Оффшортой тэмцэх монголчуудын түүх эхэллээ

2017 оны 4 сарын 17

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

-Уг нь оффшортой биш дотоод дахь мөнгөний урсгал, хөдөлгөөнөө ил тод байлгаж, улс төрд эргэлдэж байгаа албан тушаалын авлигын мөнгийг хянаж чадвал оффшороос илүү үр ашигтай байсан юм-

Оффшор тойрсон ээлжит сүржигнэл хоёр хуульд УИХ өөрчлөлт оруулснаар дууслаа. Өнгөрсөн Пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.

Оффшор буюу татваргүй, эсвэл маш бага татвартай бүсэд банкны данс нээсэн,хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө эзэмшсэн, хувь нийлүүлэн хуулийн этгээдээр бүртгүүлсэн төрийн сонгогдсон болон томилогдсон албан хаагчид энэ тухайгаа жил тутам тайлагнадаг ХОМ-тээ тусгах үүрэгтэй болж байна.

Өнгөрсөн онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Панамын Mossack Fonseca хуулийн фирмийн бичиг баримтуудыг Германы нэгэн хэвлэлд нийтэлж ил болгосноор оффшорын дуулиан эхэлсэн. Хэд хэдэн цувралаар нийтлэгдсэн эдгээр баримтад дэлхийн зарим орны улстөрч тэр даруй албан тушаалаасаа огцорсоныг тухайн үедээ мэдээлж байсныг монголчууд мэдэж байгаа байх.

“Панамын бичиг баримтууд” хэмээн нэрийдсэн энэ дуулиан оффшор бүс дэх олон үйлчлүүлэгчийн мэдээлэл ил болсон анхны тохиолдол. Оффшор бүс хэмээн нэрийдсэн санхүүгийн үйл ажиллагааны энэ хэлбэрийн хамгийн гол зүйл нь үйлчлүүлэгчийн нууц байдлыг чанд сахих явдал юм. Татварын таатай орчин бүрдүүлэх замаар хөрөнгө хуримтлуулдаг энэ арга хэлбэр дэлхийн улс орнуудад байсаар ирсэн. Харин өнгөрсөн зууны 60-аад оноос идэвхжсэн нь тухайн үед өөрийн гэсэн аж үйлдвэржилтгүй, байгалийн баялаггүй жижиг улс орнууд колоничлогдын татаасын мөнгөөр биш өөрсдөө бие даан амьдрах шаардлага тулгарсан. Ихэвчлэн Их Британийн колонид байж байгаад тусгаар болсон арлын жижиг улсууд оффшорын замыг сонгосон байдаг.

Оффшор гэдэг нь үг анх 1950-иад оны сүүлээр АНУ-ын зүүн эргийн сонинуудад гарч эхэлжээ. Англиар Offshore гэдгийг орчуулвал эргээс хол гэсэн утга гарна. Оффшор гэдэг үг Америкийн сонинуудад анх дурдагдахдаа төрийн хяналтаас ангид байх газар зүйн байршилд орших санхүүгийн байгууллага гэдэг утгаар хэрэглэгдсэн учраас энэ үгийг хуулийн төдийгүй эдийн засаг-газар зүйн байршлын нэр томъёо гэж үздэг.

Татваргүй, эсвэл маш бага хувийн, нэр төдий татвартай газар компани байгуулж, түүгээрээ дамжуулан татвараас зугтах ойлголтыг оффшор хэмээн нэрийдэж байна. Татвараас зугтах буюу оффшор арга барил шинэ ойлголт биш. Эртний Грекийн үед Афин хот орох, гарах бараанд хоёр хувийн татвар ногдуулж эхэлсэн учраас грекийн худалдаачид Афин хотын хилээс гадуур наймаагаа хийж эхэлсэн төдийгүй ойролцоо орших арал дээр наймаа төвлөрч, мөн тэнд татваргүй бараа дамлаж эхэлсэн нь өнөөгийн оффшорын эхлэл байжээ.

XV зуунд Фландрид /одоогийн Франц, Бельги, Голландын нутаг дэвсгэрт байсан вант улс/ маш бага хэмжээний татвар ногдуулдаг байсан учраас Фландритай харьцуулахад өндөр татвартай байсан Английн худалдаачид ноос, ноосон бүтээгдэхүүнээ Фландрид авчирч зардаг байжээ. Мөн XVIII зуунд Англиас АНУ руу орох импортын татвар өндөр байсан учраас худалдаачид Латин Америкаар дамжуулан бараагаа оруулдаг байсан нь мөн л өнөөгийн оффшорын түүх юм.

ОРЧИН ЦАГИЙН ОФФШОРЫН ЖИШИГ НЬ ШВЕЙЦАРЬ ЮМ. САНХҮҮГИЙН БИЗНЕСИЙН ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР ШВЕЙЦАРЬ УЛС САНХҮҮГИЙН НУУЦЛАЛЫГ БИЙ БОЛГОЖ, ЧАНД МӨРДӨЖ ЧАДСАНААР ГАДААДЫН ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ТӨВЛӨРҮҮЛЖ ЧАДСАН. ШВЕЙЦАРИЙН ХУУЛИАР БАНКУУД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙНХЭЭ ДАНСНЫ БҮХИЙ Л ГҮЙЛГЭЭГ ХЯНАЖ БАЙГАА Ч ДАНСНЫ ЭЗНИЙГ ЗАДРУУЛАХЫГ ХОРИГЛОСОН БАЙДАГ.

Орлоготой хүмүүс, авлигын мөнгөөр амьдрагч улстөрчид улс орондоо татвар төлөхөөс зайлсхийж оффшор бүсэд данс нээн хөрөнгөө төвлөрүүлэх болсноор улс орнууд оффшор бүс дэх хууль бус мөнгөн хуримтлалын эх үүсвэрийг тогтоох, татвараас зувчуулсан мөнгийг өөрийн улсын сан хөмрөгтөө оруулах ёстой гэсэн хандлага дэлхий нийтээр давамгайлах боллоо. Тиймээс “Панамын бичиг баримтууд” ийнхүү дуулиан болсон хэрэг.

Харин энэ дуулиан монголчууд бидний хувьд оффшор гэдэг үгтэй нь дайтах хэрэг болон хувирч байна. Оффшор ярьсан хүн эх оронч, ард түмэндээ хайртай харагдана гэж гэнэн төсөөлсөн хүмүүс ч олноор гарч ирлээ. Мөнгөтэй хүнийг үзэн яддаг социализмын суурь хандлага нь арилаагүй монголчуудын хувьд энэ нь ядуу байгаагаа, амьжиргаагүй, арчаагүй байгаагаа сэтгэл зүйн хувьд зөвтгөх ээлжит тайвшрал болж байна.

“Панамын бичиг баримтууд”-ад 11 сая гаруй мэдээлэл бий гэдэг. Энэ дотор монголчуудын нэрс ч бий. 40 гаруй хүний нэрс бий гэж байгаа ч энэ нь баталгаажсан нь үгүй. Анх оффшорын дуулианд холбогдсон Монголын улстөрч бол УИХ-ын гишүүн асан С.Баярцогт бөгөөд тэрбээр оффшорт дансаа нээгээд мартсаныхаа төлөө УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа огцорч байсан. “Панамын бибичг баримтуудад”-ад Монголд оршин суудаг гэсэн хаягаар нь хөөн үзвэл 20 гаруй хаяг гарч ирж байгаа бөгөөд бүгд Улаанбаатар хотын хаяг байна. Харин эдний хэн нь шинээр батлагдсан хуулийн дагуу АТГ-т мэдүүлэг өгөх ёстой нь тодорхойгүй.

ӨНГӨРСӨН ПҮРЭВ ГАРИГТ ШӨНӨ ДӨЛӨӨР БАТАЛСАН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ НЬ ОФФШОРТОЙ ХОЛБООТОЙ СОНГОГДСОН БОЛОН ТОМИЛОГДСОН АЛБАН ТУШААЛТНУУДАД САЙН ДУРААРАА МЭДҮҮЛЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙГАА БӨГӨӨД МЭДҮҮЛЭЭГҮЙ НЬ ИЛРЭХ ЮМ БОЛ АЛБАН ТУШААЛААСАА ОГЦРОХ ЁСТОЙ.

Харин зөрчсөн гэдгийг яаж мэдэх вэ? Өмнө хэлсэнчлэн оффшор бүсүүд үйлчлүүлэгчийн мэдээллээ бидэнд тайлагнах албагүй. Дараагийн “Панамын баримтууд”-ыг хүлээх үү? “Панамын баримтууд”-ын анхны эх сурвалжийг одоо болтол зарлаагүй байгаа бөгөөд тус хуулийн фирмийн мэдээллийг хакердсан гэж үздэг.

Хуулийн шинэ нэмэлтээр АТГ хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн 37942 албан хаагч болон түүний хамаарал бүхий этгээд оффшортоо холбоотой эсэхээ мэдүүлэх болж байгаа. Ингэснээр нийтдээ 400 гаруй мянган хүн болж байгаа тооцоог хийснээ УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлсэн. Сонгогдсон болон томилогдсон хүнтэй холбоо бүхий 400 мянган хүн гурван дотор оффшор дахь дансаа хаах, мөнгөө эргүүлэн татсан зэрэг хөдөлгөөнөө АТГ-т мэдүүлэх юм.

Ингээд

УИХ-аас монголчуудын оффшортой тэмцэх түүх эхэллээ. Уг нь оффшортой биш дотоод дахь мөнгөний урсгал, хөдөлгөөнөө ил тод байлгаж, улс төрд эргэлдэж байгаа албан тушаалын авлигын мөнгийг хянаж чадвал оффшороос илүү үр ашигтай байсан юм. Оффшортой хууль гаргаж тэмцэж байна гэсэн өгүүлбэр л хэрэгтэй байсан гэж бодогдохгүй байна уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна