Хувийн хэвшлийнхэн төрийг дуэльд дуудлаа

2017 оны 4 сарын 10

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

Хувийн хэвшлийнхний тэвчээр барагджээ. Тэд төртэй барьцаж байна. Улс орны эдийн засгийг өөд татахын тулд эрх баригчид долоон төрлийн татварын хэмжээг өндөрсгөх хувилбарыг боловсруулсан. Өнгөрсөн Лхагва гаригт /2017.04.05/ нээгдсэн УИХ-ын хаврын чуулган Засгийн газраас санал болгосон эдгээр хувилбарыг багтаасан 2017 оны төсөвт хийх тодотголыг хэлэлцэж эхлээд байгаа юм.

Тэр болгон нэгдэн нийлж дуугараад байдаггүй хувийн хэвшлийнхэн энэ удаа санаа сэтгэл нийлж, тодорхой шаардлагуудыг УИХ-д тавьж, хэрвээ эс биелүүлвэл хуулиар оногдсон татвар төлөх үүргээ биелүүлэхгүй хэмээн мэдэгдлээ. Тэдний хэлж байгаа зүйлд олон үнэн байна. Нэгд, Монгол улсын эдийн засаг хувийн хэвшлийнхний нуруун дээр байгаа. Хоёрт, хувийн хэвшлийнхний нуруун дээр зайдалсан төр өөрийн зүгээс хангалттай хэмнэлтийн бодлого явуулахын оронд угаас татвараа төлж ирсэн хувийн хэвшлийнхний ачааг нэмэх замаар хүндрэлээс гарах гэж байна. Гуравт, хувийн хэвшлийг төр бодлогоор дэмждэггүй гэсэн гомдлууд үнэний хувьтай.

Одоо муу бүхний эзэн болоод байгаа Ардчилсан намынхан төрийн эрх барьж байх үед улс орны эдийн засгийг эрүүлжүүлэх ирээдүй, хэтээ харсан хэд хэдэн зоримог алхам хийсэн нь хувийн хэвшлийнхэнд дэм болсон. Үүнд, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон НӨАТ-ын тухай хуулийг нэрлэж болно. Эдгээр хууль хэрэгжсэнээр өнгөрсөн 2016 оны төсвийн орлогын төлөвлөгөө 487,1 тэрбум төгрөгөөр, тэр дундаа НӨАТ-ын орлого 70 тэрбумаар нэмэгдсэн нь сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн үзүүлэлт байжээ. Мөн энэ оны эхний гурван сарын татварын орлого ч 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Энэ бүхэн хувийн хэвшлийнхэн өөрөөс хамаарах хувь нэмрээ улсад оруулж байна гэсэн үг.

Харин төр өөрийн зүгээс яаж бүсээ чангалах гэж байна вэ?

Энэ асуултад л тэд хариулт хүсч байгаа юм. Онгоцонд энгийн ангиллаар нисэх, “дүүриймаадах”-ыг зогсоох гээд сайхан гэх нь хаашаа юм, сайн гэх нь ч хаашаа юм, хоёрын хооронд дүр эсгэсэн байдал хэрэггүй л дээ.

Алдагдалтай ажилладаг юм бол төрийн өмчит компаниудыг тэжээх ямар хэрэгтэй юм бэ? Ажлаа мэддэггүй, намын шахааны хүмүүсээр төрийн албыг дүүргэх ямар хэрэгтэй юм бэ? Ганц хүн хийчиж болох албан тушаалд гурван хүн ажиллуулах ямар хэрэгтэй юм бэ? Яагаад заавал зардал өндөртэй унаа төрийн албанд байх ёстой юм бэ? Ардчилсан намынхны үгүй болгосон Дэд сайдын албан тушаалыг яагаад эргээд сэргээсэн юм бэ? Эдгээр асуултад л хариулт өгчихөд мөнгө хэмнэгдээд ирнэ гэдгийг тэд хэлээд байгаа юм.

Хувийн хэвшлийнхэн төрд тодорхой шаардлагыг тавьж, хариу хүлээж байна. Тухайлбал, төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс нэмэгдүүлэхгүй байх, төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувь, үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар тус тус бууруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх, хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх, тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор зах зээлийн зарчмаар тэгш, шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг болиулах, онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байх, төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх, тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо судалгаатай хандаж шийдвэрлэх шаардлагуудыг тавьсан.

Хэрэв тэдний шаардлагыг хүлээн авч, зохих хариу үйлдэл үзүүлэхгүй бол дөрөвдүгээр сарын 10-нд төлөх ёстой НӨАТ, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх нэгдүгээр улирлын ААНОАТ, тавдугаар сард төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг нийтээрээ төлөхгүйгээр эсэргүүцэл илэрхийлнэ гэдгээ мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна