Татвар нэмэх нь буруу, зөв

УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй. Дээрх асуудалтай холбогдож, татварын асуудал маргаан дагуулсан хэвээр байна.

Энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Оюун-Эрдэнэ нарын байр суурийг онцоллоо.

 

Б.ПҮРЭВДОРЖ

 

Н.ОЮУН-ЭРДЭНЭ

Татвар нэмэх асуудал ард түмний нуруунд дарамт болж очно. Ардын намын бүлэг архи, тамхины онцгой албан татварыг нэмж байгаагаа иргэд хүсч байна гэж ярьж байна. Архи, тамхи хүнд хортой нь үнэн. Гэхдээ тэрийг хэрэглэж байгаа хүмүүс нь ард түмний нэг хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Шатахууны онцгой татвар өргөн хэрэглээний барааны үнэд шууд нөлөөлдөг. Ялангуяа алслагдмал бүс нутагт амьдарч байгаа иргэдийн нуруунд шууд дарамт болж очдог. Автомашины татвар байна. Чадалтай хүмүүс 20, 30 саяар татвар нь нэмэгдсэн ч гэсэн үнэтэй машинаа аваад уначихна. Гэтэл өнөөдөр хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэд дунд гарын жип машин унадаг байлаа гэж бодоход тэр нь арваас дээш жилийн настай байдаг. Олон жил хөл дүүжлэх унаатай, амьдраад сурчихсан. Энэ машинуудын татвар 10 сая төгрөгөөр татвар нь нэмэгдэх жишээтэй. Энэ нь жирийн иргэдэд дарамт болж байгаа юм. Бүх төрлийн татвар иргэдэд ачаалал болно.

Заавал татвар нэмэхгүйгээр, өөрөөр хэлбэл улсын төсвийн зардлыг хэмнэж асуудлыг шийдэх боломж байгаа. Энүүхэндээ гэж хэлэхэд төрийн нэг албан хаагч дунджаар 10-12 сая төгрөгийн зардалтай ажилладаг. Тэр зардлынх нь 60 хувь цалинд, 40 хувь төрийн албыг хэвийн явуулах урсгал зардал болж очдог. Зарим төрийн алба илүү бага зардлаар ажиллаж болно. 80 хувь нь цалин 20 хувь нь бусад зардал маягаар. Ингэхэд есөн сая төгрөгийн зардал гарна гэсэн үг. Төсвийн урсгал зардлыг багасгах талаар хангалттай ажиллах боломж бий. Төрийн албан хаагчдын цалинг хасахгүйгээр, урсгал зардлыг танах боломж Засгийн газарт байна. Дарга нарын эрх мэдэл, тансаглалыг дэмжсэн зардлыг багасгах ёстой.

 

 

 

 

 

 

Дэлхий дээр өндөр орлоготой нь өндөр татвар төлж, бага орлоготой нь бага татвар төлдөг. Дэлхийн бүх улс ингэж л шийдэж байгаа. Татварын шаталсан бодлого дэлхийн бүх улсад хэрэгждэг. Ингэж байж л сургууль, цэцэрлэгээ барьж, ингэж байж л бүтээн байгуулалт хийж, ингэж байж л орлого бага байгаа давхаргаа дундаж давхарга руу оруулж ирж, нийгэм өөрөө тогтвортой, популизм газар авахгүй.

Архи, тамхи гэх мэт тансаг хэрэглээн дээр татвар тавихаас арга байхгүй. Орлого талыг бүрдүүлж байгаа энэ алхмыг хийхээс өөр аргагүй. ОУВС-гийн шаардлага бидэнд гашуун сонсогдож байна гэдэг бол олон улсын стандартаас манай улсын төсөв  санхүү, сахилга бат ямар хол зөрүүтэй, утгагүй байж ирсний тод илрэл.

ОУВС -гийн хөтөлбөрт орохоор болж, 580 сая ам.долларын өр төлсөн нь иргэдийн амьдралд бодитой нөлөөлж эхэлж байгаа. Ядаж л малын түүхий эдийн үнэ өсөж байна.

Төсвийн зарлагыг бууруулах талд санал байна. Иргэдийн бухимдаж байгаа зүйл бол зарлага тал дээр хасалт хийж чадахгүй байна, биднээс татвар аваад зөв зүйлд зарцуулж чадаж байна уу гэдэг дээр дуу хоолойгоо илэрхийлж байгаа.

Том оврын авто машинд татвар тавигдаж байгаа учраас хот дотор төрийн албан хаагчид том машин унахгүй,  хөдөө зөвхөн том машин унадаг болгочихвол шатахууныг хэмнэх боломж гараад ирэх юм биш үү. Энэ мэтчлэнгээр зардлыг бууруулах хүрээнд ажиллах шаардлага байна.

Өнгөрсөн жил татварын асуудал орж ирэхэд орон нутгийн сонгууль яригдаад больсон. Одоо ерөнхийлөгчийн сонгууль ойртоод эхлэхээр энэ дээр хэдэн хүн улс төр хийгээд, татвар нэмж болохгүй гэж ярихаа болих хэрэгтэй. Улс орныг өөрсдөө ийм байдалд хүргэчихээд ганган, ганган юм яриад хэрэггүй. Улстөржөөд байх сэдэв, цаг хугацаа ч биш. Ганцаараа коридорт таарахаараа “Үүнээс өөр гарц байхгүй” гээд яриад ойлгох хэрнээ танхимд орж ирэхээрээ “Өөр сонголт байгаа” гээд л, гарцгүй зүйл рүү орчихсон байж иргэдийн толгойг эргүүлж, жүжиглэхээ больчих хэрэгтэй.

Бэлтгэсэн Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна