ШИНЭ НЭР: Хүнийг амьтан болгон хувиргагч

“NEWS” агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангаа хүргэж байна. Энэ удаагийнхаа зочноор Монголын тайз, дэлгэцийн амин сүнс нь болсон нүүр хувиргалтын чиглэлээр амжилттай ажиллаж буй Галбаатарын Хос-Эрдэнийг онцолж байна.

Тэрбээр “Хүүхэлдэй”, “Ороолон”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Ядуугийн зовлон-2”, “Ороолон”, “Шуугиан таригч”, “Өртөө”, “Хавцал” зэрэг монголын уран сайхны киноноос гадна "Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэй “Яг түүн шиг” шоуны нүүр хувиргагчаар ажиллаж буй залуу уран бүтээлч юм.

“Нүүр хувиргагч тухайн жүжигчнийг хөгшин, залуу, хөөрхөн, муухай, амьтан бүр мангас ч болгон хувиргадаг шидтэй. Мөн гоо сайхны будалтаар өөртөө итгэх итгэлийг өгч, хүмүүст аз жаргал бэлэглэдэг сайхан мэргэжил шүү дээ.” хэмээн бахархангуй өгүүлэх түүний ярилцлагыг хүргэе.

ГАЛБААТАР ХОС-ЭРДЭНЭ: 1986.10.03

Төгссөн сургууль: 

Багануур дүүргийн 66 дугаар дунд сургууль /2004 он/

Шинжлэх ухаан технологийн их сургууль, Барилгын интерьер дизайнерын анги /2008 он/

Мэргэжил: Зураач, дизайнер, make up artist

Одоо эрхэлж буй ажил: “Сити” их сургуулийн Гоо заслын урлаг, технологийн тэнхимийн мэргэжлийн нүүр хувиргалтын багш

Сошиал хуудас: Hoserdene Hoze /фэйсбүүк/


АНХНЫ АМЖИЛТ

-Би арван жилдээ гар зургийн олон тэмцээн, уралдаанд оролцдог байсан. Монголд ямар нүүр хувиргалтын тэмцээн болох биш. Хамгийн анх 2015 онд “Хүүхэлдэй” аймшгийн кинонд нүүр хувиргагчаар ажиллах санал хүлээж авч байлаа. Энэ кинонд шарх сорви, хөгшрөлт, хуруу гар тасдах зэрэг тусгай эффект ашиглаж байсан нь сонирхолтой санагдсан. Анхны кино маань хийх зүйл ихтэй, ёстой л “мөлжүүртэй” кино байсан шүү. Зарим киноны уран бүтээлчид “Цус нь арай ихдээд байна. Кино театруудаар гаргадаггүй юм” гээд л хасчихдаг. Гэтэл холливудын кинонуудад тэр байтугай л цус нөж гардаг шүү дээ. 

-Тэр жилдээ “Академи Авардс-2016” кино наадамд “Хүүхэлдэй” киноны найруулагч маань гурван төрлөөр нэр дэвшсэн. Нэг төрөл нь шилдэг нүүр хувиргагчийн төрөл байсан юм. Гэвч нийт 15 уран сайхны киноны уран бүтээлчдээс ганцаараа нүүр хувиргалтаар нэр дэвшсэн учраас намайг хасчихсан. Миний хувьд маш харамсалтай санагдсан. Тэр бүх кино нүүр хувиргагчгүй бүтсэн кино юм болов уу гэж ойлгосон. Уг нь сайн ч бай муу ч бай нүүр хувиргалтаараа нэр дэвших л хэрэгтэй шүү дээ.

"Хавцал" адал явдалт киноны алмасны баг

ЗУРААЧ, ДИЗАЙНЕР МЭРГЭЖИЛТЭЙ ЗАЛУУ ХЭРХЭН НҮҮР ХУВИРГАГЧ БОЛЖ БАЙВ?

-Би багын зураг зурах авьяастай хүүхэд байсан. Арван жилдээ хүний бие, хана, машин дээр зураг зурдаг байлаа. Анх их сургуульдаа барилгын архитектур мэргэжилтэй болох хүсэлтэй орсон ч интерьер дизайны ангиар сольсон. Их сургуулиа төгссөний дараагаар Багануурын үсчин эгч нар маань тэмцээнд оролцох моделийнхоо нүүр будалтыг надаар хийлгэдэг байсан. Би ямар ч техникгүй мөртлөө мэдрэмжээрээ л нүүр буддаг байлаа. Ингэж л анх нүүр хувиргалтыг нүүрний крем, будгаар төдийхнөөр төсөөлж байлаа. Тэгтэл 2013 онд Германаас мэргэжлийн нүүр хувиргалтын багш ирж, сургалтад нь сууснаар илүү ихээр сонирхох болсон юм. Тэгээд л дараа жил нь Германд нүүр хувиргалтын түргэвчилсэн курст суралцаж, төгссөн.

ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР УРАН БҮТЭЭЛ ХИЙЖ БАЙНА ВЭ?

-Би нийт найман кинонд ерөнхий нүүр хувиргагчаар ажилласан. Хамгийн сүүлд тун удахгүй нээлтээ хийх гэж буй “Хавцал” хэмээх адал явдалт киноны нүүр хувиргагчаар ажиллалаа. Уг кино маань Монголын хамгийн анхны маск ашигласан аймшгийн кино гэдгээрээ онцлог юм. 

Мөн одоо ОХУ-ын нүүр хувиргагч нартайгаа хамтран “Яг түүн шиг-2” шоуны нүүр хувиргагчаар ажиллаж байна. Өнгөрсөн жил “Яг түүн шиг” шоуны ерөнхий нүүр хувиргагчаар ажилласан. Мэдээж анхны гэдэг утгаараа туршлагагүйтсэн тал бий. Энэ шоуны 70-80 хувь нь шууд нүүр хувиргалттай холбоотой шүү дээ. Тиймээс эхний жил багийнхантайгаа хамтран найман дугаарын нүүр хувиргалтыг хийж, сүүлчийн хоёр дугаар дээр оросын уран бүтээлчидтэй хамтран ажилласан. 

Тэд маань шоуны оролцогчдын духны хэсгийн хамар, эрүүг өндөрлөж, тусгай маскыг нэмж хийх, сайн чанарын цавуугаар наадаг бол монголын уран бүтээлчид нүүр будалтаа хариуцан ажиллаж байна. Ер нь “Яг түүн шиг” шоугаар дамжуулан хүмүүс нүүр хувиргалтын урлагийг илүү ойлгодог болсон байх. Мэдээж Ази хүний анатоми Европ хүнийхээс өөр байдаг. Гэсэн ч бид дэлхийн оддын төрхийг 70 хувьтай дөхүүлж байгаа. Хүний нүүрийг ганц будгаар бус бүтцээр нь янзалж байгаа учраас илүү хөдөлмөр шаарддаг.

"Яг түүн шиг" шоуны нүүр хувиргалтын багийнхан

НҮҮР ХУВИРГАГЧ ХҮНИЙ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ЮУ ВЭ?

-Миний шавь нарын бараг 99 хувь нь охид байдаг. Би шавь нартаа багаас нь гоо сайхны мэдлэг өгч, цаасан дээр гарыг нь хэвшүүлдэг. Дараагаар нь хүний нүүрэнд будалт хийлгэдэг юм. Нүүр хувиргагч мэргэжил хамгийн гол нь ном уншихаас илүүтэйгээр гар хурууны мэдрэмж, ур чадвараар цааш хөгждөг. Тиймээс мэргэжлээ зөв суурьтай эзэмшиж, мэргэжилдээ сонирхолтой байх нь маш чухал юм. 

Нүүр хувиргагч хүн хүний нүүрэнд хүрч, ажиллана. Хүнийг хөгшин, залуу, хөөрхөн, муухай, амьтан бүр мангас ч болгон хувиргадаг шидтэй. Мөн гоо сайхны будалтаар өөртөө итгэх итгэлийг өгч, хүмүүст аз жаргал бэлэглэдэг сайхан мэргэжил шүү дээ.

ТА ИХЭВЧЛЭН КИНО УРЛАГТ НҮҮР ХУВИРГАГЧААР АЖИЛЛАДАГ. ДЭЛГЭЦИЙН УРАН БҮТЭЭЛД НҮҮР ХУВИРГАЛТ ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ?

-Би ихэвчлэн киноны нүүр хувиргагчаар ажилладаг. Монголд олон сайхан нүүр хувиргагч байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ салбар орхигдсон гэж хэлж болно. Орчин цагийн нүүр хувиргалтын материалыг ашигласнаар өнөөгийн кино урлаг маань илүү хөгжих боломжтой. 

Нүүр хувиргалт дэлхий дахины кино урлагийн амин сүнс болтлоо хөгжсөн. Дэлхийд нүүр будаггүй, хувиргалтгүй нэг ширхэг ч кино байхгүй. Үхсэн хүн, тасарсан гар хөлийг яаж хийх нь нарийн шинжлэх ухаан болтлоо хөгжөөд байна. Тиймээс дэлгэцийн урлагт нүүр хувиргалтыг маш нарийн хийхгүй бол болдоггүй. Хэрэв нүүр хувиргалт алдаатай болвол тэрхүү киногоо бүтнээр нь нураах ч аюултай. Тиймээс дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэхийн тулд сүүлийн үеийн шинэ технологиудыг сайн эзэмших хэрэгтэй. Гэвч монголд нүүр хувиргалтын гол түүхий эд болох арьс шиг материал хомс, хилээр их хэмжээгээр оруулж ирэх боломжгүй байдаг. Монголд байсан ч асар үнэтэй учраас уран бүтээлчид тэр бүр ашигладаггүй. 

ЧӨЛӨӨТ ЦАГАА ХЭРХЭН ӨНГӨРҮҮЛДЭГ ВЭ? 

-Чөлөөт цаг ховорхон гардаг. Спортоос хөл бөмбөг тоглох дуртай. Бас билъярд тоглодог. Надад чөлөөт цаг л гарвал тусгай эффект ашиглан, хүний нүүрнээс хэв авч, хэрхэн алдаагүй байрлуулах вэ, ямар материал орох бол зэрэг нүүр хувиргалтаа сайжруулах тал дээр түлхүү ажилладаг. Нүүр хувиргалтаа улам сайжруулж, өөрийгөө хөгжүүлэхийг л боддог доо.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ-Ойрын үед шинэ киноны уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ уран бүтээлийнхээ нууцаас задлахад хэтрүүлэгтэй, дан тусгай эффектүүдийг харуулсан үлгэр кино байх болно. “Яг түүн шиг” шоуны дараагаар уг үлгэрийн киноны ажилдаа орно. Мөн ирэх намраас нүүр хувиргалтын чиглэлээр АНУ-руу суралцах гэж байна.

ТАНЫ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО, ХАМГИЙН ТОМ МӨРӨӨДӨЛ?

-Надад зорьсон зорилго олон бий. Тэр дундаа өөрийн ур чадвараа улам хөгжүүлж, Азидаа нүүр хувиргалтаараа тэргүүлэхийг мөрөөдөж байна даа. 

Ингэхийн тулд тусгай эффект ашигласан нүүр хувиргалтыг л монголынхоо кино урлагт хөгжүүлэхийг зорьж явна. Нүүр хувиргалтыг хөгжүүлснээр уран зөгнөлт, фантастик уран сайхны киног хийх бүрэн боломжтой юм. Ялангуяа аймшгийн, үлгэрийн сэдэвт уран сайхны кино нүүр хувиргалтгүйгээр урагшаа нэг ч алхахгүй. Одоо кино театруудаар гарч буй уран сайхны киноны 90 хувь нь инээдмийн төрлийнх болоод байна. Энэ төрөл нь хийхэд хамгийн хялбар, хийхэд амархан сэдэв болчихсон. Ер нь уран бүтээлчид маань жаахан зориггүй байна. 

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

-Хойч ирээдүй болсон залуус маань өөрийгөө хөгжүүлж, сурч боловсрохдоо илүү анхаардаг болжээ. Зураач, менежер, барилгачин ч бай бүгдээрээ л эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж суралцаад, улам хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг л хэлмээр байна.

Body art бүтээлүүдээс

А.ЦЭЭСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХБАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна