Хотоо ногооруулъя

Орхон аймгийн удирдлагууд төмөр хашлагыг халж, ургамлан хашлагаар хотоо тохижуулах санаачилга гаргажээ.

Хаврын улирал, цэцэг ногоо дэлгэрэх цагтай давхацсан энэ шийдвэр иргэдэд их таалагджээ.

Явган хүний зам дагуух төмөр хашлагууд хурц үзүүртэй байдаг тул иргэд, ялангуяа бага насны гэмтэх тохиолдол цөөнгүй гардаг. Энэ талыг нь бодсон ч, өнгө үзэмжийг нь харсан ч амьд ургамлаар орлуулах хашлага зөв санаа байж магадгүй. Орхон аймгийн Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрынхан энэ хавар эхний ээлжинд нийт 19 байршилд явган хүний зам дагуу 6000 гаруй шар хуайлсаар хашлага хийх юм байна.

Үүнийг Улаанбаатарт ч гэсэн хэрэгжүүлэхэд болохгүй зүйлгүй. Ялангуяа төвлөрсөн орон сууцны хороолол, хүүхэд тоглож, салхилуулдаг орчинтой ойр хэсгүүдэд мод, бут, сөөгөөр хашлага хийхийг уриалж байна.

Цаашилбал, хотын бүх албан байгууллага, хотхон, хорооллууд дэргэдээ ногоон байгууламжтай болж, гаднаа “ой”-той болбол Улаанбаатарын агаарын бохирдол, тоос шороо илт багасна.

Ногоон байгууламж байгуулахдаа ямар бут, сөөг, мод сонгох нь чухал. Туулайн бөөр, хар улиас зэрэг хар тугалгыг сайн шингээдэг бол Улиангар, Агч, Гацуур мод нүүрстөрөгчийн дутуу ислийг шингээж, агаарын тоосжилтыг багасгадаг байна. Харин Арц, Монос зэрэг ургамал агаар дахь өвчний нянг устгах чадвартай бодис ялгаруулдаг байх жишээний.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Гэхдээ энэ журмыг дагаж мөрддөг, гаднах орчиндоо санаа оноо тавьдаг газар цөөн байгаа харагддаг. Уг нь бол энэ журмыг нь нийтээрээ дагаж мөрдөөд, өөрсдийн орчин, боломжит газартаа хэсэг ч гэсэн мод бут суулгавал хот аяндаа л өнгө ороод ирнэ.

Дүүргүүд үүнийг бодит ажил болгож, жил бүр хэдэн зуун саяыг цэцгийн мандалд зарцуулж байхаар ногоон байгууламж, модон хашлагатай болоход зорих хэрэгтэй.

Нэг хаврын дотор бүгдийг ургуулах боломжгүй ч энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, ногоон байгууламжтай болох санаачилгад нэгдсэн байгууллага, иргэдийг урамшуулж ч болно шүү дээ. 


--- ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ГУДАМЖУУД ---
 

Б.БАЯСАХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна