явганаар дөрвөн цаг гаруй явж ханыг бүрэн дуусгана. Гэхдээ ханын дээр унадаг дугуй түрээслүүлэх үйлчилгээ байх бөгөөд 80 юань төлөөд 120 минутын турш дугуйтай аялж болно.

С.ЦЭЛМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД, Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна