С.Зоригийн хэрэг ба нийгмийн сэтгэл зүй

2017 оны 4 сарын 3

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

Сүүлийн хорин жилийн Монголын амьдралыг донсолгосон цөөн хэдэн хэрэг байдаг. Үүний нэг нь Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг юм. С.Зориг бол Монголын орчин цагийн сэхээтэн давхаргын төлөөлөл, ардчилсан нийгмийг авчрагсдын нэг байлаа. Москвагийн Их сургуульд Шинжлэх ухаан, коммунизмын онолыг судалж ирсэн С.Зориг МУИС-д багшилж байх үеэсээ Ардчилсан хөдөлгөөнийхөнтэй нийлж, таван жил судалсан онолынхоо эсрэг явсан байдаг.

Монголын ардчиллын дуу хоолой болсон түүнийг ардчиллынхан анх удаа Монголын төрийн эрхийг барьж байх үед гэрт нь зэрлэгээр хөнөөн амийг нь бүрэлгэсэн хэрэг тухайн үедээ нийгмийг тун эвгүй, ярвигтай нөхцөл байдалд аваачиж байсан. Ийм нөхцөл байдал С.Зоригийн алуулсан 1998 оноос хойш арван жилийн дараа 2008 оны долдугаар сарын 2-ны үймээний дараа дахин давтагдсан билээ. Хөнөөгдөх үедээ С.Зориг нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайдын албыг хашиж байсан.

1998 оноос хойш С.Зоригийн амь насыг хороосон хэргийг илрүүлэх, буруутныг олох хүнд даалгавар үе үеийн Засгийн газар, төрийн удирдлагуудын өмнө байсаар ирсэн. Хэрэг гарснаас 18 жилийн дараа буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр анхан шатны шүүхээс С.Зоригийн амийг бүрэлгэсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн хорих ял оноосон. Тэдний энэхүү ялыг Давж заалдах шатны шүүх хуралд хэвээр үлдээсэн.

Монголын ард түмэн, ардчилалд хайртай хэн бүхэн С.Зоригийн амийг бүрэлгэсэн буруутанд зохих ялыг нь оноохыг хүсч байсан. Буруутнуудыг хэдийгээр олон жилийн дараа ч гэсэн тогтоож, Монгол Улсын шүүхээр ялласан. Гэсэн ч 18 жилийн дараа болсон шүүх процесс, яллагдагчид, үүнээс улбаалан ил болж буй баримтууд, янз бүрийн төвшний мэдэгдлүүд нийгмийг бүхэлд нь эргэлзээнд оруулсан. Янз бүрийн мэдэгдлүүд олшрох тусам эргэлзээний манан өтгөрсөөр.

Юун түрүүн, анхан шатны шүүхээс ял сонссон гурван этгээд зөвхөн гүйцэтгэгчид, харин хэргийн захиалагчийн хэргийг тусгайлан шалгаж буй гэсэн эрх бүхий байгууллагын мэдээлэл. Монголчуудын 18 жил хүлээсэн энэ ээдрээт хэргийн зангилааг тайлж, санааг нь амраах гол мэдээлэл нь гүйцэтгэгч биш захиалагч хэн бэ гэдэг асуулт. Өнгөрсөн оны сүүлчээр хэргийн анхан шатны шүүх хурал эхлэх үед улс төрийн өнгө аясгүй гэсэн мэдээлэл тарсныг санаж байгаа байх. Хэрвээ үнэхээр тийм бол Монголын төрд их зүйл хийх байсан энэ хүнийг зүгээр нэг хулгайчид алдсан хувьгүй хүмүүс үү, бид. МҮОНТВ-ээр прокурорын өгсөн мэдээллээр захиалагч нь гүйцэтгэгчидтэйгээ утсаар ярьсан нь тодорхой болсон. Тийм учраас хэргийн захиалагчийг илчлэх нь цаг хугацааны асуудал болжээ гэдгийг хүмүүс ойлгосон.

Удаах мэдэгдлүүдийн тухайд ч тодорхойгүй. Үнэндээ энэ хэргийн шүүх процессын талаар ил гарч байр сууриа илэрхийлэх хүн олдохгүй байгаа. Ил гарч байгаа ганц хүн нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Тухайн үедээ УИХ-ын дарга, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн энэ хэргийг шүүх ажиллагаа “эргэлзээ” төрүүлж байгаа талаар нэг бус удаа олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ. Хашиж байсан албан тушаал нь С.Зоригийн аллагын хавтаст хэрэгтэй танилцсан нь ойлгомжтой хүн ийнхүү ил гарч мэдэгдэл хийж байгааг хуульч мэргэжилтэй нь холбож ойлгох уу, дөхөж буй Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ойлгох уу гэдгээ хүмүүс үнэндээ мэдэхгүй байна.

Ийнхүү эргэлзээ төрүүлсэн асуултууд олширч байгаа нь нийгмийн сэтгэл зүйг тогтворгүй болгож байгаа гэдгийг мэдээлэл, мэдэгдэл хийж буй хүмүүс бодолцох учиртай. Иргэдийн орлого хомсодсон, янз бүрийн татвар нэмэх чимээтэй, эрх баригчид нь гадуур явж бадар барьсан ийм үед нийгмийн сэтгэл зүйг өдөөх нь тун чиг осолтой байж мэдэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна