“Метромолл”-оос замаа нэхье

2017 оны 4 сарын 19

Хотын төвд байрлалтай, олон үйлчлүүлэгчтэй гэхэд “Метромолл” их дэлгүүрт нэг том алдаа байдаг. Тэр нь дэлгүүрийн орчинд унадаг дугуйтай, хүүхдийн тэрэг түрсэн хүмүүс явах боломжгүй шахуу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол бүр ч зүглэхийн аргагүй. Ер нь л явган хүнд зориулсан замгүй гээд хэлчихэд болно.

Paparazzi+Traffic Mongolia хуудасны зургаас

Энэ бол замын хөдөлгөөний зөрчил, дутагдлын талаар жолооч нар санал солилцдог Paparazzi+Traffic Mongolia хуудсанд иргэдийн нийтэлсэн зураг.

Зургаас энэ хавьд явган хүн явахад ямар хүндрэлтэйг харж болно.

“Метромалл” дэлгүүр анх нээлтээ хийх үед уг нь гадна талбайн хэсэг ийм байгаагүй. Сүүлд өөрчлөгдөхдөө гаднах явган хүнд зориулсан талбайгаа өндөрлөн, машины зогсоол болгож орхисон. Нийтийн эзэмшлийн зам, талбайг өөрчилж, автомашин зогсооно, тэндээсээ төлбөр авна. Энэ бүхэн хотын дүрэмд хэр нийцэх вэ?

Ер нь барилгын компаниуд, барилга байшингийн эзэд явган хүний замын хажуугаар хаалт босгон, ажлаа эхлүүлдэг ч дуусах дөхөхөөрөө явган хүний болон дугуйн зам зэргийг “залгичихдаг” зуршилтай.

Ганц энэ дэлгүүр гэлтгүй явган хүн, дугуйн замыг хувийн компаниуд булаасан маш олон жишээ байдаг.

Paparazzi+Traffic Mongolia хуудасны зургаас

Ер нь Улаанбаатар хотын явган хүний замын стандарт, жишгийг бүхэлд нь өөрчлөх цаг болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүй бага насны хүүхдээ тэргэн дээр суулган замын хөдөлгөөн оролцож байгаа эцэг, эхчүүд, хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд, дугуйтай зорчигчид гээд бүх хүнд алхах зам зориулагдсан байх ёстой. Өвөл болоход халтирч унах шахдаг хавтангуудын хэв, материалыг ч бас нэгдсэн жишигт оруулах шаардлагатайг өнгөрсөн өвлийн их цас харуулсан.

Албан байгууллага бүр эргэн тойрныхоо 1.5 метр газрыг явган хүмүүст зориулахад тийм ч хэцүү биш шүү дээ.

Б.БАЯСАХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна