Өв уламжлалаа хамгаалах Ерөнхийлөгчийн ажилд 8,4 оноо өглөө

2017 оны 3 сарын 30

“Монголын медиа” корпорациас зохион байгуулж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг “Чингис” зочид буудлын хурлын танхимд өчигдөр /2017.03.29/ боллоо. Энэ удаагийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт хөндлөнгийн “МЭК” судалгааны төвийн санамсаргүй түүврийн аргаар сонгосон иргэд оролцож Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн найман жилийн ажилд 1-10 хүртэлх оноогоор нууц санал хураалтаар үнэлгээ өгсөн юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн найман жилийн хугацаанд “Монгол хэл, бичиг”, “Монгол өв соёл”, “Монголын түүх”, “Монгол судлал”, “Монгол хүнээ дэмжих” чиглэлээр хийсэн ажлын тайланг сонсож, хэлэлцсэн. Ийнхүү сэдэвчилж хэлэлцүүлэг зохион байгуулсан нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал нь өргөн хүрээтэй, найман жил буюу хамрах хугацаа урт байгаатай холбоотой.

Зөвлөлдөх санал асуулгын явцад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тайланг өөрөөс нь болон зөвлөхүүдээс нь сонсож, мөн эсрэг санаа бодол, сөрөг үнэлгээ бүхий нийгмийн хэсгийнхний үгийг тэнцвэртэйгээр хүлээн авч, жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцэж, тайлан тавьсан албан тушаалтан болон эсрэг санаа бодол бүхий нийгмийн бүлэглэлүүдээс асуулт тодруулга авсны дараа нууц санал хураалтаар үнэлэлт, дүгнэлтээ гаргалаа. Энэхүү үнэлэлт, дүгнэлт өгөх явцыг хараат бус, хөндлөнгийн “МЭК” судалгааны төв зохион байгуулсан бөгөөд нууц санал хураалтад оролцсон нийт иргэдийн үнэлгээг нэгтгэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10-аас 8.4 оноо авчээ.

Ийнхүү хоёр долоо хоногийн турш тэнцвэртэй мэдээлэл хүлээн авч мэдээлэлжсэн иргэд бүтэн өдрийн зөвлөлдөх хэлэлцүүлэгт оролцсоныхоо дараа “Монгол хэл, бичиг”, “Монгол өв соёл”, “Монголын түүх”, “Монгол судлал”, “Монгол хүнээ дэмжих” чиглэлээр хийсэн Ерөнхийлөгчийн ажилд 8.4 оноо өглөө.

Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах бусад асуудлаар ч зөвлөлдөх хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдээр оноо өгүүлэх замаар дүнг нэгтгэн гаргах юм.

"Зөвшилцсөнөөс Зөвлөлдсөн нь дээр"

МОНГОЛЫН МЕДИА КОРПОРАЦИ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна