Төрд нутагшуулах шинэ жишиг

2017 оны 3 сарын 30

“Монголын медиа корпораци”-аас санаачлан “Ардын үг” зөвлөлдөх аяныг зохион байгуулж байгаа.  Энэхүү аяны салбар хуралдаан буюу “Монгол өв уламжлалаа хамгаалах Ерөнхийлөгчийн ажил” сэдэвт иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг өчигдөр /2017.03.29/ “Чингис” зочид буудалд болсон юм.

Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд боллоо.

Хэвлэлийн хуралд “Монголын Медиа корпораци”-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш, “МЭК” судалгааны төвийн гүйцэтгэх захирал Л.Золбаатар, “Eagle” телевизийн тоймч, сэтгүүлч Б.Жаргалмаа нар оролцов.

“Монголын медиа корпораци”-ийн зүгээс “Албан тушаалтны хийсэн ажлыг үнэлэхийн тулд мэдээлэлтэй байх ёстой. Гэтэл мэдээлэл нь иргэнд очихдоо дутуу хагас, гуйвуулсан байдлаар очих магадлалтай. Тиймээс иргэдэд мэдээлэл олгож байж дүгнүүлэх зорилготойгоор зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна” гэсэн юм.  

Мөн  Ерөнхийлөгч хийсэн ажлынхаа тайланг тавьж байгаа нь Монголын төрд “Шинэ жишиг” болж буйг онцоллоо.


“EAGLE” ТЕЛЕВИЗИЙН ТОЙМЧ, СЭТГҮҮЛЧ Б.ЖАРГАЛМАА

-“Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хийсэн ажилд ямар учраас дүгнэлт өгөх гээд байгаа юм бэ гэж олон хүн асууж байна. Энэ аяныг дараагийн Ерөнхийлөгчид тодорхой сэдэв, санал дэвшүүлэх үүднээс зохион байгуулж байгаа ажил гэж ойлгож болно. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн эрх үүрэг, түүнээс шаардах ёстой зүйлүүдийн талаар мэдээлэл өгөх хэрэгтэй гэж үзсэн. Хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэд Ерөнхийлөгч ямар их ажил хийсэн юм бэ гэдгийг мэдэж авч байна. Мөн түүнийг магтахаас илүү шүүмжлэл ч хэлж байсан. “Өнгөрсөн найман жилийн хугацаанд Монголын түүх, Монголын нууц товчоог шинэчилж дэлхийн улс оронд түгээхийн тулд энэ жижиг улс ямар том ажил хийсэн гэдгийг мэдэж авлаа” гэж ярих хүмүүс байсан. Тэгэхээр эндээс бид мэдээллээ хүргэж байж иргэдээр үнэлүүлэх ёстой юм байна гэдэг ойлголт төрж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч уран бүтээлчид бидний саналыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархаж байна. Дараагийн зөвлөлдөх уулзалтад дахин ирнэ гэж найдаж буйгаа өчигдөр илэрхийлсэн” гэсэн юм.

“Ардын үг” зөвлөлдөх аян 5 бүлэг сэдвээр өрнөж, иргэдээр дүн тавиулах аж. Үүнд:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдлыг хангах. Энэ сэдвээр иргэдээс 8,9 оноо авсан байна. /Зөвлөлдөх уулзалт гуравдугаар сарын 6-нд болсон билээ/
     
  2. Монгол өв уламжлалаа хамгаалах. Энэ сэдвээр / иргэдээс 8,4 оноо авсан байна. Зөвлөлдөх уулзалт өчигдөр /2017.03.29/ болсон билээ.
     
  3. Шүүхийн шинэчлэл, авлигатай холбоотой Ерөнхийлөгчийн хийсэн ажил.
     
  4. Иргэний оролцооны сэдвээр Ерөнхийлөгчийн хийсэн ажил.  
     
  5. /Сүүлийн сэдвийг одоогоор сонгоогүй байгаа/

“Монголын Медиа корпораци”-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдашаас аяны талаар дараах зүйлсийг тодрууллаа.

-“Монголын медиа корпораци”-аас санаачлан зохион байгуулж байгаа “Ардын үг” зөвлөлдөх аяныг улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна гэсэн мэдээлэл гарсан байсан. Үүнд та тайлбар өгч болох уу?

-“Ардын үг” зөвлөлдөх аяныг төсвийн мөнгөөр санхүүжүүлээгүй. Харин “Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн”, гадаадын байгууллагууд санхүүжүүлэгчээр оролцож байгаа. Энэ аян манай медиа корпорацийн үндсэн контентын нэг. Тэр утгаараа үүнийг бизнесийн нэг чиглэл гэж харж, манай уран бүтээлчид хөгжүүлж байгаа юм. 

-Зөвлөлдөх аянд оролцож байгаа хүмүүсийг түүврийн аргаар сонгон оролцуулж байгаа. Түүвэрлэхдээ ямар хүрээний, ямар салбарын хүмүүсийг гол төлөв оролцуулж байна вэ?

-Зөвлөлдөх аянд оролцох иргэдийг дүүрэг, хороо бүрээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Тухайлбал, нэг хорооноос найман хүн авах ёстой гэж үзвэл тэдний тал нь эмэгтэй, тал нь эрэгтэй байх. Нас биед хүрсэн байх ёстой гэх мэт шаардлага тавьсан. Сонгогдсон иргэдийн зарим нь завгүй, зарим нь оролцох боломжгүй байж болно. Гэхдээ учирлаж, олон удаа хүсэлт тавьсны эцэст сонгосон ихэнх хүмүүсээ оролцуулж чадсан 

Манай аян үндсэн таван сэдвийн доор зохион байгуулагдана. Нэг сэдэв үндсэндээ 21 хоног үргэлжилж байгаа. Тодруулбал, эхний долоо хоногт мэдээлэл хүргэж, дараагийн долоо хоногт нь уулзалт зохион байгуулах, сүүлийн долоо хоногт нь дүнгээ танилцуулах байдлаар үргэлжилж байгаа. 

Сэтгүүлч Т.ДАВААНЯМ, Зураглаач Н.БАТМӨНХ