А.Ганбаатар: “Ардын үг” хэлэлцүүлэг бол “Монголын медиа корпораци”-ийн төсөл юм

2017 оны 3 сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд дүн тавих зорилгоор Монголын медиа корпорациас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулж байгаа билээ. Уг хэлэлцүүлгийг хаанаас санаачлан хийж буй, яаж санхүүжүүлж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.

-“Ардын үг” гэсэн хэлэлцүүлэг хийх нэрээр “Eagle” телевизээр дамжуулж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийгөө рекламдаж байна гэсэн яриа зарим хүний амнаас сүүлийн үед дуулдаж байна. “Ардын үг” хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө санаачилж хэрэгжүүлж байгаа юм уу, эсвэл Монголын медиа корпорацийн хийж байгаа ажил уу?

-Иймэрхүү яриа явж байгаа нь ор үндэсгүй юм гэдгийг хэлье. Учир нь Монголын медиа корпорациас явуулж байгаа “Ардын үг” нь өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл юм билээ. Миний мэдэхээр нийслэл хотын удирдлагууд, албан тушаалтнууд “Ардын үг” хэлэлцүүлгээр тайлангаа тавьж байсан санагдаж байна. Орон нутагт, Дорноговь аймагт шиг санагдаж байна, энэ төсөл бас хэрэгжиж байсан.

Энэ удаа “Ардын үг” төслийнхөн, “Eagle” телевиз, Монголын медиа корпораци, “МЕС” судалгааны төвийнхөн Ерөнхийлөгчийн тайланг анх удаа иргэдийн оролцоотойгоор тавиулъя гэдэг санаачилгыг гаргасан. Цаашдаа зөвхөн Ц.Элбэгдорж  Ерөнхийлөгчөөр тайлан тавиулаад зогсох гэсэн асуудал биш. Дараа дараагийн Ерөнхийлөгчид ийм нэг жишиг, босго тавья гэсэн санаачилга нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой таарч байгаа юм.

Бид үүнээс зугтсангүй. Зөвхөн УИХ-д тайлангаа тавиад боллоо гэсэнгүй. Хүсэлтийг хүлээж авсан. Сэдэв сэдвээр тайлангаа тавихаар 4-5 чиглэл рүү орж байгаа юм. Гадаад харилцаа, аюулгүй байдал гээд Л.Пүрэвсүрэн, А.Баттөр зөвлөхүүдийн хариуцсан ажил байсан. Сая Р.Болд зөвлөх, А.Ганбаатар зөвлөх хоёр “Монгол дархлаа”, “Монгол хүн-Монголын баялаг” сэдвүүдээр ярилаа.

Эхний хэлэлцүүлгээр 8,9, дараагийн хэлэлцүүлгээр 8,4 гэсэн үнэлгээ авсан байна.

Үүний дараа хууль, шүүхийн шинэтгэлийн талаар Ч.Өнөрбаяр зөвлөх, бусад зөвлөхүүд ярих байх. Мөн Иргэний оролцоо, ногоон байгууламж гээд Л.Дашдорж зөвлөх, О.Чулуунбилэг зөвлөхийн ажлуудаар цааш цаашаа явах байх.

-Ерөнхийлөгчид дэндүү өндөр оноо тавилаа гэж шүүмжлэх хүмүүс бас гарч байгаа. Энэ дээр та юу хэлэх вэ?

-Энэ бол бидний санаачилга биш, Монголын медиа корпорацийн санаачилга гэдгийг би дээр хэлсэн. Тэдний тавьсан хүсэлтээс оргож, босч зугтаагүй. Энэ төсөл рүү орж тайлангаа тавьж байгаа.

Яагаад өндөр оноо гараад байна вэ. Та нар шоудаж байгаа юм биш үү гэсэн хардлага яригдаж л байсан л даа. Үнэлгээ нь зөвлөлдөх ардчиллын зарчим гээд АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессорын боловсруулсан төсөл юм билээ. Шууд ардчиллаар төлөөллөө сонгоод, сонгогдсон хүн нь төлөөллөө хэрэгжүүлээд явдаг. Түүврийн аргаар сонгосон төлөөлөгч, экпертүүдийн дунд асуудлаа тавиад, тэр экспертүүддээ тухайн асуудлаар мэдээлэл өгдөг. Мэдээлэлтэй болсон экпертүүд хоорондоо хэсэг, бүлэгт хуваагдаад жижигрүүлж төслөө хэлэлцэж ярилцдаг. Буцаад дүгнэдэг. Иймэрхүү л зарчимтай юм шиг байгаа юм. Мэдээлэлтэй, ойлголттой болчихсон хүмүүс харьцангуй өндөр үнэлгээ өгдөг байж магадгүй.

Ер нь бол тийм. Ангийнхаа сурагчийг багш нь л мэднэ. Хөндлөнгийн өөр хүн дүн тавихгүй шүү дээ. Түүнтэй яг адилхан мэдээллээ сонссон иргэд ойлголтоо аваад дүнгээ тавьж байгаа. Тэгээд тийм сайн, давуу талтай гарч байгааг үгүйсгэхгүй. Энэ бол нэг арга. Буруу гэхгүй.

-Энэ хэлэлцүүлгийн санхүүжилт хаанаас гардаг вэ? Төсөл нь санхүүжүүлж байна уу, Ерөнхийлөгчийн Тамгын газраас гардаг юм уу?

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас санхүүжүүлсэн зүйл огт байхгүй. Төслийн хүмүүс өөрсдөө компаниасаа мөнгөө босгоод хийдэг юм шиг байгаа юм. Дундуур нь реклам явж байгаа. Телевизийн төсөл хийдэг зарчмаар л явж байгаа гэж ойлгож байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газар бол төсөл санхүүжүүлэхгүй. Тэр бүү хэл, 2013 онд 11 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Ерөнхийлөгч үүний дараа “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн бодлого явуулсныхаа манлайлал болгож өнөөдөр 4 тэрбум төгрөг болтол нь төсвөө танасан.

Жишээлбэл, Ерөнхийлөгч анх 11-12 зөвлөхтэй байсан бол өнөөдөр 7 зөвлөхтэй байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар анх 70-аад  ажилтантай байсан бол одоо 40 гаруй хүн ажиллаж байна. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар ингэж өөрсдөөсөө төсвөө багасгаж, аппаратын ажилтнуудаа цомхон болгож ажиллаж байгаа юм. Ингэж зөвлөхийн хувьд албан ёсоор батлан хэлж байна.

Д.ЦЭНГЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна