Шинэ нэр: Зургаар хүнийг ЭМЧЛЭГЧ бүсгүй

Манай “NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангаа уншигчдадаа хүргэж байна. Энэхүү булангийнхаа зочноор урлагийн сэтгэл засалч буюу арт терапист мэргэжлээр ажиллаж буй Б.Нарантулгыг онцолж байна.

“Хүмүүс сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Ийн сэтгэлзүйн эрүүл мэнд алдагсанаас болж нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа” хэмээн өгүүлэх энэ бүсгүй хүүхдийн номын зураач мэргэжилтэй хэдий ч одоо Монголдоо анхдагч урлагийн сэтгэл засалчаар ажиллаж байгаа юм.


БУРИАДЫН НАРАНТУЛГА: 1981.10.09

Төгссөн сургууль:

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж /1998 он/

Дүрслэх урлагийн дээд сургууль график зургийн анги /2003 он/

Монгол Улсын их сургуулийн Сэтгэл судлалын анги /2016 он/

Мэргэжил: Зураач, сэтгэл судлаач

Одоо эрхэлж буй ажил: “Аръяамед” сэтгэц, мэдрэл сэргээн заслын эмнэлгийн арт терапист /урлагийн сэтгэл засалч/

Сошиал хуудас: Narantulga Buriad /фэйсбүүк/


АНХНЫ АМЖИЛТ

-Одоо бодохоор би шинийг эрэлхийлэх сонирхолтой хүүхэд байжээ. Би наймдугаар ангиа төгсөөд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн Хүүхэлдэйн урлалын ангид орсон юм. Тэр үед хүүхдүүд токарь дээр тогтсон хэвээр хүүхэлдэй хийдэг байлаа. Тэгсэн би хоёрдугаар улирлаас эхлээд багшдаа “Багшаа би ийм хүүхэлдэй хиймээргүй байна. Балетчин хиймээр байна” гэсэн чинь багш “Токарь дээр балетчин хийхэд тийм амар биш” гэж хэлсэн. Тэгээд нэлээд удаан бодож байгаад токарь дээр жижиг хэсгүүдийг үрж, нийлүүлээд л хос балетчин хийсэн дээ. Тэгэхэд л багш маань намайг ихээр магтаж, урам өгч байсан. Тэр үеэс л би өөрийгөө шинэ зүйл хийж, турших дуртай гэдгээ мэдсэн дээ.

АНХ ХЭДЭН НАСТАЙДАА ЗУРЖ СУРСАН БЭ?

-Аав маань зураач хүн байсан. Тийм учраас багаасаа л аавынхаа зураг зурахыг харж өссөн. Ээжийн ярьснаар их багаасаа л харандаа, цаас барьсан гэдэг юм. Миний санаж байгаагаар таван настайдаа тэмээ зурчихаад их л баярлаж байсан санагддаг. Аав маань намайг долоо настай байхад бурхан болсон юм. Тэгээд л аавынхаа мэргэжлийг өвлөх хүсэлтэй байсан уу, багаасаа л зураач болох хүсэлтэй хүүхэд байлаа.

ЗУРААЧ МЭРГЭЖЛЭЭСЭЭ ХЭРХЭН СЭТГЭЛ СУДЛАЛ СОНИРХОХ БОЛСОН БЭ?

-Анх сургуулиа төгсөөд “Монсудар” хэвлэлийн компанийн хүүхдийн номын “Жангар” редакцийг 2005 онд байгуулж байсан. 2007 оноос 0-3 насныханд зориулсан “Миний анхны ном” хүүхдийн номыг хийхээр хоёр жил гаруй судалгаа хийж, 2009 онд номоо гаргаж байсан. Хоёр жилийн хугацаанд бага насны хүүхдүүд ямар зургийг яаж хүлээж авдаг вэ, бага насны хүүхдийн харааны онцлог гэх мэт маш олон зүйлийг судлах шаардлагатай болсон. Тэрнээс хойш бага насны хүүхдэд зориулсан номыг зурахад сэтгэлзүй маш чухал гэж үзээд сэтгэл судлалыг сонирхох болсон доо.

Энэ сонирхлоороо 2012 онд Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын ангид сурсан. Өнгөрсөн жил сэтгэл судлалын магистраа “Урлагийн сэтгэл заслыг гэр бүлийн салалтын дараах стрессийг бууруулахад ашигласан туршилт судалгаа”-гаар хамгаалсан. Одоо эмчилгээний арт терапид чиглэлээрээ Австралийн онлайн сургалтад суралцаж байгаа.

ЗУРГААР ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ХЭРХЭН ЭМЧИЛДЭГ ЮМ БЭ?

-Урлагийн сэтгэл засал буюу арт терапи нь сэтгэл судлалын үндсэн дээр бий болсон сэтгэл заслын нэгэн төрөл. Үүнийг хамгийн анх зураач, сэтгэцийн эмч нар үүсгэсэн байдаг. Сэтгэцийн эмч нар нь үйлчлүүлэгч өөрт төрж буй мэдрэмжийг үгээр хэлэх боломжгүй ч зургаар бодитоор илэрхийлж байсан. Харин зураачид хүмүүс зураг зурахаар их тайвширлыг авч байна гэж үзээд 1900 оноос хойш сэтгэл заслын төрөл болсон түүхтэй.

Зарим хүмүүс зураг зураад эмчлэгдэнэ гэж юу байсан юм бэ гэж шүүмжилдэг. Бидний сэтгэлзүйд ойлгомжгүй байгаа маш олон зүйл зургаар илэрхийлэгдэн гарч ирдэг. Энэ бол эмчилгээ.Тэрнээс биш урлаг бүтээх гээд байгаа зүйл байхгүй. Манай эмнэлэгт төрөл бүрийн асуудалтай, уур бухимдалтай хүмүүс их ирдэг. Урлагийн сэтгэл заслын нэг техник байдаг тэр бол маск хийх арга байдаг. Учир нь бид амьдрал дээр өдөр тутам янз бүрийн маск зүүдэг. Тэр утгаараа манай үйлчлүүлэгчид нүүрнийхээ хэвийг авахуулдаг. Дараа нь гадна болон дотор талыг нь өөрөө будаж, чимэглэдэг юм. Нэгэн эмэгтэй маскныхаа дотор талд аман дээрээ гоёмсог туузаар хэрсэн байсан. Өөрийн маскаа хийж дуусаад “Би яг л ийм байгаа. Би хэлэхийг хүсэж буй зүйлээ хэлж чаддаггүй. Тэрнээсээ болж өөрөө шаналдаг. Өөрийн мэдрэмжээ биетээр харах чинь ямар сонин юм бэ” гэж хэлж байсан.

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ?

-Би нөхөр, хоёр хүүхэд, ээжийн хамт амьдардаг. Манай том хүү маань есдүгээр анги, бага охин маань хоёрдугаар ангид сурдаг. Надад чөлөөт цаг л гарвал гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ хамт байхыг хичээдэг. Учир нь манай эмнэлэгт ирж буй хүмүүсийн дийлэнх нь гэр бүлийн асуудалтай байдаг. Тиймээс би хоёр хүүхдээ сэтгэлзүйн хувьд маш хүчирхэг хүн болоосой гэж хүсдэг. Хүүхдүүдэд маань юу ч тохиолдсон дэргэд нь ээж нь байна гэдгийг мэдрүүлэхийг хүсдэг юм. Хань маань зураач мэргэжилтэй бөгөөд оюутны нэг анги.

Мөн чөлөөт цаг гарвал хүүхдийн номын зургаа зурна. Хамгийн сүүлд Тэргэнцэртэй иргэдийн холбооны “Миний онцгой найз”, “Бөөлхөний найзууд” гэсэн хоёр номын зураг зурсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидэнтэй л адилхан хүн. Гагцхүү тэдэнд харааны юм уу, сонсголын гэх мэт бэрхшээл байна гэдгийг бага насны хүүхдүүдэд ойлгуулахыг хичээсэн. Ер нь би зураг зурахгүй байж чадахгүй. Шог зураг сонирхоно. Заримдаа хүүхдүүдээ унтуулчихаад нөхөртэйгөө хамтдаа ганц аяга кофе уугаад л зургаа зурах нь үнэхээр сайхан мэдрэмж шүү.

СЭТГЭЛ СУДЛААЧ БҮСГҮЙ ГЭР БҮЛИЙН СЭТГЭЛЗҮЙДЭЭ ХЭРХЭН АНХААРДАГ ВЭ?

-Би гэр бүлийнхнийгээ сэтгэл санааг аль болох тайван байлгахыг хичээдэг. Зарим хүмүүс ажлын стрессээ гэр бүлийнхэндээ гаргадаг. Тэр бүхэнд хүүхдүүд ихээр өртдөг. Тийм учраас эцэг, эхчүүд их болгоомжтой байх хэрэгтэй. Хүүхдүүд маань бидэнтэй хамт байх цаг хугацаа их богинохон шүү дээ. Хүүхдүүд маань хүнтэй суугаад явсны дараа хүссэн ч эцэг, эхтэйгээ дэргэд байж чадахгүй. Тийм болохоор ээж, аавтайгаа хамт байх энэ цаг хугацааг нь үргэлж сайхан байлгахыг хүсдэг.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Монголд шинэ тутам хөгжиж буй урлагийн сэтгэлзүйг хөгжүүлэхийн тулд хичээн ажиллах болно. Мөн зураг зуруулах сэтгэл заслын оношилгоогоо илүү мэргэжлийн төвшинд ажиллахыг зорьж байна даа.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Надад маш олон мөрөөдөл бий. Би “Монсудар” хэвлэлийн компанийн эрхлэгчээр ажиллаж байхдаа “Хүн өнөөдрөөсөө маргаашийг харах бус 10 жилийн дараа хаана, хэн байхыг хүсэж байна гэдгээ төлөвлө” гэсэн нийтлэл уншиж байсан. Тэр цагаас хойш мөрөөдөл ямар чухал болохыг ойлгосон. Хүүхдийн сэтгэлзүйд тохирсон зурагт ном гаргах хүсэлтэй. Цаашдаа арт терапи сэтгэл заслын төрлийг монголд хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахыг хичээх болно.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Ер нь залуу хүн зорилготой байх ёстой гэж боддог. Би саяхан их сургуулийн төгсөх курсийн оюутнуудад арт терапи сэтгэл заслын талаар хоёр удаа хичээл заасан. Хичээлийн явцаас ажиглахад зарим оюутан залуус ямар ч зорилгогүй байгаа нь харамсалтай санагдсан. Хамгийн түрүүнд зорилго, төлөвлөгөөтэй байж, түүнийхээ төлөө ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй. Хүн мөрөөдөж болно. Гэхдээ тэр мөрөөдлийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийхгүй л бол бүтэхгүй шүү дээ. Би ч гэсэн амьдралдаа ийм л зарчим баримталдаг.


Түүний зурсан шог зургаас сонирхуулъя

Монголд орж ирж буй гадны шашнуудыг шог зургаар харуулжээ

Наадмын дараа голын эрэг дээр

"Нэг ангийнхан"

Хүүхдийн номын бүтээлүүдээс.

А.ЦЭЭСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна