Хятадын нэрийн хуудас болсон Цагаан хэрэм

Хятадын нэрийн хуудас болсон Цагаан хэрэм. Хүний гараар бүтээгдсэн дэлхий дээрх хамгийн урт байгууламж.

Цагаан хэрэм гэж МЭӨ тавдугаар зуунаас манай эриний 16 дугаар зууны хооронд барьж босгосон олон салангид бэхлэлтийг хамтатган нэрлэдэг. Тус тусдаа салангид хэрмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн төрт улсыг үндэслэгч Цинь Ши Хуанди Хүннү гүрний довтолгооноос хамгаалахаар МЭӨ 220-206 онд хэрмийн зай завсрыг бөглөж, уртасгасан түүхтэй. Анхны шавар хэрмүүдээс үлдэж хоцорсон нь тун цөөн. Харин Мин улсын үед /1368–1644/ босгосон чулуун хэрэм сайтар хадгалагдан үлджээ.

Манж Чин улсын Энх Амгалан хаан хожим нь Цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй боловч найдваргүй бэхлэлт хэмээн цаашид засаж, сэлбэх ажлыг зогсоосон байна. 1980-аад оноос хэрмийг дахин шинэчлэн засаж, сэргээн босгож эхэлжээ.

Цагаан хэрэм нь дүүлэн нисч буй аварга луу мэт мурилзан харагддаг гэлцдэг. Барууншаа Лоб нуур, зүүншээ Бохайн тэнгист хүрнэ. Хээр тал, хөндий мөрөн, өндөр уулс, элсэн цөлийг туулж, хязгааргүй сунан үргэлжилсэн хэрмийн урт 8851,8 км. Үүний 6259,6 км нь жинхэнэ хэрэм, 359,7 км нь гуу жалга, 2232,5 км нь уул, гол гэх мэт байгалийн бартаа саад гэж үздэг.

Хэрмийн хамгийн өргөн хэсэг 9 метр, хамгийн өндөр нь 3,66 метр. Ханын хамгийн өндөр хэсэг нь газраас дээш 7,92 метр. Хамгийн өндөр цэг нь Хэйта ууланд байх ба далайн төвшнөөс дээш 5000 метрийн өндөрт оршдог.

Хэрмийн дунд байх цамхгууд нь харуулын, мөн довтолгооны үед дохио өгөх зориулалттай.

Цагаан хэрэм бол Хятадын эртний цэргийн сэргийлэлт, хамгаалалтын агуу их барилга бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн их гайхамшиг юм. ЮНЕСКО 1987 онд Цагаан хэрмийг Дэлхийн өвд бүртгэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна