Ерөнхийлөгчийн засаглал тохирно, тохирохгүй

УИХ, Засгийн газраас байгуулагдан ажилласан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийнхний судалгаа дууссанаар ямар асуудлын хүрээнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай вэ гэдгийг тандах зөвлөлдөх санал асуулгыг ард иргэдийн дунд эхлүүлээд байна.

Үүнтэй зэрэгцээд улстөрчид Монголд засаглалын ямар хэлбэр илүү оновчтой вэ гэдэгт өөр, өөрийн байр суурийг илэрхийлэх болсон. Нэг хэсэг нь Ерөнхийлөгчийн засаглал илүү тохирно, гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь одоогийн парламентын тогтолцоогоо илүү сонгодог зарчим руу нь шилжүүлэх шаардлагатай гэсэн санаачилга ч гарах болсон.

Энэ асуудлыг “VS” буландаа хөндөж, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын байр суурийг онцоллоо.


 

Д.ДОРЛИГЖАВ

 

Н.БАТБАЯР

Миний хувьд Монгол Улс ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан улс болъё, энэ тогтолцоо руу шилжье” гэсэн байр суурьтай байгаа.

Ерөнхийлөгч нь ард түмнээсээ сонгогдлоо, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ томилдог. Засгийн газар нь аймаг, нийслэлийн Засаг дарга нараа томилдог, тэр дарга нь сумын даргаа томилдог, чөлөөлдөг байх удирдлагын босоо тогтолцоог бий болгоё гэсэн үзэл санаагаар төслийг боловсруулсан.

Энэ тохиолдолд намууд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоно. Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа улс төрийн намуудын нөлөөллөөс ангид болно.

Ингэж босоо удирдлагын тогтоолцоо бүрдүүлэхийн ач холбогдол нь боловсон хүчин, удирдах хүчнийг сонгохдоо ямар нэг үзэл бодлын ялгаагүйгээр, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн менежер дарга нарыг томилдог, боломж олгоно. Итгэл дааж ажиллаж чадахгүй хариуцлага алдвал шуурхай халаад явна.

Одоогийн тогтолцоогоор нэг хүнийг чөлөөлөх гэж өчнөөн юм болдог, нэг нам хамгаалаад суудаг, фракц хамгаалаад суудаг гэх мэт зовлон нэлээн байдаг.

Манай ардчилсан шинэ Үндсэн хууль үйлчлээд 30-аад жил болж байна. Аливаа улс оронд 30-аад жилийн давтамжтай нийгэм, эдийн засаг, улс төрийн томоохон өөрчлөлт явж байдаг. Амьдралын шаардлагаар тэгж гарч ирдэг. Энэ цаг үе нь ч болж байна.

УИХ-ын төвшинд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулгыг хийх хүрээнд Ерөнхийлөгчийн нэлээд олон эрхийг Ерөнхий сайд руу шилжүүлэхээр заасан байна. Хүчтэй Ерөнхий сайдтай болно гэсэн яриаг үндэслэн хийсэн бололтой юм.

УИХ-ын сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог. Тэр хүнд нэмээд эрх мэдэл өгнө гэдэг маань намуудын эрх хэмжээг улам нэмэгдүүлж, боловсон хүчнийг улам үймүүлнэ гэсэн үг.

Өнгөрсөн 27 жилд Монгол Улс дөрвөн Ерөнхийлөгчтэй байлаа.

Төрийн ажил явдаггүй, боловсон хүчний бодлого оновчгүй, хариуцлагагүй хүмүүсийг тавьдаг, хариуцлага тооцож чаддаггүй, хөрөнгө мөнгөө оновчтой зарцуулж чаддаггүй, ууж иддэг, эргээд шалгаж чаддаггүй бүх шалтгаан дөрвөн Ерөнхийлөгчөөс болоогүй. Асуудал нь Ерөнхийлөгч нарт гэхээс илүү энэ парламентад суудалтай намууд, намууд дотор байдаг фракц бүлэглэл төрийн бодлогыг завхруулж, үймүүлж ирсэн.

Эрх баригчдын боловсруулсан төслийг би хардаж байгаа. Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болъё гэсэн юм явж байгаа.

Зургадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг далимдуулж хойшлуулах, цаашдаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулахгүй байх далд санаа агуулж байх талтай. Ийм зүйл хийж болохгүй, тууштай эсэргүүцнэ.

Яагаад би Үндсэн хуулийн талаар бие дааж төсөл боловсруулахаар болов гэхээр энэ хуулийг батлалцаж явсан хүн. Энэ 27 жилд төрийн өндөр дээд албыг хашиж явсан, төрийн ажлын жаргал зовлон бэрхшээлийг өөрийн биеэр туулсан.

Ингэж явахдаа Үндсэн хуулиндаа байгаа системийн гажгийг олж харсан. Олон зүйлийг хийхийг оролдсон ч Үндсэн хуульд хүрээд тулж, гацаж байсан.

Одоо энэ зөрчлийг арилгах, Монгол шуурхай төртэй болох шаардлагатай. Амьдрал өөрөө шаардаж байна. Дэлхийн эдийн засаг, геофолитикийн орчин хурдтай өөрчлөгдөж байна. Бид дотроо хэрэлдээд суугаад байх боломжгүй.

Ийм учраас ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгчөөр удирдуулсан Засгийн газартай ардчилсан Монгол Улс байх ёстой гэж хуулийн төсөл боловсруулсан

Өнгөрсөн 27 жилд Монгол Улс дөрвөн Ерөнхийлөгчтэй байлаа.

Төрийн ажил явдаггүй, боловсон хүчний бодлого оновчгүй, хариуцлагагүй хүмүүсийг тавьдаг, хариуцлага тооцож чаддаггүй, хөрөнгө мөнгөө оновчтой зарцуулж чаддаггүй, ууж иддэг, эргээд шалгаж чаддаггүй бүх шалтгаан дөрвөн Ерөнхийлөгчөөс болоогүй. Асуудал нь Ерөнхийлөгч нарт гэхээс илүү энэ парламентад суудалтай намууд, намууд дотор байдаг фракц бүлэглэл төрийн бодлогыг завхруулж, үймүүлж ирсэн.

 

 

 

 

 

 

Монгол Улс сонгодог парламентын засаглалтай болох ёстой гэсэн байр суурьтай байсан, одоо ч энэ байр суурин дээрээ байна.

Дэлхийг засаглалынх нь хувьд Ерөнхийлөгчийн засаглалтай, хаант засаглалтай, парламентын засаглалтай гэж гурав хуваадаг. Монгол Улсыг парламентын болон ерөнхийлөгчийн засаглал хосолсон гэж үздэг. 20-иод жил энэ тогтолцоогоор явсан, нэг тийш нь болгох хэрэгтэй.

Яагаад гэвэл 1992 онд Үндсэн хууль батлахдаа Монгол Улс парламентын улс болно гэдэг зарчим дээр Үндсэн хуулиа хийсэн. Түүнийгээ ч дагаж мөрдөж байгаа.

Монгол бол дэлхий дээр парламентын засаглалыг үүсгэсэн улс. Английг дэлхий дахин парламентын засаглалын эх орон гэж ярьдаг ч түүнээс өмнө монголчууд парламентын засаглалыг бий болгосон улс юм.

Монгол Улс 20 гаруй жил зах зээлийн харилцаагаар яваад үзлээ, харахад улс орны хөгжлийн төвшин хүмүүсийн санаанд нийцэхгүй байгаа. Судалгаа хийгээд үзэхээр төрийн тогтолцоонд учир дутагдал байна уу гэсэн дүгнэлт гардаг. Ажлын хэсэг ажиллаад судлахаар улс орны хөгжил гэдэг удирдагчаас хамаардаг. Удирдагч нь ухаантай байвал улс орон нь хүчтэй, удирдагч нь ухаан муутай байвал хөгждөггүй.

Өнгөрсөн хугацаанд манайд удирдагч төрсөн үү гээд судлаад үзэхээр төрөөгүй байгаа. Дэлхийн 200-гаад орныг судлаад үзэхээр удирдагч төрдөг гурван янзын арга байдаг. Нэгдүгээрт, хааны хүүхэд хаан болдог, манайд боломжгүй. Хоёр дахь нь хувьсгал гарвал удирдагч төрдөг. 1990 онд бид хувьсгал хийчихсэн, дахин хийх нь хүсэх зүйл биш. Гурав дахь нь төрүүлдэг буюу тийм албан тушаал бий болгодог. Тэр нь Ерөнхий засаглалтай болох юм уу, сонгодог парламентын тогтолцооноос хүчтэй Ерөнхий сайдын тогтолцоо.

Өнгөрсөн түүхээ аваад үзэх юм бол улс орныг эзэнтэй болгох, энэ утгаараа ярих юм бол нэгдүгээрт, засаглалаа тодорхой болгох шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Засаглалаа тодорхой болгохын тулд хүчтэй Ерөнхий сайд бүхий сонгодог парламентын тогтолцоо бий болгох явдал юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр парламентаас Ерөнхий сайдаа томилдог, парламентаас Ерөнхийлөгчөө сонгодог тогтолцоо. Ерөнхий сайдад илүү эрх мэдэл өгнө. Судалгаа хийж үзсэн. Манайтай адилхан парламентын засаглалтай 51 улс байна, түүн дотор Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгодог 11 улс байна. Гэтэл Ерөнхийлөгч нь манай улс шиг онцгой бүрэн эрхтэй улс хаана ч байхгүй. Бид шинэ дугуй зохиосон байгаа, гэтэл өнгөрсөн хугацаанд шинэ дугуй маань яваагүй учраас нийтийн жишиг рүү оръё гэж байгаа юм.

Ямар проблем үүсээд байна вэ гэхээр тогтолцооноосоо болоод Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав хоорондоо зөрчилд ордог. Аль намын хэн гэдгээс үл хамаараад зөрчилд орж байна. Нэг намынх байсан ч, өөр намынх байсан ч зөрчилд орж байна. Гурван толгойтой болчихоод байгаа зүйлийг нэг толгойтой болгохын тулд сонгодог парламентын тогтолцоо нь зөв юм. Ерөнхийлөгчийг ард түмнээсээ сонгоод явах юм бол дахиад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын дунд зодоон гарна.

Монголын төр ийм болчихоод байгаа учраас үүнийг л өөрчлөх л гэж үе, үеийн УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаж, ажилласаар ирсэн.

Хоёрдугаарт, бид гуравхан саяулахнаа байж, намаар хэтэрхий талцаад байгаа. Намаар талцаж байгааг зогсоохын тулд сум, дүүргийн Засаг даргыг ард түмэн нь шууд сонгодог болъё. Ингэвэл намаар талцах үзэгдэл анхан шатандаа алга болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бэлтгэсэн Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна