Ц.Нямдорж: Ц.Амгаланбаатар өмнө гурван удаа хэрэг хүлээж байсан

2017 оны 3 сарын 31

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. Тэрбээр С.Зориг агсны хэргийн баримт нотолгоо, мөрдөн байцаах явцын талаарх зарим баримт болох хэрэгтэн Ц.Амгаланбаатарын Т.Чимгээ болон Т.Содномдаржаа нарт илгээсэн мессеж, мөн  Ц.Амгаланбаатар хүний өмнөөс ял үүрдэг гэсэн нотлох баримтуудыг дэлгэсэн юм.

Энэхүү мэдээллийн өмнө УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван хүн 24-25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Хоёр ч шатны шүүх хурлын дараа яллагч тал буюу прокурорууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарим материалыг ил болгосон нь буруу зүйл. Прокурор нууцын зэрэглэлтэй хэргийн зарим материалыг ил болгосны дараа байр сууриа илэрхийлж ярилцлага өгч байсан. Байдал их ээдрээтэй, эвгүй байдал үүссэн шүүх, хүний эрх, эрх чөлөө зэрэг олон зүйл хөндөгдөж байгаа учраас ийнхүү өнөөдөр мэдээлэл хийж байна" гэдгийг онцолсон юм.

Ц.Амгаланбаатар хүний өмнөөс хэрэг үүрдэг

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлснээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар нь өмнө нь таван хүний амь нас хөнөөсөн хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн байдаг. Гэвч энэ бүгдийг хуулийн байгууллага шалгаж, худлаа гэдгийг нь тогтоосон. Тиймээс Ц.Амгаланбаатар С.Зориг агсны хэргийг ч гэсэн худлаа үүрсэн байж болзошгүй гэсэн хардлага байгаа гэдгээ хэлсэн юм. Прокурорын байгууллагын дэлгэсэн зарим материалд Ц.Амгаланбаатар хэргийг үйлдсэн талаараа голлон ярьсан байсан. Ц.Амгаланбаатар нь 2007 онд үерхэж байсан багын найзынхаа амь насыг хөнөөсөн хэргээр ял авч, шоронд ялаа эдэлж байсан. Тэр хугацаандаа дөрвөн ч хүний амь насыг хөнөөсөн гэж мэдүүлсэн байдаг. Тухайлбал, “Надад эргэлт оруул, хүүхэн авчир тэгвэл би н.Ганбат гэж хүний амь насыг хохироосон хэргээ хүлээнэ” гэж хэлж байжээ. Тухайн үед Ц.Амгаланбаатарын хэлснээр хэргийг шалгахад тэрээр энэ хэргийг үйлдээгүй нь тогтоогджээ. Энэ мэтчилэн дөрвөн хүний амь насыг хөнөөсөн гэж мэдүүлсэн байдаг боловч тэр бүр нь тухайн үедээ шалгагдаж, худал гэдэг нь тогтоогдож байсан юм. Тиймээс энэ удаад ч С.Зоригийн хэргийг хийсэн, Т.Чимгээ, Т.Содномдаржаа нартай хамт үйлдсэн гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа гэдгийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж онцлон хэлсэн юм.

Ц.Амгаланбаатар нь Т.Чимгээ, Т.Содномдаржаа нарыг мессежээр дарамталдаг байжээ

Ц.Амгаланбаатар нь 2015 оны тавдугаар сараас эхлэн Т.Чимгээ болон Т.Содномдаржаа нарын гар утас руу мессеж бичдэг байж. Эдгээр мессеж дотор Т.Чимгээ рүү 9598-.....  гэсэн утаснаас “Ямар хүн алснаа мэдэж байгаа биз дээ. Чи, Жаагий /Т.Содномдаржаа/ та хоёр хүн алаа биз дээ. Намайг эргэж, эргэлтээр ирээд таван сая төгрөг өг, үгүй бол би хүн алсан хэргийг чинь дэлгэнэ шүү. Шаазан ваарны үйлдвэрийг санаж байгаа биз дээ. Жаагий та хоёр дээшээ гарсан биз дээ, би орцонд хүн харж байсан биз дээ" гэх зэргээр нийт 102 мессеж бичиж байжээ. Энэ мэтчилэн байнга мессеж бичиж Т.Чимгээ, Т.Содномдаржаа нарыг дарамталдаг байсан гэдгийг Ц.Нямдорж гишүүн хэллээ. Тухайн үед Ц.Амгаланбаатарын бичсэн мессежийг ч дэлгэсэн юм. 

Түүнээс гадна УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ц.Амгаланбаатар мессеж бичиж эхэлснээс хойш буюу 2015 оны гуравдугаар сарын 21-нд манай хуулийн байгууллагын нэр бүхий ажилтан Эрдэнэт хотод очсон. Тэр хуулийн ажилтан Эрдэнэт хотын нэгэн худалдааны төвийн гадаа хуурай дүүтэйгээ хамт явж байсан Т.Содномдаржаатай маргаан үүсгэж, зодоон хийснээс болж Т.Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэн гуравдугаар сарын 31-нд саатуулсан байдаг. Мөн үүнээс хоёр сарын дараа Т.Чимгээгийн хашаанаас цогцос олдсон. Энэ цогцос нь 1-6 өмнө нас барсан гэдгийг шинжээчид тогтоосон байдаг. Яагаад хуулийн байгууллагын ажилтан Т.Содномдаржаатай муудалцах болов, яагаад Т.Чимгээгийн хашаанд нас барсан хүний цогцос олдов гэдэг эргэлзээтэй байгаа юм гэлээ.

Гэх мэтчилэн олон эргэлзээтэй асуудал байгаа учраас хуулийн байгууллага 1937 оны арга барилаар энэ хэргийг илрүүлчихэв үү гэсэн хардлага төрөөд байгаагаа Ц.Нямдорж гишүүн онцолсон юм. Тэрээр “Миний санаа зовж байгаа зүйл бол 1937 оны арга барил үнэртээд байна. Цаашид захиалагчийг илрүүлнэ гэх нэрийн дор хэчнээн хүний амьдралыг үрэн таран хийх юм. Хэргийн цорын ганц гэрч болох Б.Булганыг өнгөрсөн хугацаанд сэжигтэн ч биш, хохирогч ч биш болгочихлоо. Тэгсэн хэрнээ Б.Булганы гаргаж өгсөн ам зургаар хэрэгтнүүдийг тогтоож байгаа нь мөн л эргэлзээтэй асуудал гэдгийг тэрээр хэлж байсан юм.  


Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-С.Зориг агсны хэрэг хэний захиалгаар хийгдсэн бэ?

-Би яаж мэдхэв дээ. Миний сая ярьсан зүйл бол тухай үед, тухай бүрд нь шалгагдаж байсан эд шүү. Илэрхий ойлгогдож байгаа зүйл бол Амгаланбаатар худлаа хэлдэг, хүнийг гүтгэдэг гэдэг л ойлгомжтой асуудал. Энэ дэндүү ойлгомжтой харагдаж байгаа биз. За тэр Өлзийсайханых, Архангайн гурав, зургаа дахь нь С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг. Үүнийг хууль хяналтынхан цаашид яах юм бол доо. Би зүгээр нэг юм хэлье. Жилийн өмнө надад цөхөрсөн, ядарсан хүмүүс өргөдөл ирүүлсэн юм. Би тэр үед хуулийн байгууллагын дарга тус бүртэй нь яриад ийм өргөдөл ирсэн байна шүү. Алдаа гарах магадлал өндөр байна шүү. Юмаа сайн нягтлаарай. Хэрэг мэддэг, уншдаг, хэрэг таньдаг бүхэл бүтэн баг гаргаж байж наад асуудлаа та нар давхар хянуулаарай гэдгийг хэлж, нууцын журмаар бичиг явуулж байсан. Гэтэл авч хэлэлцээгүй.

-Та Хууль зүй дотоод хэргийн сайдаар олон жил ажилласан. Таныг сайд байхад С.Зоригийн хэргийг илрүүлчих боломж байсан. Хэрэв энэ ял авсан хүмүүс хэргийг үйлдээгүй юм бол хэн холбоотой юм бэ?

-Хуулзүйн  яаманд  байхад энэ асуудлаар ажлын хэсэг гараад, нууцын журмаар шалгаж байсан нь үнэн. Гэхдээ хуулийн сайд, улстөрийн ажилтанд нэг эрх байдаггүй юм. Тэр нь хэрэг бүртгэх, мөрдөх байцаалт явуулах ажилд хөндлөнгөөс оролцох эрх. Тэр тусмаа улстөрчид. Тийм учраас би 2003 онд нотлох баримттай мэдээлэл өгөх юм бол 500 сая төгрөг улсаас өгнө гэдэг Засгийн газрын тогтоол гаргуулаад ч бүтээгүй юм.

Хоёрдугаарт, хэрэг нотлогдсон гэж хэн хэлээд байгаа юм, яагаад өмгөөлөгч нарынх нь амыг хааж байгаа юм, яагаад хохирогчийн амыг хааж байгаа юм. Шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч гэж байхад яагаад хаалттай явуулж байгаа юм бэ .

-Та УИХ-ын дэд дарга уу, мөрдөн байцаагч уу, прокурор уу?

-Би УИХ-ын дэд дарга хэвээр байгаа. Би мөрдөн байцаагч биш. Миний ярьсан зүйл дотор хэргээс ухаж авсан зүйл байхгүй. Нийт 61 хавтаст хэрэг байна гэж дуулдана лээ. Би тэрнээс хэргийнх нь хавтсыг ч үзээгүй. Надад тийм эрх байхгүй.

Би баримтгүй, хуулийн байгууллага шалгаагүй зүйл яриагүй. Энэ бол миний хүмүүжил биш. Би яагаад үүнийг ярьж байна вэ гэхээр тэнд хүмүүс арга ядаад явж байна. Төр хэтэрхий их дээрэлхэж байна. Өмгөөлөгчийн ярих эрх, амыг нь хаасан. Монголын төрд, хуулийн байгууллагад ийм хачин юм байж болохгүй гэж би үзэж байна. Ямар ч байсан захиалгатай хэрэг юм бол ийм мөчид баримтаар, энэ асуудлыг ингэж шийдэхгүй. Би чинь прокурорын унаган боловсон хүчин, 10 жил хэрэг уншсан. Эд нарын хуулийн орчин, ажиллах нөхцөлийг гайгүй болгох гэж 30 шахам жил явж байна. Бас нэг хэргийн өнгө цаад учиг, сүлжээ холбоо юу байна гэдгийг гадарлаад байдаг хүн шүү дээ.  

Аа тийм. Энэ хэрэг яагаад илэрдэггүй юм бэ гэдэг асуудал байнга яригддаг. Хэрэг гарсан орон гэрээр нь 70 хүн ороод гарсан. Тэр үеийн Ерөнхий сайд ахлагчтай. Ингээд хэргийн бүх ул мөр алдагдсан. Хэргийн газрын үзлэг дээр алдахаар дараагийн бүх боломжийг хаадаг.  Би хуулийнханд хэлдэг ганц үг бий. “Хэргийн газар бурхан багшийг ч бүү оруул” гэж. Зөвхөн өөрсдөө ажлаа хий гэдэг ганц үг хэлдэг. Тэр үеийн Ерөнхий сайд тэргүүтэй Эрүүл мэндийн сайд, цагдаагийн дарга гэх мэт 70 хүн хэргийн газар ороод гарсан шүү дээ. Үүнээс бүх юм эхэлсэн.  

-Та сая хэлэхдээ Б.Булган хохирогч биш, гэрч биш гэлээ. Тэгвэл энэ хүнийг төр хэрхэн харж, хянаж байна вэ. Магадгүй Б.Булган улс төрийн орогнол хүсээд, нэг тийш явчихвал яах вэ?

-Би Б.Булгантай холбоотой асуудлыг мэдэхгүй. Хуулийнхныг би мэднэ. Та нар бүтэн жил хорьчхоод суллаж байгаа юм байна. Одоо наад хүн чинь хохирол нэхнэ яах вэ. Хариулт байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас хохирсон бол ингэж, ингэж төр хариуцлага хүлээнэ гэдэг бүхэл бүтэн бүлэг 2002 онд нэмж өгсөн. Одоо тэр хуулийн заалтаар харьцах нэг арга бий. Хэцүү дээ. 1990-ээд онд Ж.Барамсай гэдэг хүн “Шоронгоос өшөө авагчид” гэж юм бичиж бөөн шуугиан болж байсан. Тэр үед та нарын зарим нь төрөөгүй байсан.  Тэр үед Мягмар гэдэг хүний мэдүүлгээр бас энэ Эрдэнэтэд гарсан хэргийн талаар бөөн юм болж байсан. Би тэр үед  улсын прокурорт ажиллаж байсан. Тэр үеийн улсын прокурорын удирдлага дээр “ороод та нар шоронгийн ялтныг улсын прокурорын конторын албан хаагч шиг статустай болголоо” гэж хэлсэн.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна