Бээжин хотын зүрхэнд орших Хориотой хот

Бээжин хотын зүрхэнд орших Хориотой хот 600 гаруй жилийн түүхтэй. 1420-1912 оны хооронд 500-гаад жилийн турш Хятадын эзэн хаадын гэр ордон, мөн төрийн хэрэг удирдан явуулах төв нь байлаа. Мин гүрний үеэс Чин гүрний хаанчлал хүртэл үе үеийн 24 хаад тэнд аж төрж байв.

Хориотой хот нь тэгш өнцөгт хэлбэртэй, 72 га талбайтай, уртаашаа 961 метр, өргөөшөө 753 метр. Нийт 8886 өрөө бүхий 980 барилга байгууламжтай. Үүдний өрөөнүүдийг оруулаад 9999 өрөөтэй гэх нутгийн иргэдийн яриа бий. Гэхдээ судалгаагаар тогтоогдоогүй. Хориотой хотын доторх их, бага өргөө, танхим, тасалгаа, хүзүүвч зэрэг нь төрийн шатлан захирах ёсыг нэг бүрчлэн илтгэдэг байжээ.

XX зуунд Хятад улс социалист дэглэмд шилжсэнээр 1925 оноос хааны ордны цогцолборыг музей болгожээ. Өдгөө Хориотой хот жилд 14,6 сая жуулчин хүлээж авдаг. Дэлхий дээрх хамгийн их зочин хүлээж авдаг музей юм.1984 онд Хориотой хотыг “хамгийн том модон барилга” хэмээн Дэлхийн өвийн санд бүртгэжээ.

Хориотой хотыг тойроод 7,9 метр өндөр хана босгож, түүний гадна 6 метр гүн, 52 метр өргөн усан шуудуу татжээ. Ханын өргөн суурь хэсгээрээ 8,62 метр, орой хэсгээрээ 6,66 метр. Хориотой хотын суурь нь 3 метр зузаан. Энэ нь газраар нүхэлж ордон руу нэвтрэхээс хамгаалах зорилготой.

Хориотой хотын загвар хийц нь ерөнхий төлөвлөлтөөсөө эхлээд бүх зүйл нь эзэн хааны сүр хүчийг илтгэдэг. Тухайлбал, шар өнгө бол эзэн хааны өнгө. Тиймээс Хориотой хотын хоёроос бусад бүх барилгын дээвэр шар өнгийн хавтангаар хийгдсэн. Хоёр өөр барилгын нэг нь болох Номын өргөө хар дээвэртэй. Хар өнгө усыг бэлгэддэг учир галын аюулаас сэргийлж ийм өнгө сонгожээ. Харин нөгөө нь Угсаа залгамжлах ханхүүгийн өргөө ногоон дээвэртэй. Учир нь ногоон өнгө модыг илэрхийлэх учир өсөн дэвжиж, мандахыг бэлгэджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна